Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0352

 

 

Ч.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч Т.Д нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ч.Н-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч Т.Д нар давж заалдах гомдолдоо: “...1. Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр явуулж, санал хураалтын дүнг гаргаснаар Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 06 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоол нь 4 заалттай бөгөөд тогтоолын 1 дэх заалтаар “... ирц 60.4 хувьтай байсан тул захирагчийн сонгуулийг хүчинтэйд тооцсугай” гэсэн энэ заалтыг шүүхээс хэвээр үлдээгээгүй тогтоолыг бүхэлд нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 169 дүгээр магадлалаар хүчингүй болгож, Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.

2. Гэтэл Сонгуулийн нэгдсэн хороо нь магадлал, тогтоолыг гардаж аваад сонгуулийн хүчинтэйд тооцсон тогтоол гаргаагүй байхад яагаад дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзэж байна бэ.

3. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн сонгуульд ердөө л 2 нэр дэвшигч оролцсон бөгөөд нэр дэвшигч Б.Г нь 50.7 хувийн санал авч, Ч.Н нь 49.26 хувийн санал авсан байхад яагаад дээрх 2 нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуул гээд байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь санал хураалтад ердөө л дээрх 2 дэвшигч оролцож, нэр дэвшигчийн хооронд санал хураалт явуулж үр дүн гарчихсан байхад, тухайн нэр дэвшигчдийн хооронд дахин санал хураалт явуулах нь сонгогчдын сонгох эрхэд бүдүүлгээр халдсан хэрэг юм.

4. Нэгэнт Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны сонгуулийг хүчинтэйд тооцсон тогтоолыг шүүх бүхэлд нь хүчингүй болгосоор байтал сонгууль хүчинтэй гэж маргах боломжгүй. Шүүхээс тогтоолыг хүчингүй болгосон боловч дахин санал хураалт явуул гэсэн ямар нэгэн шийдвэр хаанаас ч гараагүй юм.

5. Хатгал тосгоны захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 169 дүгээр магадлалаар хүчингүй болгож, Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн нэгэнт шүүхийн шийдвэрээр сонгуулийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр байсаар байхад сонгуулийн нэгдсэн хороо сонгуулийг хүчингүйд тооцсон давхардсан шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 23 дугаар зүйлд “Сонгуулийг хүчингүйд тооцох тухай Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр /шүүхийн шийдвэр/ гарснаас хойш 30 хоногийн хугацаанд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин сонгуулийг зарлан явуулна” гэжээ. Иймд Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх журмаар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд дахин сонгуулийг зарлан явуулсан журамд нийцнэ гэж үзнэ. Өмнөх 06 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хэвээр үлдээгээгүй шалтгаандаа давж заалдах шатны шүүх тайлбарлах нь зүйтэй байна.

6. Шүүхээс гаргаж байгаа шийдвэр, магадлал, тогтоолууд нь энгийн хүнд ойлгогдохуйц тодорхой байх ёстой. Гэтэл өмнөх дээд шатны шүүхийн магадлал, тогтоолуудын ойлгомжгүй байдлаас болж анхан шатны нэгжийн үйл ажиллагаа доголдож эргэлзээтэй байдалд орж маргаан үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 08 дугаар шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Н-оос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Захирагчийн сонгуулийн товыг хуулийн хугацаанд дахин товлон зарлах, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Пүрэв гарагт зохион байгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгууль 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдаж, нэр дэвшигч Ч.Н, Б.Г нарын хэн аль нь олонхийн санал аваагүй бөгөөд Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор тус тус тогтоожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн сонгуульд ердөө 2 нэр дэвшигч оролцсон бөгөөд нэр дэвшигч Б.Г нь 50.7 хувийн, Ч.Н нь 49.26 хувийн санал авсан байхад яагаад дээрх 2 нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуул гэж байгаа нь ойлгомжгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. ... Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно” гэж заасны дагуу хоёр нэр дэвшигчийн хэн аль нь олонхийн санал аваагүй байгаа энэ тохиолдолд дахин санал хураалт явуулахаар байна. Хуулийн дээрх заалтыг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 2-оос дээш тооны этгээд нэр дэвшиж өрсөлдсөн тохиолдолд хэрэглэгдэх заалт гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрхийг хангаж, дахин санал хураалт явуулсны үндсэн дээр хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 22, 23 дахь хэсэгт зааснаар дахин сонгууль зарлах эрх зүйн үр дагавар үүснэ. Гэтэл дахин санал хураалтын ажиллагааг зохион байгуулалгүйгээр шууд дахин сонгууль зарласан нь буруу юм.

Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолууд хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зөрчигдсөн эрх сэргээгүй байх тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 22-т “Сонгуулийг Сонгуулийн нэгдсэн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно: 1/ сонгуулийн журам зөрчиж явуулсан, 2/ хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй, түүнчлэн энэ журмын 20 дахь зүйлд заасны дагуу дахин санал хураалт мөн хүчингүй болсон нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн” гэж тус тус заасны дагуу сонгуулийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул дахин сонгууль зарлах нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд уг эрх сэргээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.