Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 223/МА2026/00004

 

 

 

 

 

 

2026           02               05                                                223/МА2026/00004

 

 

Р.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 317/ШШ2025/01569 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *** оршин суух, Р.Г,

Хариуцагч: **** Төв аймаг салбарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, цалин болон түүнтэй адилтгах нэмэгдлүүдийг нөхөн тооцуулж, ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах, хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээх, 2021 оны ажилтны хөнгөлөлт тусламжийг гаргуулах, ажилд томилсон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас өөрийн хүсэлтээр тул чөлөөлөгдсөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 22,490,414 төгрөгийг гаргуулах, "***" ХК-ийн Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.А, иргэн С.Мнарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй "Ажил гүйцэтгэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:                                 

          1.Нэхэмжлэгч Р.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон Р.Г, өмгөөлөгч Б.Жигмэддорж нарын гаргасан тайлбарын агуулга: “***” ХК-ийн Төв аймаг салбар нь Р.Гыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлсөн үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00170 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон... Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулсны үр дүнд салбарын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай тушаалаар ***” ХК-ийн Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн томилогдсон.

          Тухайн өдрөө Р.Гад ажлыг хүлээлгэн өгсөн боловч үдээс хойш захирлын зөвлөлийн хурлаар оруулсан. Ингэхдээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй 1,500,000 төгрөгийн гэрээтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас авч, ажлыг буцаагаад хүлээж авсан. Ажил тасалсан гэж байгаа нь үндэслэлгүй. Ийнхүү ажиллах нөхцлөөр хангахгүй байсан тул 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

          Ажилтан Р.Гын хөдөлмөрийн нөхцөл байдлыг дордуулж 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл цалин болон түүнтэй адилтгах нэмэгдэл хөлсийг ***ны гүйцэтгэх захирлын тушаалаар удаа дараа нэмэгдүүлсээр байтал салбарын захирлын зүгээс огт нэмэгдүүлээгүй учир тэдгээр нэмэгдлүүдийг нөхөн тооцуулж, албан тушаалын зэрэглэлд тохирсон ***ны гүйцэтгэх захирлын хамгийн сүүлд баталсан цалингийн интервалаар цалинжуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан.

          Энэ хооронд ***ны ажилтны үндсэн цалин холбогдох тушаал журмын хүрээнд нэмэгдсэн. Энэ нэмэгдлүүд, шагналт цалингаа нэхэмжилсэн. Энэ хугацаанд цалингийн нийт хэмжээ нь 79,301,000 төгрөг болж байна. Р.Гыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 гэх тушаалаар ажлаас чөлөөлсөн. Р.Гыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 гэх тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнээс өмнө 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “***” ХК-ийн гүйцэтгэх захирлын Н/14 дугаартай тушаалаар цалин нэмэхээр болсон. Энд Р.Гыг үндсэн цалинг нэмээгүй, үүнээс хойш буюу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 10 дугаар сарын 25-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалуудаар тус тус үндсэн цалингийн хэмжээ нэмэгдээд 2,800,000 төгрөг болох ёстой. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд авсан тушаалд өмнө авч байсан буюу 1,900,000 төгрөгийн цалингаар тушаалаа гаргасан. Тэгэхээр үүний зөрүү буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх нэмэгдэл зэргийг тооцож гаргасан ба энэ нэмэгдэл нь 9,581,000 төгрөг байгаа. Үлдэгдэл нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болон түүнтэй тэнцэх орлого 69,720,000 төгрөг болж байна.

          Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 27,871,641 төгрөг /2023 оны 04 сар 3,270,455 төгрөг, 05 сар 2,550,810 төгрөг, 06 сар 3,078,342 төгрөг, сарын дундаж цалин нь 2,966,536 төгрөг : ажлын 21,5 хоног = нэг өдрийн дундаж цалин 137,978 төгрөг. Ажлын 203 хоног х 137,978 төгрөг = нийт 28,009,534 төгрөг/ болж байна...

          Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 22,490,414 төгрөг /137,978 төгрөг х163 хоног/ гаргуулна.

          2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн цалинг нэмэгдүүлж 2,200,000, 2,600,000, 2,800,000 төгрөг болгож байсан тул гүйцэтгэх захирлын тушаалуудад үндэслэн бодсон ба үндсэн цалингийн нэмэгдлийн зөрүү нийт 18,600,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Н/07 дугаартай тушаалаас хойшхи тушаалуудаар тогтоосон урамшуулалд нийт 9,200,000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 3,681,000 төгрөг, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцохоор 4,500,000 төгрөг болно.

          Өмнө ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр нэмэгдлүүдийг дараа нэхэмжлэхээр үлдээсэн учир цалингийн зөрүүгээ гаргуулахаар нэхэмжилж байна.

          Захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Н/05 тоот ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай тушаалаар 650,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Н/14 тоот тушаалаар нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 1,743,456 төгрөг, нийт 2,393,456 төгрөгийг гаргуулна. Энэ тэтгэмжийн асуудал нь 2023 онд ажлаас халагдахад үүссэн. Зуунмод сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооны хуралдаанаас “2,393,456 төгрөгийн дэмжлэг, тусламж, нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулж Р.Гад олгох хууль зүйн үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн... Шийдвэрийг баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргахад процессийн тухай хуулиар шийдэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Ингээд шүүх нь шийдвэрлэх боломжгүй, 3 талт хорооны шийдвэрийг *** нь ч биелүүлдэггүй. Ийм учраас дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнө Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ы ажлыг гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/338 дугаартай тушаалаар давхар гүйцэтгэж байсан ба тус тушаалыг хүчингүй болгосон ямар ч шийдвэр тушаал байхгүй. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн томилохдоо гүйцэтгэх захирлын тушаалаар давхар гүйцэтгэж байсан ЭБАТ-ы ажлыг хүлээлгэн өгөөгүй тул уг хавсарч ажиллаж байсан ажлыг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Гэхдээ энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин цалинг нь гаргуулна... Эрх бүхий албан тушаалтны цалингийн зөрүүгээ оруулаад нийт нэхэмжлэлийн шаардлага нь 84,771,000 төгрөг болж байна.           

          "***" ХК-ийн Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.А, иргэн С.Мнарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй "Ажил гүйцэтгэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулна. Тус хууль бус гэрээг ашиглан Р.Гыг албан үүргээ урвуулан ашигласан, эд хөрөнгө шамшигдуулсан мэтээр тайлбарлан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон... Дээрх гэрээтэй холбоотой асуудал эцэслэн шийдэгдээгүй тул... үүгээр шалтаглан ажилд эгүүлэн авч ажил хийлгэхгүй, нэмэгдэл, урамшуулал хасч ирсэн нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болсон...” гэжээ.

          2.Хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан хариу тайлбарын агуулга: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Р.Гын нэг өдрийн цалинг 128,233 төгрөгөөр тооцсон. Сүүлд 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэг өдрийн цалингаа тэрээр 137,978 төгрөг гэж тодорхойлсон байна. Нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон тул 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 128,233 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч Р.Гад олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь 2023 оны 3, 4, 5 дугаар сарын дунджаар тооцон гаргасан цалин юм. 2023 оны 4 дүгээр сард олгогдсон цалинд нь урамшуулал нь орчихсон байгаа. Тэгэхээр Р.Гын нэхэмжлээд байгаа урамшуулал цалин олгогдчихсон. Иймд нэг өдрийн цалингаа 137,978 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө.

          Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

          Ажилтны хөнгөлөлт урамшууллын асуудлыг өмнө 2024 онд шийдчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагаа тухайн үед гаргаж байсан бөгөөд шүүх өмнө шийдвэрлэсэн гэх агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн буюу 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, түүнтэй тэнцэх нөхөн олговор гаргуулна гэсэн. Р.Гын хувьд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр л нэг удаа цагийн бүртгэл хийлгэсэн. Үүнээс хойш огт ажилдаа ирээгүй. Тухайн үед ажиллаж байсан ажилтанг болон Р.Г нарыг харьцуулсан цагийн бүртгэлийн баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл Р.Г нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш ажилдаа ирээгүй. Ийнхүү 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн учраас энэ хугацааны цалинг нэхэмжлэх эрхгүй.

          Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг эрх бүхий албан тушаалтан гэх албан тушаалын цалин нь үндсэн цалингийн 10 хувь байсан. Тооцооны төвийн менежерээр ажиллаж байх үеийнх нь үндсэн цалинг мэдэхгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаад л ажилласан байх.

          Түүнчлэн “***” ХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.А, иргэн С.Мнарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх гэрээтэй холбогдуулан Р.Гыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан яллах дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тус хэрэг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянагдаж байна. Тэгэхээр Б.А, С.Мнар нь 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэсэн. Гэтэл Р.Гын зүгээс 1,500,000 төгрөгийн ажлыг 9,000,000 төгрөг болсон гэх агуулгаар “***” ХК-ийг хуурч, нэр бүхий хүмүүст итгэл үнэмшил төрүүлж, ажил хүлээлцсэн акт байгуулж, С.Мөнх-Ундралтай 9,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, өөрөө дундаас нь мөнгө завшсан. Р.Г нь энэ гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулчих юм бол сүүлд байгуулсан 9,000,000 төгрөгийн гэрээ нь хүчин төгөлдөр болчих байх гэх агуулгаар ийм шаардлага гаргасан болов уу” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбараас нэхэмжлэгч Р.Гын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 46,933,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Гад олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Р.Гын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны урамшуулал болон орон нутгийн нэмэгдэл нийт 10,380,000 төгрөгийг хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбараас гаргуулан нэхэмжлэгч Р.Гад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Р.Гын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж,

Нэхэмжлэгч Р.Г нь өмнө хавсарч ажиллаж байсан Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ы ажлыг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэхэмжлэгч Р.Гын шүүхэд гаргасан дэмжлэг, тусламж 2,393,456 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “***” ХК-ийн Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.А, иргэн С.Мнарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 832,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамж 514,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Гад олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолд нийт 3 үндэслэл дурдсан.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч Р.Г нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоогдсон. Тухайн үед эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шууд гэм буруутайд тооцож, банкны зүгээс хууль бус үндэслэлээр ажлаас халсан гэж үзэн уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Гэвч анхан шатны шүүхээр уг асуудлыг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон нөхцөл байдал бодитоор байсан. Хариуцагчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд томилсон. Ажилд томилохдоо Р.Гыг дуудан ирүүлж, ажлыг нь хүлээлгэн өгсөн тухай акт үйлдсэн. Үүний дараа ***ны удирдлагын зүгээс банкинд учруулсан хохирлыг төлүүлэх асуудлыг хөндөн ярилцсан. Уг асуудлыг ***ны захирлуудын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэж, Р.Гыг цаашид ажиллуулах эсэх асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдааны үеэр Р.Г уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв ийм байдлаар хандаж байгаа бол ажлаа буцаан хүлээлгэж өгнө гэж мэдэгдсэн. Үүний дагуу ажлыг буцаан хүлээн авсан тухай акт үйлдэгдсэн, уг актыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэл хугацаанд өмнөх шүүхийн шийдвэрт заасан өдрийн цалинг олгохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэрийг нэхэмжлэгч 4 сарын дараа гардан авсан атлаа анхан шатны шүүх уг баримтад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах тул уг асуудалд заавал хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилсон боловч 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түүний өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Гэсэн атлаа нэхэмжлэгч “ажил хийх боломжоор хангаагүй, ажлыг минь буцаан хүлээж авсан” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийг ажилдаа ирээгүй, ажлаа хийгээгүй болохыг ирцийн бүртгэл болон бусад нотлох баримтаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Гэтэл шүүх ажил олгогчийн зүгээс ажил хийх боломжоор хангаагүй гэж үзэн хариуцагчийг буруутай гэж дүгнэсэн. Р.Гын хувьд 2021 онд ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон, мөн 2024 онд дахин эгүүлэн тогтоогдсон, түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулж, уг шийдвэрийг шүүхээр маргаж байсан нөхцөл байдал бий. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргах ёстой. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан. Шүүх дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй орхигдуулсан. Иймд нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй, ажил хийгээгүй байхад бүтэн цалин, нэмэгдэл, нийгмийн даатгалын бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Гуравдугаарт, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд мөнгөн урамшуулал, нэмэгдэл хөлс нийт 10,380,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дундаж цалин хөлсийг бодох журамд зааснаар цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон шагнал, урамшуулал орохгүй бөгөөд зөвхөн ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсон тохиолдолд байнгын бус, нэг удаагийн шинжтэй урамшууллыг дундаж цалинд оруулж болно. Харин хариуцагчийн зүгээс ийм тохиролцоо хийсэн, журамд заасан баримт байхгүй. Иймд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 20,901,979 төгрөг, нийт 31,281,979 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнтэй холбоотойгоор ***ны Төв аймаг дахь салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.А, иргэн С.Мнарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан. Уг асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа. Манай зүгээс уг асуудал эрүүгийн хэрэгт хэлэлцэгдэж байгаа тул хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй. Анхан шатны шүүх иргэн А, иргэн Мнарын хооронд байгуулсан гэрээ тул гуравдагч этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Р.Г нь ***инд 10-аас дээш жил ажилласан туршлагатай бөгөөд ажилтныг ямар нөхцөлд чөлөөлөх, ямар тохиолдолд захиргааны тушаал гаргах талаар банкны дотоод бүх журмыг бүрэн мэдэж байсан. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, 3 сарын дундаж цалинг 2023 оны 3, 4, 5 дугаар сарын цалингаар тооцсон. 2023 оны 4 дүгээр сард улирлын урамшууллын цалин нэмэгдэж орсон бөгөөд уг урамшуулал нь дундаж цалинд тооцогдчихсон. Мөн нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш огт ажилдаа ирээгүй. Өөрөөр хэлбэл, ямар нөхцөлд ажлаас чөлөөлөгдөх, ямар тохиолдолд тушаал гарах талаар бүрэн мэдэж байсан атлаа ажилдаа ирэхгүй байсаар 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

6.Нэхэмжлэгч Р.Гын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2024 оноос эхлэн ***ны Хөдөлмөрийн маргаан таслах комисс, мөн Зуунмод сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо дараалан гаргасан. Уг гомдол маань Зуунмод сумын Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооноос шийдвэрлэгдэж, “ирж гардан авна уу” гэж мэдэгдсэн өдөр нь очиж шийдвэрийг гардан аваад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд хугацааны хувьд ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд заавал мэдсэн байх ёстой, заавал гурван талт хороонд хандсан байх ёстой гэсэн хариуцагч талын тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хугацаанд надад хамаарах ямар нэгэн шийдвэр гараагүй.

Хоёрдугаарт, ажлаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл ажлаа хийхээр 3 удаа очсон. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа очоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2 шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн бүрэлдэхүүнтэй очиж, албан ёсоор ажилд томилуулах ажиллагаа явагдсан. Ажилд томилох тухай захиргааны тушаал гарч, ажлыг хүлээлцсэн. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар буцмагц “хуралтай байна”, “түр ажлаа өгөөд яв”, “дараагийн шийдвэр гарахаар дуудна” гэх байдлаар ажлыг дахин хүлээн авч, бодитоор ажил хийлгээгүй. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан “би ажлаа өгье” гэж нэг ч удаа хэлээгүй бөгөөд үүнийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын протокол нотолж байна... Үүний дараа ***наас “тодруулга авч байна, шийдвэр гарах хүртэл байж бай” гэсэн тайлбар өгсөн. Үүнээс хойш бичиг хэргийн болон албан ёсны шугамаар удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй, зарим тохиолдолд “төвөөс шийдвэр ирээгүй” гэх хариу өгдөг байсан. ***ны хуулийн нэгжээс Р.Гыг өмнө нь халсан үндэслэлээр дахин чөлөөлөх боломжгүй гэсэн агуулгатай 3 удаагийн албан бичиг Төв аймгийн салбарт ирсэн нь баримтаар нотлогддог. Ийм нөхцөлд би уг хугацаанд ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байгаа. Харин бодит байдал дээр ажил хийлгэхгүй байдал үргэлжилсэн тул арга буюу 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ***наас 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Мөн 10,380,000 төгрөгийн нэмэгдэл хөлсийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл уг нэмэгдэл нь ***ны дотоод журмаар тогтоогдсон удаан жилийн нэмэгдэл бөгөөд 2023 оны тушаалд “Р.Г” гэж нэр заан 19 хувийн нэмэгдэл олгохоор тодорхой заасан. Иймд нэмэгдлийг тохиролцсон, тушаалаар баталгаажсан баримтууд хэрэгт хавсаргагдсан. Мөн Баяндэлгэр тооцооны төвтэй холбоотой 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний талаар тайлбарлая. Уг гэрээ нь ***ны гэрээ хянах, бүртгэх журам зөрчигдөн байгуулагдсан бөгөөд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, батлагдсан загвар гэрээг ашиглаагүй зэрэг үндэслэлүүдтэй. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт гаргасан. Учир нь уг гэрээг үндэслэн намайг 2023 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөхдөө 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд эргүүлэн томилогдоод тухайн өдөртөө чөлөөлөхдөө мөн энэ асуудлыг дахин дурдсан. Иймд уг гэрээ нь миний эрх ашигт удаа дараа халдсан тул ***ны дотоод журам, бодлоготой нийцэхгүй, хууль бус гэрээ гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жигмэддоржийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Р.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдлоо шийдвэрлүүлэхээр хандсан. Гурван талт хороо нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлт гаргаж өгснийг, гардаж ав гэсэн өдөр нь гардаж авсан. Уг удаашралын шалтгаан анхан шатны шүүх хуралдаанд огт дурдагдаагүй, хэлэлцэгдээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар нотлох баримт гаргуулах, эсхүл шүүхээр нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаагүй... Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ажиллаагүй байгаагаа мэдэж байсан нь үнэн. Иймд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд цалин хөлс олгох асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд маргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан гэж үзэж байгаа боловч уг нотлох баримт нь хуурамч нотлох баримт болохыг анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн талаас маргаж, энэ талаар тайлбар өгсөн. Хэрэв нэхэмжлэгчийг бодитойгоор ажил хийгээгүй гэж үзэж байсан бол ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн, эсхүл халсан тухай албан ёсны тушаал гаргах ёстой байсан. Гэтэл *** нэхэмжлэгчийг ажилтай ч юм шиг, ажилгүй ч юм шиг байдалд удаан хугацаанд байлгасан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн албан ёсны тушаал, шийдвэр огт гаргаагүй. Нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд арга буюу 2025 оны 7 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Дараагийн маргаантай асуудал нь 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой. Уг гэрээ нь ***инд мөрдөгдөж буй дотоод журам, гэрээ батлах, хянах журам, мөн Иргэний хуульд заасан стандарт шаардлагуудыг зөрчиж байгуулагдсан. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийг 2 удаа ажлаас чөлөөлөхдөө уг гэрээг үндэслэл болгосон. Мөн энэхүү гэрээг ашиглан байгууллагын удирдлагуудыг хуурч, 7,500,000 төгрөгийг завшсан гэх агуулгаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд одоогоор шалгалт явагдаж байгаа... Журамд заасан хавсралтаар батлагдсан загвар гэрээ нь 9,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ болох нь тогтоогддог. Мөн гэрээг батлах эрх бүхий этгээд нь ***ны Төв аймаг дахь салбарын захирал бөгөөд Р.Г уг гэрээг батлах, эцэслэн шийдвэр гаргах эрхгүй. Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг мөн Р.Г бус, Баяндэлгэр сумыг хариуцсан тооцооны төвийн захирал өөрөө хэрэгжүүлж, удирдлагад танилцуулсны үндсэн дээр гэрээ байгуулагдсан... Үүний улмаас ***ны Төв аймаг дахь салбар болон төв байгууллагад нэхэмжлэгчийг “завшсан”, “залилан мэхэлсэн” гэх агуулгаар 4 удаагийн шалгалт орж, шалгагдаж байсан нь анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй яригдсан. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба дараах дүгнэлтийг хийлээ.

3.Нэхэмжлэгч Р.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 28,009,534 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 22,490,414 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 24-ний тушаалаас хойшхи тушаалуудаар үндсэн цалинг нэмэгдүүлсний зөрүү 18,600,000 төгрөг нөхөн тооцуулж гаргуулах, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаас хойшхи тушаалуудаар олгогдох байсан урамшуулалд 9,200,000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдлийн зөрүү 3,681,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 4,500,000 төгрөг, 2021 оны ажилтны хөнгөлөлт тусламж 2,393,456 төгрөг, хавсран ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтны цалин, нийт 84,771,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах, "***" ХК-ийн Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төв, иргэн С.Мнарын 2019 онд байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлсон.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нар: “...Р.Гын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсноос хойш 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалин хөлсний олговорт өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсний хэмжээгээ буюу нэг өдрийн дундаж цалинг 128,233 төгрөгөөр, нэхэмжлэгчийн шаардсан 203 хоногоор тооцож, нийт 26,031,299 төгрөг, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тооцоо хийхийг зөвшөөрнө. Энэ нь 2023 оны 3,4,5 дугаар сарын дунджаар тооцон гаргасан цалин учир 2023 оны 4 дүгээр сард олгосон урамшуулал орсон дүн юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Р.Гыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан ч ажилдаа ирээгүй, өөрийн хүсэлтээр 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, ажил хийгээгүй тул цалин хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй. Тэтгэмжийн асуудлыг шүүх 2024 онд шийдвэрлэчихсэн. "***" ХК-ийн Төв аймаг салбарын Баяндэлгэр тооцооны төвийн захирал Б.А, иргэн С.Мнарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн үнийн дүнтэй "Ажил гүйцэтгэх гэрээ"-тэй холбогдуулан Р.Гыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан, тус хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байгаа” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, маргасан.

5.Талууд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00170 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.Гыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг биелүүлж хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар Р.Гыг “Төв аймаг” салбар тооцооны төв хариуцсан менежерийн албан тушаалд томилсон, мөн ажил олгогчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар маргаагүй.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

6.1.Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулснаар тэднийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах юм.

Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагчаар “***” ХК-ийн Төв аймаг салбар буюу хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч “***” ХК-ийн Төв аймаг салбарын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 49/502 дугаартай итгэмжлэлд “захирал С.Ариунболд-ыг” гээд өөр этгээд төлөөлж гарын үсэг зурсан байх бөгөөд хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд итгэмжлэл олгосон эсэх нь тодорхойгүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” шаардлагыг хангахгүй байгаа тул шүүх нэхэмжлэлийн хувийг иргэн Х.Соёлмандахад гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эхсүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасанд нийцэхгүй.

6.2.Түүнчлэн шүүх талуудын хооронд үүссэн харилцаа нь ямар эрх зүйн харилцааны төрөл болохыг тогтоох, хэрхэн шаардах эрх үүсч байгааг тодорхойлох, материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлно.

Гэтэл анхан шатны шүүх “цалин хөлсний олговор 27,871,641 төгрөг гаргуулах” гэж иргэний хэрэг үүсгэсэн атлаа шийдвэрт “28,009,534 төгрөг” гэж зөрүүтэй бичсэн, мөн “цалин болон түүнтэй адилтгах нэмэгдлүүдийг нөхөн тооцуулж, ажил албан тушаалын зэрэглэлийн дагуу цалин хөлс авах” гэсэн шаардлагаа мөнгөн дүнгээр илэрхийлж, түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар, нэхэмжлэгч ажилласан жилийн нэмэгдэлд “3,681,000 төгрөг” шаардсаныг шийдвэрт “3,600,081 төгрөг” гэж, урамшуулалд “9,200,000 төгрөг” шаардсанаас шүүх “5,880,000 төгрөг”-ийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн атлаа шаардлагын үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үндсэн цалингийн нэмэгдлийн зөрүү “9,581,000 төгрөг”, “18,200,000 төгрөг”, “18,600,000 төгрөг” гаргуулах гэж, үндсэн цалин “2,800,000 төгрөг”-өөр тогтоох байсан гэж маргаж байхад “2,600,000 төгрөг” гэж маргасан гэж шүүхийн шийдвэрт шаардлага тус бүрийг зөрүүтэй тодорхойлж дүгнэлт хийсэн, түүнчлэн нийт 57,313,278 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд цалин хөлс, нэмэгдэл урамшуулалтай холбогдох шаардлагыг ”69,720,000 төгрөг”, “79,301,000 төгрөг”, “84,771,000 төгрөг” гэж өөр өөрөөр тодорхойлсны аль дүнг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж дүгнэж, үлдсэн хэдэн төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноо шийдвэрт тодорхой заагаагүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй болжээ.

6.3.Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Г нь урьд хавсран эрхэлж байсан эрх бүхий албан тушаалтны ажлыг сэргээлгэх агуулгаар гаргасан шаардлагаасаа татгалзаж, харин цалин хөлсийг гаргуулна гэж шаардсан байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн эсэхийг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, өөрчлөх, нэхэмжлэлийн хэмжээг ихэсгэх, багасгах эрх, хариуцагчийн хариу тайлбар гаргах, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

7.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй зөрчил тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.           

8.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан гомдолд дурдсанаас бусад үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдаж, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 317/ШШ2025/01569 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2251203229973 нэхэмжлэхээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,360 /гурван зуун арван дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

           

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                            

                              ШҮҮГЧИД                         А.ЦЭРЭНХАНД

 

                                                                              Д.МӨНХБҮРЭН