Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар  209/МА2026/00015

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 307/ШШ2025/02074 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” НҮТББ-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Шинэ алхам сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 04 сарын 01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, 2021 оны 02, 03 дугаар сарын дутуу цалин хөлс, 2,225,876 төгрөг, түүнд ногдох алданги гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардын хүү 3,514,547 төгрөг гаргуулах, Шинэ Алхам сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох тухай, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01,02,03 сарын дутуу олгогдсон цалин хөлс 2,658,773 төгрөг, алданги 3,988,159 төгрөг гаргуулах” тухай,

Сөрөг нэхэмжлэл: “Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ болон бусад тооцоо, төлбөрт нийт 18,713,638.37 төгрөг гаргуулах” тухай

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

   1.1. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Шинэ алхам сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 04 сарын 01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай шаардлагадаа:

 ...******* би Шинэ алхам сургуультай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд орсон. Сар бүр 1,700,000 төгрөгийн цалин авахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ дүгнэж, үр дүнтэй сайн ажилласан тул сард авах цалингийн хэмжээ 1,854,563 төгрөг болж нэмэгдсэн. Ажиллах жил гаруй хугацаанд 2020 оны 10 дугаар сард Улаан-Үдэд аялах эрхийн бичиг, 2020 оны 10 дугаар сард захирлын нэрэмжит шагнал, 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод туршлага судлах эрхээр шагнуулсан. Хөдөлмөрийн гэрээнээс гадна Шинэ алхам сургуулийн захиргаатай “хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ” байгуулсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сургалтын менежер *******, сургуулийн захирал ******* нарын гаргасан тааламжгүй хувийн үзлийн улмаас хөдөлмөрийн маргаан үүсэж, Шинэ алхам сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/55 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Шинэ алхам сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ажилд томилох тухай захирлын тушаал гарсан. Уг тушаалуудыг хүлээн зөвшөөрөөгүй тул ******* би Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисст хандсан.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн И-А/98 тоот коронавирусын халдвар ковид-19 цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай захирамжаар төрийн болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гарсан тул 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангийн сурагчдын улирлын амралт эхлэхтэй холбоотойгоор Шинэ алхам сургуулийн захирал ******* багш нараа бас амраах шийдвэр гаргасан.

Дархан-Уул аймаг даяар цахим ажиллагаанд шилжсэн үед буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Шинэ Алхам сургуулийн захирал ******* Шинэ алхам сургуулийн ажил хэргийн группээс, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:50 минутад Шинэ алхам сургуулийн сургалтын менежер ******* багш ******* намайг Ш_Алхам Чөлөөт Хөөрөлдөөн группээс, Бид Шинэ алхамчууд группээс нэг харилцагч, Шинэ алхам бага боловсрол телеграмм группээс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сургалтын менежер ******* тус тус хасаж, мэдээлэл авах эрхийг хязгаарласан. Багш ******* би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 2б ангийн сурагчдын номын тэмдэглэл хөтлөх уралдаанд оролцох зааварчилгаа өгөх, дэвтрийг нэг бүрчлэн тараах ажил хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ням гаригт Шинэ алхам сургуулийн багш ******* манай ангид хичээлийн хуваарь оруулсан. Би уг хуваарийг Microsoft team app-т байршуулах гэсэн боловч нэвтрэх эрх хаагдсан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 20 цаг 45 минутанд ******* багшаа 2б ангид хичээлээ заана уу гэсэн постыг Шинэ Алхам сургуулийн сургалтын менежер ******* оруулсан. Би постны дор хичээлээ заахад бэлэн. Бүх эрх хаагдсан учраас гайхаад сууж байна гэсэн мэдээлэл тавьсан даруйд постыг устгасан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө Шинэ алхам сургуулийн захирал ******* Шинэ алхам сургуулийн 2б ангийн группт ******* багш нь хувийн шалтгааны улмаас сургуультай байгуулсан гэрээний дагуу ажиллах боломжгүй болсон тул сургуулийн зүгээс албан ёсоор 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалаа өнөөдөр буюу 2021 оны өдөр шуудангаар хүргүүлэхээр монгол шууданд хүлээлгэж өглөө. Сургуулийн зүгээс ******* багштай холбоотой хамтран ажиллах гэрээний асуудал үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл тавьсныг ангийн эцэг, эхчүүдээс дуулж мэдсэн.

Шинэ алхам сургууль НҮТББ-ын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/58 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь урьдаас төлөвлөсөн, ажил олгогчийн зүгээс эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас улс оронд үүсэж буй онцгой нөхцөл байдлын үед 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан болох нь сургуулийн цаг бүртгэлийн төхөөрөмжөөр тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн шийдвэр нь хууль бус үндэслэлгүй байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Шинэ алхам сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, 2019 оны 08 дугаар сарын болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахаар нэхэмжлэл гаргаж байна" гэжээ. /1-р х.х 1-2 дугаар хуудас /

 1.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

Шинэ Алхам сургуулийн захирал *******, сургалтын менежер *******, ерөнхий ня бо нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2 заалт, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, мөн хуулийн 37 дугаар зүйл, мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.3 дахь заалт, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 3.1.6, 3.2.7, 3.2.8, мөн гэрээний 4.1.2, 4.1.5, 4.1.6, 4.2.1, 4.2.2, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.11, 7.2, 7.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж, хууран мэхлэх замаар Шинэ Алхам сургуулийн багшаар урьж, 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа 3 удаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх, томилох, халах тушаал гаргаж ... байсан.

... Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно, мөн зүйлийн 63.5-д Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслас комисст гаргана гэж заасны дагуу 2021 оны 02 сарын 24, 2021 оны 03 сарын 09, 2021 оны 03 сарын 24-2021 оны 03 сарын 31 хүртэлх хугацааны цалин хөлсийг Шинэ Алхам сургууль үндэслэлгүйгээр суутгасан байх тул уг цалингаа гаргуулахаар гомдол гаргасан.

-Намайг Оюуны Ирээдүй цогцолбор сургуульд багшаар ажиллаж байхад сургалтын менежер *******, Шинэ Алхам сургуулийн үүсгэн байгуулагч х захирал, ******* нар 2018 оны 12 сараас хойш удаа дараа уулзаж, Хүслийн хотхоны 68 м.кв бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаа 32,640,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр амлаж, багшаар урьж ажиллуулсан. Дараа нь ямар ч шалтгаангүйгээр 25,996,800 төгрөг, 18,000,000 төгрөг болгон буулгасан хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ байгуулж, анхны гэрээгээ зөрчсөн. Мөн хамтран ажиллах гэрээнд өгсөн мөнгөө өгөхдөө илүү мөнгө тооцсон худал нотлох баримтууд бүрдүүлж өгсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоод байна.

-Мөн 2021 оны 2, 3, 4 сарын цалинг хугацаанд нь бүрэн олгоогүйн улмаас цалингийн зээл, байгууллагын гэрээт утасны төлбөрөө төлж чадахгүй илүү хүү төлж гэм хорын хохирол учраад байна гэжээ. / 1-р х.х 39-43 дугаар хуудас /

1.3.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 12-ны өдөр гаргасан 2021 оны 2, 3 сарын дутуу цалин 2,225,876 төгрөг, түүнд ногдох алдангийг тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Шинэ Алхам сургуулийн захирал ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалт, мөн хуулийн 21.4 дэх заалт, мөн хуулийн 21.5 дахь заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчиж, давуу эрх эдэлж, 2021 оны 2 сарын 25-аас 2021 оны 3 сарын 7 хүртэл 9 хоногийн турш Улаанбаатар хотод байна, гэрийн хорионд байна гэх зэргээр ажилтан, 26 ангийн эцэг эхчүүдийг хуурч мэхэлж, хөдөлмөрийн харилцаанд оролцох эрхийг хязгаарласан. Багш ******* би болон 2б ангийн эцэг эхчүүд 2021 оны 3 сарын 6, 7, 8 Бямба, Ням, бүх нийтийн амралтын өдөр хүртэл ажиллах шаардлагатай болсон.

Мөн 2021 оны 11 сарын 24-ний өдрөөс хойш цахимаар хичээллэсэн багш сурагчдын сургалтын хэвийн ажиллах нөхцөлийг хясан боогдуулж, 2021 оны 3 сарын 7-ны өдөр дахин Хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан гэрээ, тушаал төлөвлөж, 2021 оны 3 сарын 9-ний өглөө ажилдаа ирвэл хувийн хамгаалалтын алба дуудсан. Ажилдаа ирвэл оруулахгүй гэж, харийн гүрэнд боолын хөдөлмөр эрхэлж буй хүнтэй харьцаж байгаа мэт дээрэнгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан. Үндэслэлгүйгээр нэр төрийг гутаан доромжлох аргаар хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулж, багш миний 2021 оны 2 сарын цалин 1,854,563 төгрөг олгохоос 2 сарын 22-ны өдөр 741,825 төгрөг, 2021 оны 3 сарын цалин 1,854,563 төгрөг олгохоос 3 сарын 15-ны өдөр 741,825 төгрөг олгохгүй хохироож байна.

...Өнөөдрийн байдлаар өдрийн хүү 1,112,938 төгрөг*0,3/100=3,338 төгрөг, 2 сарын цалинд төлөх алданги 112 хоног*400,557 төгрөг, 3 дугаар сарын цалинд ногдох алданги 79 хоног*263,766 төгрөг болж байна. Шинэ Алхам сургууль нь давуу эрх олгож Хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөнөөс ажилгүйдлийн тэтгэмжээ хүү төлөхөд зарцуулж байгаадаа гомдолтой байна гэжээ. /1-р х.х 136 дугаар хуудас /

1.4.Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Шинэ Алхам сургуулийн багш нартай байгуулдаг “хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ”-ний 2-т "талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь энэхүү гэрээний нэг хэсэг болно" гэсэн заалтаас үзвэл 2019 оны 3 сарын 12-ны өдөр 68 м.кв 3 өрөө орон сууцны 30%-тай тэнцэх хэмжээний мөнгө болох 32,640,000 төгрөгийг бэлнээр олгох хэлцлээ бичгээр байгуулаагүй хохироосон байна. Үүний дараа 2 өрөө байрны урьдчилгаа 30% олгох нэрээр бичгээр байгуулсан гэрээний бичгээр үйлдсэн 2%-ийг зориуд устгасан, эсвэл нуусан. Дахин 18,000,000 төгрөг болгон багасгасан үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцаанд итгэл эвдэх аргаар хууран мэхлэх, арга залийг Шинэ Алхам сургуулийн удирдлагууд гаргасан байна. Иймээс уг үйлдлийн гэм хорын хохиролд 32,640,000 төгрөг-12,000,000 төгрөг-3,852,711 төгрөг+454,860 төгрөг = 17,242,149 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

...Шинэ Алхам сургууль нь багш ******* миний 2019 оны 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, 2019 оны 9, 10,11,12 сар, 2020 оны 9, 10, 11, 12 сар, 2021 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн зөрчил үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон. 2019 оны 4 сараас үйлчилсэн хөдөлмөрийн гэрээний 1.4-д "Сарын үндсэн цалин 1,700,000 төгрөг байна. Сар бүрийн нэмэгдэл цалин 0 төгрөг байна. Сар бүрийн ажлын үр дүнг тооцож, үнэлсний дагуу нэмэгдэл цалин олгоно" гэж тохиролцсон. 2020 оны 5 сарын 18-ны өдөр сургуулийн захирал *******, сургалтын менежер ******* нар хамт сууж байгаад 2019 оны 3 сарын 19-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний сургуулийн захиралд хадгалагдаж байгаа гэрээний 1%-д "үр дүн-20%" гэж бичиж, багш ******* надаар гарын үсэг зуруулсан. Цалинд орсон өөрчлөлтийн талаар ерөнхий ня бо , сургалтын менежер ******* нар үнэн зөв мэдүүлэг гаргах баталгаа гаргасны дараа зориуд худал мэдээлэл өгсөн байна. Дээрх гэмт үйлдэл, зөрчлийн улмаас багш ******* надад олгогдоогүй цалин хөлсний хэмжээ 2019 оны 08 сар, 2020 оны 09-12 сар, 2021 оны 01-10 сар хүртэл 18,402,218 төгрөг, хуульд заасан алданги 2021 оны 02-09 сар хүртэл 4,282,255 төгрөг байна.

...2021 оны 2 сарын 17, 18, 19-ний өдрүүдэд ажлын байрандаа ажлаа хийж байхдаа дахин шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэх, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгөх гэмт хэргийн хохирогч болсон тухайгаа учирлаж, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг учирлан тайлбарлаж, шаардаж байхад үл тоож, зориуд санаатайгаар зохион байгуулалтайгаар, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэнд гомдолтой байна.

Иймээс 2021 оны 7 сарын 26-ны өдрөөс 2021 оны 8, 9 түүнээс хойш, 6 сарын хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гарсан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардал, хэвийн амьдралдаа эргэж орох зардал болон, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, ажилд авахаас хууль бусаар татгалзсан, хууль бусаар ажлаас халсан, хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, сэтгэл зүйн хохирлын хэмжээг А.М.Эрделевскийн зохиосон шүүхийн практикт хэрэглэж буй үнэлгээний зарчмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 72 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна гэжээ. /2-р х.х 35-40 дугаар хуудас /

1.5.Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...Шинэ Алхам сургуулийн захирал *******ын 2019 оны 09 сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 8 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 3 сарын 7-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. / 2-р х.х 160-165 дугаар хуудас /

 1.6.Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 1, 2 сарын дутуу олгогдсон цалин хөлс 2,658,773 төгрөг, түүнд ногдох алданги 1,329,386 төгрөг, нийт 3,988,159 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. / 4-р х.х 148 дугаар хуудас /

2.Хариуцагч ******* НҮТББ-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1.Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

...манай сургуульд багшаар ажиллаж байсан багш ******* нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу хугацаатай гэрээгээр багшийн ажил үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Үүнээс хойш гэрээний дагуу өдөрт 8 цаг ажиллах үүргээ бүрэн биелүүлээгүй, тайлан төлөвлөгөөний ажлын хурал болон заах аргын нэгдлийн хурал зэрэгт огт оролцоогүй, өөрийн харьяалах албан тушаалтанд ажил үүргээ огт дүгнүүлээгүй зэргээр гэрээгээ зөрчиж байсан тул, багшийг ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байгаа тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуудаж уулзах хүсэлтийг захирал миний бие тавьсны дагуу орж ирж уулзсан болно. Тухайн үед ******* багш өөрийгөө зөвтгөсөн тайлбар хэлээд сургуулийн удирдлагын зүгээс тавьсан шаардлагыг огт хүлээж аваагүй. Үүнээс хойш ажлын байрандаа ирээгүй бөгөөд ажлаа тасалсан учир хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд захирлын тушаал гаргаж ажлаас нь бүрэн чөлөөлсөн. ******* багш ажлаас чөлөөлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй байгаа болно.

Мөн тэрээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/55, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/56 дугаар тушаалуудтай холбоотойгоор Дархан-Уул аймаг дахь хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах салбар ороонд гомдол гаргасан байдаг. Багш ******* нь нэхэмжлэл бичихдээ цахим группүүдээс хассаны улмаас мэдээлэл авах эрх хязгаарлагдаж улмаар ажлаа хийх боломжгүй болсон мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Манай сургуулийн хувьд ESIS мэдээллийн сан программ нь багш болон сургуулийн албан ёсны бүртгэлийн программ бөгөөд манай сургуулийн багш ажилтнууд бүгд бүртгэлтэй байдаг боловсролын яамнаас авсан эрхийнхээ дагуу нэвтэрдэг албан ёсны программ байгаа юм. Мөн манай сургууль цахим журналтай бөгөөд 2 дахь жилдээ ийнхүү ажиллаж байгаа болно. ******* багшийн хувьд өөрийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь уг программд мэдээллээ оруулж байсан явцаас бүрэн дүүрэн харагдаж байгаа болно. ******* багшийг энэхүү албан ёсны программаасаа 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор хассан болно.

Харин нэхэмжлэлд дурдагдсан группийн тухайд гэвэл ******* багш нь бусад багш ажилчдад өөрийн сөрөг хандлагаа илэрхийлж сургуулийн багш ажилчид, хамт олон, сурагчид болон эцэг эхчүүдийн дунд тааламжгүй уур амьсгал үүсгэж эхэлсэн тул албан бус группүүдээс хассан болно. Эдгээр группүүд нь багшийг ажил үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй багшийн албан ёсны ажил, сургалттай холбоогүй болно.

Шинэ алхам фейсбүүк групп нь сургуулийн багш ажилчид хоорондоо мэдээллийг хурдан шуурхай дамжуулах зорилготой, аливаа зарын мэдээлэл хуваалцахыг хориглосон ийм албан бус групп бөгөөд 4 жилийн өмнө нээсэн байна. Энэ группт тухайн ажилтыг ажилдаа ирэх болон тарах явах цагийг зааж хэлж өгдөггүй, тухайн ажилтны ажил үүргийн хуваарийг тусгаж оруулж өгдөггүй болно. Шинэ алхам чөлөөт хөөрөлдөөн гэсэн чат мессенжер групп нь мөн адил албан бус групп бөгөөд чатаар мэдээллээ нэгэндээ дамжуулах болон хувь хүн худалдан борлуулах зүйлсээ нэгэндээ танилцуулдаг, хэн нэгнийгээ асууж сураглах ч юм уу тухайн нөхцөл байдалдаа тохиролцсон мэдээллээ солилцдог групп юм. Шинэ алхамчууд нэг харилцагч групп нь мөн адил албан бус групп бөгөөд зарж худалдан борлуулах зүйлсээ нэгэндээ дамжуулж мэдээллээ хүргэдэг зарын групп. Шинэ алхам бага боловсрол групп нь зөвхөн бага ангийн багш нар багтсан дотоод мэдээллээ солилцох, мэдээллээ түгээх зорилготой цөөхөн хүнтэй албан бус групп юм. Шинэ алхам 2б групп нь ******* багшийн удирддаг байсан анги бөгөөд сурагчдын эцэг, эхэд өөрийнхөө зөв мэтээр буруу ойлгогдох мэдээлэл түгээх зэргээр сургуулийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан тул дахин өөр групп нээж ******* багшийг элсүүлээгүй. Майкрософт тиймс программын хувьд ******* багш ажлын байрандаа ирээгүй, бага боловсролын хуралдаа оролцож хичээл сургалтын хуваарь болон хөтөлбөрөө аваагүй тул нэвтрэх эрхийг нь түр хаасан байсан.

Нэхэмжлэлд дурдагдсан ******* багшийг сургуулийн зүгээс албан ёсны сургалтын болон багшийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой цахим группүүдээс хассан гэсэн нь огт үндэслэлгүй болно. Сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/58 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нийцэж гарсан үндэслэлтэй тушаал бөгөөд сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн.

...Шинэ Алхам сургууль нь 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 болон 2021 оны 01, 02 дугаар саруудад нийгмийн даатгалын гаргасан тушаал шийдвэр, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан тоот бичигт дурдсан хувь хэмжээгээр болон хувь хүний орлогын албан татварын тухай хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсөө тооцож үнэн зөвөөр олгосон болно.

 ...Шинэ Алхам сургууль нь 2019 оны 08 дугаар сар, 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сарууд, 2021 оны 01, 02 дугаар саруудад Нийгмийн даатгалын гаргасан тушаал, хууль тогтоомж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу цалин хөлсийг үнэн зөвөөр тооцож олгосон. ******* багшид олгоогүй цалин хөлс байхгүй бөгөөд тус хугацааны цалин хөлсийн дэлгэрэнгүй, гарт олгосон цалин хөлсөөр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х 105-106, 118, 4-р х.х 180-181 дугаар хуудас /

 3. Хариуцагч ******* НҮТББ-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Шинэ алхам сургууль ******* болон "Шинэ Алхам сургууль" НҮТББ нарын хооронд 2020.02.01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ"-ний 1.2 дахь хэсэгт заасны дагуу 18,000,000 төгрөгийг *******т олгосон. Гэвч ******* нь гэрээнд заасан 5 жилийн хугацаанд гэрээний 2.3 дахь хэсэгт заасан гэрээний хугацаанд тасралтгүй, үр дүнтэй ажиллах үүргээ биелүүлээгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу анх олгогдсон 18,000,000 төгрөгийн 90 хувь болох 16,200,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Мөн ******* нь "Шинэ Алхам сургууль" НҮТББ-д ажиллаж байх хугацаандаа дараах тооцоог хийх үлдэгдэлтэй байна: 1 ширхэг ACER 15 маркийн notebook-ийн тооцоо 1,290,000 төгрөг, 5 ширхэг сурагчийн дэвтрийн тооцоо 50,000 төгрөг, 5 ширхэг сурагчийн англи хэлний номын тооцоо 15,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын илүү олгосон цалин 221,984.26 төгрөг, Нийгмийн даатгал нөхөн төлөлт 314,305.70 төгрөг, хувь хүний орлогын албан татварын нөхөн төлөлт 292,348.41 төгрөг, нийт үлдэгдэл 2,513,638.37 төгрөгийн тооцоотой байна.

Иймд "Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ"-ний дагуу олгогдсон 18,000,000 төгрөгийн 90 хувь 16,200,000 төгрөг болон сургуульд төлөх бусад тооцоог нэгтгэн, нийт 18,713,638.37 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. / 5-р х.х 92-93 дугаар хуудас /

4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

...2019 оны 8 сарын 1-нээс 2020 оны 2 сарын 1-нээс өмнө нь багш ******* надад шилжүүлсэн 12 сая төгрөг нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үнэ биш тул надаас гэрээний 90 хувийг нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэлгүй. Харин 2020 оны 2 сарын 1-ний өдөр 4 сая төгрөг шилжүүлсэн. А тал нь Б талын зориуд зохиомлоор ажил хөдөлмөр эрхлэх эрхээр хангаагүй учраас энэхүү 4 сая төгрөгийг нэхэмжлэх боломжгүй. Ажил олгогч удаа дараа ажилтнаа хуурч байгуулсан гэрээгээ нууж устгаж, улмаар 6 сая төгрөгийн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь хохирогчийг тохуурхан доромжилж буй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь бас тохуурхан доромжлох үйлдэл гэж үзэж байна.

2021 оны 03 сарын 31-ний өдөр 2021.05 сарын ажил хүлээлцэхээр товлосон өдрүүдэд багш ******* намайг Шинэ Алхам сургуулийн ангид нэвтрэхийг хориглосон, мөн тухайн үед хөтөлж байсан данс тооцоо, нябо д шилжүүлсэн англи хэлний мөнгөний тооцоог тулган ажил хүлээлцэх боломж ажил олгогч олгоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, мөн хуулийн 24.1-д Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: 24.1.1.Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол, 24.1.2-д Ажил олгогч нь энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол гэж хуульчилсан байх тул надаас өөрсдийн буруутай зүйл ажиллагааны улмаас нөхөн төлсөн алданги торгуулийг буцаан нэхэмжлэх хууль эрх зүйн үндэс байхгүй гэжээ. / 5-р х.х 157 дугаар хуудас /

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 60 дугаар зүйлийн 60.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Шинэ алхам сургуульд холбогдуулан гаргасан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Шинэ алхам сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 02 сарын 01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардны хүү 3,514,547 төгрөг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох тухай, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01 сарын дутуу олгогдсон цалин хөлс, алданги 3,988,159 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс 6,990,000 төгрөг гаргуулан хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Шинэ алхам сургуульд олгож, үлдэх 11,723,638 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Шинэ алхам сургуульд холбогдуулан гаргасан 2021 оны 02,03 дугаар сарын дутуу цалин, алданги гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр уралдаандаа орж ирэнгүүт Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ байгуулж, 2019 оны 8 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, Хүслийн хотхон , тоот 54.16 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулаад, уг байрны урьдчилгаа 25,996,800 төгрөгийг бэлнээр олгохоор хэлэлцэл хийсэн. Уг байр зарагдаад , айл нь нүүж оронгуут буюу 2020 оны 2 сарын 1-ний өдөр дахин 18,000,000 төгрөг болгон бууруулсан.  ...гэтэл анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийж, хариуцагч нэхэмжлэгчийн багшлах мэргэжлийн өндөр ур чадварыг хөлслөн авахаар урамшуулал амлаж, “контракт байгуулж, иргэнийг ажиллуулж болох” тухай огт сонсоогүй, тохиролцоогүй гэрээний тухай дураараа дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2020 оны 5 сарын 18-ны өдөр уг Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэг өөрчлөлт оруулснаар миний хөдөлмөрийн гэрээний цалин 2019       оны 8 сараас 2020 оны 5 сар хүртэл 1,700,000 төгрөг, 2020      оны 8 сарын 1-нээс 1,854,562 төгрөг, 2022     оны 4 сарын 1-нээс 2,191,182 төгрөг, 2023      оны 7 сарын 1-нээс 2,775,140 төгрөг, 2024     оны 4 сарын 1-нээс 3,220,000 төгрөг болж өөрчлөгдсөн байсныг 2021 оны 6 сарын 15 хүртэл надад байсан Хөдөлмөрийн гэрээний эх хувьд нэмэлт өөрчлөлт оруулахгүй нуусан.

...улсын байцаагч гийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025.05.20-ны өдрийн 001/ШХТ2025/ 0234 тоот тогтоолоор хэлэлцэхээс татгалзсанаар уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, 2025 оны 05 сарын 20-ноос 2025 оны 08 сарын 20 хүртэл 3 сарын дараа гийн шийдвэр хүчингүй болсон учраас учруулсан гэм хорын хохирлын буюу шинэ захиргааны акт гаргахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжлэлийг шийдвэрлэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...2019 оны 8 сар болон 2020 оны 4.5.6.7.8.9.10.11.12 сар, 2021 оны 01 сарын дутуу олгосон цалин хөлс, алданги тооцуулах нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /7-р х.х 124-136 дугаар хуудас /

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс үзэхэд:

9. Нэхэмжлэгч ******* нь “...ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Шинэ алхам сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, 2021 оны 02, 03 дугаар сарын дутуу цалин хөлс, 2,225,876 төгрөг, түүнд ногдох алданги гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардын хүү 3,514,547 төгрөг гаргуулах, Шинэ Алхам сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох тухай, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01, 02, 03 сарын дутуу олгогдсон цалин хөлс 2,658,773 төгрөг, алданги 3,988,159 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ болон бусад тооцоо, төлбөрт нийт 18,713,638.37 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан бөгөөд зохигчид нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. 

10. Хариуцагч Шинэ Алхам сургууль НҮТББ нь 2019 оны 03 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай бага ангийн багшаар ажиллуулахаар харилцан тохиролцож, 2019 оны 09 сарын 03-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн бага ангийн багшаар томилон ажиллуулж эхэлсэн байна. /1-р х.х-ийн 5-6, 176 дугаар хуудас /

Хариуцагч нь  2021 оны 03 сарын 01-ний өдөр Б/55 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “******* нь  2021 оны 02 сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2021 оны 03 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. / 1-р х.х-ийн 12 дугаар хуудас /

Нэхэмжлэгч *******ийн хүсэлт болон түүний хичээл зааж байсан 2б ангийн эцэг эхчүүдийн саналыг үндэслэн 2021 оны 03 сарын 07-ны өдөр Б/56 дугаартай тушаалаар *******ийг  2021 оны 03 сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл Шинэ Алхам сургуульд бага ангийн багшаар ажиллуулахаар буцаан томилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээг шинээр бичгээр байгуулжээ. / 1-р х.х-ийн 7-8, 11 дугаар хуудас /

11. Нэхэмжлэгч нь ажил олгогч 2021 оны 03 сарын 07-ны өдөр 44 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа “шинэ гэрээ байгуулахгүй бол ажиллуулахгүй” гэж хясан боогдуулах замаар хүчээр байгуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол нөхцөл тусгагдаагүй, цалин хөлсийг бууруулсан, ажил олгогчийн нэр тохироогүй тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч *******ийн хичээл зааж байсан 2б ангийн эцэг эхчүүдийн санал хүсэлт, мөн 2021 оны 03 сарын 09-ний өдрөөс 2021 оны 5 сарын 31-ний өдрийг дуустал түр гэрээгээр ажиллахыг зөвшөөрсөн өөрийнх нь хүсэлтийн үндсэн дээр уг гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан боловч хариуцагч Шинэ Алхам сургууль НҮТББ нь нэхэмжлэгч *******тэй 2021 оны 03 сарын 07-ны өдөр 44 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа тухайн үеийн цалин хөлсийг талууд 1,850,000 төгрөгөөр тохиролцжээ. / 1-р х.х-ийн 7-8 дугаар хуудас /

Хариуцагч Шинэ Алхам сургууль НҮТББ нь нэхэмжлэгч *******тэй 2019 оны 03 сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сарын цалинг 1,700,000 төгрөг байхаар харилцан тохиролцож байсан, 2021 оны 03 сарын 07-ны өдөр 44 дугаартай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахдаа тухайн үеийн цалин хөлсийг  1,850,000 төгрөг байхаар талууд тохиролцсон, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусгасан байх тул өмнөх цалин хөлсийг бууруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, “шинэ гэрээ байгуулахгүй бол ажиллуулахгүй” гэж хясан боогдуулах замаар уг гэрээг хүчээр байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй. / 1-р х.х-ийн 5-8 дугаар хуудас /

12. Нэхэмжлэгч *******ийг 2021 оны 04 сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 сарын 09-ний өдрүүдэд 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан болох нь сургуулийн цаг бүртгэлийн төхөөрөмжөөр тогтоогдсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “2021 оны 03 сарын 24-нд Дархан-Уул аймгийн Засаг даргын Короновируст халдварын цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай захирамжаар сургуулийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, багш нар 2021 оны 04 сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 сарын 09-ний өдрүүдэд цахимаар ажиллаж байсан, сургуулийн зүгээс миний цахимаар ажиллах боломжийг хязгаарлаж, ажил хэргийн бүх группээс хассан атлаа ажил тасалсан гэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, маргасан / 1-р х.х-ийн 9-10 дугаар хуудас /

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ны өдрийн 01/А/98 дугаартай Короновируст халдварын цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай захирамж нь хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлахдаа сурагчдыг сургууль дээр хүлээн авахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хязгаарласан гэж ойлгох бөгөөд аливаа хувийн хэвшлийн хуулийн этгээдийн хөдөлмөрийн харилцааны дотоод асуудлыг хязгаарласан буюу цахимаар ажиллахыг үүрэг болгосон захирамж гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь Засаг даргын дээрх захирамж гарсантай холбогдуулан хариуцагч Шинэ Алхам сургууль НҮТББ нь сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, ажилчид ажлын байрандаа очиж ажиллаж байсан болох нь гэрч  ийн “...хүүхэд харах хүнгүйгээс бусад хүмүүс ажлын байрандаа очиж ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “...2021 оны 04 сарын 05-ны өдөр хичээл эхлэхэд ******* багш ажилдаа ирээгүй, ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй байсан.”  гэх мэдүүлгээр нотлогдож байна. /1-р х.х-ийн 219, 248-249 дугаар хуудас /

Сургуулийн сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж,  багш нар тухайн үед ажлын байрандаа биечлэн ажиллаж байсан, нэхэмжлэгч нь ажилдаа очоогүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр  үндэслэлтэй гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 02 сарын 01-ний өдөр хариуцагч Шинэ Алхам сургууль НҮТББ-тай “хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ” нэртэй гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээний хэрэгжих хугацааг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохоор тохиролцож, хамтран ажиллах үндэслэлээ “багш *******ээр анги удирдуулж, ангийн суралцагч хүүхдүүдийг чанартай боловсрол олгоход анхаарч, үр дүнтэй ажиллуулах” гэж тодорхойлжээ. / 1-р х.х-ийн 175, 5-р х.х-ийн 96 дугаар хуудас /

Талуудын хүсэл зориг, гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 5 жилийн хугацаанд үр дүнтэй ажиллах асуудлыг тус гэрээгээр, цалин хөлс, нэмэгдэл хөлс болон бусад хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан байх тул “хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ” нэртэй байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг гэж үзнэ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Шинэ Алхам сургуульд бага ангийн багшаар ажиллуулахын тулд  орон сууцны урьдчилгаа 32,640,000 төгрөгийг өгөхөөр амласан боловч гэрээг бичгээр байгуулахдаа орон сууцны урьдчилгаанд 18,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон гэж мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Зохигч нь 2020 оны 02 сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ” нэртэй гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байх ба тус  гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байх тул уг гэрээгээр тохирсон гэрээний үнийн дүнгийн үлдэгдлийг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

14. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажлаас үндэслэлгүй халагдсанаас учирсан хохирол болох банкны хүү, ломбардны хүү, утасны төлбөр, эмчилгээ сувилгаа, хоолны нэмэгдэл зардал, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

15. Нэхэмжлэгч нь хугацаандаа олгоогүй цалин хөлсний алданги 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01 сарын дутуу олгогдсон цалин хөлс, алданги гаргуулах тухай шаардлага гаргаж, дансны хуулгаа ирүүлсэн. / 1-р х.х-74-83,  2-р х.х-178-182, 4-р х.х-155-165 дугаар хуудас /

Хариуцагч Шинэ Алхам сургууль НҮТББ-аас ирүүлсэн цалингийн дэлгэрэнгүй, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээр хариуцагчийг цалин хөлсийг нь дутуу олгож байсан гэж шууд дүгнэлт хийх боломжгүй байна. /3-р х.х-113-119, 130, 4-р х.х-182-183-186,  6-р х.х-205-207 дугаар хуудас /

Учир нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 7 хоногт 40 цаг ажилласан тохиолдолд гэрээгээр тохирсон цалин хөлсийг бүрэн авах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь дутуу олгогдсон цалин хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл ирүүлээгүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн дансны хуулгаар түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бүтэн цагаар ажиллаж байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж хуульчилсан хугацааг хэтрүүлсэн  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2021 оны 02,03 дугаар сарын цалин хөлс, алдангитай холбоотой захиргааны хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэл тогтоогдсон гэх дүгнэлт хийж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

16. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 18,000,000 төгрөг олгосон. ...нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан 5 жилийн хугацаанд тасралтгүй, үр дүнтэй ажиллах үүргээ биелүүлээгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон учир гэрээнд зааснаар мөнгөний 90 хувь болох 16,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Дээрх гэрээний төлбөр дээр нэмээд нэхэмжлэгчээс сургуульд төлөх авлага болох ACER 15 маркийн зөөврийн компьютерын үнэ 1,290,000 төгрөг, 5 ширхэг сурагчийн дэвтрийн тооцоо 50,000 төгрөг, сурагчийн англи хэлний номын тооцоо 15,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын илүү олгосон цалин 221,984 төгрөг, мөн нийгмийн даатгалын нөхөн төлөлт ажилтан 214,305.70 болон хувь хүний орлогын албан татварын нөхөн төлөлт 292,348 төгрөг зэрэг нийт 18,713,638.37 төгрөг гаргуулна” гэж тодорхойлжээ. / 5-р х.х-ийн 92-97 дугаар хуудас /

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...надад ямар нэг тооцоо байхгүй. Ажлаас халсан тушаал дээр ажлаа хүлээлцэнэ гэж заасан боловч тогтоосон өдөр ажлаа хүлээлцэхээр очиход ажил дээр хэн ч байгаагүй, мөн нягтлан, сургалтын менежер нь ажил хүлээж авахаас татгалзсан. Иймд ажил хүлээлцээгүй нь нэхэмжлэгчийн буруу биш. ...хамтран ажиллах зөвшилцлийн гэрээг байгуулаад 2019 онд 3,500,000 төгрөг, 2020 онд 4,000,000 төгрөг өгсөн. Мөн 6,000,000 төгрөгөөр гэрт засвар хийсэн гэх боловч тухайн баримт нь хуурамч болох нь тогтоогдсон. ACER маркийн зөөврийн компьютер надад байгааг өгөхгүй. Миний ажлыг хүлээлцэж аваагүй, ажлаас үндэслэлгүй халсан” гэж маргасан. / 5-р х.х-ийн 157, 7-р х.х-ийн 73 дугаар хуудас /

 Талуудын хооронд 2020 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 2.3-т Б тал нь гэрээний хугацаанд тасралтгүй, үр дүнтэй ажиллах үүрэг хүлээнэ. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 1.2-р заалтад тусгагдсан хөнгөлөлтийн дүнг А талд буцаан төлөх үүрэг хүлээнэ. Б талын А талд буцаан төлөх дүн а.1 жилээс дээш 2 жил хүртэлх хугацаа-90% гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тул 18,000,000 төгрөгийн 90% болох 16,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь тухайн сургуульд 2019 оны 08 сараас 2021 оны 04 сар хүртэл нэг жил гаруйн хугацаанд ажилласан учир хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 2.3-т зааснаар  гэрээний үнийн дүнгийн 10 хувийг нэхэмжлэгч өөртөө үлдээх эрхтэй байна.

Гэвч хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн гэрт засвар хийсэн хөлсөнд 6,000,000 төгрөг төлсөн гэх баримт нь холбогдох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хуурамч баримт гэж тогтоогдсон, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн авсан гэж зөвшөөрсөн 7,500,000 төгрөгөөс гэрээний үнийн дүнгийн 10%-1,800,000 төгрөгийг хасаж тооцон 5,700,000 төгрөг, нэхэмжлэгчид байгаа зөөврийн компьютерын үнэ 1,290,000 төгрөгийн үнэлгээнд маргаагүй учраас тус тус гаргуулж хариуцагчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 307/ШШ2025/02074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                                   

                                                                                                             Я.ТУУЛ