Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/303

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Т.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ө-од холбогдох эрүүгийн 1938004700344 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Ө.

Шүүгдэгч Т.Ө- нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын харъяат иргэн Т.Л-ийн нүдэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ө- нь  2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хардалтын улмаас хохирогч Т.Л-ийн нүүр хэсэгт гараараа цохиж, түүний баруун хөмсгөнд сорви, зүүн нүдний хараанд бууралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Хохирогч Т.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Засаг даргын тамгын газрын хашааны ойролцоо хайсан хашааны орчимд явахад зүс таних залуу ирээд чи яахаараа энд байдаг юм бэ гээд үгийн зөрүүгүй шууд нүүр орчим газар нэг удаа цохиод гүйгээд явсан. Би хариуд нь цохьсон асуудал байхгүй ...Уг хэрэг болсноос хоёр долоо хоногийн дараа зүүн нүд өвдөж эхэлсэн. Тэр үед манай Речинлхүмбэ суманд Шишгэд хурд болж байсан. Тэр үеэр зүүн нүд улайж өвдөж эхэлсэн. Эхэндээ нүдний ханиад байна гэж бодоод сумын эмнэлэгт үзүүлж дусаагуур тос хоёр авч хэрэглэсэн. Үүнээс долоо хоногийн дараа улайлт ихдэж Мөрөн сум руу орж үзүүлсэн. Нүдний эмчид үзүүлэхэд доргилтоос болж үрэвсэл өгсөн үүнийгээ удааснаас болж наалданг үүссэн байна гэж хэлсэн. Улаанбаатар хот руу очиж нүдний шинжилгээ өгч эмчилгээ хийлгэсэн. Одоо зүүн нүдний харалт 50%-тай байгаа юм. Иймд намайг цохьсон гэх Т.Ө-оос эмчилгээний зардал төлүүлж авах хүсэлтэй байна. Нүдний дусаагуур, нүдний тариа, нүдний шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, замын зардал нийлээд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 27 дугаар хуудас/,
  • Гэрч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Найз Г-тэй хамт 14 цагийн үед сумын төвд шинээр нээгдсэн караокед пиво уусан ... караокеноос 20 цаг өнгөрч байхад гараад Г-гээс салаад гэрлүүгээ харьж явахад Засаг даргын тамгын газрын ойролцоо гэрлийн орчимд явахад араас нэг эрэгтэй явж байсан. Би тэр залууг танихгүй. Тэгээд тэр залуу түрүүлээд яваад өгсөн. Сая сонсоход тэр залууг манай нөхөр надтай хардаж цохьсон байна лээ. Тэр П-н хүргэн бид хоёрын хооронд ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Хардаад андуураад цохьсон юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 392 дугаартай: “1. Т.Л-ийн биед баруун хөмсгөнд сорви, зүүн нүдний хараанд бууралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна 3. Т.Л-ийн биед тогтоогдсон сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, харааны бууралт нь 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% тогтонги байдлаар алдагдана” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Т.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т.Л-ийг манай эхнэртэй архи уугаад явуулахгүй байна гэж бодоод уурласандаа ганц удаа гараараа Т.Л-ийг нүүр рүү нь цохиж гэмтэл учруулсан үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Т.Ө-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Ө- нь ....жудагтай, төлөв даруу, архи, тамхи хэрэглэдэггүй, бусдыг хүндэлдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т.Ө-ыг төлөв, даруу, хорт зуршилгүй, залуу өсч яваа бөхчүүдийн нэг” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Т.Ө- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Т.Ө- нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хардалтын улмаас хохирогч Т.Л-ийн нүүр хэсэгт гараараа цохиж, түүний баруун хөмсгөнд сорви, зүүн нүдний хараанд бууралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

Шүүгдэгч Т.Ө-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Үүрийнбаяр 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүгдэгч Т.Ө- нь хохирогчид 250.000 төгрөг өгсөн болохыг дурдаж, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл

болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ө-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.Ө- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Т.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасан, шүүгдэгч Т.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн “Надад оногдуулж байгаа 500.000 төгрөгөөр торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү. Би ээжтэйгээ хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул 500.000 төгрөгийг төлөх боломжгүй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг ялыг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ө- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус

тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.Ө- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Л- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Т.Ө- нь хохирогчид 250.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Ө-од оногдуулсан ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ