Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баасандоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 494 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201725010337 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол овгийн Батсүхийн Баасандорж, 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой гэх боловч энэ талаар баримтгүй, мэргэжилгүй, Жонон Дагдан Миндолин хийдийн хурлын лам ажилтай, ам бүл 9, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6-ын 22тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 3-ын 1620 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр ангийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УЗ93102692/,

            Яллагдагч Б.Баасандорж нь тэнсэн хянан харгалзагдсан хугацаандаа буюу давтан 2017 оны 1 дүгээр сарын 3-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн автобусны дундын буудал дээр Ж.Хадбаатарыг зодож, үүдэн дээд баруун 1, зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, урууланд шарх үүсгэж, түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Баасандоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэн хянан харгалзах, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр удаа дараа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 494 дүгээр шүүгчийн захирамжид: Яллагдагч Б.Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” мөн хуулийн 80 дугаар зүйлд “хэргийн талаар нотолбол зохих асуудлууд” болох 80.1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 80.1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт”, 80.1.4 дэх хэсэгт заасан “яллагдагч, шүүгдэгчийн  хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд”, 80.1.6-д заасан “ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлыг мөрдөн байцаалтын явцад гүйцэт тогтоогоогүй байх тул дээрх хуулийн заалтын дагуу хэргийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасандоржийн: “...тэгэхээр нь би зодуулчихаад босоод араас нь хөөсөн ба намайг зодсон 4-өөс 5 залуучууд байсан., ...тэр хүмүүс булан тойроод эргээд гүйсэн. Тэгсэн урд нэг улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй ганцаараа явж байсан ба тэр хүнийг намайг зодсон хүмүүсийн нэг байна гэж бодоод тэр хүнийг барьж аваад нэг удаа толгой руу нь гараараа цохиж,улмаар мөргөсөн., Би хохирогчийг намайг зодсон хүмүүсийн нэг байна гэж андуураад цохисон байсан. Би андуураад цохисондоо их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Хадбаатарын: “...тэгэхээр нь би та хүн андуураад байна гэж хэлтэл намайг сонссон мөртлөө тоохгүй мөргөөд л дайраад байсан ба би тухайн хүнд би тэр хүн чинь биш байнаа гэж хэлээд байхад тоохгүй байсан, тэгэхээр нь би хүчээр мултарч зугатаагаад шууд такси бариад хойшоогоо ганцын буудал дээр байдаг цагдаагийн хэсэг дээр яваад очтол эргүүлийн цагдаа машинтайгаа явж байсан, хүмүүстэй андуураад л зодсон юм шиг байна лээ. Намайг дэлгүүр орох замд миний хажуугаар баахан залуучууд зугтаж байгаа бололтой явж байсан. Тэр хэдэн хүмүүст зодуулсан бололтой явж байсан. Маргалдаагүй, юу ч яриагүй, эхэндээ бол юунаас болж зодож байгааг нь ойлгоогүй, сүүлдээ тэр гүйж байсан хүмүүсийг хөөж байгаад андуураад байна гэж бодоод андуураад байна гэж хэлсэн боловч тэр намайг тоогоогүй, тавихгүй мөргөөд л өшиглөөд л байсан.” гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтад гэрч Я.Товуумягмарын: “...согтуу танхайрсан гэх дуудлагын дагуу очиж шалгахад Д.Баасандорж гэх хүн байсан, тэр хүнийг Д.Баасандорж ардаас нь хөөж ирээд намайг зодсон хүн мөн үү гэж хэлээд л зодсон юм шиг байна лээ. Энэ намайг  зодсон хүн мөн байхаа гэж Б.Баасандорж нь согтуу согтуурхаад байсан...” гэх мэдүүлэг зэргээс шүүгдэгч нь хэсэг хүмүүст зодуулсан ба хохирогчийг өөрийгөө зодсон гэх залуусын нэг нь гэж андуурсан гэх үйлдлийг шалгаж тогтоох нь дээрхи хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ зэргийг тогтооход чухал үүрэгтэй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэрэг  очтол Б.Баасандоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шүүгчийн захирамжийг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Эрдэнэ улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

            Тус шүүхийн шүүгчийн захирамжид "...шүүгдэгч нь хэсэг хүмүүст зодуулсан ба хохирогчийг өөрийгөө зодсон гэх залуусын нэг нь гэж андуурсан гэх үйлдлийг шалгаж тогтоох нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ зэргийг тогтооход чухал үүрэгтэй байна гэж дүгнэв" гэсэн атлаа тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ямар тодорхой ажиллагаа хийх талаар дурдаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

            Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Ж.Хадбаатарын /хх7-8/ "...2017 оны 1 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн дунд буудал дээр дэлгүүрээс юм авах гээд явж байтал ардаас нэг үл таних эрэгтэй хүн гүйж ирээд толгой руу цохисон, тэгэхээр нь би эргэж хараад гайхтал урдаас тэр залуу мөргөсөн, тэгээд уруул сэтлээд 4-н шүдийг маань хөдөлгөсөн, тэгэхээр нь би "та хүн андуураад байна" гэж хэлтэл намайг сонссон мөртлөө тоохгүй мөргөөд л дайраад байсан ба би тухайн хүнд би тэр хүн чинь биш байнаа гэж хэлээд байхад тоохгүй байсан. Тэгэхээр нь би хүчээр мултарч зугтаагаад шууд такси бариад хойшоогоо ганцын буудал дээр байдаг цагдаагийн хэсэг дээр яваад очтол эргүүлийн цагдаа машинтайгаа явж байсан. Тэгэхээр нь би тэр цагдаатай хамт буцаад хэрэг болсон газарт очтол нөгөө залуу чинь хэрэг болох үед тэнд зогсож байсан залуучуудтай хамт зогсож байсан. Угаасаа намайг мөргөх үед нь миний уруул сэтрээд язраад амнаас цус ихээр гарсан ба үүдэн нэг шүд нь бүр мултраад гараад ирсэн байсан ба миний хувцас энгэр хэсэгтээ нил цус болчихсон, куртик сугаараа урагдсан байсан....хүмүүстэй андуураад л намайг зодсонюм шиг байна лээ. Маргалдаагүй, юу ч яриагүй. эхэндээ бол юунаас болж зодож байгааг нь ойлгоогүй, сүүлдээ тэр гүйж байсан хүмүүсийг хөөж байгаад андуураад байгаа юм байна гэж бодоод чи хүн андуураад байна гэж хэлсэн боловч тэр хүн намайг тоогоогүй, тавихгүй мөргөөд л өшиглөөд л байсан. Зүгээр байж байгаад зодуулж уруул ам болон шүдээ ийм болгуулсандаа гомдолтой байна..." гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтын явцад гэрч Я.Товуумягмарын /хх 13-14/ "...Согтуу танхайрсан гэх дуудлагын дагуу очиж шалгахад тус Б.Баасандорж гэх хүн нь байсан. Маргалдаад зууралдаад байж байсан ба тэр хүнийг Б.Баасандорж ардаас нь хөөж ирээд намайг зодсон хүн мөн үү гэж хэлээд л зодсон юм шиг байна лээ, энэ намайг зодсон хүн мөн байхаа гэж Б.Баасандорж нь согтуу согтуурхаад байсан..." гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Гэрч Э.Уянгын /хх 15/ "...Б.Баасандорж захиргааны хяналтанд байдаг, cap бүрийн 4, 5-нд ирж бүртгэгддэг юм. Б.Баасандорж бүртгүүлэхээр ирсэн ба ирэхдээ нүд нь хөхөрсөн, гар хөл нь шалбарсан байдалтай байсан ба яасан талаар нь асуухад хүнд зодуулсан гэж байсан..." гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтын явцад Б.Баасандоржийн /хх 25-26 / "...2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр найз Дэлгэрсайханы гэрт нь пиво уучихаад, гэртээ харихаар автобусны буудал дээр зогсож байтал үл таних хүмүүс ирээд намайг юу юугүй зодож эхэлсэн. Тэгэхээр нь би зодуулчихаад босоод шууд араас нь хөөсөн. Намайг зодсон залуучууд 4-5 уулаа байсан ба тэр хүмүүс хашааны булан эргээд гүйсэн. Тэгсэн урд нь улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй ганцаараа явж байсан ба тэгэхээр нь тэр хүнийг намайг зодсон хүмүүсийн нэг байна гэж бодоод тэр хүнийг шууд барьж аваад нэг удаа толгой руу нь гараараа цохиж, нэг удаа мөргөсөн" гэж мөн /хх-28/ түүний яллагдагчаар мэдүүлэхдээ "... Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээж байна..." гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд хохирогчийн зүгээс өөрт нь удаа дараа андуураад байна гэж хэлж байхад үл ойшоож, согтуурхан олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн танхайн сэдэлтээр хохирогчийн эрх чөлөөнд халдсан болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар “Гэм буруу нь санаатай, болгоомжгүй гэсэн хэлбэртэй байна" гэж заасан байдаг.Өөрөөр хэлбэл Б.Баасандоржийн "ардаас нь хөөгөөд гүйж байтал тэр хүмүүс булан эргээд гүйсэн”, Тэгсэн урд нэг улбар шар өнгийн куртиктэй эрэгтэй ганцаараа явж байсан ба тэгэхээр нь би тэр хүнийг намайг зодсон хүмүүсийн нэг байна гэж бодоод уг хүнийг шууд барьж аваад нэг удаа толгой руу нь гараараа цохиод нэг удаа  мөргөсөн", хохирогч Ж.Хадбаатарын "...Дарь эхийн автобусны дунд буудал дээр дэлгүүрээс юм авах гээд явж байтал ардаас нэг үл таних эрэгтэй хүн гүйж толгой руу цохисон. Тэгэхээр нь би эргээд хартал тэр залуу урдаас мөргөсөн ба миний уруулыг сэтлээд 4-н шүдийг маань хөдөлгөсөн.Тэгэхээр нь би "та хүн андуураад байна" гэж хэлтэл намайг сонссон мөртлөө тоохгүй мөргөөд л дайраад байсан ба би тухайн хүнд "би тэр хүн чинь биш байнаа" гэж хэлээд байхад тоохгүй байсан" гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.Баасандорж нь идэвхтэй үйлдлээр хохирогч Ж.Хадбаатарын эрх чөлөөнд халдсан, түүний хориглон зогсоохыг шаардсан шаардлагыг үл ойшоож өөрийнх нь эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн санаатай үйлдлээр гэм буруу нь нотлогдон тогтоогдож байна.Мөн тухайн хэрэг болох үед хохирогч Ж.Хадбаатар шүүгдэгч Б.Баасандорж нар нь өөр хэн нэгэнтэй хамт яваагүй, тус тусдаа ганцаараа явж байсан тул өөр хөндлөнгийн гэрчлэх хүнийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох боломжгүй ба Б.Баасандорж нь бусдад зодуулж хохирсон талаараа одоог хүртэл цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулаагүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Шүүхээс яллагдагч Б.Баасандоржид холбогдох гэмт үйлдлийн болсон үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүтнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар "Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана" гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

            Иймд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 494 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 494 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Б.Баасандоржийг зодоод зугтаасан гэх хүмүүсийг олж, тогтоож шалгах шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Б.Баасандорж  бусдад  зодуулсан талаараа  цагдаагийн байгууллагад  жичдээ гомдол гаргаж  шалгуулах эрхтэй бөгөөд түүний бусдад зодуулсан асуудал нь Б.Баасандоржид холбогдох хэргийг   хэлэлцэхэд   саад болохгүй. Учир нь: Ж.Хадбаатар нь Б.Баасандоржийг бусдад зодуулахад хамааралгүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн шалтгаант холбоо байхгүй байна.

Б.Баасандоржид холбогдох хэргийг  шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл  байдлууд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл  зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр заавал буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Иймд прокурор Г.Эрдэнийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/26 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 494 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.      

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 494 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Баасандоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

              ШҮҮГЧИД                                                                  Д.ГАНСҮХ

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ