Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2016/00635

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Ж-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Н-т холбогдох

 

Түрээсийн төлбөр, алданги 2.458.822 төгрөг гаргуулахыг хүссэн  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Ж , түүний өмгөөлөгч Т.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б , нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... О.Ж  миний бие өөрийн эцэг Ц.О-ын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12-р хороолол, 24-20 тоот 1 өрөө 18 м.кв талбай бүхий байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээсэлхээр тохирч 2015 оны 07 сарын 17-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар Г.Н-тай гэрээ байгуулсан болно. Г.Н  нь анх байранд орохдоо барьцаа болгон 100.000 төгрөг, 1 сарын түрээс 400.000 төгрөгийг бэлнээр өгөөд 8 дугаар сарын 17-нд 9, 10 сарын түрээс болох 800.000 төгрөг өгөөд 11 сарын түрээсийн төлбөрийг нэхэж байж 12 сард 400.000 төгрөг авсан. Үүнээс хойш түрээсийн мөнгө шаардсан боловч утас нь холбогдохгүй байгаад дараа нь түүний захирал болох Я-тэй 99105052 утсаар холбогдож 3-н сарын хугацаанд хөөцөлдөж байж 3 дугаар сарын 21-нд 1.000.000 төгрөг авсан. Ингээд Я-н захирал 10 хоногийн дараа 2, 3 сарын мөнгийг өгнө гэсэн боловч мөн адил тохиролцсон хугацаандаа өгөлгүй 2 сар гаран араас нь хөөцөлдсөн. Я захирал 5 дугаар сарын 25-нд 3 сарын хугацааны төлбөр болох 1.2000.000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөлгүй гэрээнд заасан хугацаанаас 6 сарын өмнө гараад явчихсан. Г.Н  манай байранд 2 сар орчим сууж байгаад өөр хүнд түрээслүүлсэн гэдгийг дараа нь өөрийнх нь амнаас сонссон. Г.Н-тай хийсэн түрээсийн гэрээнд дамжуулан түрээслэхийг хориглосон заалт байгаа. Энэ заалтыг үл тоон гэрээний нөхцөлийг зөрчсөн. Мөн түрээсийн хугацаанд хэрэглээний ашиглалтын зардал болох контор 30,729 төгрөг, цахилгааны төлбөр 9-р сараас хойш одоог хүртэл 159,242 төгрөг, СӨХ-ийн төлбөр 83.760 төгрөг, домофон 15.000 төгрөг, даатгал 10.000 төгрөг нийт 298.784 төгрөгийг төлөөгүй болно. Улсын төлбөрөөс цахилгааны зардал болох 159.242 төгрөгт цахилгаан эрчим хүчний хуулийн дагуу төлбөр төлөөгүйн алданги нь хоногийн 0,3 хувиар тооцоход 30 хоногтой 4 сар, 31 хоногтой 6 сар 29 хоногтой 1 сар нийт 335 хоногийн алданги 160.038 төгрөг болж байгаа юм. Үүн дээр түрээсийн гэрээнд зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувиар  тооцож алданги тооцоход 2 сарын түрээсийн төлбөр 800.000 төгрөгийн алданги нь хоногийн 20,000 төгрөг 60 хоногт бодохоор 1.200.000 төгрөг болж байна. Миний бие дээрх бүх тооцог нарийн бодохгүйгээр эвлэрүүлэн зуучлалд хандаж 1.472.400 төгрөг нэхэмжилж эвлэрэх санал гаргасан боловч Г.Н  зөвшөөрөхгүй шүүхийн байгууллагад ханд гэсний дагуу Хан-уул дүүргийн шүүхэд хандсан. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж улсын зардал 298.784 төгрөг, түрээсийн алданги 160.038 төгрөг, 2 сарын байрны 800.000 төгрөг, түрээсийн алданги 1.200.000 төгрөг нийт 2.458.822 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Зохигчид шүүхэд хуралдааны шатанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: 

“... О.Ж  нь Г.Н холбогдуулан 2,458,822 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд О.Ж  1,708,822 төгрөгөөс татгалзаж, 750,000 төгрөгийг хариуцагч Г.Н  2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд О.Ж-т төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

 

Нэхэмжлэл, эвлэрлийн гэрээ, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж  нь хариуцагч Г.Н -аас түрээсийн төлбөр, алданги 2,458,822 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч О.Ж 1,708,822 төгрөгөөс татгалзаж, 750,000 төгрөгийг хариуцагч Г.Н  2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд О.Ж  төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Ж  нь хариуцагч Г.Н-аас түрээсийн төлбөр, алданги 2,458,822 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч О.Ж 1,708,822 төгрөгөөс татгалзаж, 750,000 төгрөгийг хариуцагч Г.Н  2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд О.Ж-т төлөхөөр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ж-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ