Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2026/00014

 

  *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  12 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/02438 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК,

                   “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшууллыг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   ...Нэхэмжлэгч ******* нь 2013 оноос эхлэн “*******” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан.

******* болон “*******” ХХК нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай хөдөлмөрийн контракт байгуулагдаж, ажил олгогч *******ийн сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөгөөр тогтоож, сар бүр 500,000 төгрөгийг БУА-ын эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилгын ажлыг дуусах хүртэл хугацаанд олгох, энэ хугацаанаас хойших хүртэлх цалинг хэрхэн олгохыг хөдөлмөрийн контрактын 3.2-оор, мөн ажлыг хангалттай гүйцэтгэсэн байдал ажлын үр дүнг үндэслэн эхний А блокын 45 айлын орон сууцнаас 3 өрөө байрыг зохих журмын дагуу урамшуулал болгон олгохоор тус тус харилцан тохиролцож, гэрээний үүргийн биелэлтийг 225 айлын орон сууцны эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилга ашиглалтад орох үед дүгнэхээр тогтоосон.

******* өөрийн ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг ашиглан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн контрактын 2.2 дугаар зүйлийн 2.2.1-2.2.5, 2.3 дугаар зүйлийн 2.3.1-2.3.10, 2.4 дүгээр зүйлүүдэд заасан ажил үүргийг өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, 13 дугаар хороололд 225 айлын орон сууц барихад орон сууц захиалагчдын тоо, ашиг орлого, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, реклам зар сурталчилгаа явуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран залуу гэр бүлийг орон сууцжуулах төслийг санаачлах, орон сууц захиалагч нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх, байрны урьдчилгаа төлбөр орлогыг тухай бүр компанийн дансанд байршуулах, орон сууцны борлуулалтын орлогын зарцуулалтад хяналт тавих, борлуулалттай холбогдсон баримт бичгийг иж бүрдэл болгох болон өөрийн компанийн гүйцэтгэх ажилтнуудыг удирдлагаар хангах, орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг шинэлэг арга барилаар нэвтрүүлэх зэрэг ажиллагаануудыг гүйцэтгэх зэргээр 2013 оны 06 сараас 2015 оны 05 сар хүртэлх хугацаанд нийт 25 айлын байрны захиалга авч, урьдчилгаа төлбөрийн 357,904,520 төгрөгийг тус байгууллагын дансанд оруулж, гэрээнд заасан нэмэлт ажлуудыг тухай бүр зохион байгуулж, идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөсөн байна.

******* нь хөдөлмөрийн контрактад заасан үүргээс гадна өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрийн мөнгөөр байр түрээслэх, ээмэг бөгжөө барьцаанд тавих, хүнээс мөнгө зээлж турк мэргэжилтнүүдийн цалин тавих, тэдний ирэх буцах зардлыг төлөхийн зэрэгцээ өөрөө цалингүй ажилласан байна.

******* нь “*******” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч тус компани шинэчлэгдэж “Эм Жи Эл туннельс системс” ХХК болсон гэх ба “*******” ХХК-ийн улсын бүртгэлд хэрхэн өөрчлөлт орсон болон түүний хувьцаа эзэмших эрх хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болсон байдаг.

******* нь хөдөлмөрийн контрактын 4.2-т заасны дагуу хийсэн ажлын тайлан, холбогдох бичиг баримтыг үйлдсэн боловч компани шинэчлэгдсэн гэх үндэслэлээр түүний ажлын тайланг хүлээн авч дүгнэх компани олдохгүй болсон.

2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн контрактад зааснаар БУА-ын эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан үеэс 2014 оны 06 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацаанд ажилласан саруудын цалингийн зөрүү болон урамшууллыг өгөх авах эрх үүрэг бөгөөд ******* нь дээрх орон сууцны барилгын ажил дууссаныг мэдээд шинэчлэгдсэн гэх “*******” ХХК-ийн захирал н.Хаш-Эрдэнэ болон хуучин “*******” ХХК-ийн захирал ******* нартай холбогдож, цалингийн зөрүү болон урамшууллын талаар удаа дараа хэлж, ярьсан боловч хоорондоо ярилцаж асуудлыг шийдвэрлэж өгнө гэсээр өдий хүрсэн.

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргахад уг маргааныг хэлэлцээд талууд харилцан тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгож шүүхээр шийдвэрлүүлж болно гэж хариу өгсөн. Иймд 2014 оны 06 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацаанд ажилласан 36 сарын цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшууллыг гаргуулж өгнө үү гэжээ. / 1-р х.х-ийн 1-3 дугаар хуудас /

2.Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. "*******" ХХК-ийн хувьцаа худалдан авах гэрээг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* нь тухайн үеийн захирал *******тэй байгуулж компанийг худалдаж авсан байна.

Гэтэл *******ийн нэхэмжлэлд дурдсан 01/15 дугаартай хөдөлмөрийн контракт нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр "*******" ХХК-ийн захирал ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан байна. Энэ "*******" ХХК нь дампуурсны дараа ******* нь "*******" ХХК-ийг байгуулаад улмаар уг компанийг *******д худалджээ.

Компанийг *******ээс худалдаж авахад *******тай байгуулсан хөдөлмөрийн контракт болон санхүүгийн баримтууд, орон сууцны урамшуулал олгох тухай ямар нэгэн шийдвэр байгаагүй. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа А Блок байрыг суурь болон 1 давхрын карказ цутгасан байдалтай, 25 захиалагчтай хүлээж аваад уг 9 давхар барилгыг 2022 оны 09 сард бүрэн барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч 25 захиалагчийн асуудлыг шийдвэрлэж дуусгасан. Энэ талаарх мэдээлэл компанийн хувьцаа худалдан авах гэрээний 2-р хавсралтад байгаа.

Тус компанийн зүгээс *******тай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд хоорондын тооцоо байхгүй тул хөдөлмөрийн контракт байгуулсан өмнөх захирал *******тэй асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х 34-р тал/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцагч “*******” ХХК болон орон сууцны урамшуулал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

“Шүүхээс талуудын хооронд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.2, 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасны дагуу ажил олгогч нь иргэнтэй контрактын гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд харин “*******” ХХК-ийн үйл ажиллагаа, түүний зарим эрх үүрэг, хариуцлагыг шинээр байгуулсан компани буюу "*******" ХХК-д шилжүүлэх болон шинээр компани байгуулах тухай шийдвэрийг хэн гаргасан нь тодорхойгүй байна гэх дүгнэлт хийжээ.

Гэтэл хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлд орсон өөрчлөлтийн лавлагаагаар "*******" ХХК-ийн захирал нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсны дараа 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинээр байгуулагдсан “*******" ХХК нь "*******" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах 2000 м.кв талбай бүхий эзэмшлийн газрыг болон тус газар дээр дутуу барьсан барилга, тоног төхөөрөмжийг шилжүүлэн авч, барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр "*******" ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч ******* болон иргэн ******* нарын хооронд "*******" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан. Иргэн ******* нь "*******" ХХК-иас Дархан-Уул аймаг, Дархан сум 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2000 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар болон тус газар дээр баригдсан 700,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй 9 давхар орон сууцны 1 давхар карказтай дутуу барилга, тухайн барилга дээр хэрэглэгдэж байсан эд хогшил тоног төхөөрөмжийг худалдан авах журмаар шинээр компаний байгуулалгүйгээр "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, захирлаар томилогдож, тус компани барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан зэрэг үйл баримт нотлогдож байна.

Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д дэх хэсэгт: Компанийн үйл ажиллагаа, түүнийг эрх үүрэг хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компани нэгтгэх гэнэ” гэж, мөн Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад хоёр буюу хэд хэдэн компани хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэн, харилцан ашигтайгаар нэг эдийн засгийн нэгж болгох үйл явц ба нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний хөрөнгө ба өр төлбөр, эрх үүрэг хариуцлагыг нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нэгдэх" гэнэ гэж тус тус заажээ.

Гэтэл шүүхээс “*******" ХХК-ийн эзэмшлийн газар болон барилга барих үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг шинээр байгуулагдсан "*******" ХХК шилжүүлэн авч барилгын үйл ажиллагаа явуулах, мөн иргэн Б.Хаш- Эрдэнэ 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа, эд хөрөнгө худалдан авах журмаар "*******" ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлж, тус компани үйл ажиллагаа, удирдлагыг өөртөө авч тус компани эрх үүргийг хэрэгжүүлсэн зэргээр компани нийлүүлэх, нэгтгэх процесс үйл ажиллагааны талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* болон "*******" ХХК- ийн захирал ******* нарын хооронд "*******" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан үйл баримтыг чухалчлан худалдах, худалдан авах гэрээгээр мөнгөн төлбөрөөс бусад өөрөөр бусдад төлбөр үүсэх, үүссэн бол худалдан авагч тал хариуцахгүй байхаар тохиролцсон гэснийг үндэслэн нэхэмжлэгч *******ийн гаргасан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "*******" ХХК хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.Хаш- Эрдэнэ нь худалдах худалдан гэрээний дагуу "*******" ХХК-ийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө, барилгын тоног төхөөрөмжийг худалдан авч өмчлөгчөөр бүртгүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн баримтыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ба хариуцагч тал энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд “*******” ХХК-ийн эзэмшлийн 2000 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, түүн дээр дутуу барьсан барилга, тоног төхөөрөмжийг шинээр байгуулагдсан “*******" ХХК нь шилжүүлэн авч, түүний тусгай зөвшөөрлийн дагуу барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан ба иргэн ******* нь шинээр компани байгуулалгүйгээр “*******" ХХК-ийн хувьцаа, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг худалдан авах журмаар “*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирлаар томилогдон тус компани барилгын үйл ажиллагааг явуулсан зэрэг үйл баримт нь “*******" ХХК нь хуучин компани буюу "*******" ХХК болон *******тай байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.  / 5-р х.х-ийн 13-15 дугаар хуудас /

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг, орон сууцны урамшуулал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар “*******” ХХК-ийг татсан байх бөгөөд *******ийг шүүхэд дуудан ирүүлэхэд тэрээр “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд тус аж ахуйн нэгжид хамааралгүй, нэхэмжлэлийг авах боломжгүй” гэх тайлбарыг гаргаж, улмаар  нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-иас татгалзах хүсэлт гаргасан байна.  /1-р х.х-ийн 43-44, 53 дугаар хуудас/

4. Хариуцагч "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...******* нь “*******” ХХК-тай 5 жилийн хугацаатай контрактын гэрээг 2014 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан. Уг асуудлыг хувьцаа худалдаж авсан хүн нь шууд хариуцна гэх үндэслэлгүй. Мөн “*******” ХХК-аас *******тай холбоотой ямар ч бичиг баримт ирүүлээгүй тул хариуцахгүй” гэж тайлбарлан маргажээ.   /1-р х.х-ийн 34 дүгээр хуудас/

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй, энэ талаар тодруулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

6.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан байх ба түүний 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “... нас барсны дараа компанийн удирдлагыг өөрчилж, шинэ удирдлага томилсон тухай шийдвэр, ын хууль ёсны өв залгамжлагчийг тогтоож, өвлөх эрх олгосон гэрчилгээний хуулбар, “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон албан тушаалтны улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөл, “*******” ХХК шинэчлэгдэн “*******” ХХК болж өөрчлөгдсөн тогтоол, “*******” ХХК нь “*******” ХХК-ийн эд хөрөнгийг болон хувьцаа эзэмших эрхийг худалдан авсан гэрээний хуулбар” зэрэг нотлох баримтыг  Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах тухай, 

2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан“...2021-03-28-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, төлбөрийг *******т төлсөн эсэх баримтыг хариуцагч компаниас гаргуулах хүсэлтүүдийг тус шүүхийн шүүгчийн 2024-12-04-ний өдрийн №7238 дугаар, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №6793 дугаартай захирамжуудаар тус тус хангаж шийдвэрлэсэн байна. /3-р х.х-ийн 154-158, 4-р х.х-ийн 219-221 дугаар хуудас /

Дээрх захирамжийн дагуу нотлох баримтуудыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хүсэлтээсээ татгалзсан эсэхийг шүүх тодруулаагүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ. 

6.2.Хуулийн этгээдийн , дугаартай хувийн хэргүүдээс судалж үзвэл:

6.2.1. “*******” ХХК-ийг 2011 оны 04 сарын 15-ны өдөр үүсгэн байгуулсан улмаар 2015 оны 09 сарын 28-ны өдөр гэрчилгээгээ үрэгдүүлсэн үндэслэлээр дахин гэрчилгээг авч гүйцэтгэх удирдлагаар ыг бүртгэсэн байх ба компанийн хувьцаа эзэмшигч 20%, ******* 10%-ийн хувьцааг од тус тус шилжүүлснээр 40 хувь, 40 хувь, 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон, шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй үндэслэлээр “*******” ХХК-ийн шилжилт хөдөлгөөн хийх эрхэд хориг тавьсан, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 04 сарын 07-ны өдөр нас барсан байна. /3-р х.х-ийн 161-220 дугаар хуудас/

6.2.2. “*******” ХХК-ийг  *******, нар 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр барилгын засвар хийх, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, 2 гишүүнтэй, ******* 60 хувь, 40 хувийн хөрөнгийн эзэмшигчээр, компанийн захирлаар *******ийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /3-р х.х-ийн 139-250, 4-р х.х-ийн 1-93 дугаар хуудас/

Уг компанийн хувьцаа эзэмшигчийн тоо удаа дараа өөрчлөгдөж, гүйцэтгэх удирдлага солигдож байсан байх ба компанийн үүсгэн байгуулагч, захирал ******* нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №01 дугаартай “*******” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр  компанийн хувьцааг *******д худалдаж, компанийн эрхийг шилжүүлж, компанийн хувьцаа эзэмшигчээр , , ******* нар бүртгэгдсэн байна. /1-р х.х-ийн 38-40, 4-р х.х-ийн 1-13 дугаар хуудас/

6.2.3. “*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн  хурлын тэмдэглэл, шийдвэрээс үзвэл “...төрийн албан хаагч, залуу гэр бүлийн 225 айлын орон сууцыг барих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт шаардлагатай, барилгын үйл ажиллагааг далайцтай явуулах” гэх асуудлыг хэлэлцэж, хувьцаа эзэмшигчдийн тоо өөрчлөгдөж байсан байх ба “*******” ХХК нь “*******” ХХК-ийн барьж байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 13 дугаар хороололд төрийн албан хаагч, залуу гэр бүлийн 225 айлын орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж, ашиглалтанд оруулсан нь тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэлээ  “*******” ХХК нь бүх бүрэн эрх буюу барьж байсан барилга, түүнтэй холбоотой хөрөнгө, үүрэг хариуцлагаа “*******” ХХК-д шилжүүлсэн тул тус компани нэхэмжлэгчид гэрээний дагуу цалин хөлс, урамшууллыг олгох үүрэгтэй гэж тайлбарладаг болно.

 8. Компанийн тухай хуульд компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болохоор, мөн компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцохоор хуульчилсан.

 9. Хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК, “*******” ХХК-ууд нь улсын бүртгэлд бие даасан хуулийн этгээдээр бүртгэлтэй байх боловч “*******” ХХК-ийн явуулж байсан барилгын үйл ажиллагаа болон компанийн эзэмшилд бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2000 мкв талбай бүхий нийтийн орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар болон тус газар дээр баригдсан дутуу барилга, тухайн барилга дээр хэрэглэгдэж байсан эд хогшил, тоног төхөөрөмж “*******” ХХК-д хэрхэн шилжсэн, үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх болсон нөхцөл, “*******” ХХК-ийн эрх, үүрэг ямар хэмжээнд “*******” ХХК-д шилжсэн болох, тус барилгатай холбоотойгоор бусадтай байгуулсан гэрээний үүргийн талаар хэрхэн тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.

 Тодруулбал нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлт нь дээрх нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

 10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 11. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлжээ.

 Шүүх нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх, зохигчдод хуваарилан хариуцуулах асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрт энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 12. Мөн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №01544 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн орон сууцны урамшуулал гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн байдлыг орхигдуулсан байна.

 Шүүх хуралдааны тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар үйлдэх бөгөөд энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг биелүүлсэн байдал, хэргийн оролцогчийн мэтгэлцсэн байдал, тэдгээрийн эрхийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан байдлыг нотлон харуулах зорилготой нотолгооны хэрэгсэл юм.

 Иймд шүүх хуралдааны тэмдэглэлийг хууль заасан журмын дагуу хөтлөх, дээрх алдааг давтан гаргахгүй байхыг анхааруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  12 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/02438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Я.ТУУЛ                               

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН