| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/01991/и |
| Дугаар | 209/МА2026/00011 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2026/00011
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/02316 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
Нэхэмжлэгч ******* би Дархан-Уул аймагт 1 өрөө байранд амьдарч байгаад уг байраа 3 өрөө байраар сольсон. Улмаар уг 3 өрөө байрандаа амьдарч байгаад зарж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *******,******* тоот хаягт байрлах 2 өрөө байр худалдаж авсан.
Би энэ байраа түрээсэлж байгаад 2001 оноос дүү *******ыг тухайн үед ажилгүй байсан учраас түрээс төлөхгүй амьдраг гэж бодоод байрандаа суулгаж, өөрөө нөхрийн хамт аав, ээждээ туслахаар хөдөө мал дээр гарсан. Би *******аас байраа суллаж өгөхийг шаардахад “та байрныхаа төлбөрт аав, ээжээс мал авсан.” гэж хэлээд гарахгүй байгаа. Намайг хөдөө очиход аав, ээж маань мал өгсөн. Гэхдээ уг малыг байрны оронд өгч байгаа гэж хэлээгүй. Миний хувьд 20 жилийн турш ээж, аав болон ах, дүү нарынхаа малыг малласан. Аав, ээжээс 2 дахь удаагаа мал өгөхөд нөхөр Сэлэнгэ аймгийнх учраас Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Тухайн өгсөн малыг нь худалдаж, байшингийн материал худалдан авч, аав, ээждээ байшин барьж өгсөн байдаг.
Иймд хариуцагч *******аас Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *******,******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. / хх-ийн 1 дугаар хуудас /
2.Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Би 2001 оны 6 дугаар сард Улсын багшийн их сургуулийг математикийн багшаар төгсөөд хөдөө аав, ээж дээрээ байж байхад эгч ******* надад “Чи Дарханд байгаа манай 2 өрөө байрыг ав. Би хөдөө аав, ээжээс мал авна.” гэж хэлсэн. Улмаар би 2001 оны 8 дугаар сард Дархан-Уул аймагт ирсэн. Намайг Дарханд ирэхэд эгч *******, хүргэн ах Тайванхүү нар “байрыг чиний нэр дээр шилжүүлэхэд чиний паспорт байхгүй байгаа болохоор Н.Энхтайван эгчийн нэр дээр шилжүүлсэн.” гэж хэлсэн. ******* нь хөдөө очоод “Дүүдээ байраа өгчихлөө, оронд нь мал авъя.” гээд 2001 оны мал тооллогоор хүссэн мал, хөрөнгөө авсан. *******ыг 2001 онд хөдөө очиход манай хүргэн Содном-Иш, өөрийн аав, ээж, 1 ах, 4 дүүгийн хамт аав ээжтэй хамт малаа маллаж байсан учраас ямар нэгэн малчны хэрэгцээ байгаагүй.
******* нь хөдөө очоод ямар ч зарлагагүй, бүх юмаа аав ээжээр бэлдүүлээд өөрийн малаа маллаж байгаад хэдэн жилийн дараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу шилжсэн. Тэндээ 2-3 жил болоод Сэлэнгэ аймаг руу малаа туугаад ирцгээсэн. Сэлэнгэд бас 2-3 жил болсон байх. Буцаад мал хөрөнгөө дуусгаад Сүхбаатар аймгийн Наран сум руу очсон. Бас л миний нэрийг бариад мал хөрөнгө авсан. Мөн ******* нь хүүгээ Япон явахад одоо байраа *******ын нэр дээр шилжүүлнэ гэж худал хэлээд 5,000,000 төгрөг авсан байдаг. Ээж, аав маань үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдлэг, мэдээлэл муу байдаг. Би ч шилжүүлчихнэ гэж тайван бодож явсан. Миний хувьд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхэд их мөнгө ордог гэж боддог байсан учраас дараа нь шилжүүлнэ гэж бодож байсан. Би “байраа өөрийн нэр дээр шилжүүлье.” гэхэд Н.Энхтайван “Миний нэр байгаа тохиолдолд чи санаа зовох юмгүй.” гэдэг байсан. Н.Энхтайван эгчийг 2015 онд манайд ирэхэд нь би байраа нэр рүүгээ шилжүүлж авах талаар ярихад эгч Энхсайханы нэр рүү шилжүүлсэн гэж хэлсэн.
Анхнаасаа миний бичиг баримт энд байсан бол ямар ч асуудалгүй миний нэр дээр шилжигдэж ирэх, нөгөө талаасаа аав ээж хоёр маань намайг байртай болгох гэж мал хөрөнгөө өгсөн учраас энэ байр бол миний худалдаж авсан байр юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. / хх-ийн 17-18 дугаар хуудас /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *******,******* тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
******* нь 2001 оны 8 дугаар сард 39 дүгээр байрны 62 тоот 3 өрөө байрыг 2,200,000 төгрөгөөр зараад, *******ны******* тоотыг 1,500,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үеэр миний бие зуны амралтаараа хөдөө мал дээр байсан ба ******* нь “3 өрөө байраа зараад, 2 өрөө болгочихлоо, хүрээд ир, би хөдөө очоод мал авчихъя” гэж намайг дуудуулсан. Тухайн үед утасны сүлжээ байгаагүй, хүнээр хэлүүлсэн. Урд нь ч гэсэн энэ байрыг ав гэж их ятгадаг байсан. Миний бие дуудсаны дагуу Дархан-Уул аймагт 8 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Чи сайхан янзлаад ав гэсэн. Хүүгээ орхиод явсан, надад орхиж явснаас хойш хичээл номонд нь шамдуулж, Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгсөж, одоо Япон улсад амьдарч байгаа. ...зарсан гэх 39-р байрны 62 тоот нь хүний байр байсан ба түр зуур сууж байсан байр юм. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгөөр худалдаж аваагүй өөрийнх нь өмч биш гэсэн үг.
******* нэхэмжлэлдээ “Ах эгч 2-тоо үлдээгээд, эгчийнхээ нэр дээр шилжүүлээд явсан” гэх ба гэрч Энхтайваны мэдүүлгээр худал гэдэг нь батлагдаж, шүүгчийн ”Яагаад өөрийн нэр дээр аваагүй юм бэ?” гэсэн асуултад “Байрны эзний аав нь хараал хийдэг хүн байсан учраас айгаад эгчийнхээ нэр дээр шилжүүлсэн” гэх зэргээр зөрүүтэй худал мэдээлэл, хариулт өгсөн.
Аав ээжийнхээ малыг маллахаар очсон гэдэг ба жил гаруй хугацааны дараа 180 бог, 20 гаруй бод малаа туугаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу шилжсэн нь мал маллахаар очсон гэдэг нь худал байсныг нотолно. Дэргэдээ байгаа охин хүргэн 2-оороо малаа маллуулж байсан. Энэ хүний хэрэг байгаагүй. Ээж аав дээр очоод, дүүдээ байраа өгчихлөө. Мал авна гэж хэлсэн байдаг. Ингээд 2001 онд 119 толгой мал,******* бог, 3 тугалтай үнээ, 1 адуу /Сэлэнгээс буцаж очоод/, 5 сая төгрөг, 2 тугалтай үнээ байрны үнэнд авчээ./ Хүүхдээ Япон явахад/, Миний эцэг эхээсээ өвлөж авах бүх боломжуудыг хулгайлсан. Гэрээгүй гэж шүүх дүгнэжээ. Ээж аав 2 маань хүүхэдтэйгээ гэрээ хийж, нотариатаар батлуулна гэдэг бол тухайн цаг үед маш хол санагдах байсан ба тухайн үед аман гэрээ хийсэн.
...Иргэний хэргийн анхан шатны шүүх *******ын гаргасан хэнд очсон хаана, хэдэн тооны малтай байсныг нотлох нотолгоог гаргуулах хүсэлтийг хангаж өгөөгүй, гэрч Н.Энхтайваны мэдүүлгийг үнэлээгүй, хариуцагчийн ургийн овгийг буруу бичсэн, нэхэмжлэгч *******ы олон зөрүүтэй тайлбар, нэхэмжлэлд дурдсан асуудлуудыг шүүх анхаараагүй. Мөн ээжтэй утсаар ярьсан яриаг Сиди-д хуулахдаа мэргэжлийн студид бичүүлсэн байхад яриа сонсогдоогүй гэж шүүх үзсэн. Гэтэл энэ Сиди нь студи дээр хэвийн сонсогдож байсан, миний өөрийн утсан дээр ч хэвийн сонсогдож байсан. Иймээс дээрх асуудлыг нягтлан хянаж, анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ. /хх-ийн 84-85 дугаар хуудас /
6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилаагүй зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *******,******* тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх хуралдаанд дээрх орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
10. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг байрыг аав ээж маань эгч *******аас худалдаж авч өгсөн. Төлбөрийг малаар төлсөн, гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч бичиг баримт байхгүй байсан тул эгч Н.Энхтайваны нэр дээр шилжүүлсэн байсан. Үүнээс хойш ажил ихтэй, мөнгө их орно гэсэн шалтгааны улмаас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, маргасан байна.
11. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байсан болохоо нотлоогүй, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
12. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч, “...орон сууцыг худалдаж авсан, төлбөрийг аав ээж малаар төлсөн. Шүүх ...хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар өгсөн CD-г үнэлээгүй, нэхэмжлэгч *******ы тайлбар гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад үнэлээгүй, нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбарыг тодруулаагүй тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
13. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *******,******* тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, орон сууц нь 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр *******аас Н.Энхтайваны өмчлөлд, 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр Н.Энхтайванаас *******, *******, нарын өмчлөлд шилжин бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд тус гэрчилгээ хүчин төгөлдөр, хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцанд 2001 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 58-70 дугаар хуудас/
14. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй боловч хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагч *******ын эзэмшил хууль ёсны эсэх, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас уг орон сууцаа буцаан шаардах эрхтэй эсэх талаар тус тус маргаж байна.
15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан.
16. Худалдах-худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийг шилжүүлэх болон хариу төлбөр төлөх үүргийн талаар тохиролцсон байх нь гэрээний гол нөхцөл болох ба хариуцагч ******* маргаан бүхий байранд амьдарч байгаа нь гэрээг байгуулсанд тооцох үндсэн нөхцөл гэж үзэхгүй.
Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлж, мөнгөн дүнгээр илэрхийлж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан үүрэг үүссэнээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэнд тооцно” гэж заасан тусгай нөхцлийг шаардана.
17. Дээрх хуульд заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
18. Харин нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т: “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.2-т: “Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” гэж зааснаар тус шаардлагыг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
19. Хариуцагч шүүх хуралдаан дээр тус орон сууцанд амьдарч байгаа, 2023 онд *******тай орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах талаар уулзахад зөвшөөрөхгүй, маргаан гарсан гэж тайлбарладаг зэргээс үзэхэд хариуцагч ******* орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
20. Иймд нэхэмжлэгч *******ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
21. Хариуцагч ******* нь “...нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй, гэрч Н.Энхтайваны мэдүүлэг болон нотлох баримтаар гаргаж өгсөн CD-г шүүх үнэлээгүй, хэрэгт ирсэн баримт материалтай танилцуулаагүй” гэх давж заалдах гомдол гаргасан.
21.1. Шүүх хуралдаанд гэрч Н.Энхтайван нь “ *******, би дүүдээ байраа өгнө гээд аав, ээжээс мал авч байсан. 2000 онд 100 гаруй тооны мал, 2006 онд******* гаруй тооны мал өгсөн, 2015 онд 4-5 сая төгрөг өгсөн... гэж мэдүүлжээ. /хх-ийн 47-52 дугаар хуудас/
Шүүх гэрчийн мэдүүлгийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11.-т зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдана” гэж зааснаар талуудыг гэрчийн мэдүүлгээр нотлох эрхээ алдсан гэж үзсэн байна.
Уг зохицуулалт нь талууд хэлцэл хийсэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд гэрчээр нотлуулах эрхээ алддаг болохыг зохицуулсан байх бөгөөд гэрчийн мэдүүлэг нь тухайн нөхцөлд ач холбогдолтой нотолгооны хэрэгсэл болоогүй нөхцөлд шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй байгааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
21.2. Хэргийн 44 дүгээр талд авагдсан утсаар яригдсан ярианы бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэлээс үзвэл хариуцагч *******ын яриаг тэмдэглэлд бичсэн, түүнтэй “ярьж буй хүний яриа сонсогдохгүй байв” гэх тэмдэглэл үйлдэгдсэн байна.
Шүүх уг CD-д авагдсан бичлэгээр хариуцагч *******ын орон сууц худалдан авч, төлбөрт мал өгсөн гэдгийг нотлоогүй, улмаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтаар үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж байна.
21.3. Мөн хариуцагч ******* нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №7614 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байх бөгөөд мал тооллогын баримт гаргуулах хүсэлт нь тодорхойгүй, хариуцагч байрны төлбөрт мал өгсөн болохоо өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байна.
21.4. Хэргийн 72 дугаар тал авагдсан хэргийн материал танилцуулах тухай баримт /БАРИМТ-6/-аас үзвэл хариуцагч ******* нь хэргийн материалтай танилцсан гэж гарын үсэг зурсан байх тул шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон хэргийн материалтай танилцах эрхийг хангасан гэж үзнэ.
22. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
23. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 657950 төгрөгийг төлсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Уг нэхэмжлэлийн шаардлага нь үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарахаар хуульд заасан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/02316 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657950 төгрөгөөс 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 587,750 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 587,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.МЯГМАРСҮРЭН