| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянган Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03026/и |
| Дугаар | 209/МА2026/00013 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 209/МА2026/00013
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/02329 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт нийт 25,874,760.15 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн *******тэй ЗГ3205126101 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн ба уг гэрээгээр зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд сар бүрийн 5, 20-д эргэн төлөхөөр харилцан тохиролцсон.
Уг гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч нь зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ3205126101-1 тоот гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 5,600,000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 12 сар жилийн хүүг 15.6 хувь байхаар харилцан тохиролцсон.
Энэ гэрээний явцад зээлдэгчээс дахин хүсэлт гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ3205126101-2 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн зээлийн хүү адил 15,6 хувь байхаар, харин гэрээний хугацаа 12 сар байхаар тохиролцсон.
Дээрх гэрээний хугацаанд зээлдэгч *******ээс дахин хүсэлт гаргаснаар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ3205126101-В тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг 5,770,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай зээлийг олгосон.
Хамгийн сүүлийн байдлаар өөрчлөгдөн байгуулагдсан буюу одоо талуудын дагаж мөрдөж байгаа 2024.04.05-ны өдөр байгуулагдсан ЗГ3205126101-Г тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлдэгч ******* нь *******ын хамт 24,200,000 төгрөгийн зээлийг *******наас хүсэж, жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан.
Дээр дурдсанаар зээлийн гэрээний хугацаа 2026.10.05-ны өдөр дуусахаар байгаа боловч өнөөдрийн байдлаар зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилтэй байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр зээлдэгч нартай удаа дараа холбогдож, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгчийн зүгээс зөрчлийг арилгаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, сайн дураар биелүүлэхгүй, банкийг хохироосоор байна.
ЗГ3205126101-Г тоот гэрээний зээлийн график зөрчигдсөнөөр үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс гадна Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, анх байгуулсан 2022.10.24-ний өдрийн ЗГ3205126101 тоот зээл болон барьцааны гэрээний 2.9, 3.1.1-т тус тус заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нь төлөх үүрэгтэй.
Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1 болон 2022.10.24-ний өдрийн ЗГ3205126101 тоот зээл болон барьцааны гэрээний 3.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн дээрх зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн болно.
******* нь хамгийн сүүлд буюу 2024.04.05-ны өдөр байгуулагдсан ЗГ3205126101-Г тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд *******ийн хамт зээл авсан, энэхүү гэрээний үүргийг хүлээх хариуцагч мөн тул түүнийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч ******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөр 23,676,670.85 төгрөг, үндсэн хүү 2,125,335.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,753.75 төгрөг, нийт 25,874,760.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2 дугаар хуудас/
2.Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
“...миний бие Дархан-Уул аймагт амьдардаг. Нөхөр ******* нь ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын *******ны салбараас цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд *******наас өр төлөх албан бичгийг ирүүлсэн. Банкны хариуцсан ажилтантай холбогдоход жилийн дотор сарын 2,100,000 төгрөгийг төл гэсэн шаардлага өгсөн. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Бага хүү ******* маань байнгын ээжийн асаргаанд байдаг тул ажил хөдөлмөр хийх боломжгүй. Сарын орлого гэж байхгүй. Халамжаас хүүд минь ордог асаргааны мөнгөнөөс өөр зүйл байхгүй. Иймд банктайгаа эвлэрч чадсангүй. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж сар бүр төлөх төлбөрийг хамгийн бага хэмжээнд тогтоож өгөхийг хүсье. Би төлбөрийн нөхцөлийг төлөх үүргээ ухамсарлаж байна” гэжээ. /хх-ийн 50 дугаар хуудас/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 25,874,760.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,324 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
“...******* нь Улаанбаатар хотын *******ны салбараас цалингийн зээл авсны дараа 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Миний бие талийгаач нөхрөө тус банкнаас цалингийн зээл авахад хамтран зээлдэгч гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь үнэн. Сайн дураараа очиж зураагүй эхнэрээ ирээд зээлийн гэрээ баримт дээр гарын үсгийг нь зуруулчих гэсэн чи хүрээд ирээч гэхээр нь эдийн засагч руу нь ороод гарын үсгээ зурсан. Эдийн засагч надтай ямар нэгэн байдлаар ярилцаж миний хувийн байдал зээл төлөх чадвартай эсэхэд асууж ярилцаагүй мөн надаас ямар нэгэн баримт нотолгоо огт шаардаагүй.
Би анхан шатны шүүх хуралд хуулийн дагуу өөрийгөө өмгөөлж мэдэхгүй манай нөхөр зээл авсан уг зээлд гарын үсэг маань байгаа болохоор төлөх ёстой гэж хэлэх ёстой юм бол уу гэж сандраад төлнө гэж хэлсэн гэвч хэрхэн яаж төлөх өө мэдэхгүй төлж чадахгүй учраас хуулийн дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэж оролцох эрхээ хэрэгжүүлж энэхүү гомдлыг гаргаж байна.
Үндсэн зээлдэгч нас барсан учраас түүний цалин орлого зогсож хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон учир би 25,874,760.15 төгрөгийг төлмөөргүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх-ийн 89 дугаар хуудас/
6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3205126101 дугаартай зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-гээр ******* нь “*******” ХК-иас 5,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 5,600,000 төгрөгөөр нэмэгдүүлж, цалингийн зээлийн үлдэгдлийг 7,724,145.61 төгрөгөөр тогтоож, жилийн 15.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байхаар, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, цалингийн зээлийн үлдэгдлийг 16,237,611.92 төгрөгөөр тогтоож, жилийн 15.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай байхаар, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хэмжээг 5,770,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 15.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай байхаар тус тус тохирч, гэрээнд зээлдэгчээр ******* гарын үсэг зуржээ. /хх-ийн 10-28 дугаар хуудас/
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг 24,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, цалингийн зээлийн үлдэгдлийг 34,996,740.21 төгрөг гэж тооцож, жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байхаар тохирч, гэрээнд ******* болон хариуцагч ******* нар гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч банк зээлдүүлэгчид шилжүүлсэн, зээлийн гэрээнд заасан төлбөр 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс эхлэн төлөгдөөгүй, улмаар банкнаас 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 018200424 дугаартай албан бичгээр зээл төлөх талаар зээлдэгч *******д мэдэгдэл хүргүүлж байсан, зээлдэгч ******* нь 2025 оны 09 сарын 12-ны өдөр нас барсан байна.
4. Дээрх үйл баримтууд болон зээлийн гэрээ байгуулагдсан, гарын үсэг зурсан байдал, зээлийн дүн, тооцооллын талаар талууд маргаангүй.
5. Хариуцагч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд гагцхүү зээлийн төлбөрийг санхүүгийн байдлаасаа хамаарч, сард хамгийн багаар тооцож хэсэгчлэн төлөх талаар тайлбар гаргажээ.
6. Харин давж заалдах гомдлын үндэслэлээ зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, банкны шаардлагаар гэрээнд гарын үсэг зурсан, зээл төлөх төлбөрийн чадвартай эсэх талаар банк судлаагүй, баримт шаардаагүй, цалингийн зээлийн үндсэн зээлдэгч нас барсан тул хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар тодорхойлсон байна.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.
8. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.
9. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3205126101 дугаартай зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 02 дугаар сарын 16, 2023 оны 06 дугаар сарын 06, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрээнүүдийг зээлдэгч ******* дангаар байгуулан, гэрээнд гарын үсэг зурсан байгаа боловч 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг нэмэгдүүлж, нийт зээлийн үлдэгдлийг тооцож, зээлийн хүү, хугацааг тус тус шинээр тохирч, гэрээний үүргийг хариуцагч ******* хамтран хариуцахаар үүрэг хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу хариуцагч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч ******* нас барсан үндэслэлээр гэрээний үүргийг бүхэлд нь хамтран үүрэг гүйцэтгэгч *******аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
10. Хариуцагч ******* нь төлбөр төлөх боломжгүй, цалин барьцаалсан зээлдэгч нас барснаар хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон буюу зээлийн үүрэг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч зээл буцаан төлөх үүрэг нь хариуцагчийн хувийн байдалтай холбоогүй буюу цалингаас үл хамааран төлөгдөх учир Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэл бий болоогүй байна.
Нөгөө талаас хариуцагч зээлийн гэрээнд банкны шаардлагаар гарын үсэг зурсан, банк хамтран зээлдэгчийн төлбөрийн чадварын талаарх судалгааг хийхгүйгээр хууль болон журам зөрчиж гэрээ байгуулсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул энэхүү үндэслэл нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үр дагаврыг үүсгэхгүй юм.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/02329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 288,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
М.ОЮУНЦЭЦЭГ