| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/07302/И |
| Дугаар | 210/МА2026/00323 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00323
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10020 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
140,430,156 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* баригдах 16 давхар 80 айлын орон сууцны барилгын дотор модон хаалга хийх, угсарч суурилуулах ажлыг ******* нь 65,120,000 төгрөгөөр гүйцэтгэх үүргийг хүлээсэн.
1.2. Дараа нь амаар тохиролцож, дээрх ажлын гүйцэтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, *******-аас 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны дотор 73,687,200 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 93,687,200 төгрөгийг *******-д шилжүүлж, ******* нь 93,687,200 төгрөгийн үнэ бүхий модон хаалга хийж, угсарч, суурилуулах үүргийг хүлээсэн.
Гэтэл *******-аас 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 100ш хаалга, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 37ш хаалга, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 33ш хаалга, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 6ш хаалга нийт 65,120,000 төгрөгийн үнэ бүхий 176ш хаалга хүлээлгэн өгч, 28,567,200 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй.
1.3. Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр ******* нь 118,800,000 төгрөгийн үнэ бүхий 660ш модон хаалгыг хийж, угсарч, суурилуулж өгөх үүрэг хүлээсэн. ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний дагуу ******* нутаг дэвсгэрт байрлах ******* орон сууцны барилгын ******* тоот 44.63 м2 /1м2 1,800,000 төгрөг/ нийт 80,334,000 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн.
Гэвч ******* нь 447 ширхэг хаалгыг хийж, угсарч, суурилуулах ажлыг гүйцэтгэж, 38,340,000 төгрөгт ногдох ажлыг гүйцэтгээгүй. Үүний улмаас өөр байгууллагаас хаалга худалдан авах шаардлагатай болж 1ш модон хаалгыг 417,606 төгрөгөөр тооцож, 213 хаалгыг 88,950,078 төгрөгөөр худалдан авсан. Хэрэв 38,340,000 төгрөгийн модон хаалгыг хугацаанд нь хийж гүйцэтгэж угсарч, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн бол ******* нь 88,950,078 төгрөгөөр хаалга худалдан авах шаардлагагүй байсан. Иймд уг үүргийн зөрчлийн улмаас 50,610,078 төгрөгийн илүү зардал гарч хохирсон. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 1-т зааснаар алданги 19,170,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
1.4. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Хэлцэл” байгуулж, уг хэлцлээр ******* нь ******* тоот байршилтай, 200.7 м2 талбайтай, 5 өрөө, 662,310,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг *******-д шилжүүлж, ******* нь ******* тоот 2467 м2 газартай, 340 м2 талбайтай хувийн сууц нийт 630,000,000 төгрөгийн үнэтэй газар болон хувийн сууцыг *******-д шилжүүлсэн боловч зөрүү төлбөр 32,310,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,340,078 төгрөг, хохирол 50,610,078 төгрөг, алдангид 19,170,000 төгрөг, хэлцлийн үлдэгдэл төлбөр 32,310,000 төгрөг нийт 140,430,156 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 234 дүгээр зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 70,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,780,156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 860,101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 511,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй байр сууринаас оролцоогүй, эрх, үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хүндэтгэлгүйгээр хандаж, нэхэмжлэлийг үл ойшоож хариу тайлбар гаргах, татгалзлаа нотолсон нотлох баримт өгөөгүй, шүүх хуралдаанд оролцох гэх мэт үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, оролцоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээр хуулинд зохицуулсан тус хуулийн заалтын дагуу шийдвэрлээгүй.
4.2. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна, бүгдийг нь хангаж шийдэж болохгүй гэх байдлаар хуралдаанд тайлбар гаргаж, хуулийг зөрчиж, хариуцагчийг эрхийг хамгаалж, хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нөгөөтэйгүүр, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх болон нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрхийг үл ойшоох байдлаар хандсаар өнөөдрийг хүрсэн байхад нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын 69,780,156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
4.3. Нэхэмжлэгчээс *******-тай эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа хандаж байсан боловч хариу өгдөггүй, бусдын мөнгө төгрөгийг буцаан төлөхгүйгээр холбоо харилцаагаа тасалж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн, шүүхэд хандаж эрэн сурвалжлах шийдвэр гарч, цагдаагийн байгууллагаас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ыг олж тогтоосноор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, сэргээлгэхээр хандаж, хариуцагчийн буруутай үйдлээс учирсан хохирол 50,610,078 төгрөг, алданги 19,170,000 төгрөгийг шаардсан. Гэтэл ******* нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг эрхийг зөрчиж, чирэгдэл учруулж, удаашруулж төлбөрийг төлөхөөс зайлсхийж байхад хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэж, хууль зөрчиж, хариуцагчийн буруутай үйлдлийг дэмжсэнд гомдолтой.
Иймд гэрээний 7.1-д зааснаар алданги шаардах эрхтэй, хариуцагч 38,340,000 төгрөгийн ажил гүйцэтгэх үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь 88,950,078 төгрөгийн хаалга худалдан авч, 50,610,078 төгрөгийн илүү зардал гаргах шаардлагагүй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлс 38,340,000 төгрөг, үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 50,610,078 төгрөг, алданги 19,170,000 төгрөг, арилжааны гэрээний үүрэг 32,310,000 төгрөг нийт 140,430,156 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг 140,430,156 төгрөг гэж тодорхойлсон байх боловч шаардлага тус бүрийн үнийн дүнг нэгтгэхэд 140,430,078 төгрөг болж байгааг дурдах нь зүйтэй.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* нь *******-тай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тухайн гэрээгээр ******* нь ******* 660 ширхэг хаалгыг ажил эхэлснээс хойш ажлын 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 118,800,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 13-14 дүгээр тал/
3.2. Мөн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Хэлцэл” нэртэй гэрээгээр ******* нь Нийслэлийн ******* тоот хаягт байршилтай 200.7 м.кв талбайтай, 5 өрөө, 662,310,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг *******-д шилжүүлэх, ******* нь ******* тоот 2,467 м.кв газар, 340 м.кв талбайтай хувийн сууц нийт 630,000,000 төгрөгийн үнэтэй газар болон хувийн сууцыг *******-д шилжүүлэх үүрэг тус тус хүлээж, ******* нь үнийн зөрүү 32,310,000 төгрөгийн үнийн дүнд бараа материал /модон хаалга, явган хана г.м/ нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 33 дугаар тал/
4. Талуудын хооронд дээрх гэрээнүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4.1. Хэргийн 29-31 дүгээр талд ******* болон нарын хооронд байгуулагдсан 2018.01.18-ны өдрийн 2018/В-62Б дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-гээр ******* нь 80,334,000 төгрөгийн үнэ бүхий 44.63м2 талбайтай 2 өрөө орон сууцыг т шилжүүлэн өгсөн, энэ нь 2019 оны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс бөгөөд уг гэрээнээс 38,340,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй, үүний улмаас гэрээ цуцлагдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, ямар нэг тайлбар гаргаагүй байх тул дээрх тайлбарыг бодитой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцжээ.
Мөн хэргийн 20-21, 23 дугаар талд авагдсан банкны шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч байгууллагаас 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 90,000,000 төгрөгийг “хаалганы урьдчилгаа, хаалганы үнэ, хаалганы санхүүжилт” гэх утгаар ******* болон нарт тус тус шилжүүлсэн байх ба үүнээс 28,567,200 төгрөгийг маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч уг гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг 38,340,000 төгрөг болох талаар хариуцагч маргаагүй.
Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар гүйцэтгэсэн ажил хэвээр үлдэж, гүйцэтгээгүй ажлын хувьд талуудын үүргийн харилцаа дуусгавар болох тул шүүх хариуцагч байгууллагаас гүйцэтгээгүй ажлын хөлс 38,340,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.
4.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн зөрчил гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зохицуулсан.
Иймд талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн тохиролцсоныг тодорхойлж, хариуцагч байгууллага үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоосноор алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Өөрөөр хэлбэл, үүрэг зөрчсөн хугацаа тодорхой байх нь алдангийг зөв тооцох үндэслэл болох юм.
Талуудын байгуулсан гэрээний 2-ын 2-т ажил гүйцэтгэх хугацааг “Ажил эхэлснээс хойш ажлын 45 хоног байна” гэж тохиролцсон байх боловч хэрэгт ажил хэзээ эхэлсэн талаарх баримтгүй байх тул ажил гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байна. Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа дуусгавар болох тул энэ хүртэл хугацаанд алдангийг тооцох учиртай. Гэтэл хэргийн баримтаар гэрээ цуцлагдсан хугацаа мөн тогтоогдсонгүй.
Энэ тохиолдолд алданги тооцох үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох үүргийн зарчимд нийцсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна хохирол нь баримтаар тогтоогдсон байх учиртай.
Иймд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч байгууллага нь гуравдагч этгээдээс нийт 213 ширхэг хаалгыг 88,950,078 төгрөгөөр худалдан авсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.
Хэргийн 24, 26 дугаар талд ******* нь бусад этгээдээс бараа, материал хүлээн авсан болон *******-д бараа, материал хүлээлгэн өгсөн зарлагын баримтууд, хэргийн 25, 27 дугаар талд хүлээн авах этгээд тодорхойгүй 33ш хаалганы зарлагын баримт, ******* нь 100ш хаалганы хавтас хүлээн авсан гэх зарлагын баримтууд авагджээ. Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь 88,950,078 төгрөгийн үнэ бүхий 213 ширхэг хаалгыг худалдан авсан үйл баримт тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг хохирлоо нотолж чадаагүй гэж дүгнэж, хохиролд 50,610,078 /88,950,078 – 38,340,000/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.
Дээрх хохиролтой холбогдох шаардлагад хариуцагч тайлбар гаргаагүй нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийн үндэслэлийг гэрээ цуцалсантай холбоотой шаардах эрхэд хамааруулан дүгнэсэн нь оновчгүй болсон боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
5. Хариуцагч байгууллага нь арилжааны гэрээний зүйл болох 340 м.кв талбай бүхий хувийн сууцыг *******-ийн захирал ийн өмчлөлд шилжүүлж, ******* нь *******-ийн хүсэлтийг үндэслэн 200.7 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг гийн өмчлөлд шилжүүлж, тус тус өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 34-40 дүгээр тал/
Мөн дээрх гэрээний дагуу ******* нь *******-д 2,467 м.кв газрыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.
5.1. Анхан шатны шүүх дээр үйл баримтыг үндэслэн талуудыг арилжааны гэрээний дагуу харилцан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн.
5.2. Мөн гэрээгээр хариуцагч байгууллага нь харилцан солилцож байгаа эд хөрөнгийн үнийн зөрүү 32,310,000 төгрөгт бараа материал тооцож өгөх үүргээ биелүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, тайлбар гаргаж мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул уг үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй. Иймд шүүх хариуцагч байгууллагын гүйцэтгээгүй үүргийг мөнгөөр тооцож, 32,310,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА