Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 24 өдөр            Дугаар 181/ШШ2016/01050          Улаанбаатар хот

   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал Таун 113-7 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “МТ Тауэр” барилгын 4 давхарт байрладаг гэх, “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК /РД:5747635/-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамж, 446 тоотод оршин суух, Очирваань овогт Ядамын Бямбадорж /РД:ХВ72061719/-д холбогдох,         

 

Гэм хорын хохиролд 14,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золбат, хариуцагч Я.Бямбадорж, иргэдийн төлөөлөгч М.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.             

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Золбат би 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 55 минутын үед “Лексус 470” маркийн 48-87 УНҮ улсын дугаартай албаны автомашинаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн замаар баруун чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байх үед “Тоёота Приус 10” маркийн 93-32 УНГ улсын дугаартай суудлын автомашины жолооч Я.Бямбадорж нь туслах замаас баруун чиглэл руу буцаж эргэх үйлдэл хийх үедээ төв замын автомашинаа өнгөрөөлгүй гэнэт урдуур орж манай компанийн машины урдаас хүчтэй мөргөсний улмаас хашлага давж зогссон.

Уг үйлдэл Я.Бямбадоржийн 100 хувийн буруугаас болсон нь замын цагдаагийн үзлэгээр нотлогдож, ослын газрын актад дурдагдсан бөгөөд мөн Я.Бямбадорж нь 2,37 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож явсан буруутай үйлдэл нь хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа.

Я.Бямбадоржийн буруутай үйлдлийн улмаас манай компанийн автомашин их хэмжээгээр эвдэрч, ашиглах боломжгүй болсон бөгөөд “Капитал Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр нийт 10,215,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Гэтэл Я.Бямбадорж нь учруулсан хохирлоо одоо хүртэл төлж барагдуулахгүй байгаа учраас манай компани ажил хэргээ тасалдуулахгүйн тулд иргэн Ц.Отгонбаяр /РД:ХБ55010205/-тай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “Автомашин түрээсийн гэрээ” байгуулан “Тоёота Ланд круйзер-100” маркийн 55-59 УБЗ улсын дугаартай автамашиныг түр хугацаагаар албан хэрэгцээндээ ашиглаж байна.

Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалттай, зам засвар, замын суурь, судалгааны ажил гүйцэтгэдэг бөгөөд төслийн ажлаар хөдөө орон нутгаар байнга явдаг тул Я.Бямбадоржоос гэм хорын төлбөрийг яаралтай гаргуулах шаардлагатай байна.
            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зүйлүүдэд заасны дагуу хариуцагч Я.Бямбадоржоос автомашинд учруулсан хохирол 10,215,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 295,000 төгрөг, автомашины түрээслэсний төлбөр нэг өдрийн 100,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг буюу бүгд 14,710,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Осол гарахад миний буруу нөлөөлсөн. Ослын улмаас нэхэмжлэгч компанид 10,215,000 төгрөгийг хохирол учирсан байгаа. Би уг нь машиныг нь янзалж өгье гэсэн боловч эд нар надаар янзлуулаагүй, гадаадаас сэлбэг авна гэсэн. Үнэлгээг өндөр дүнгээр тогтоогдсон гэж үзэж байгаа. Гэхдээ хохирол учруулсан нь үнэн тул 10,215,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, мөн үнэлгээний 295,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Харин түрээсийн төлбөрт төлсөн 4,200,000 төгрөгийг би төлөхгүй. Өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэдэг машин гэж хаана ч байхгүй. Энэ үнэлгээ бодит биш гэж үзэж байна. Иймд энэ мөнгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь хариуцагч Я.Бямбадоржид холбогдуулан автомашинд учирсан хохиролд 10,215,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 295,000 төгрөг, бусдаас автомашин түрээсээр авч ашигласны төлбөрт 4,200,000 төгрөг, нийт 14,710,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.     

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд учирсан хохирол 10,215,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 295,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин түрээсийн төлбөрт төлсөн гэх 4,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замд Э.Золбатын жолоодон явсан 48-87 УНҮ улсын дугаартай “Лексус 470” маркийн “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн өмчлөлийн автомашин, Я.Бямбадоржийн жолоодон явсан 93-32 УНГ улсын дугаартай “Тоёота Приус 10” маркийн Я.Бямбадоржийн өмчлөлийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

 

93-32 УНГ улсын дугаартай “Тоёота Приус 10” маркийн автомашины жолооч Я.Бямбадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн 2,37 хувийн согтолттой үедээ автомашин жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх талын нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулсан шийтгэвэр, 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас гаргахыг мэдэгдсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Я.Бямбадорж нь нэхэмжлэгч “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Ослын улмаас 48-87 УНҮ улсын дугаартай “Лексус 470” маркийн “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн өмчлөлийн автомашинд 10,215,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал Эстимейт” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 1710 тоот автомашины техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба тайланд дурдагдсан эвдэрсэн эд анги нь ослын үзлэгээр тогтоогдсон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлд дурдагдсан эд ангитай нийцэж байх тул шүүх энэхүү тайланг үнэн зөв гарсан гэж үзлээ.

 

Хэдийгээр хариуцагч хохирлын хэмжээг 10,215,000 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн үнээс хэт өндөр тогтоогдсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн гаргасан баримтыг баримтаар үгүйсгээгүй, тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн автомашинд 10,215,000 төгрөгийн хохирол учирснаас гадна нэхэмжлэгч нь автомашины хохирлын үнэлгээг “Капитал Эстимейт” ХХК-аар хийлгэх ажлын хөлсөнд 295,000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 1710 тоот кассын орлогын ордероор тогтоогдож байх тул шүүх энэ зардлыг мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хохиролд тооцох үндэслэлтэй байна.

 

Харин “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь ажлын зайлшгүй шаардлагаар 55-59 УБЗ улсын дугаартай “Тоёота Ландкруйзер 100” маркийн автомашиныг өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэж, 42 өдрийн түрээсийн төлбөрт 4,200,000 төгрөг төлсөн гэх боловч энэхүү шаардлага нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Тодруулбал, “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь зам засвар, замын суурь судалгааны ажил гүйцэтгэдэг болохыг нотлох баримтгүй, Ц.Отгонбаяр, Э.Золбат нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан автомашин түрээслэх тухай гэрээгээр түрээслэсэн гэх  55-59 УБЗ улсын дугаартай “Тоёота Ландкруйзер 100” маркийн автомашиныг нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүйн зэрэгцээ Э.Золбатаас автомашин түрээслэх тухай гэрээний төлбөрт төлсөн гэх 4,200,000 төгрөгийг шаардах эрхийг нэхэмжлэгч компани шилжүүлэн авсныг нотлох баримт байхгүй тул шүүх түрээсийн төлбөрт төлсөн гэх 4,200,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид учирсан хохиролд тооцох боломжгүй гэж үзсэн болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Я.Бямбадоржоос 10,510,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Я.Бямбадоржоос 10,510,000 төгрөгийг гаргуулж “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-д олгож, “Чингис Лэнд Девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 183,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.       

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА

 

 

                         ШҮҮГЧ                                                Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                      С.ЭНХБАЯР