| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/00544//И |
| Дугаар | 222/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 222/МА2026/00003
2025 01 29 222/МА2026/00003
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 494 дүгээр шийдвэртэй,
нэхэмжлэгч ******* “2,670,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,
хариуцагч ******* холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
2.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Хариуцагч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний 19 цагийн үед Сүхбаатар сумын “Зараа”-гийн зүүн доорх авто зам дээр 57-62 УЕА улсын дугаартай автомашинаар миний эзэмшлийн ******* автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан юм. Тухайн үед тээврийн цагдаагийн газар үзлэг хийж буруутайг тогтоон, мөн “Ашид-билгүүн” ХХК хөрөнгө даатгалын үнэлгээ хийлгэснээр *******гээс 2,670,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг тэрээр тухайн үед зөвшөөрч төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч одоог болтол төлөөгүй. Өмнө нь шүүхээр орсон, эвлэрэх гээд хоёр сая төгрөг санал болгоход машины бичиг баримт миний нэр дээр биш гээд цуцлагдсан. Одоо 2,670,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэл: Уг осол нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19:20 минут орчимд Сүхбаатар сумын 4 дүгээр баг "Зараа”-гийн зүүн доорх нутаг дэвсгэрт болсон. Миний бие ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, нэг эгээтэй, цас ихтэй, халтиргаатай замд, 35-40 орчим км/ц хурдтай, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн, аюулгүй байдлаа бүрэн хангаж хөдөлгөөнд оролцож байсан. Нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам, цаг агаарын нөхцөл, үзэгдэлтийн байдлыг харгалзан үзэлгүй, халтиргаатай, цас ихтэй замд, харуй бүрий болж байх үед зүүн гар талаас гүйцэж түрүүлэхдээ хурдтай огцом орж ирж хүрэлцэхүйц хэмжээний зай аваагүйгээр барахгүй урд хүчтэй шарвалт үүсгэж цасанд зоогдож зогссон тул миний бие нэн даруй самбаачлан тоормосоо гишгэж зогссоноор илүү их хохирол учрахаас сэргийлсэн. Би ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, осол гарахад нэхэмжлэгчийн анхаарал болгоомжгүй үйлдэл (гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, зай бариагүй гэх мэт) шууд нөлөөлсөн. Нэхэмжлэгчийн 2,670,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 2,670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 57,670 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
5.Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ослын бодит нөхцөл байдал нь ******* Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан гүйцэж түрүүлэх журмыг зөрчсөнөөс үүдэн гарсан. Халтиргаатай, харанхуй бүрий болсон нөхцөлд зүүн гар талаас гүйцэж түрүүлэхдээ хурдтай, огцом орж ирэн хүрэлцэхүйц зай бариагүйгээс аюултай нөхцөл байдал үүсгэсэн. Үүний улмаас миний бие ослоос зайлсхийх зорилгоор нэн даруй тоормос гишгэсэн бөгөөд илүү их хохирол учрахаас сэргийлсэн. Анхан шатны шүүх мөрдөгчийн магадалгааг үндэслэсэн боловч уг магадалгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй, осол болсон нөхцөл байдалтай нийцээгүй байна. Шүүхийн шийдвэр нь үнэн зөв бодитой нотлох баримтад тулгуурлах ёстой. Нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодитой үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоох, шударга шүүхээр шүүлгэх боломжийг олгож, анхан шатны шүүхэд буцааж, хууль журмын дагуу үнэн зөвийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв. Тодруулбал:
Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн долоодугаар бүлэгт заасан тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.
Энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдаж бичихээр хуульчилсан.
Гэтэл энэ хэргийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адилаар удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн 4 хэсэгтэй бичигдэж, удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт заасан болон энэ зүйлийн 759.4 дахь хэсэгт “Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц, агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаас илүү хугацаа тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж бичсэн нь хуульд нийцэхгүй болно.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, хариуцагч ******* давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр, хэлэлцэхгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.4 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хариуцагч ******* давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр.Хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлал шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөнөөс бусад үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ