Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-д холбогдох эрүүгийн 1938006050363 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Н.

Шүүгдэгч Ц.Н- нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Ж-ыг шилбүүрээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутагт “хонь нийлүүллээ” гэснээр шалтаглан иргэн М.Ж-ыг “чи зайлаагүй байна уу гуйлгачин жингэр, чамайг одоо алаад зайлуулна даа” гээд нурууны доод хэсэгт 1 метр гаруй урттай бургас модоор нэг удаа цохиод,  өгзөг рүү нэг удаа цохиод зүүн талын гуя руу нь нэг,  зүүн талын ташаа руу нэг, баруун талын гуя руу 2 удаа модоор цохиод, модоо газар хаячихаад түүнийг үсдэж, шилэн хүзүү рүү нь нэг, баруун чихний урд хэсэгт нэг удаа, мөн баруун чихний дээд шанаан тус газар нэг удаа гараараа тус тус цохиж хэл амаар доромжлох үед нь иргэн Д.О- нь дундуур нь орж шүүгдэгч Ц.Н-г “та болиоч эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ” гэхэд шүүгдэгч Ц.Н- нь “Чамд ямар хамаатай юм наадахыг чинь алаад хөөгөөд явуулна” гээд хатуу сураар зүүн талын далан дээгүүр нэг удаа ороолгоод, дахиад зүүн гарын буглага хэсгээр ороолгож,  нэг богинохон мод барьж хохирогчийн баруун талын ташаа руу 2 удаа “зайлаач” гэж хатгаж зодон, хохирогч  М.Ж-ын эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хурууны алганы шивнүүрт цууралт, нуруу, баруун зүүн гуя, зүүн шилбзнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Гэрч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б-, Д.О- манай гурвын хонь нийлсэн байсан. Тэд нар хонь ялгаж байсан. М.Ж-, Ц.Н- нар хоорондоо муудалцаад байгаа бололтой том том дугаралцаад байсан. Яг юу гэж хэрэлдэж байгааг дуулаагүй. Би үхрээ сааж байгаад нэг харсан чинь хоёулаа мод барьчихсан урд урдаасаа далайсан байхаар нь Д.О-ийг наад хоёрыгоо болиулаач гээд би яваад очиход Д.О- Ц.Н-н барьж явсан шилбүүрийг барьсан зогсож байсан. Шилбүүрээр ороолгосон гэж Ц.Н- надад хэлсэн. Шилбүүрний мод л таарсан байх. ...Дараа нь нүүж буугаад манай шилбүүр олдоогүй. Мал тууж явсан хүмүүс л алга болгосон байх. Ойролцоогоор нэг метр орчим урттай нарийхан бургас модон богино суран хуйвтай шилбүүр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ц.Н- гэрийнхээ хажууд сууж байснаа манай эхнэрийг шилбүүрээр 2 удаа ороолгохоор нь би очоод Ц.Н-г чи яахаараа хүн ингэж зоддог юм гэхэд чамд ямар хамаатай юм гэхээр нь эхнэрийгээ аваад гэр рүүгээ явж байхад араас Ц.Н- эхнэр Ж.А-тайгаа ирээд намайг чи хүний шээснүүүд тэжээж байгаагаа мэдэж байна уу гээд орилоод байсан. Тэхээр нь та яаж мэддэг юм бэ гэж асуухад мэдэж байна гээд эхнэрийгээ энэ эргүү тэнэг юманд ойлгуулаад хэлээд өг гэсэн. Эхнэр нь том хүүхэд чинь Э-ын хүүхэд, бага хүүхэд чинь Д-ийн хүүхэд биз дээ гээд орилоод байсан. Тэгж байхад манай 4 хүүхэд хамт байсан. Манай бага хүүхэд би аавын хүүхэд гээд уйлаад байсан. Тэгж хэрүүл хийж байхдаа манай эхнэрийг Ц.Н- ах зайл гээд модоор хажуунаас нь чичээд байхаар нь модыг нь булааж авсан. Нэг метр гаруй урттай суран хуйвтай шилбүүр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөртэйгээ М.Ж- нөхөртэйгээ хонио ялгаж байсан. Ц.Н- ах хонины нэг талын захаар нь явж байснаа М.Ж-, Ц.Н- ах хоёр хуц солиор гээд хэрэлдээд байсан. Нэг харсан Ж.А- эгч над руу наад хоёроо салгаач яагаад байгаа юм бэ гэхээр нь очиход Ц.Н- ах барьж явсан шилбүүрээрээ М.Ж-ын бөгс рүү нь нэг ороолгосон. Өөр цохисон ороолгосон талаар хараагүй. Би очоод та эмэгтэй хүнийг ороолгож болохгүй гэж хэлээд шилбүүрийг нь авсан. Ж.А- гэдэг эгч ирээд надаас шилбүүрийг нь авсан. Орой М.Ж-тай үхрийн зэлэн дээр тааралдахад гараа барьчихсан гар өвдөөд байна, Ц.Н- миний өгзөг рүү цохиход нь гараараа хаасан тэгэхэд л гар руу цохичих шиг болсон гэж байсан. Шилбүүрний сурны үзүүр хүрсэн гэж бодож байна. Ойролцоогоор нэг метр гаруй урттай нарийхан бургас модон богино суран хуйвтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Хохирогч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ц.Н- гэдэг айлын хоньтой манай хонь нийлсэн байсан. 18 цагийн үед хонио ялгаад явж байсан. Ц.Н- гэдэг хүн миний урдаас 1 метр гаруй урттай бургас мод барьж ирээд чи зайлаагүй байна уу гуйлгачин жингэр гээд чамайг одоо алаад зайлуулна даа гээд нурууны доод хэсэгт нэг удаа цохиод өгзөг рүү нэг удаа цохиод зүүн талын гуя руу нэг зүүн талын ташаа руу нэг баруун талын гуя руу 2 удаа модоор цохиод модоо газар хаячихаад намайг үсдэж шилэн хүзүү рүү нэг баруун чихний урд хэсэгт нэг удаа баруун чихний дээд шанаан тус газар нэг удаа гараараа цохисон. Ойролцоо явж байсан Д.О- гэдэг хүн дундуур орж Ц.Н-г та болиоч эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ гэж байсан. Чамд ямар хамаатай юм наадахийг чинь алаад хөөгөөд явуулна гээд хатуу сураар зүүн талын далан дээгүүр нэг удаа ороолгоод дахиад зүүн гарын буглага хэсгээр ороолгоход хатуу юм гар дээр цохисон. Сурны үзүүрт төмөр байсан байж магадгүй. Би харж чадаагүй, гар өвдөөд доошоо унасан байсан. Тэгээд нэг богинохон мод барьчихаад миний баруун талын ташаа руу 2 удаа зайлаач гэж хатгасан. ...Ц.Н- надаас уучлалт гуйсан би ах дүү хүмүүс учраас энэ удаа уучлаад ахин ийм хэрүүл маргааны асуудал гаргахгүй тохиролцсон. ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 439 дугаартай: “1. М.Ж-ын биед зүүн сарвууны долоовор хурууны алганы шивнүүрт цууралт, нуруу, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. М.Ж-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хонины нэг талын захаар нь явж байснаа та нар малдаа явахад яадаг юм бэ гэж хэлэхэд М.Ж- хуц, чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би зайл гэсэн. Чиний хүүхэд архичинтай суусан насаараа дээрэлхүүлж явах нь таарсан гэхээр нь уур хүрээд барьж явсан шилбүүрээрээ гуя руу нь нэг ороолгоод нуруугаар нь нэг ороолгоод байж байтал Д.О- ирээд та боль гэхээр нь болиод байж байхад Б- ирээд эхнэрийгээ аваад явсан. Яг гэмтээх гэж цохиогүй санамсаргүй уурандаа барьж явсан шилбүүрээрээ нуруун дундуур нь цохиод сурны үзүүр хүрсэн юм байлгүй. Гаргасан үйлдлээ буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Н-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат багийн Засаг даргын: тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Ц.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын

мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ц.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутагт “хонь нийлүүллээ” гэснээр шалтаглан иргэн М.Ж-ыг хэл амаар доромжилж, шилбүүрээр ороолгон зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хурууны алганы шивнүүрт цууралт, нуруу, баруун зүүн гуя, зүүн шилбзнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.Н-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Ж- нь “...Ц.Н- надаас уучлалт гуйсан. Бид ах дүү хүмүүс учраас энэ удаа уучлаад ахин ийм хэрүүл маргааны асуудал гаргахгүй тохиролцсон. ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/ өгсөн байх тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө биеэ авч яваа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. 

Шүүх шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэсэн нь прокурорын яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг ихэсгэж, багасгах, эсхүл өөр төрлийн ялаар сольж оногдуулж болохгүй гэсэн хориглосон заалт биш юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх учиртай бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж буй арга, санаа зорилго, учруулсан хохирол, мөн тухайн үед хохирогчид хүний ёсоор үл хүндэтгэлтэй хандсан, болон  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, шүүгдэгч нь шүүх хуралдаанд оролцож буй байдал зэргийг шүүх түүний хувийн байдалд нь хамруулан үзэж, улсын яллагчийн ялын саналын хэмжээг нэмэгдүүлэн оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Н- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг

эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ