Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 647

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, иргэн Н.Ц, “К” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  холбогдох,

Нэхэмжлэгч Ц Т” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК-уудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч иргэн Н.Ц, “М” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын иргэн Б.Ц болон “М” ХХК-уудад ашиглах эрх бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч “К” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Э, Т.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоол гаргаж газрын төлбөрийн хэмжээг өөрчилсөн буюу нэмэгдүүлсэн.  

Энэхүү тогтоолын улмаас “Ц Т” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК зэрэг компаниудын эрх ашиг зөрчигдөж үндэслэлгүйгээр илүү газрын төлбөр төлөхөд хүрч байгаа тул хамтран нэхэмжлэл гаргаж байна.

“Ц Т” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн “Ташгайн ам”-д 3.0 га талбай, “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн “Ташгайн ам”-д 2.0 га талбай, “Э Д” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн “Энхтайваны ам”-д 13.6 га талбай, “Хүүшийн ам”-д 2.1 га талбай зэрэг газруудыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах гэрээний дагуу ашигладаг болно. Нэхэмжлэгч нар нь газар ашиглах гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг цаг тухай бүрт төлдөг байсан.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн нутаг дэвсгэрийг нийт 5 бүсэд хувааж бүс тус бүрт газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг ялгаатай тогтоосон. Нэхэмжлэгч нарын ашиглаж буй газар нь 3 дугаар бүсэд хамаарч байгаа болно.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 он 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрыг зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд хууль дээдлэх гэдэг нь хуульд захирагдах, хуулиас гадуур ажиллагаа явуулахгүй байх, хуулийг нэг мөр зөв ойлгон хэрэглэх, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчихгүй байхыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа хуулиар тогтоосон үндэслэл, шаардлага, журмыг чанд мөрдөхийг хэлнэ.   

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот,тосгон бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж,ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл тухайн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуульд тусгайлан заасан инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага зэрэг үзүүлэлтүүдийг судлан тооцоолж бодит судалгааг гаргасны үндсэн дээр газрын итгэлцүүрийг нэмэгдүүлэхээр заажээ.

Харин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газрын төлбөрийн итгэлцүүрийн хэмжээг нэмэгдүүлэхдээ хуульд заасан шаардлагуудыг харгалзан тооцож бодит судалгаа явуулаагүй гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нарт ашиглах эрх олгогдсон газруудыг одоогоор ашиглаагүй буюу барилга байгууламж бариагүй бөгөөд эдгээр газруудад итгэлцүүр хэрэглэж газрын төлбөрийн хэмжээг өсгөн нэмэгдүүлэх ямар нэг үндэслэл шалтгаан, нөхцөл байдал шинээр бий болоогүй, төр орон нутгийн зүгээс инженерийн хангамж, дэд бүтэцтэй холбоотой өөрчлөлт хийгээгүй болно. Мөн уг газрууд нь байршлын хувьд хотын төвлөрөлөөс алслагдмал аялал жуулчлалын зориулалттай бүсэд байрладаг тул байгалийн унаган төрх, байгаль орчин, ногоон бүсэд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бодит судалгаа явуулж зохих нөхцлүүдийг тодорхойлолгүй итгэлцүүр хэрэглэж газрын төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага үүсээгүй байхад газрын төлбөрийг хууль бусаар нэмэгдүүлсэн гэж дүгнэхээр байна.

Үндсэн хуульд зааснаар төрийн үйл ажиллагааны үндэс болох хууль дээдлэх зарчмын дагуу захиргааны хэм хэмжээний акт нь Үндсэн хууль болон холбогдох хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь газрын итгэлцүүр тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа баримтлавал зохих Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зайлшгүй харгалзан үзэх шаардлагуудыг хангалгүй хууль дээдлэх зарчмыг зөрчин Газрын төлбөрийн тухай хуульд нийцээгүй тогтоол гаргасан.

Энэхүү хууль зүйн үндэслэлгүй тогтоолын дагуу “Э” ХХК нь 2016 оны 3, 4 дүгээр улирлын төлбөрт 2,1 га газрын төлбөрт 13.829.600 төгрөг, 13,1 га газрын төлбөрт 86.460.000 төгрөг төлсөн.

Хан-Уул дүүргийн Газрын албанаас хууль зүйн үндэслэлгүй тогтоолын дагуу “Ц Т” ХХК-аас 36.651.120 төгрөгийг, “Э” ХХК-аас 24.420.000 төгрөгийн төлбөрийг нэмэгдүүлсэн байдлаар нэхэмжилсэн байна. Эдгээр компаниуд нь санхүүгийн тогтворгүй байдлын улмаас одоогоор нэмэгдүүлсэн газрын төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа болно. Нэхэмжлэгч нартай байгуулсан газар ашиглах гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээс компани бүрийн газрын төлбөр ойролцоогоор 2 дахин нэмэгдсэнээс шалтгаалж нэхэмжлэгч нарын эдийн засгийн эрх ашиг зөрчигдөж үндэслэлгүйгээр илүү газрын төлбөр төлөхөд хүрч эдийн засгийн байдалд сөрөг нөлөөлөлтэй буюу санхүүгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл дагуулж байна. Мөн “Газар ашиглах тухай” гэрээнд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасан боловч нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээнүүдэд өөрчлөлт оруулаагүй болно. Иймээс анх гэрээнд заасан газрын төлбөрийн хэмжээ хүчин төгөлдөр байх тул уг хэмжээгээр газрын төлбөр төлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс газрын төлбөрийг хууль бусаар нэмэгдүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулж, газар ашиглах гэрээгээр анх тохиролцсоны дагуу газрын төлбөрөө төлөх хүсэлтэй байна.

Захиргааны хэм хэмжээний актын тухай ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Захиргааны ерөнхий хуульд заасанчилан Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь эрх хэмжээнийхээ хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр. гаргадаг захиргааны байгууллага юм. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хуульд заасны дагуу нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжийг агуулсан тул захиргааны хэм хэмжээний актад хамаарна.

Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 2015 оны 03 дугаар тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харъяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж заасан тул Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч иргэн Н.Ц түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Б.Т нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын иргэн Н.Ц миний бие Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Түргэний аманд 22.5 га газрыг ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг.

Тус газруудын 1 га талбайн жилийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг ба уг хэмжээ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны 5/39 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолоор зохицуулагдаж ирсэн. Тодруулбал, тус газрууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу 4 дүгээр бүсэд хамаардаг.

Манай компани 2015 оныг дуустал газрын төлбөрийг бүрэн төлж дуусгасан боловч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн 09/02 дугаартай мэдэгдэлд 22.5 га талбайн 2015 оны газрын төлбөрийн зөрүү, 2016 оны төлбөр гэж гэрээнд зааснаас 11 дахин илүү хэмжээний төлбөр төлөхийг шаардсан.

Үүний дагуу Нийслэлийн газрын албанд албан бичгээр газрын төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэр гарсан эсэх, шийдвэр гарсан бол уг шийдвэртэй танилцах, хуулбарлан авах, газрын төлбөрийн хэмжээг тооцуулахаар хандсан ба Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/2028 дугаартай албан бичгийг ирүүлсэн болно.

Тус албан бичгээс Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаартай тогтоолыг баталсан болохыг мэдсэн болно.

Мөн Нийслэлийн Газрын албаны дээрх албан бичигт “таны ашиглах эрх бүхий газар 1 дүгээр бүсэд хамаарч байгаа учир газрын төлбөр нэмэгдсэн” гэж дурдсан.

Тэгэхээр 2015 оны 03 дугаартай тогтоолын дагуу дээрх газруудыг итгэлцүүр, зориулалт, бүсээр нь авч үзвэл 1 га талбайн жилийн төлбөр 13.200.00 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг болохоор байна.

Аливаа сум, дүүргийн нутаг дэвсгэрийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг бүсийг тогтоох эрх хэмжээ тухайн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогджээ, гэхдээ сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.“д”-д зааснаар хуульд заасан хязгаар. шаардлагад нийцүүлэн газрын төлбөр буюу газрын төлбөр тооцох итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг (бүс)”-ийг тогтоох ёстой.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2015 оны 03 дугаартай тогтоолоор “газрын зааг (бүс)-ийг тогтоох”-доо дээр дурдсанчлан “хуульд заасан хязгаар, шаардлага нийцүүлэх” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна. Үүнд:

Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг (бүс)-ийг тогтоохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан хүчин зүйлсийг харгалзан үзэх,

Газрын төлбөрийн тухай хуулийн 7.6-д заасан шаардлагыг харгалзах.

Нэг. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг (бүс) буюу аливаа нутаг дэвсгэрийг бүсээр ангилахдаа дараах хүчин зүйлсийг харгалзан үзэхээр Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан. Үүнд:

1.  Инженерийн хангамж:

2.  Ашиглалтын зориулалт:

3.  Байршил;

4.  Байгаль орчин үзүүлэх нөлөөлөл;

5.  Ногоон бүсийг хамгаалах шаардлага.

Инженерийн хангамж. Төрөөс тэр дундаа дүүргээс Түргэний амны газар орчимд ямар нэгэн байдлаар дэд бүтэц, инженерийн хангамж /авто зам, цахилгаан, дулаан, халуун болон хүйтэн ус, сургууль, цэцэрлэг, эмнэлэг/-ийн асуудлыг 2010 оноос хойш шийдвэрлээгүй. Харин иргэн, аж ахуйн нэгжүүд дэд бүтэц, инженерийн хангамжийн асуудлаа өөрийн хөрөнгөөр шийдвэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа.

Байршил. Түргэний амны газрын байршил нь Улаанбаатар хотын төвөөс 45 орчим км зайтай байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэс урд зах, Төв аймгийн хилийн цэстэй залгадаг газар юм.

Ашиглалтын зориулалт. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг үндсэндээ “аялал жуулчлал”-ын зориулалтаар өгдөг. Тиймээс ашиглалтын зориулалтаас хамааран тусгай хамгаалалттай газрын бүсчлэлийг өөрчлөх боломжгүй. Харин энгийн буюу эзэмших эрх олгодог газруудын хувьд ашиглалтын зориулалтаас хамааран бүсчлэлийг тогтоож болох талтай.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар ашиглагчийн эрх хязгаарлагдмал, үүрэг хариуцлага өндөр байдаг, тийм ч учраас газар ашиглагчийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл маш бага.

Хоёр. Газрын төлбөрийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл нь “тусгай хамгаалалттай газар” гэдэг ангиллыг харгалзан аливаа нутаг дэвсгэрийг бүсчилж хуваахгүй гэсэн агуулгатай ба харин тухайн тусгай хамгаалалттай газар “хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газар”-ын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгаагаар нь газрын төлбөрийг тогтоож, улмаар тусгай хамгаалалттай газарт 3 дахин өсгөж газрын төлбөрийг төлүүлэх зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл, аливаа нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан хүчин зүйлсийг харгалзан бүсээр хуваах ёстой. Гэтэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 03 дугаартай тогтоолоор дүүргийн газрын бүсчлэлийг тогтоохдоо Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах хэсгийг тусгай хамгаалалттай газар нутгийн төлбөр өндөр байх ёстой гэсэн байр сууринаас хандан 1 дүгээр бүсэд хамруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаартай тогтоол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.“д”-д заасны дагуу хуульд заасан хязгаар, шаардлагад нийцээгүй буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3, 7.6-д заасан хүчин зүйлийг харгалзан үзээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Харин Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бол 1 дүгээр бүсэд засмал авто замтай эсхүл ойролцоо, нийтийн тээврийн үйлчилгээтэй, цахилгаан, дулаан, халуун болон хүйтэн усны шугамд холбогдсон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн бусад байгууллагатай ойр байршилтай, хот болон дүүргийн төвийн хэсэг гэх мэт газар хамаарах ёстой юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 дугаартай тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан хязгаар, шаардлагад нийцсэн байдлаар газрын бүсчлэлийг тогтоосон байсан.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газрын бүсчлэлийг ийнхүү хуулийн шаардлагад нийцүүлэлгүй буруу тогтоосноос газар ашиглагч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байна. Үүнд:

Зөрчигдөж болзошгүй эрхийн талаар. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар 5 жилээс илүүгүй хугацаагаар газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах эрх, боломж газар ашиглагч нарт олгогдсон, гэтэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийг нэмснээр газар ашиглагчийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх, эдлэх боломжийг эдийн засгийн аргаар хязгаарлаж байна.

Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд газрын төлбөрт 135.000.000 /нэг зуун гучин таван сая/ төгрөг төлж, тус газарт аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх зорилгоор барилга байгууламж барих зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Иймд газар ашиглах эрхээ сунгаж чадахгүй, эсхүл газрын төлбөрөө төлж дийлэхгүй тохиолдолд өнгөрсөн хугацаанд гаргасан хөрөнгө оруулалтаараа хохирч үлдэх нөхцөл байдал үүсч байна.

2. Зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлын талаар. Тус газруудад анх ашиглах эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахад төлбөр 2015 оны 03 дугаартай тогтоолд заасан шиг “их” байгаагүй. Гэтэл 2015 оны 03 дугаартай тогтоолын дагуу бол 22.5 га талбайд өмнө 1 жилд төлж байснаас 270.000.000 /хоёр зуун далан сая/ төгрөг, ирэх 5 жилд 1.350.000.000 /нэг тэрбум гурван зуун тавин сая/ төгрөгөөр нэмэгдүүлсэн төлбөр төлөхөөр болж буй нь хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж буй явдал мөн.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосны дагуу бол 11 жилийн төлбөрийг зөвхөн 1 жилийн газрын төлбөрт төлөхөөр болж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний 03 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын иргэн Н.Ций ашиглах эрх бүхий газар /солбицлын цэгт/-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд дараах газруудыг ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Үүнд:

1, Түргэний амны 33.4 га талбай,

2, Өвгөний амны 35 га талбай,

3, Өвгөний амны 5 га талбай.

Тус газруудын 1 га талбайн жилийн төлбөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг ба уг хэмжээ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны 5/39 дугаартай “ Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолоор зохицуулагдаж ирсэн. Тодруулбал, тус газрууд нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2010 оны 5/39 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу 4 дүгээр бүсэд хамаардаг.

Манай компани 2015 оныг дуустал газрын төлбөрийг бүрэн төлж дуусгасан боловч 2016 оны 11 сараас Хан-Уул дүүргийн газрын албанаас ирүүлсэн нэхэмжлэхэд 33 га талбайн 2015 оны газрын төлбөрийн зөрүү, 2016 оны төлбөр гэж гэрээнд зааснаас 11 дахин илүү хэмжээний төлбөр төлөхийг шаардсан.

Үүний дагуу бид дүүргийн газрын албанд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/40 дугаартай албан бичгээр газрын төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэр гарсан эсэх, шийдвэр гарсан бол уг шийдвэртэй танилцах хуулбарлан авах, газрын төлбөрийн хэмжээг тооцуулахаар хандсан ба дүүргийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 05-ны 13/1838 дугаартай албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн болно.

Тус албан бичгээс Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Газрын төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэр гарсан эсэх, шийдвэр гарсан бол уг шийдвэртэй танилцах, хуулбарлан авах, газрын төлбөрийн. Хэмжээг тооцуулахаар хандсан ба дүүргийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/1838 дугаартай албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн болно.

Гэвч 2015 оны 03 дугаартай тогтоолын гол хавсралт буюу солбицлын цэг нь байхгүй байсан тул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандсаны дагуу 2015 оны 03 дугаартай тогтоолыг хуулбар үнэн дардастайгаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай компани хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтнуудаас лавлахад “танай компанийн ашиглах эрх бүхий газрууд 2015 оны 03 дугаартай тогтоолын дагуу 1 дүгээр бүсэд хамаарч байгаа учир газрын төлбөр нэмэгдсэн” гэсэн тайлбарыг амаар өгдөг.

Тэгэхээр 2015 оны 03 дугаартай тогтоолын дагуу дээрх газруудыг итгэлцүүр, зориулалт, бүсээр нь авч үзвэл 1 га талбайн жилийн төлбөр 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг болохоор байна.

Аливаа сум, дүүргийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг тогтоох эрх хэмжээ тухайн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогджээ, гэхдээ сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”-д зааснаар “хуульд заасан хязгаар шаардлагад нийцүүлэн газрын төлбөр буюу газрын төлбөр тооцох итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг (бүс)”-ийг тогтоох ёстой.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2015 оны 03 дугаартай тогтоолоор “газрын зааг (бүс)-ийг тогтоохдоо дээр дурдсанчлан хуульд заасан хязгаар шаардлагад нийцүүлэн” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна. Үүнд:

1. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг (бүс)-ийг тогтоохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан хүчин зүйлсийг харгалзан үзэх,

2. Газрын төлбөрийн тухай хуулийн 7.6-д заасан шаардлагыг харгалзах.

Нэг. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг буюу аливаа нутаг дэвсгэрийг бүсээр ангилахдаа дараах хүчин зүйлсийг харгалзан үзэхээр Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан байна. Үүнд:

Инженерийн хангамж, Ашиглалтын зориулалт, Байршил, Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, Ногоон бүсийг хамгаалах шаардлага зэргийг харгалзан үзэхээр заасан байна.

Инженерийн хангамж. Төрөөс тэр дундаа дүүргээс Түргэний амны газар орчимд ямар нэгэн байдлаар дэд бүтэц, инженерийн хангамж /авто зам, цахилгаан, дулаан, халуун болон хүйтэн ус, сургууль, цэцэрлэг, эмнэлэг/-ийн асуудлыг 2010 оноос хойш шийдвэрлээгүй. Харин иргэн, аж ахуйн нэгжүүд дэд бүтэц, инженерийн хангамжийн асуудлаа өөрийн хөрөнгөөр шийдвэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа.

Байршил. Түргэний амны газрын байршил нь Улаанбаатар хотын төвөөс 45 орчим км зайтай байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэс урд зах, Төв аймгийн хилийн цэстэй залгадаг газар юм.

Ашиглалтын зориулалт. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг үндсэндээ “аялал жуулчлал”-ын зориулалтаар өгдөг. Тиймээс ашиглалтын зориулалтаас хамааран тусгай хамгаалалттай газрын бүсчлэлийг өөрчлөх боломжгүй. Харин энгийн буюу эзэмших эрх олгодог газруудын хувьд ашиглалтын зориулалтаас хамааран бүсчлэлийг тогтоож болох талтай.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар ашиглагчийн эрх хязгаарлагдмал, үүрэг хариуцлага өндөр байдаг, тийм ч учраас газар ашиглагчийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл маш бага.

Хоёр. Газрын төлбөрийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл нь “тусгай хамгаалалттай газар” гэдэг ангиллыг харгалзан аливаа нутаг дэвсгэрийг бүсчилж хуваахгүй гэсэн агуулгатай ба харин тухайн тусгай хамгаалалттай газар “хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газар”-ын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгаагаар нь газрын төлбөрийг тогтоож, улмаар тусгай хамгаалалттай газарт 3 дахин өсгөж газрын төлбөрийг төлүүлэх зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл, аливаа нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасан хүчин зүйлсийг харгалзан бүсээр хуваах ёстой.

Гэтэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 03 дугаартай тогтоолоор дүүргийн газрын бүсчлэлийг тогтоохдоо Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах хэсгийг тусгай хамгаалалттай газар нутгийн төлбөр өндөр байх ёстой гэсэн байр сууринаас хандан 1 дүгээр бүсэд хамруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаартай тогтоол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.“д”-д заасны дагуу хуульд заасан хязгаар, шаардлагад нийцээгүй буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3. 7.6-д заасан хүчин зүйлийг харгалзан үзээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Харин Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бол 1 дүгээр бүсэд засмал авто замтай эсхүл ойролцоо, нийтийн тээврийн үйлчилгээтэй, цахилгаан, дулаан, халуун болон хүйтэн усны шугамд холбогдсон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн бусад байгууллагатай ойр байршилтай, хот болон дүүргийн төвийн хэсэг гэх мэт газар хамаарах ёстой юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 дугаартай тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан хязгаар, шаардлагад нийцсэн байдлаар газрын бүсчлэлийг тогтоосон байсан.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газрын бүсчлэлийг ийнхүү хуулийн шаардлагад нийцүүлэлгүй буруу тогтоосноос газар ашиглагч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байна. Үүнд:

Зөрчигдөж болзошгүй эрхийн талаар. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар 5 жилээс илүүгүй хугацаагаар газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах эрх, боломж газар ашиглагч нарт олгогдсон, гэтэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийг нэмснээр газар ашиглагчийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх, эдлэх боломжийг эдийн засгийн аргаар хязгаарлаж байна.

Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд газрын төлбөрт 135.000.000 /нэг зуун гучин таван сая/ төгрөг төлж, тус газарт аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх зорилгоор барилга байгууламж барих зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Иймд газар ашиглах эрхээ сунгаж чадахгүй, эсхүл газрын төлбөрөө төлж дийлэхгүй тохиолдолд өнгөрсөн хугацаанд гаргасан хөрөнгө оруулалтаараа хохирч үлдэх нөхцөл байдал үүсч байна.

2. Зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлын талаар. Тус газруудад анх ашиглах эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахад төлбөр 2015 оны 03 дугаартай тогтоолд заасан шиг “их” байгаагүй. Гэтэл 2015 оны 03 дугаартай тогтоолын дагуу бол 22.5 га талбайд өмнө 1 жилд төлж байснаас 270.000.000 /хоёр зуун далан сая/ төгрөг, ирэх 5 жилд 1.350.000.000 /нэг тэрбум гурван зуун тавин сая/ төгрөгөөр нэмэгдүүлсэн төлбөр төлөхөөр болж буй нь хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж буй явдал мөн.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосны дагуу бол 11 жилийн төлбөрийг зөвхөн 1 жилийн газрын төлбөрт төлөхөөр болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолд зааснаар захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтэлснээр дагаж мөрдүүлэх, энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэсэн заалт байсан.

Мөн Захиргааны ерөнхий хуулинд захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэлд үзүүлэхгүй гэсэн зохицуулалт бий.

Түүнчлэн 2015 оны 03 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар

сарын 09-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-ийн ашиглах эрх бүхий газрууд /солбицлын цэгт/-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэв.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Г.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Манай компани Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын бааз барихаар ажиллаж байна. Манай компани газрын төлбөрийг газар ашиглах гэрээний дагуу төлж байгаа болно. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 03 тоот тогтоол үндэслэлгүй, иргэд аж ахуйн нэгжийг илт хохироосон хууль бус тогтоол юм.  Иймд уг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан хууль бус актыг тогтоож өгнө үү”  гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэлийн 7.4 дэх хэсэгт Богдхан уулын Дархан Цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулахтай холбогдсон стандарт, газрын төлбөр тарифын хэмжээг шинэчлэн тогтоох” чиглэл өгөгдсөн байдаг бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тус дүүргийн Засаг дарга Ж.Г-т "Богдхан уулын Дархан Цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулахтай холбогдсон стандарт, газрын төлбөр тарифын хэмжээг шинэчлэн тогтоох" тухай 2015 оны 02/3768 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг.

Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт /Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно.

Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно/ болон 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу дээрхи тогтоолыг баталгаажуулсан болно” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор “Газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойргийн хуваарь, Хот, тосгон, хөдөө, аж ахуйн газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хэмжээ”-г анх баталж байжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаар, зураг”-ийг баталж улмаар газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг түр тогтоосон байна.

Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын талаар хэлэлцээд “...газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу гурав дахин өсгөн тооцох...”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Нийслэлийн Засаг даргад тус тус даалгажээ.

Дээрх тэмдэглэлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02/3768 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах тогтоолын төсөл хүргүүлэн, газрын бүсчлэлийн талаар санал хүргүүлж, Нийслэлийн Засаг даргаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1939 дүгээр албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандан газрын төлбөрийн бүсчлэлийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоолгох талаар дурджээ.

Улмаар Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 3 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 1 дүгээр заалт”-ыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын заагийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоог утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна.

Уг тогтоол батлагдсантай холбогдуулан газрын төлбөрийн ногдуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангаж, орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэх, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг даргад даалган, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 2 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3-2/05 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар маргаан бүхий журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй гэсэн байх боловч уг журмыг бүртгүүлэхээр ирүүлээгүй учраас бүртгэгдэх эсэх талаар хариу хүргүүлэх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч компаниудын зүгээс Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын хамгаалалтын захиргаатай байгуулсан Газар ашиглах тухай гурвалсан гэрээний 2.4.г хэсэгт “эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Ц Т, Э, Э ХХК-иудаас гаргасан “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2014/45 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Ташгайн ам нэртэй 3,0 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг Ц Т ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, маргаан бүхий газрыг газрын үнэлгээний бүсчлэлийн аль бүсэд хамаарч байсан болон одоогийн маргаан бүхий тогтоолоор аль бүсэд хамаарах болсон талаар тодруулахад “Ц Т” ХХК-ийн ашиглаж байгаа уг газар нь үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарч байснаа 2 дугаар бүсэд хамаарах болсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2014/46 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Ташгайн ам нэртэй 2,0 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг Э ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, маргаан бүхий газрыг газрын үнэлгээний бүсчлэлийн аль бүсэд хамаарч байсан болон одоогийн маргаан бүхий тогтоолоор аль бүсэд хамаарах болсон талаар тодруулахад Э ХХК-ийн ашиглаж байгаа уг газар нь үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарч байснаа 2 дугаар бүсэд хамаарах болсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2011/78 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Энхтайваны ам нэртэй 13,6 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг “Э” ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, маргаан бүхий газрыг газрын үнэлгээний бүсчлэлийн аль бүсэд хамаарч байсан болон одоогийн маргаан бүхий тогтоолоор аль бүсэд хамаарах болсон талаар тодруулахад Э ХХК-ийн ашиглаж байгаа уг газар нь 10,5 гектар талбайгаар кадастрын зураг үйлдэгдсэн байх бөгөөд 9,8 гектар талбай нь үнэлгээний 2 дугаар бүсэд хамаарч байсан нь хэвээр боловч уг газраас 0,7 га нь үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарч байснаа 2 дугаар бүсэд хамаарах болсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2011/67 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Хүүшийн ам нэртэй 2,4 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг Э ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, маргаан бүхий газрыг газрын үнэлгээний бүсчлэлийн аль бүсэд хамаарч байсан болон одоогийн маргаан бүхий тогтоолоор аль бүсэд хамаарах болсон талаар тодруулахад Э ХХК-ийн ашиглаж байгаа уг газар нь газрын төлбөрийн үнэлгээний 2 дугаар бүсэд хамаарсан хэвээр байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тооцоо судалгаагүйгээр газрын төлбөрийн итгэлцүүрийг нэмснээс шалтгаалан манай гэрээгээр тохирсон газрын төлбөр нэмэгдсэн нь хууль бус...” хэмээн тайлбарлажээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж зааснаас үзэхэд хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох эрх хуулиар олгогдсон байна.

Харин Хан-Уул дүүргийн газрын албаны зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар ашиглах гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад гэрээнд зохих ёсоор өөрчлөлт оруулаагүй, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй атлаа ямар байдлаар газрын төлбөрт өөрчлөлт орж байгаа эсэхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч компаниудад мэдэгдэл хүргүүлсний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн газрын албаны мэдэгдлээс шалтгаалан нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс энэ үндэслэлээр хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэнд нь буруутгаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгч компаниудын эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлээр маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй болохыг энд дурдах нь зүйтэй.

2. Иргэн Н.Ц, М ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын иргэн Н.Ц болон М ХХК-ийн ашиглах эрх бүхий газруудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2012/64 дүгээр гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Түргэний ам нэртэй 5,0 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг М ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2011/02 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Өвгөний ам нэртэй 35,0 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг М ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2011/147 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Өвгөний ам нэртэй 33,4 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг М ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2011/64 дүгээр гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Түргэний ам нэртэй 22,5 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг иргэн Н.Ц-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 09/02 дугаартай мэдэгдлээр иргэн Н.Ц-ийг гэрээний дагуу 2015, 2016 оны газрын төлбөрийн зөрүү болох 418,500,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөд төлж барагдуулахыг шаардаж байжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, маргаан бүхий газрыг газрын үнэлгээний бүсчлэлийн аль бүсэд хамаарч байсан болон одоогийн маргаан бүхий тогтоолоор аль бүсэд хамаарах болсон талаар тодруулахад Н.Ц, М ХХК-ийн ашиглаж байгаа газрууд нь үнэлгээний 4 дүгээр бүсэд хамаарсан хэвээр байна.

Дээрх нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий тогтоол нь эрх ашгийг нь хөндөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд харин Хан-Уул дүүргийн газрын албаны зүгээс нэхэмжлэгч нартай байгуулсан газар ашиглах гэрээнд өөрчлөлт оруулаагүй, газрын төлбөрийн итгэлцүүр хэрэглэх зааг өөрчлөгдөөгүй байхад 1 дүгээр бүсэд хамаарах болсон гэсэн үндэслэлээр төлбөр шаардсан нь хууль бус байж болох бөгөөд шүүх энэ үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

3. К ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий тогтоол нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын 2 дугаар зүйлийн 2.3.3-д заасан “...төлбөр, хураамж тогтоож байгаа тохиолдолд нөлөөллийн шинжилгээ заавал хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2014/70 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Түргэний ам нэртэй 10,0 гектар талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг К ХХК-д олгож, газар ашиглах гэрээг баталжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, маргаан бүхий газрыг газрын үнэлгээний бүсчлэлийн аль бүсэд хамаарч байсан болон одоогийн маргаан бүхий тогтоолоор аль бүсэд хамаарах болсон талаар тодруулахад К ХХК-ийн ашиглаж байгаа уг газар нь үнэлгээний 4 дүгээр бүсэд хамаарсан хэвээр байна.

Маргаан бүхий тогтоол нь К ХХК-ийн хувьд эрх ашгийг нь хөндөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдож байх бөгөөд харин Хан-Уул дүүргийн газрын албаны зүгээс нэхэмжлэгч нартай байгуулсан газар ашиглах гэрээнд өөрчлөлт оруулаагүй, газрын төлбөрийн итгэлцүүр хэрэглэх зааг өөрчлөгдөөгүй байхад 1 дүгээр бүсэд хамаарах болсон гэсэн үндэслэлээр төлбөр шаардсан нь хууль бус байж болох бөгөөд шүүх энэ үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Түүнчлэн тус компанийн зүгээс маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагыг “илт хууль бус акт” гэх үндэслэлээр тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг хуульчилсан бөгөөд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас тус шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 53 дугаар албан бичгээр ирүүлсэн А. Б гэх 2 төрлийн зургийг хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн зураг, солбилцолтой тулган үзэхэд Б хувилбарын зурагтай таарсныг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж тус тус заажээ

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.”, 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараах хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно: эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц Т, Э И, Э ХХК-иудаас Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, Иргэн Н.Ц, М ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын иргэн Н.Ц болон М ХХК-ийн ашиглах эрх бүхий газруудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, "К” ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ОДМАА

             ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН

                                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ