Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 676

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б Г. 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох,

Гуравдагч этгээд: Н сүм

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар Н сүмийн газрын хэмжээг 300 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад 1564,4 м.кв талбайд газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, М.С, гуравдагч этгээд Н сүмийн өмгөөлөгч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.Н нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...  Б.Г миний бие 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо АОС-ны 23 тоотод 1564,4 м.кв хэмжээтэй газрыг эзэмшихээр болж 0101002407 дугаар гэрчилгээ авч талбайн кадастрын зургийг Газрын албанд баталгаажуулан мэдээллийн санд бүртгүүлж, 1996 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж дээрх хаягтаа амьдарч сууж байна. Гэтэл зэргэлдээ байрлах Н сүм 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын НДХГЗ-ны 339 тоот тогтоолоор 0.24 га газрыг эзэмшихээр болсон байх ба 2008 оны Нийслэлийн Засаг даргын 297 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулахдаа Б.Г миний газраас 0.03 га газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний 0101002407 дугаартай газар эзэмших гэрчилгээ хүчинтэй хэвээр байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 25.5, 31.1, 31.2, 31.3-т заасныг зөрчиж шаардлага хангаагүй материалыг хүлээн авч хянан шалгалгүй, үндэслэлгүй Н сүмд миний эзэмшлийн газраас Н сүмд 0.03 га буюу 360 м.кв газрыг нэмж олгосон байна. 

Уг асуудлаар удаа дараа Нийслэлийн Засаг дарга болон Нийслэл дэх өмчийн харилцааны газарт өргөдөл гаргасан боловч шийдвэрлэж өгөлгүй хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар Н сүмийн газрын хэмжээг 300 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 366 дугаар захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 1564,4 м.кв талбайд холбогдуулан Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... Н сүмд анх Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор 0,24 га буюу 2400 м.кв газар олгосон бөгөөд 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 2700 м.кв газрыг шашны сургуулийн зориулалтаар эзэмших түр гэрээг Баянгол дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай байгуулсан байна. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 366 дугаар захирамжаар шашны байгууллагын зориулалтаар 2700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Н сүмээс 2007 онд уг газраа нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар сургууль, шашины зориулалтаар 2700 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Иргэн Б.Г нь Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дүгээр тогтоолын дагуу Миний өргөө компани УҮГ-тай Амины орон сууц барих гэрээг 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 0101002407 тоот гэрчилгээгээр амины орон сууцны зориулалтаар 1564,4 м.кв газрыг эзэмшсэн байна.

Н сүмийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг манай газарт хандаж 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан бөгөөд тус хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн Газрын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хуралд дахин оруулахаар хойшлуулав” гэсэн шийдвэр гарсан бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай асуудлыг дахин хурлаар хэлэлцүүлээгүй байна.

Н сүмээс уг асуудлаар шүүхэд “Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 0101002407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 401 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Н сүмээс дахин гомдол гаргаж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 424 дүгээр магадлалаар “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11- ний өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон” байна.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч иргэн Д.М буюу Н сүм нь нэхэмжлэлээсээ бүрмөсөн татгалзах хүсэлт ирүүлсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасны дагуу өмнө 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрхи шалтгааны улмаас газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул манай албаны зүгээс доорхи 2 хувилбараар шийдвэрлэхээр санал боловсруулсан боловч 2 тал зөвшилцөөгүй тул шийдвэрлэх боломжгүй байгаа юм.

1. Кадастрын зургийг давхцал үүссэн 367 м.кв газрыг дээрхи маргалдагч талуудад тэнцүү хувааж эзэмшүүлэх,

2. Н сүмээс санал авч нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар байгуулагдсан “Газар барилгажилтын зөвлөлийн хурал’’-аар хэлэлцүүлэн давхцаж буй 367 м.кв газрыг одоогийн сүмийн автозогсоолын зориулалтаар ашиглаж байгаа газарт нэмж иргэн Б.Гийн эзэмшил газрыг хэвээр үлдээх. /Одоогийн автозогсоолын зориулалтаар ашиглаж буй газар нь үерийн далангийн хамгаалалтын бүсийг хасахад ойролцоогоор 800 м.кв орчим талбай байгаа юм./

Иймд мэдээллийн сангийн кадастрын зураг нь давхцалтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй боловч гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас “Н” сүм болон Б.Гийн байрлалыг кадастрын зураглалаар шүүлгэж үзэхэд уг газрууд нь тодорхой хэсэг дээр давхцсан байдалтай харагдаж байна.

Газар эзэмшүүлэх гэрчилгээг иргэн Б.Гт 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, Н сүмд 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон байна.

Тодруулбал иргэн Б.Г нь газраа түрүүлж эзэмшсэн гэсэн үг.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгийн хавсралтад Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан дахь 2006 оны кадастрын зурагнаас харахад иргэн Б.Гийн газар түрүүлж баталгаажигдсан бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны 301 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд Б.Гийн болон “Н” сүмийн эзэмшил газрууд давхцаагүй байна гэсэн хариуг явуулж байсан байна.

“Н” сүмд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоолоор барилгын байршлыг Октябрийн районы ОСГ-ны 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн урд талд 0.24 га газрын байршлыг зөвшөөрсөн боловч 2001 оны газар эзэмших гэрчилгээнд 0.27 га гэсэн хэмжээг 0,03 га газраар томруулж шийдвэрлэн эзэмшүүлсэн байна. Зөрүүтэй байгаа 0,03 га газар нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын хэмжээтэй тохирч байна.

Баянгол дүүргийн Засаг дарга иргэн Б.Гт 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газар давхцаагүй болохыг судалж гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2007 оны 366 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг давхцуулах шийдвэр гаргаагүй, газрын мэдээллийн санд Н сүмийн талбайг оруулахдаа газрын байршлыг бүхэлд хойш нь гүйлгэж мэдээллийн санд оруулснаас газрууд давхцсан байдал ажиглагдаж байна.

Хариуцагч Н сүмийн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч В.Э нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“... Нэхэмжлэгч Б.Г “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 297 дугаартай захирамжийг Н сүмд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 0,27 га буюу 2700 м.кв газрын сүүлд олгосон 300 м.кв газрыг хасч өөрчлөлт оруулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа газрын хэмжээг 560 м.кв болгож ихэсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

560 м.кв газрыг эзэмших эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Иргэн Б.Гийн нэр дээр Нийслэл, дүүргийн Засаг даргаас ямарч захирамж гараагүй, газар эзэмших эрх олгогдоогүй. 

300 м.кв газрын маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдаанаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа Н сүмд уг газрыг эзэмших талаар 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын АДХГЗ-ны 339 дугаартай тогтоол, 1999 онд Нийслэлийн Засаг даргын А/152 дугаартай захирамж, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 366 дугаартай захирамж, 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 297 дугаартай захирамж, 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн даргын 447 дугаартай захирамж, улмаар 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/234 тоот захирамж зэрэг тус тус гарч улмаар газар эзэмших эрх нь баталгаажин сунгагдаж 000318627 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон хууль ёсны эзэмших эрхтэй газар юм.

Б.Гт захирамж гаргаагүй байхад шууд кадастрын албаны сүлжээнд хууль бусаар зураг оруулчихсан байгаа. Энэ тухай Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан баримт байгаа. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч Я.А нь 1999 оны А/152 дугаартай захирамжийг нотлох баримтын шаардлага хангахгүй хэмжээнд гаргаж өгсөн байгаа. 

Гэрч Нгийн М /Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн, РД:*******, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10-93 тоот/: “инженерийн шугам сүлжээ бүхий газар дээр Засаг дарга захирамж гаргасан тохиолдолд Нийслэлийн газрын албанд бүртгэгддэг байсан. Мэдээллийн санд бүртгэл хийдэг хүмүүс тусдаа хүмүүс байдаг. Мэдээллийн санд оруулсанаа санахгүй байна. Иргэн хүн кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахаар ямар нэгэн захирамж шийдвэргүйгээр, бичгээр биш амаар хүсэлт гаргаад өөрчлөлтийг бүртгэх боломжгүй. 

Гэрч: Даваабаатарын Н, /Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 40/1- 49 тоот/: “...Засаг даргын захирамж гарсны дараа дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч хянаад цохолт хийж өгдөг. Давхцал байна гэдгийг мэдэж байсан. Давхцалтай байхад нь бүртгэсэн. Тухайн үед буцаахад тэр чигт нь бүртгэ гэсэн. Хэн тэгж хэлсэн юм бэ? Тухайн үеийн удирдлага...” гэсэн мэдүүлэг байгаа. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр Засаг даргын ямар нэгэн иргэн Б.Гт газар эзэмших захирамж гараагүй, газар эзэмших эрхгүй этгээдийн нэр дээр кадастрын зургийн бүртгэл хийсэн нь нотлогдож байгаа.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор гэсэн хугацааг алдсан. 2016 оны 0  сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бээс нэхэмжлэлийн шаардлагаа “.. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 297 захирамжаар Н сүмийн газрын хэмжээг 300 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 366 тоот захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад Б.Гт 1564,4 м.кв талбайд газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” гэж тус тус тодорхойлсон байна. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянгол дүүргийн засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 366 тоот захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар Н сүмийн газрын хэмжээг 300 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3 тоот албан бичгээр Сүбээдэй ХХК-ийн захирал, нэхэмжлэгч Б.Гийн зүгээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, амины сууцны “Миний өргөө” улсын үйлдвэрийн газарт анх хандаж “...Н сүмийн баруун залгаа, 23 тоот байршил дээр хувийн сууцыг “Монкабель ХХК-аар анх бариулахаар төлөвлөсөн. Энэ талбайд барилгын ажлаа бид өөрсдөө эхлэх болсон тул акт, баримт гэрээг манай нэр дээр баталгаажуулна уу” гэх хүсэлтийг гарган улмаар тус газартай Амины орон сууц барих гэрээг 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 77/96 дугаартайгаар байгуулжээ.

Уг гэрээн дээр гар бичмэлээр УБ хотын АХГЗ-ны 1991 оны 12 дугаар сарын 05-ны 339 тоот, 1992 оны 39 тоот тогтоол үндэслэв гэж тэмдэглэсэн байх боловч 1991 оны 339 дүгээр тогтоол нь Н сүмд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 1992 оны 39 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчид огт хамааралгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх захирамжуудаар тогтоогдож байна.

Миний өргөө улсын үйлдвэрийн газрын 1996 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон” 77/96 дугаар акт болон амины орон сууц барих гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо гэмтлийн эмнэлгийн урд, үерийн сувгийн ард “Н” сүмийн баруун талд 23 тоот байршил дээр нэхэмжлэгч Б.Гт Амины орон сууц барих газрын эдэлбэр газрын хэмжээ нь 25 метр, урт 16, өргөн 0,4 га газар гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус шүүхэд өгсөн эх хувь баримтан дээр 33,5 метр, урт 15, өргөн 0.05 га газар гэж эдэлбэр газрын хэмжээн дээр зөрүү гарсан тул шүүхээс шинжээч томилж, засвар орсон эсэхийг тодруулахад шинжээчийн дүгнэлтээр “...1999 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон” 77/96 дугаар акт гэсэн баримтын 4 дэх заалтын нөхөн хэсэгт байх “25” гэсэн тоог “33,5” гэж, “16” гэсэн тоог “15” гэж, “0,04” гэсэн тоог “0,05” болгож гар аргаар засварласан байна” гэж дүгнэсэн байх бөгөөд талбайн хэмжээг өөрчилсөн, уг материалыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өгсөн болох нь тогтоогдож байна.   

Өөрөөр хэлбэл “...Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон” 77/96 дугаар актаар нэхэмжлэгч Б.Г анх 25*16 буюу 400 м.кв газрыг эзэмшихээр төлөвлөгдсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “...2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 301 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч миний газрыг Н сүмийн газартай давхцалгүй гэсэн тодорхойлолт байгаа гэж тайлбарлах боловч уг албан бичгийн хавсралтаар дээрх актаар баталгаажуулсан зургийг хавсаргасан, уг зургаар давхцалгүй болох нь харагдаж байх тул дээрх тайлбар үндэслэлгүй юм.

Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0101002407 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн Б.Гт Баянгол дүүргийн 6 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн урд АОС-д нэгж талбарын 18638311955003 дугаар бүхий 1564,4 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байх бөгөөд энэхүү баримтыг эх хувийн гэрчилгээтэй тулгаж үзэхэд зөрүүтэй байсан тул шүүхээс гэрчилгээн дээрх 1564,4 м.кв гэсний 1-ийн тоон бичвэр нь тухайн гэрчилгээн дээр бичигдсэн 1-ийн тоо орсон бичвэрүүд болох 0101002407, 2001.01.29 дээрх 1-ийн тоотой ижил эсэх, тохирч байгаа эсэхийг тодруулахаар шинжээч томилсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 4257 дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Гийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 0101002407 газар эзэмших эрхийн гэрчилгээнд “...1564,4 гэсэн тоон бичвэр, 0101002407, 2001.01.29 гэсэн тоон бичвэрүүдийн “1”-ийн тоонуудад илэрч буй тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг үндэслэн 1564,4 гэсэн тоон бичвэрийн “1”-ийн тоог нэмж бичсэн байх боломжтой гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед “...манайх анх 564,4 м.кв газрыг эзэмшиж байсан, сүүлд 1000 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу нэмэгдүүлсэн...” гэх боловч энэ талаар хувийн хэрэг хадгалагдаагүй, Баянгол дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Б.Гт 1564,4 м.кв газрыг эзэмшүүлэхээр газар олгосон шийдвэр болон гэрээ байгуулаагүй байхад гэрчилгээ бичигдсэн байх бөгөөд уг гэрчилгээн дээрх газрын хэмжээ зөрүүтэй байх тул дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Б.Гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.4-т “... Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу иргэн Б.Гт хуулийн дагуу газар 1564,4 м.кв газрыг олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. 

Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 339 дүгээр тогтоолоор Н сүмд Октябрын районы ОСГ-ны 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн урд талд байршуулан 0,24 га газарт барилгын байршлыг зөвшөөрч газар олгосон байна.

2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 2700 м.кв газрыг шашны сургуулийн зориулалтаар эзэмших түр гэрээг Баянгол дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай байгуулсан байна.

Үүний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороонд 2700 м.кв нэгж талбарын 18638311994015 /хэд хэдэн удаа өөрчлөгдсөн боловч мэдээллийн санд байгаа сүүлийн дугаар/ дугаар бүхий газрыг Н сүмийн 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосныг, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар 2700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/234 дүгээр захирамжаар дээрх газрыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан байх бөгөөд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу Н сүмд 2700 м.кв газар олгосон, хугацаа сунгасан дээрх захирамжууд нь хуульд нийцсэн байна.  

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 447 дугаар захирамжаар Н сүмд Эрин сургуулийн өргөтгөлийн барилгын зориулалтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүмийн барилгын баруун талд 0,027 га газрыг барилга байгууламж барих, өргөтгөх зориулалтаар талбайн хэмжээг өөрчлөн олгосон байх бөгөөд уг газар нь Н сүмийн эзэмшиж байгаа 2700 м.кв газрын хэмжээнд багтсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

Харин гуравдагч этгээдээс Нийслэлийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох тухай” А/152 дугаар захирамжаар Н сүмд газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэж тайлбарлаж байх боловч захирамжид Н сүмийн нэр ороогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчээс “Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 тоот захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа гэх 1564,4 м.кв талбай нь газар эзэмших эрх нээгдэх хуульд заасан шаардлагыг хангаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээнд засвар оруулсан зэргээс үзвэл давхцалтай хэсэгт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 тоот захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 297 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд уг захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 366 дугаар захирамжийг үндэслэн гарсан нь хууль зөрчөөгүй байна. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/234 дүгээр захирамжаар 2008 оны 297 дугаар захирамжаар Н сүмд 2700 м.кв газар эзэмшүүлсэн гэрчилгээний хугацааг сунгасан байх тул уг захирамжийг хүчингүй болгосон хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

1. Б.Гт 1564,4 м.кв талбайд холбогдуулан Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах шаардлагын тухайд:

Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхээс удаа дараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн газрын албанаас нэхэмжлэгч Б.Гийн зүгээс уг асуудлаар хандаж байсан эсэх талаар тодруулахад Нийслэлийн газрын албанд удаа хандсан байх бөгөөд сүүлд тус албанаас нэхэмжлэгчид хандан “...шүүхээр шийдвэрлүүл...” гэх хариуг өгсөн байна.

Миний өргөө улсын үйлдвэрийн газрын 1996 оны 77/96 дугаар актаар нэхэмжлэгч анх 400 м.кв газрыг эзэмшиж байсан,  нэгэнт нэхэмжлэгчийн 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 0101002407 дугаар гэрчилгээгээр эзэмшсэн гэх 1564,4 м.кв газрын 1-ийн тоо засвартай, газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн хувийн хэрэг дотор авагдсан нэхэмжлэгч Б.Гийн амины орон сууц эзэмших гэрчилгээг 5644 гэсэн нь 564,4 байх, бид сүүлд 1000 м.кв-аар газраа нэмэгдүүлсэн...” зэрэг тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч 1564,4 м.кв газрыг бүхэлд нь бодитойгоор эзэмшиж байгаагүй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тус шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 1/576 дугаартайгаар ирүүлсэн лавлагаа, шүүхээс хийсэн газрын үзлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаас дүгнээд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу “Б.Гт 1564,4 м.кв талбайд холбогдуулан Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гоос Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжаар Н сүмийн газрын хэмжээг 300 м.кв-аар нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар захирамжийн Н сүмд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргад 1564,4 м.кв талбайд газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА