Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2026/00007

 

 

 

                                                                                                                                                                    

 

 

  2026           02            26                                                           223/МА2026/00007

 

 

Төв аймгийн цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 317/ШШ2026/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, ..... дүгээр багт байрлах Т нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Төв аймаг, ..... сум, ..... дүгээр багт оршин суух Б овогт Д.О-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтөр,

Гуравдагч этгээд Д.О/цахим/,                                     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Төв аймгийн цагдаагийн газар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: “...Д.О нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэтрүүлэн хэрэглэж, архины хамааралтай болсон. Ар гэрээс нь түүнийг албадан эмчлүүлэх хүсэлт гаргасан. Цагдаагийн байгууллагын нэгдсэн санг шүүн үзэхэд Зөрчлийн тухай хуулиар 6 удаа арга хэмжээ авагдсан байна. Иймд Д.О-ыг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү...” гэжээ.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Б овогт Д.О /РД:........./-ыг архины албадан эмчилгээнд хамруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т зааснаар гуравдагч этгээд Д.О-ыг Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

3.Гуравдагч этгээд Д.О давж заалдах гомдолдоо: “...2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаа, дэд ахлагч Батнасан гэрт ирээд Төв аймаг явж эхнэр хүүхдүүдээ хүргэж өгнө, хамт яваад орой ирнэ гэсэн. Гэтэл цагдаагийн хэлтсийн саатуулах байранд явуулалгүй хоёр хонуулсан. 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралд орж албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газарт ирсэн. Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтөрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга “... шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өөр нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гуравдагч этгээд Д.О-ын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Төв аймгийн цагдаагийн газар нь Д.О-ын ар гэрээс эх З.Н-н хүсэлт болон удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архины хамааралтай болсон нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэн албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Гуравдагч этгээд Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэх талаар маргаагүй, архинд донтох өвчтэй гэсэн эмнэлгийн дүгнэлтэд гомдол гаргаагүй болно.

3.Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл, гуравдагч этгээд Д.О нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой, согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдлыг үүсгэсээр байгаа нь зөрчлийн бүртгэлд “...архидан согтуурсны улмаас 2 удаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж эрүүлжүүлэгдсэн” талаар тусгагдсан /хх-9-11/, албадан эмчилгээнд явуулахыг хүссэн гэр бүлийн гишүүн болох эх З.Н “...миний хүү Д.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр тогтмол хэрэглэх болсон, гэртээ архины хамааралтай хүмүүс байнга цуглуулж архи уудаг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү...” гэх хүсэлт /хх-6/, Д.О-аас тайлбар авсан тэмдэглэл /хх-4-5/, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд “...Д.О-ыг архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг үгүйлэх хамж шинжтэй…” гэх /хх-12/ баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журам болон Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

5.Гуравдагч этгээд Д.О шүүх хуралдааны шатанд давж заалдах гомдлын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Би байнга архи уудаггүй, эцэг, эх маань 80 нас гарсан хүмүүс байдаг тул малаа маллаж чадахгүй болсон.  Би малаа маллах ёстой...” гэх агуулгаар тайлбарласан.

6.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 насанд хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албан эмчлэхийг хориглохоор заасан.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд Д.О-ыг албадан эмчлэхэд харшилсан үйл баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна өөрөө сайн дураар эмчлүүлэх хүсэлгүй байгаа нь түүний тайлбараар тогтоогдсон.

7.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

8.Гуравдагч этгээд Д.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 317/ШШ2026/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээд Д.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХБҮРЭН

 

                                      ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                 З.ТҮВШИНТӨГС