Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1251

 

МАГАДЛАЛ

 

2016.07.01                                    дугаар 1251                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Г.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/03733 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 61 599 583 төгрөг гаргуулах, Г.Эрдэнэсүхийг 18 нас хүртэл тэтгэмж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, Б.Алтанхүүгээс гэм хорын хохиролд 1 042 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Х.Ганпүрэвийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Х.Ганпүрэв, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн,

Хариуцагч Д.Тэмүүлэл, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Х.Ганпүрэв нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутагт Mицубиши маркийн 97-37 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тоёота марк-2 маркийн 07-23 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Хоролням, Г.Эрдэнбаяр, Э.Амгаланбаатар нарын амь насыг хохироон, зорчигч Г.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэсүх, Б.Ариунбаатар, Э.Амин-Эрдэнэ нарын биед хүнд гэмтэл, Тоёота марк-2 маркийн 07-23 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнчулуунд тус тус хохирол учруулсан билээ. Улмаар 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Х.Ганпүрэв нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлөх хүсэлтээ албан ёсоор гаргасны дагуу эрүүгийн 201419000370 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг зам тээврийн ослоос болж 3 хүний алтан амь эрсдэж, 5 хүн хүнд бэртэж нөхөж баршгүй гарз хохирол учирчихаад байхад хариуцагч Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нар нь өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна. Хүнд бэртсэн 5 хүн цаашид яаралтай эмчлүүлэх шаардлага их байгаа боловч төлбөр мөнгөгүйн улмаас эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нараас гэм хорын хохирол нийт 61.599.583 төгрөгийг гаргуулж, Г.Эрдэнэсүхийг 18 нас хүртэл тэтгэмж тогтоож, 8 хохирогч түүний ар гэрийн 20 гаруй хүний зөрчигдсөн эрх сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Дарханбаатар, Г.Эрдэнэбаатар, Г.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэмөнх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Амгаланбаатарын амь нас хохирсонтой холбоотой оршуулгын зардалд 1 451 050 төгрөг, 21 хоногийн зардалд 1 649 150 төгрөг, 49 хоног буюу шууд бус зардалд 3 880 640 төгрөг, нийт гэм хорын хохиролд 6 989 000 төгрөг, талийгаач н.Хоролнямын амь нас хохирсонтой холбоотой зардалд 7 169 640 төгрөг, н.Амин-Эрдэнэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндэд гэм хор учруулснаас гадна, асран сувилах зардалд 7 789 130 төгрөг, Г.Эрдэнцэцэгийн эрүүл мэнд хохирсоны улмаас зөвхөн эмчилгээний төлбөрт 2 241 970 төгрөг, нэхэмжлэгч н.Дарханбаатарын зүгээс Эрдэнэсүхийн эрүүл мэнд хохирсны улмаас эмчилгээний зардал, асран сувилах зардалд 2 805 750 төгрөг тус тус нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Х.Дарханбаатар, Г.Эрдэнэбаатар, Г.Эрдэнэмөнх нар нь эрүүгийн хэрэгт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож, ажиллагаанд оролцсон хүмүүс байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү ослын улмаас миний нөхөр Г.Эрдэнэбаярын амь нас хохирсонтой холбоотой оршуулгын зардал болон хөдөө хот руу явсан бензины зардалд 6 351 280 төгрөг, хоног хураалтын зардалд 1 349 150 төгрөг, нийт 11 589 270 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болсон ослын улмаас миний ээж, ах, ахын хүүхэд гээд 3 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэнд маш их гомдолтой байна. Энэ хэрэг дээр осол болсноос хойш хууль, шүүхийн байгууллагаар би гардаж явсан. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч гэж хүн биднийг үл тоож, улмаар нотлох баримтгүй гэж, хэргийг 2 жил гаруй сунжруулж байна. Бензины зардал 15 960 500 төгрөг, автомашины хохирлын зардал 4 499 900 төгрөг тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Баатармөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ослын улмаас миний хүү Б.Ариунбаатар тархиндаа хүнд гэмтэл авч үүдний 3 шүд хугарч эрүүл мэндээрээ хохирсон. Иймд эмчилгээний зардалд 2 646 223 төгрөгийг гаргуулж өгнө үү. Маш их гомдолтой байна, миний хүү дөнгөж 18 насанд хүрч байгаа залуу хүн хэзээ ч хөл дээрээ босохыг мэдэхгүй байна. хариуцагч талын өмгөөлөгч биднийг хүн гэж тоохгүй, биднийг буруутай гэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Алтанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би машин жолоодож явсан. Х.Ганпүрэвийн буруугаас осол болж 3 хүн нас барж, 5 хүн хүнд гэмтсэн. Хамаг ах дүү нараа ийм золгүй байдлаар алдаж, гэмтээсэнд маш их харамсаж байна. Миний хохирол 280 600 төгрөг гэж тогтоогдсон тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ослын улмаас3 хүн нас барж, Г.Эрдэнэцэцэг, Б.Ариунбаатар нар бие даан амьдрах чадваргүй болж, сэтгэцийн хувьд өөрчлөлтэй болсон. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарт 61 599 583 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд төрийн эрх бүхий байгууллагад бүрдүүлж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримт болно. Прокурорын тогтоолд Х.Ганпүрэв нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг тусгаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Тэмүүлэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие авто ослын улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Д.Тэмүүлэл би энэхүү ослын улмаас хүнд гэмтэл авч дэлүүний мэс засалд орж эрхтнээсээ салсан. Уг осол болоход миний буруутай ажиллагаа байгаагүй. Би  хууль, журам зөрчөөгүй бөгөөд өөрөө хохирогч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаад Х.Ганпүрэвийг гэм буруутайд тооцсон бөгөөд Х.Ганпүрэв нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Х.Ганпүрэвийн буруутай үйлдлийг шалгаж тогтоогоод Өршөөлийн тухай хуульд хамруулан тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгч байсан болно. Х.Ганпүрэв нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоо шилжүүлэхэд согтууруулах ундаа болон бусад төрлийн мансууруулах зүйл хэрэглээгүй, урьд шөнө нь бүтэн нойртой унтаж амарсан байсан тул жолооны хүрдийг шилжүүлсэн юм. Уг хэргийг улмаас миний бие эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, миний аав Ч.Даваажав нурууны тулгуур ясандаа хугарал авч мэс засалд орж, одоог хүртэл биеийн байдал хүнд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Тэмүүлэлийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэргийг судалж үзэхэд Д.Тэмүүлэлийн хувьд бусдад гэм хор учруулсан хууль бус үйлдэл хийгээгүй гэдэг нь дүгнэгдсэн. Учир нь Д.Тэмүүлэл нь машинд унтаж явсан байдаг. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаарр зүйлийн 2.6-д тээврийн хэрэгслээр зорчигч гэдэг нь тээврийн хэрэгсэлийн бүхээгт эсвэл тэвшин дээр сууж яваа хүнийг хэлнэ гэсэн байдаг. Тиймээс Д.Тэмүүлэл нь зорчигч болж явсан. Мөн энэхүү хэрэг нь тээврийн хэрэгсэлийн ашиглалтын улмаас гарсан гэмт хэрэг биш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 473 дугаар тогтоолд гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл нь тогтоогдсон үед үүснэ гэж байдаг. Цагдаагийн байгууллага шалгаад Д.Тэмүүлэлийг гэм буруутай гэж үзээгүй бөгөөд тухайн үед тээрийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй буюу согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлээгүй. Тиймээс Д.Тэмүүлэлийг хариуцагч гэж үзэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Х.Ганпүрэв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7-8 цагийн үед Тэмүүлэл миний нойр хүрээд байна чи шөнөжингөө унтсан болохоор машиныг бариад яваач гэж гуйхад нь би зөвшөөрсөн юм. Би осол болох үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Намайг зорчиж байсан эгнээндээ явж байхад цагаан өнгийн марк-2 маркийн автомашин маш их хурдтай урсгал сөрж орж ирж, миний жолоодож байсан машиныг мөргөсөн. Хавтаст хэргийн материалуудыг харахад анх мөргөлдсөн А цэг нь улаан өнгийн автомашины зорчиж явсан эгнээнд салж унасан дугуй, тосон мөр 2-н хооронд байгаа болох нь хавтаст хэрэгт байгаа. Уг хэрэг осол болсон газар дээр мөрдөн байцаагч Эрдэнэбилэг, замын цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Гончигсайхан, миний эгч Өнөрсайхан нарын авсан фото зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгүүд, сүүлчийн ослын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд зэргээр батлагдаж байгаа байдал ажиглагдаж байгааг анхаарна уу. Би өгсөж явсан, цагаан машин уруу газар маш их хурдтай уруудаж явсан. Миний жолоодож явсан эрвэр маркийн улаан өнгийн машины зорчиж явсан эгнээнд 3 хэсэг газар хар өнгийн тос эсрэг зүгтээ цацарч асгарсан байсан. Энэхүү цацарч асгарсан хар өнгийн тосон дотор 2 ширхэг гүн зураас гарсан байсан. Цагаан болон улаан өнгийн машинуудын эд ангиуд нь уг тосон дотор бутарч унасан байсан. Мөн улаан болон цагаан өнгийн машинуудын эд ангиуд их хэмжээгээр бутарч унасан, салхины шил хагарч унасан, асфальтан замын гадна талын ирмэг дээрх шороон гадаргуу дээр цагаан машины том эд анги болон улаан, цагаан машины холилдсон эд ангиудын хагарч бутарсан эд ангиуд олон байсан. Асфальтан замын голын цагаан шугам дээр нарийхан буюу цагаан машины дугуйны гулсалтын мөр гарсан байсан. Мөн уг машины голын цагаан шугам дээр цагаан машины эд ангиуд бутарч унж, уг эгнээнд миний тормосны мөр 3 ширхэг гарч, машины крылоны шороо төвөө тойрон цацарч асгарсан байсан. Цагаан өнгийн машины жолооч Алтанхүү нь даац хэтрүүлж олон хүн ачсан, их хурдтай далбаганан ирж улаан машины буруу талын буюу жолоочийн талын дугуй руу хүчтэй мөргөсөн учраас улаан өнгийн машин нь нисэж дээшээ харж унасан. Цагаан өнгийн машин нь арай намхан учраас нисэж доошоо харж унасан. Улаан машин хөнгөн учраас хөмөрч дээшээ харж унасан. Улаан машин нь дээшээ харж эргэж байгаа учраас эсрэг урсгалд хогоо цацсан, ихэнх хог нь замын голын цагаан шугам дээр байгаа. Цагаан машин улаан машиныг мөргөөд бөгсөө хаяж шарваж гулссан учраас хогоо өөрийнхөө зорчиж явсан эгнээнд цувуулсан. 2 машин мөргөлдөөд өөр өөрийнхөө эгнээнд шарваж орсон байгаа байдлууд дээрх камерын бичлэгүүд, фото зургийн үзүүлэлтүүдээс харагдаж байна. Жолооч Алтанхүүгийн жолоодож явсан Тоёота гранд марк-2 маркийн 07-23 УБЦ улсын дугаартай автомашины 4 дугуй хоорондоо өөр өөр маркийн, өөр өөр улсад үйлдвэрлэсэн, өөр өөр улирал, цаг агаарт хэрэглэх зориулалттай, мөн дугуй тус бүрийн хий өөр, хээ өөр байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл техникийн зөрчил гэсэн хэсгийн 3.5-д нэг тэнхлэгт өөр өөр голчтой, өргөнтэй, хээтэй, өндөртэй дугуй тавьсанаас автомашины тогтворжилт алдагдах, зам дугуйн барьцалдалт харилцан адилгүй болсоноос тормослолт болон хурд авах үед шарвах болон хөдөлгөөний шулуун цэгээ алдах чадвараа алдана. Нэг дугуйн тэнхлэгт байх дугуйн хийн даралтын хэмжээ нь адил байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 3.1-д "дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомшинд 1.6 мм-ээс багагүй байна", мөн дүрмийн 2-р хавсралтын 3.3-д "дугуйн хэмжээ даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй дугуй тавихыг хориглоно", 3.5-д "нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно." гэсэн заалтууд болон Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага Монгол улсын стандарт INS4598:2011, 5.14.3-д дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 5-р хүснэгтэд (суудлын автомашины хээний гүн 1,6 мм) заасан хэмжээнээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн жолооч Алтанхүү нь фото зургийн үзүүлэлт 16-аас харахад цагаан өнгийн марк-2 машины хурд хэмжигч нь 90 км/цагийг зааж гацсан. Энэ нь хурд хэтрүүлж явсаны баталгаа. Мөн жолооч Алтанхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а-д заасан тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, тайлбар энэ тоонд 12 насанд хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал гэсэн заалтыг зөрчиж 4 хүүхэд, 9 том хүн тээвэрлэж явсан. Мөн дүрмийн 2.3 б заалт хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчиж хамгаалах бүс хэрэглүүлээгүйн улмаас нэр бүхий 3 зорчигч нас барж, 3 хүн хүнд гэмтсэн. Ийм байдлаар уг автомашиныг жолоодсоны улмаас цагаан өнгийн автомашин нь дайвалзаад уруу газар хурдтай даац хэтрүүлж явсаны улмаас урсгал сөрж жолооч Ганпүрэв миний жолоодож явсан улаан машины зорчиж явсан эгнээнд орж Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаарааас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт. Мөн дүрмийн 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, мөн дүрмийн 9.3-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км цаг, суурин газрын гаднах замд 80 км цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 8.2 дах заалт зэргийг зөрчсөний улмаас уг ослыг Алтанхүү гаргасан, жолооч Алтанхүүгийн жолоодож явсан Тоёота гранд марк-2 маркийн 07-23 УБЦ улсын дугаартай автомашин нь дэндүү насжилт хөгшин, хуучин, муу машин байсан.Ээлжит хугацаандаа техникийн үзлэгт ороогүй, оношлогоог хугацаанд нь хийлгээгүй, техникийн хувьд бүрэн бус техниктэй явсан, дадлага туршлагагүй, жолооны курсээ системтэй суралцаагүй, жолоочийн үнэмлэхийг хуурамчаар авсан зэрэг түүний гэм буруутай үйл ажиллагаанаас болж уг осол гарсан байдал ажиглагдаж байна.  Анхны ослын газрын үзлэгийг хийхдээ мөрдөн байцаагч Эрдэнэбилэг цагаан өнгийн машины зорчиж явсан эгнээнд тос асгарсан байна, уг асгарсан тосны тэнд гүн зураас, ховил байна, үүнийг үндэслэж А цэг энд байна гэж тогтоолоо гэж протоколдоо бичээд, ослын газрын бүдүүвч зурагтаа дугуйгүй машин мөргөлдсөнийхөө дараа элгээрээ ухарч унасан юм шиг буруу тэмдэглэсэн байна. Замын цагдаагийн газар тээврийн прокурорын 4480 тоот хамтарсан тушаалаар батлагдсан ослын газар дээр үзлэг хийх журам болон ЭБШХ-д зааснаар мөрдөн байцаагч нь ослын газар дээр үзлэг хийхдээ осолд холбогдсон жолооч Алтанхүү, Х.Гапүрэв миний бие нарыг биечлэн оролцуулж бид нараар А цэгийг заалгаж тэмдэглэх, ослын газрыг гадны халдлага болон хувийн асуудлаар уг хэргийг сонирхож байгаа хүмүүсээс хамгаалж хамгаалалтдаа авах үүрэгтэй билээ. Тухайлбал мөрдөн байцаагч Ууганбаяр болон анх энэ ослын газар дээр очсон Замын цагдаагийн газрын хурандаа Гончигсайхан нар нь яг ийм журмаар үзлэг хийсэн материал хэрэгт байгаа. Энэ хууль ёсны хийсэн үзлэгийн материалаар уг ослын газар нь дээрх жолооч Ганпүрэв миний хэлсэнчлэн миний өөрөө уг ослын газрыг зааж өгсөн газар дээр байгаа болох нь илэрхий харагдаж байгаагийн дээр жолооч Алтанхүү ч өөрөө миний А цэгийг зааж өгсөн газрын ойрхон зааж өгч байсан болно.Ослын улмаас учирсан хохирлыг ямар ч гэм буруугүй жолооч Ганпүрэв би биш, харин өөрийнхөө өмчлөлийнхөө автомашины аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий уг автомашины өмчлөгч Тэмүүлэл хариуцах үүрэгтэйг анхаарна уу гэжээ.

Хариуцагч Х.Ганпүрэвийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт байгаа материал дээр Х.Ганпүрэвт холбогдуулан гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт эх сурвалжаа гаргаж чадаагүй бол нотлох баримт гэж үзэхгүй. А цэгийг тогтоохдоо Х.Ганпүрэвийг өөрийг нь байлцуулаагүй. .Ганпүрэв хохирогч талаас уучлалт гуйгаад Төв аймгийн Баянхангай суманд аавтайгаа биечлэн очиж 3 000 000 төгрөг өгсөн. Энэ нь өөрөө буруу хэрэг хийсэндээ биш хүн чанар гаргаж буянд нэмэрлэ гэж өгсөн. Х.Ганпүрэвийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Х.Ганпүрэв шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтанхүү нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийнБаянцогт сумын нутаг Галзуу барын амны орчимд Тоёота марк-2 маркийн 07-23 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлэн жолоодож урсгал сөрж, өгсөж явсан мицубиши маркийн 97-37 УНБ улсын дугаартай миний жолоодож явсан машиныг мөргөж, Х.Ганпүрэвт хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэхүү ослын улмаас Х.Ганпүрэв гэмтлийн эмнэлэгт 2014 оны 07 дугаар сарын 06-аас 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлж, ор хоногинй мөнгөнд 78 600 төгрөг, хагалгааны зардалд эмч Баярсайханд 700 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 06-нд суурьтай жорлон 68 000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хөлний бэхэлгээ хийлгэсний хөлс 70 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 19-нд тохойны таягны үнэнд 18 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр суга таягний үнэнд 90 000 төгрөг, эм худалдан авсан үнэ 18 000 төгрөг, нийт 1 042 600 төгрөгийн хохирол учирсан болно. Иймд Б.Алтанхүүгийн буруугаас болж гарсан дээрх зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1 042 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Алтанхүү болон түүний өмгөөлөгч Д.Отгонбат нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 837 дугаар прокурорын тогтоолоор гэм буруугийн асуудал шийдэгдсэн. Харин Б.Алтанхүүд мөрдөн байцаалтын явцад 2 удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн болов зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байхгүй, гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ганпүрэвээс 6 607 234 /зургаан сая зургаан зуун долоон мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан Г.Эрдэнэмөнхөд, 5 686 324 /таван сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан Г.Эрдэнэбаатарт, 7 710 164 /долоон сая долоон зуун арван мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан П.Дэлгэрмаад, 4 499 000 / дөрвөн сая дөрвөн зуун ерөн есөн мянга/ төгрөгийг гаргуулан Г.Эрдэнэчулуунд, 883 900 /найман зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулан Г.Эрдэнэцэцэгт, 627 400 /зургаан зуун хорин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан Х.Дарханбаатарт, 1 768 323 /нэг сая долоон зуун жаран найман мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан Х.Баатармөнхөд, 151 600 /нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан Б.Алтанхүүд тус тус олгож, хариуцагч Д.Тэмүүлэлд холбодох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 33 665 638 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Ганпүрэвийн нэхэмжлэгч Б.Алтанхүүд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Нэхэмжлэгч Х.Дарханбаатар нь насанд хүрээгүй Г.Эрдэнэсүхийг 18 нас хүртэл нь тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.Ганпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжинд 297 620 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэт нэг талыг барьж туйлширч гарсан техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүх  хуралдааныг товлохдоо миний үйлчлүүлэгч Х.Ганпүрэвт мэдэгдээгүй, тухайлбал хариуцагч Х.Ганпүрэв нь  Citius auto servis ХХК-ны албан ажлаар 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Япсн улсад ажилласан болох нь ирж, очсон онгоцны, тийз, хавтаст хэргийн 94-р хуудсанд шүүхийн хурлын товыг мэдэгдсэн баримт нь Х.Ганпүрэвт мэдэгдсэн баримт байхгүй байгаа зэрэг нотлох баримтаар батлагдна. Х.Ганпүрэвийг шүүхийн хуралдаанд биечлэн оролцуулалгүйгээр түүний мэтгэлцэх хуулиар олгогдсон боломжийг нь хаан боогдуулж хэргийг шийдвэрлэсэн явдал хууль бус гэж үзэж байна.

            Тээврийн хэрэгслийг эзэмшигч Тэмүүлэл  хохирлыг нөхөн төлех үүрэгтэй байх тул түүнээс 27 399 945 төгрөгийг гаргуулж нэр бүхий нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчулуун нар нь гэм хорын хохиролд 61 599 583 төгрөгийг хариуцагч Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нараас гаргуулахаар шаардсаныг хариуцагчид эс зөвшөөрч “…осол гарахад хэн аль нь гэм буруугүй байсан” гэж маргажээ.

 

Хариуцагч Х.Ганпүрэв нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Д.Тэмүүллийн эзэмшлийн Мицубиши маркийн 97-37 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гарч 3 нас барж, Г.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэсүх, Б.Ариунбаатар, Э.Амин-Эрдэнэ нарын биед хүнд гэмтэл учирсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Гагцхүү гарсан осолд “ Х.Ганпүрэв буруутай  би  буруугүй” гэж Д.Тэмүүлэл үзсэн бол, Х.Ганпүрэв “…осол гарахад эсрэг талын жолооч Б.Алтанхүү буруутай байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Тэмүүлэл хохирлыг хариуцах ёстой” гэж маргажээ.

 

Хариуцагч Х.Ганпүрэв нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж хэрэг нь хэрэгсэхгүй болгогджээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “хэрэв сэжигтэн, яллагдагч,шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заажээ. Хариуцагч Х.Ганпүрэв нь тухайн үедээ энэхүү нарийвчилсан хуулийн зохицуулалтын дагуу гэм буруугийн асуудлаар маргаагүй, Өршөөлд хамруулсан Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, өөрөө тухайн үедээ гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ, түүнчлэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэм бурууг тогтоогдсон гэж үзнэ.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй боловч хариуцагч нь нэхэмжлэлээс нийт 27 933 945 төгрөгийн хэмжээний хохирлыг үндэслэлгүй гэж няцааж чадаагүй, дээрх хэмжээгээр анхан шатны шүүхээс хохирлыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Харин нэхэмжлэгч нар нь хохирлыг хариуцагч Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нараас гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд Х.Ганпүрэв, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Тэмүүлэл ч хариуцлага хүлээхээр заасан тул хохирлыг хоёр хариуцагчаас хоёулангаас нь гаргуулахаар, түүнчлэн шийдвэрт хууль хэрэглээний хувьд мөн өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн 95-98 дугаар хуудсанд зохигчдод шүүх хуралдааны тов хүргүүлсэн баримт авагдсан байх бөгөөд Х.Ганпүрэвийн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа шүүхэд албан ёсоор өгсөн хаягаар, баталгаат шуудангаар түүнд шүүх хуралдааны товыг хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Х.Ганпүрэвийн өмгөөлөгч Д.Барсүрэнгээс “…Х.Ганпүрэв Төв аймгийн Баянхангай суманд хөдөө байна гэж утсаар хэлсэн. Өнөржаргал гэдэг хүн утсаар надтай холбогдож шуудангаар шүүх хуралдааны тов ирсэн гэж хэлсэн” гэснээс үзэхэд хариуцагчийг шүүх хуралдааны товыг зохих ёсоор авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүхэд мэдэгдээгүй гэж үзэх бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Ганпүрэвийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/03733 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “…Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1” гэсний дараа “499.4…” гэж, “…Х.Ганпүрэвээс…” гэснийг “...Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нараас…” гэж нэмж,

3 дахь заалтад “…Х.Ганпүрэвээс…” гэснийг “...Х.Ганпүрэв, Д.Тэмүүлэл нараас…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Ганпүрэвийн төлсөн 297 620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД