Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-од холбогдох эрүүгийн 1938005530343 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.А.

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 08 дүгээр сарын 05-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-ийн нүүр рүү гараараа цохиж, дээрээс нь дэвсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.А-ийн нүүр рүү гараараа цохиж, дээрээс нь дэвсэж, тархины доргилт, дух болон баруун, зүүн хацарт няцралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн хөмсөг, хацарт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Дэлгүүрээс нэг том пиво авсан. Тэгээд 9 дүгээр хорооны засмал замаар гэр рүүгээ явж байхад араас нэг мотоцикпь их хурдтай хаазалсаар намайг гүйцэж түрүүлэн урд гарч зогссон юм. Би араас нь очоод зогсоход урьд өмнө надад зах дээрээс мотоцикль зээлээр авч өгч байсан Д.А- гэх залуу байсан. Д.А- бид хоёр мэндлээд хаа хүрээд явж байгаа юм бэ? гэхэд Д.А- 10 дугаар хороонд байдаг найзындаа очиж жаахан юм уучихаад явж байна гэж хэлсэн. Тэгээд таны өвөрт юм байгаа юу гэхэд нь сая дэлгүүрээс авсан пиво байна манайд очье гээд 5 дугаар хороонд байдаг манай гэрт очсон юм. Бид хоёр манайд нэг том пиво хувааж уугаад 7 дугаар хороонд байдаг Гэрэлтэй цонх дэлгүүр орж Д.А- нэг шил 0,5 литрийн архи авч бид хоёр 10 дугаар хороо руу явсан. Замдаа 10 дугаар хорооны Алаг цэцэрлэгийн хажууд зогсож нөгөө архинаасаа нэг нэг уугаад тамхи татаад сууж байхад Д.А- танай эхнэр их шуналтай юм аа манайд сахиус буулгаад хоёр бод нэхсэн гэхэд нь би яаж мэдэх юм бэ? Бид хоёр салж байгаа гэж хэлэхэд Д.А- чи яахаараа мэддэггүй юм гээд намайг цохиж унагаагаад дээрээс учиргүй шууд нүдчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид хоёр тэр өдөр манайхаас 23 цаг өнгөрч байхад гараад 7 дугаар хороонд байдаг Гэрэлтэй цонх дэлгүүрээс нэг шил архи аваад Д.А- 10 дугаар хороонд байдаг найзындаа очно гээд хөдлөхөөр нь араас нь мотоцикльтой хөдлөөд 10 дугаар хорооны Алаг цэцэрлэгийн буруун урд буланд сууж архинаасаа нэг нэг уугаад тамхи татаад сууж байхдаа муудалцаж зодолдсон юм. Тухайн үед Д.А- их согтуу байсан болохоор санахгүй байсан байх. Би Д.А-оос эмчилгээний зардал болон тухайн үед 10 хоног ажил хийж чадахгүй гэртээ хэвтсэн энэ бүхэн нийлээд 650.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08дугаар сарын 07-

ны өдрийн 410 дугаартай: “1. Ч.А-ийн биед тархины доргилт, дух болон баруун зүүн хацарт няцр баруун нүдний зовхинд цус хуралт, баруун зүүн хөмсөг, хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3. Ч.А-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

  • Хохирогч Б.Ч.А-ийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би тэр өдөр их согтсон байсан. Хаагуур явсанаа зарим зүйлээ санахгүй байгаа юм. Ч.А- ах энэ талаар сайн мэдэж байгаа байх. Би 410 тоот дүгнэлттэй танилцсан. Ч.А-ын биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би Ч.А-т хохиро барагдуулаагүй байгаа. Мөнгө олдохгүй байна. Надаас 650.000 төгрөг нэхэмжилсэн. Би айлд ногоо хураалтын ажил хийж байгаа мөнгө төгрөгтэй болохоороо удахгүй хохирлыг барагдуулах болно...” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын: тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.А-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Д.А- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.А- нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 08 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-ийн нүүр рүү гараараа цохиж, дээрээс нь дэвсэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.А-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.А- нь эмчилгээний зардал, 10 хоногийн ажлын хөлс нийт 650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэгт “Бэглүү онош” эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн компьютер томографийн оношлогооны 60.000 төгрөгийн баримтын хуулбар 1 хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 42-45/ хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

“Бэглүү онош” эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн компьютер томографийн оношлогооны 60.000 төгрөгийн баримтын хуулбар нь гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж шүүгдэгчээс нийт 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А- /.../-т олгохоор шийдвэрлэв.

Харин 10 хоногийн ажлын хөлсний талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ял биелүүлэх боломжгүй зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Д.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд шүүгдэгчээс “эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй” гэх мэдүүлгийг өгч байгаа /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, улсын яллагчаас 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналын хүрээнд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Хөвсгөл аймгийн “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар Хөвсгөл аймгийн “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.А-оос 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Шарнууд овогт Чинбатын Ч.А- /.../-т олгож, хохирогч нь ажлын хөлсний талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.А-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ