| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянган Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02427/и |
| Дугаар | 209/МА2026/00010 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2026/00010
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 307/ШШ2025/02371 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлсэн, гэрээ байгуулснаас хойш дахин 500,000 төгрөгийг нэмж, нийт 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч хүүнд нийт 1,050,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй тул зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал хүү шаардах эрхгүй тул зээлсэн 3,000,000 төгрөгөөс төлсөн 1,050,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,950,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 12 сарын 25, 2024 оны 12 дугаар сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нийт 3 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон, ... талуудын байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хувьд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн хүүг багасгуулах тухай тайлбарыг хүлээн авч, нэг сарын хүүг 4,5 хувиар тооцож, энэхүү гэрээний үүрэгт нийт 2,725,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж, талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 500,000 төгрөгийг хүүтэйгээр зээлүүлсэн байх тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээнд хамаарахгүй, нэхэмжлэгч ******* нь эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй атлаа хариуцагч *******д хоёр дахь удаагаа хүүтэй мөнгө зээлснийг байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул 500,000 төгрөгт хүү тооцон шаардах эрхгүй гэж, мөн хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 1,050,000 төгрөгийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлгүй, харин зээлийн гэрээний 2 сарын хүү 225,000 төгрөгийг төлөгдсөн гэж тус тус дүгнэж зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хууль болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн алинд хамаарах, хүү тооцох эсэх, хариуцагчийн буцаан төлсөн 1,050,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд хариуцагч тал энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 2,500,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 1 сарын 15 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирч, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр газар барьцаалсан, 2024 оны 12 сарын 27-ны өдөр нэмж 500,000 төгрөгийг зээлж, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэн өгсөн, хариуцагч нь нийт 1,050,000 төгрөгийг хүү гэсэн утгатайгаар нэхэмжлэгчид дансаар буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 47-53, 74-75 дугаар хуудас/
6. Анхан шатны шүүх талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан гэрээний харилцаа үүссэн тул энэ хугацааны хүүг хариуцагч төлөх үүрэгтэй, харин нэмж зээлдүүлсэн 500,000 төгрөгийн тухайд хүү тооцохгүй гэж тус тус дүгнэсэн нь зөв боловч энэхүү 500,000 төгрөгийн хувьд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд хамаарна гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байна.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-т: “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.
8. Хэрэгт авагдсан талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2,500,000 төгрөг, мөн нэмж 500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 6.3-т талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах, энэ нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байхаар заасан байна.
9. Хэрэгт *******гийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******гээс нэмж 500,000 төгрөг зээлж, өмнөх 2,500,000 төгрөг дээр нэмж нийт 3,000,000 төгрөг зээлсэн талаарх гараар бичсэн тэмдэглэл бүхий баримт авагдсан бөгөөд энэ баримтаар талууд 2024 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөн дүнг нэмэгдүүлж, гэрээнд өөрчлөлт оруулсан байх боловч энэхүү баримтад нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй, дээр дурдсан гэрээний 6.3-т заасан шаардлагыг хангасан нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 88 дугаар хуудас/
Иймд 500,000 төгрөгийг бичгээр байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй юм.
10. Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу зохигчдын хооронд нэмж зээл олгож байгаа зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг шинээр байгуулагдсан гэрээ гэж, мөн өөр гэрээний дагуу буюу 2025 оны 01 сарын 04-ний өдөр 1,600,000 төгрөгийг хүүтэй зээлээд буцаан төлж дууссан зэрэг үйл баримтыг байнга, ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагааг эрхэлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх дүгнэлтийг залруулав.
11. Анхан шатны шүүхээс талуудын бичгээр байгуулсан гэрээгээр тохирсон сарын 15 хувийн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээгээр тооцож, 4,5 хувь болгон багасгасан байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
12. Харин зээлийн төлбөрт хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлсөн нийт 1,050,000 төгрөгийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй гэсэн дүгнэлт нь тус хуулийн зохицуулалттай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрлэв.
13. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т: “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заажээ.
Зохигчид 2,500,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулсан байх тул буцаан төлсөн дүн буюу гэрээний үүргийн биелэлтийг энэхүү бичгийн гэрээний дагуу дүгнэх учиртай.
Өөрөөр хэлбэл талууд хуульд зааснаар бичгээр гэрээ байгуулж, гэрээний үүргийг тодорхойлсон нөхцөлд хуулийн дээрх зохицуулалтыг хамааруулж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
14. Иймд талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч *******гийн хүлээх нийт үүрэг 3,225,000 /бичгээр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 2,500,000+хүү 225,000 төгрөг+нэмж зээлсэн 500,000 төгрөг/ төгрөг бөгөөд үүнээс буцаан төлсөн 1,050,000 төгрөгийг хасаж тооцоход биелүүлээгүй үүрэг 2,175,000 төгрөг байх тул энэхүү дүнг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 307/ШШ2025/02371 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 2,175,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,950 төгрөгөөс 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 9,000 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 49,750 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
М.ОЮУНЦЭЦЭГ