| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 000/2024/0000/Э |
| Дугаар | 2024/ХШТ/71 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 079.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ХШТ/71
Г.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолтой, Г.Б-т холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-ийн Б, 1946 оны байдлаар 57 настай, эрэгтэй, .. аймгийн ... сумын 4 дүгээр багийн харьяат;
Г.Б нь “Дотоод явдлын яамнаас тусгай тогтоолоор нутаг заан суулгасанд өшин хорсож, нам засагт дургүйцэн орон нутгийн ард түмний дунд хувьсгалт нам засаг ба ЗХУ-ыг эсэргүүцэж удирдагч, цэргийн жанжнуудыг нь Герман, Польшоос оргон ирсэн оргодол гэх буюу СССР бол хүч чадалгүй, зэвсэг техникээр дорой, бараа таваар юу үгүй, зөвхөн Англи, Америкийн бараа таваарыг нааш дамжуулж байдаг өлсгөлөн гуйланчлалын орон, Шамбалын дайн болж, хувьсгал аяндаа устана гэх зэргээр оргүй гүтгэлгийн шинжтэй зүйлүүдийг ярьж байсан, мөн Дотоод явдлын яаманд 1938-1940 онд нууц тагнуулын үүрэг даалгавартай ажиллаж байснаа бусад байгууллагын хурал дээр илтгэх буюу энгийн хүмүүст ярих, сум, аймгийн захиргаанд өргөдөл бичих зэргээр 5 удаа задруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 7 дугаар хурлын тогтоолоор Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлд зааснаар 4 жил, 66 дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ял шийтгэж, уг хэрэг нь Хувьсгалын 25 жилийн чинад өдүүлсэн тул Өршөөлийн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ялын гуравны нэг хувь болох 2 жилийг хөнгөтгөн өршөөж, 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:
“Нэг. Биеийн байцаалт нь: 1946 оны байдлаар.
1.Овог Г, нэр Б, ... аймгийн ... сумын харьяат, 1889 онд ... аймгийн ... сумын ... дүгээр багийн нутагт ядуу тайж Г, эх Ц нарын анхны хүү болон төрсөн, тайж, эрэгтэй, 57 настай, ам бүл 2, хөрөнгө бод 2, гэр 1. 24 нас хүртлээ М сумын Р гэлэнгийнд зарагдан, монгол бичиг заалгаж байсан. Гаминтай тулалдах үед Ардын Хатанбаатар Магсаржавын гарын бичээч болж, 1921 оноос Цэргийн яамны бичээчээр ажиллаж байгаад 1924 он хүртэл Сулинхээрт ажиллаад өвчний учир ажлаас гарч 1931 он хүртэл хөдөө байсан. 1931 онд Өмнөговь аймгийн Дотоодыг хамгаалах хэлтэст баригдаж 2 жилийн ял авч, 1932 онд өршөөлөөр суллагдсан. 1933 онд Ногооннуураар оргож, гадаадын Дархан бээлийн хошуунд амьдарч байгаад 1939 онд сайн дураараа эргэж ирээд, Замын-Үүдийн отрядад баривчлагдан Дотоод яамнаас 1940 онд Архангай аймгийн Түвшрүүлэх суманд нутаг заагдан очсон. Тус сумын САА-д манаач, тоо бүртгэгч, идэш тэжээлийн ба мөнгөний нярав зэрэг ажлыг 1946 оны 9 дүгээр сарын 18-ныг хүртэл хийж байсан, ял шийтгэлгүй, үнэ бүхий зүйлээр удаа дараа шагнагдаж байсан. Баригдах үедээ Архангай аймгийн Түвшрүүлэх сумын САА-д мөнгөний нярав хийж байсан.
Хоёр. Хэргийн талаар:
Б нь Дотоод явдлын яамнаас тусгай тогтоолоор нутаг заан суулгасанд өшин хорсож, нам засагт дургүйцэн орон нутгийн ард түмний дунд хувьсгалт нам засаг ба ЗХУ-ыг эсэргүүцэж удирдагч, цэргийн жанжнуудыг нь Герман, Польшоос оргон ирсэн оргодол гэх буюу СССР бол хүч чадалгүй, зэвсэг техникээр дорой, бараа таваар юу үгүй зөвхөн Англи, Америкийн бараа таваарыг нааш дамжуулж байдаг өлсгөлөн гуйланчлалын орон, Шамбалын дайн болж, хувьсгал аяндаа устана гэх зэргээр оргүй гүтгэлгийн шинжтэй зүйлүүдийг ярьж байсан, мөн Дотоод явдлын яаманд 1938-1940 онд нууц тагнуулын үүрэг даалгавартай ажиллаж байснаа бусад байгууллагын хурал дээр илтгэх буюу энгийн хүмүүст ярих, сум, аймгийн захиргаанд өргөдөл бичих зэргээр 5 удаа задруулсан.
Гурав. Ялын төлөвлөгөө.
Дотоод явдлын яамны Архангай аймаг дахь хэлтсийн 3 дугаар тасгийн жинхэнэ төлөөлөгч, бага дэслэгч Пүрэвжав 1946 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 66, 134 дүгээр зүйлд зааснаар ялын төлөвлөгөө үйлдэж, Улсын прокуророор дамжуулан тус яамны дэргэдэх Тусгай комиссын хуралд хүргүүлжээ.
Ялын төлөвлөгөөнд: “Г-ийн Б-ыг хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг даргалсан ба нууц задруулсан хэрэгт сэжиглэн 1946 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баривчилжээ. Эл хэргийн Батжав нь Дотоод явдлын яамнаас тусгай тогтоолоор нутаг заан суулгасанд өшин хорсож, нам засагт дургүйцэн орон нутгийн ард түмний дунд хувьсгалт нам засаг ба ЗХУ-ыг эсэргүүцэж удирдагч, цэргийн жанжнуудыг нь Герман, Польшоос оргон ирсэн оргодол гэх буюу СССР бол хүч чадалгүй, зэвсэг техникээр дорой, бараа таваар юу ч үгүй, зөвхөн Англи, Америкийн бараа таваарыг нааш дамжуулж байдаг өлсгөлөн гуйланчлалын орон, Шамбалын дайн болж, хувьсгал аяндаа устана гэх зэргээр оргүй гүтгэлгийн шинжтэй зүйлүүдийг ярьж байсан ба мөн Дотоод явдлын яаманд 1938-1940 онд нууц тагнуулын үүрэг даалгавартай ажиллаж байснаа бусад байгууллагын хурал дээр илтгэх буюу энгийн хүмүүст ярих, сум, аймгийн захиргаанд өргөдөл бичих зэргээр 5 удаа задруулсан нь хэрэгтэн Батжавын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Д, Г, Б нарын мэдүүлгээр батлагдаж байна. Энэ хэрэгтээ тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66, 134 дүгээр зүйлд зааснаар яллагдах тул Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын хуралд оруулан шийтгүүлэх санал төлөвлөв, хэрэгтэн Б нь 1946 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус хэлтсийн гянднаа хоригдсон” гэжээ.
Дөрөв. Таслан шийтгэсэн байдал.
Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг тасалсан 7 дугаар хурлын тогтоолоор Г-ийн Б-ын өдүүлсэн хэргийг хянан хэлэлцээд, тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлд зааснаар 4 жил, 66 дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ял шийтгэж, уг хэрэг нь Хувьсгалын 25 жилийн чинад өдүүлсэн тул Өршөөлийн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ялын гуравны нэг хувь болох 2 жилийг хөнгөтгөн өршөөж, 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй“ гэсэн байна. Харин Г.Б-т ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйл /Албан тушаалтнаас өөрийн урьдын буюу эдүгээгийн албан тушаалын хувиар мэдсэн бөгөөд задруулж үл болох мэдээ зүйлүүдийг бусдад задруулсан буюу шилжүүлсэн/-д заасан гэмт хэрэг нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
ХЯНАВАЛ: Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг тасалсан 7 дугаар хурлын тогтоолоор Г-ийн Б-т тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134, 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд:
1.Г.Б нь ЗХУ-ыг эсэргүүцэж удирдагч, цэргийн жанжнуудыг нь Герман, Польшоос оргон ирсэн оргодол, СССР бол хүч чадалгүй, зэвсэг техникээр дорой, бараа таваар юу үгүй, зөвхөн Англи, Америкийн бараа таваарыг нааш дамжуулж байдаг өлсгөлөн гуйланчлалын орон, Шамбалын дайн болж, хувьсгал аяндаа устана гэх цуурхлыг хэзээ, хаана, хэнд хэрхэн ярьсан, ардын засгийн эсрэг уриалсан цуурхал ярианаас болж тухайн нийгэм, хувь хүмүүст ямар хор, хохирол учирсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй;
2.Г.Б-ын тараасан гэх цуурхалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд заасан “Ардын хувьсгалт засаг төрийг түлхэн унагаах, гутаах, султгах эсвэл гэмт хэргийг үйлдүүлэхийн тулд уриалан дуудах чанартай ятгалга явуулах, суртал нэвтрүүлэх, мөн хувьсгалд эсэргүүцэх зорилгоор ард түмнийг үймүүлэн сандруулах эсвэл нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүсээс ардын хувьсгалт засаг төрд итгэх явдлыг султган бууруулж болох худал цуурхлыг тараасан” гэх гэмт хэргийн шинжгүй, энэ цуурхал гэгчээс ямар нэгэн гэм хор учраагүй байхад улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр улс төрийн хэрэгт хилсээр гэм буруутайд тооцож, хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг (... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...) -т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг тасалсан 7 дугаар хурлын тогтоолоор Галсангийн Батжавт тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134, 66 дугаар зүйлд зааснаар 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр хилсээр шийтгэсэн “1942 оны эрүүгийн хуулийн 66 дугаар зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Г-д заасан 1942 оны эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн үндэслэлд хамаарч байна.
Тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар Г.Б-т хорих ял шийтгэсэн Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг тасалсан 7 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, Г овогтой Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл (4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна), мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар Г-ийн Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүрэн хянаж үзэв.
Дотоод явдлын яамны Архангай аймаг дахь хэлтсийн 3 дугаар тасгийн жинхэнэ төлөөлөгч, бага дэслэгч Пүрэвжавын бичсэн 1946 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ялын төлөвлөгөөнд: “Г-ийн Б-ыг хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг даргалсан ба нууц задруулсан хэрэгт сэжиглэн 1946 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баривчилжээ. Эл хэргийн Б нь Дотоод явдлын яамнаас тусгай тогтоолоор нутаг заан суулгасанд өшин хорсож, нам засагт дургүйцэн орон нутгийн ард түмний дунд хувьсгалт нам засаг ба ЗХУ-ыг эсэргүүцэж удирдагч, цэргийн жанжнуудыг нь Герман, Польшоос оргон ирсэн оргодол гэх буюу СССР бол хүч чадалгүй, зэвсэг техникээр дорой, бараа таваар юу үгүй, зөвхөн Англи, Америкийн бараа таваарыг нааш дамжуулж байдаг өлсгөлөн гуйланчлалын орон, Шамбалын дайн болж, хувьсгал аяндаа устана гэх зэргээр оргүй гүтгэлийн шинжтэй зүйлүүдийг ярьж байсан ба мөн Дотоод явдлын яаманд 1938-1940 онд нууц тагнуулын үүрэг даалгавартай ажиллаж байснаа бусад байгууллагын хурал дээр илтгэх буюу энгийн хүмүүст ярих, сум, аймгийн захиргаанд өргөдөл бичих зэргээр 5 удаа задруулсан нь хэрэгтэн Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Д, Г, Б нарын мэдүүлгээр батлагдаж байна. Энэ хэрэгтээ тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66, 134 дүгээр зүйлд зааснаар яллагдах тул Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын хуралд оруулан шийтгүүлэх санал төлөвлөв, хэрэгтэн Б нь 1946 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус хэлтсийн гянднаа хоригдсон” гэжээ.
Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлд зааснаар 4 жил, мөн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ял шийтгэж, Өршөөлийн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ялын гуравны нэг хувь болох 2 жилийг хөнгөтгөн өршөөж, 4 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Г.Б нь ЗХУ-ыг эсэргүүцэж удирдагч, цэргийн жанжнуудыг нь Герман, Польшоос оргон ирсэн оргодол, СССР бол хүч чадалгүй, зэвсэг техникээр дорой, бараа таваар юу ч үгүй, зөвхөн Англи, Америкийн бараа таваарыг нааш дамжуулж байдаг өлсгөлөн гуйланчлалын орон, Шамбалын дайн болж, хувьсгал аяндаа устана гэх цуурхлыг хэзээ, хэрхэн тараасан нь тодорхойгүй, уг цуурхлаас болж нийгэмд болон хувь хүнд ямар хохирол, хор уршиг учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэв.
Г.Б-ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Г-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарна.
3.Иймд Г-ийн Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг тасалсан 7 дугаар хурлын тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар Г.Б-ыг 6 жил хорих ялаар шийтгэсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тухайн зүйл хэсэгт зааснаар Г.Б-т ял оногдуулсан болон нэгтгэсэн заалтыг тус тус хүчингүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.Харин Г.Б-ын ял шийтгүүлсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтнаас өөрийн урьдын буюу эдүгээгийн албан тушаалын хувиар мэдсэн бөгөөд задруулж үл болох мэдээ зүйлүүдийг бусдад задруулсан буюу шилжүүлсэн” гэх гэмт хэрэг нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн үйлчлэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг тасалсан 7 дугаар хурлын тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар Г-ийн Б-ыг 6 жил хорих ялаар шийтгэсэн хэсгийг болон ял нэгтгэсэн заалтыг тус тус хүчингүй болгож, дээрх үйлдлээр ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.Энэ тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР