Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1218

 

МАГАДЛАЛ

 

2016.06.24                                      дугаар 1218                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Амарсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03607 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Амарсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилон үнэлгээг шинээр тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Нэхэмжлэгч Б.Амарсайханы гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Үүрийнтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Амарсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас  томилогдслн шинжээч  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2203028723 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11а байрны 23 тоот байрыг  93 989 900 төгрөгөөр, Ү-2203028724 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11а байрны 16 тоот байрыг  93 989 900 төгрөгөөр, Ү-2203028728 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11б байрны 69 тоот байрыг  93 989 900 төгрөгөөр тус тус үнэлсэн. Энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байх тул дахин шинжээч томилж үнэлүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн боловч хангахаас татгалзсан хариу ирүүлсэн. Шинжээч нь  газар дээр нь үзэлгүй хэт багаар үнэлсэн төдийгүй м.кв өөр өөр хэмжээтэй байруудыг ижил үнээр үнэлсэн нь төлбөр төлөгчийн  эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилон үнэлгээг шинээр тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Төлбөр төлөгч Б.Амарсайханы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2203028723 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11а байрны 23 тоот, Ү-2203028724 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11а байрны 16 тоот, Ү-2203028728 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11б байрны 69 тоот байрнуудыг  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15/32, 15/33, 15/34 дугаар  битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11, 15/12, 11/14 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагаа явуулахад төлбөр төлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул  “Итгэл Эстимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход барьцааны хөрөнгийг 93 989 900 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээр байрнуудын м.кв нь бүгд ижилхэн. Албадан дуудлага худалдааны доод үнийг тус тус 93 989 900 төгрөгийн 70 хувь буюу 65 792 930 төгрөгөөр тогтоож энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, хамтран өмчлөгч нарт мэдэгдэж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагт болсон анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Б.Амарсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест” ББСБ-ын итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Амарсайхан болон “Ориент инвест” ББСБ нь үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээчээр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилсон. Өөр өөр м.кв талбай бүхий орон сууцыг нэг ижил үнээр үнэлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй юм. 3 орон сууц бүгд ижил талбайтай болох нь гэрчилгээгээр тогтоогдоно. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Б.Амарсайхан өөрийн биеэр ирж гарын үсэг зурж авсан. Мөн анхны дуудлага худалдааны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1062 тоот мэдэгдлийг Б.Амарсайхан өөрөө тухайн өдөрт нь гардаж авсан мөртлөө 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4198 дугаар шийдвэрийн дагуу явагдсан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилон үнэлгээг шинээр тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай Б.Амарсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Б.Амарсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй талаарх эмчийн магадлагааг хүргүүлсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан тухай 25, 26 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Мөн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангаагүй. Үнэлгээний хувьд гэрч оролцуулах, шинжээчийн дүгнэлтэд санал нийлэхгүй байгаа тухай нотлох баримт бүрдүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг буюу хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Амарсайхан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11а байрны 23 тоот, 16 тоот орон сууц, мөн хаягт  байрлах 11б байрны 69 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар  гомдол  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Б.Амарсайханаас 218 150 000 төгрөг гаргуулж “Ориент-Инвест” ББСБ-д олгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4198 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тохиролцоогүй тул  үл хөдлөх эд хөрөнгөд  шинжээч томилон үнэлгээ хийлгэжээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх  ажиллагаа  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.   

 

Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимейт” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 11а байрны 16, 23 тоот, мөн хаягт байрлах 11б байрны 69 орон сууцны зах зээлийн бодит үнийг тус бүр 93 989 900 төгрөгөөр, хөрөнгийн нэгдсэн дүнг 281 969 600 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-46-58/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон 93 989 900 төгрөгийн үнийн 70 хувь 65 792 930 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоосон 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/44180 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Амарсайханд мөн өдөр мэдэгдсэн байна. /хх-59-60/

 

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Б.Амарсайханд үнэлгээний талаарх мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байхад тэрээр 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах тухай тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна.

 

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг  эрхээ хамгаалах, өмгөөлөгчийн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжоор хангасан, түүний эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэхээр, дээрх хугацааг шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан байна. 

 

Энэ хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш  2 сар гаруй хугацаанд явагджээ.

 

Дээрх хугацаанд нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулж хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн байна.

 

 Нэхэмжлэгч Б.Амарсайханы мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг эдлэх боломжийг  анхан шатны шүүх хангалттай хангасан,  шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагын  үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх , мэтгэлцэх эрх нь цаг хугацааны хувьд хангалттай байсан тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3…” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3…” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Амарсайханы төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД