| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/34245/И |
| Дугаар | 210/МА2026/00445 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00445
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17921 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа, хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ бодитой байх, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим, үнэлгээнд баримтлах үндэслэл, зарчим, олон улсын жишиг зөрчигдөж хэт багаар үнэлсэн.
Төлбөр төлөгч ******* хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу халдварт өвчний улмаас Халдвар судлалын үндэсний төвд эмчлүүлж байх хугацаанд түүнд үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсыг гардуулаагүй.
Үнэлгээ тогтоож байгаа байрны зах зээлийн жишиг үнэ 450-500 сая төгрөг орчим байгаа бөгөөд тэнд бага насны 4 хүүхэд ээжийн хамт амьдарч, цэцэрлэгт хамрагдаж байгаа. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид заасан шаардлага, төлбөр төлөгч *******гийн ач нар бүртгэлтэй, хууль ёсоор оршин сууж байгаа орон сууц зах зээлийн бодит үнэлгээтэйгээр дуудлага худалдаанд орох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилох тогтоолд *******-ийн үнэлгээчинг томилохоор тогтоосон. Гэтэл ******* гэдэг өөр этгээдээс тайлан дүгнэлт ирүүлсэн. Энэ нь нэг компани уу, эсвэл хоёр өөр компани уу гэдэг нь эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй этгээд нь тусгай тамга тэмдэгтэй, үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн байхыг хуульчилсан. Зөвшөөрөл авсан хүн дүгнэлт гаргах эрхтэй байхад тийм эрхгүй хүнийг томилж дүгнэлт гаргуулсан. 10-аас дээш жил ажилласан гэх шалгуур байдаг атал эрх, үүрэг тайлбарласан баримтад үнэлгээчин 6 жилийн туршлагатай гэсэн байна. Хэрэв үнэлгээчнийг шинжээчээр томилж ажиллуулж болдог гэж үзвэл зах зээлийн үнэлгээнээс багаар буюу м.кв-ыг 4,000,000 төгрөг гэж тогтоосон, өнөөдөр ******* сайт дээр 1 м.кв-ын үнэ 5,000,000 төгрөг байна. Тус тайланг ирүүлсэн үнэлгээчин үнэлгээ хийх эрхтэй болохоос шинжээчээр ажиллах эрхтэй гэж үзэхгүй. Мөн шинжээчээр *******г томилсон байхад компани тайланг хүлээлгэж өгөөд гарын үсэг зураад байгаа нь ойлгомжгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
1.2. Хариуцагч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа, төлбөр төлөгч *******гийн барьцааны хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 0 сарын 20-ны өдөр битүүмжилж, хөрөнгийг хурааснаас хойш сарын дотор төлбөр төлөгч талуудад үнийн саналаа өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Үнийн санал өгөөгүй тохиолдолд хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх хуулийн зохицуулалттай. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 9/63 дугаар тогтоолоор *******-ийн үнэлгээчин *******г шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлт нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Хөрөнгийн үнэлгээ 375,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар *******д утсаар мэдэгдэж Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 8 гудамж ******* хаягаар нь мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийг ******* гэх хүн хүлээн авсан шуудангийн албан тоот ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу, хугацаандаа явагдаж ирсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* нь манай байгууллагатай гэрээтэй үнэлгээ хийх эрхтэй. Хөрөнгийг үнэлгээний тайланг үнэлгээчин ******* өөрөө бичсэн талаар тайланд тусгагдсан. Төлбөр төлөгч *******тай олон удаа холбогдсон. Өмнө нь ******* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхөөс удаа дараа зайлсхийдэг. Залгахаар утсаа авдаггүй бөгөөд баримтаар баталгаажуулж авсан.
Хөрөнгө Эстимэйт үнэлээ ХХК нь үнэлгээ хийх зөвшөөрөлтэй. Захирал шинжээч *******гийн гаргасан тайланг албан бичгээр хүргүүлснээс өөрөө үнэлээгүй. Бусад үнэлгээг ******* өөрөө гардан хийсэн нь дүгнэлтэд тусгагдсан гэж маргажээ.
2. Анхан шатны шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.
2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/03387 дугаар шийдвэрээр хариуцагч *******гаас 98,371,082.17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01533 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх48-52/
2.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШЗ2024/18097 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх46-47/
3. Хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх53/, *******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу 43 дугаар байрны од байрлалтай, 82,47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 0 сарын 20-ны өдрийн 24361605/02 дугаар тогтоолоор битүүмжилж/хх64/, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24361605/03 дугаар тогтоолоор хураан авсан/хх67/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
4. Төлбөр төлөгч *******д 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3-4/4906 дугаар мэдэгдлээр дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнийн санал ирүүлэхийг мэдэгджээ. Талуудаас санал ирүүлээгүй тул 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/63 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор *******-ийн үнэлгээчин *******г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т нийцсэн байна./хх73,76-77/
4.1. Шинжээчээр томилогдсон *******-ийн үнэлгээчин ******* 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн *******, Бага тойруу 43 байрны 82,47 м.кв орон сууцыг 375,400,653 төгрөгөөр үнэлсэн байна./хх 87-105/
4.2. Шинжээчийн гаргасан дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлал, мөн хуулийн зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тус тус нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас багаар үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
5. Хариуцагч талаас үнэлгээний тайлан хийгдэж ирсэн талаарх 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-4/5501 дугаар мэдэгдлийг -аар хүргүүлсэн байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн илгээмжийг төлбөр төлөгч *******гийн өгсөн хаягаар хамаатан гэх иргэнд гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна. /хх106,109-110/
Түүнчлэн, төлбөр төлөгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах тухай баталгаатай танилцаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан тогтоол, бүхий л баримт бичгийг байнга оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8-28, мөн Баянзүрх дүүргийн 20 хороо, Нам давааны өвөрт гэсэн хаягаар хүлээн авах, хаягаа өөрчилсөн даруйд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргийг тус тус хүлээсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээний талаарх мэдэгдлийг гардуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй. /хх75/
6. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгчээс томилогдсон *******-ийн үнэлгээчин ******* гаргасан болох нь хэрэгт авагдсан шинжээч томилох тухай тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт зэргээр тогтоогдож байх тул эрх бүхий этгээдийг шинжээчээр томилсон гэж үзэх боломжгүй тухай хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11, 15, 16, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. Харин, шинжээч томилох тухай тогтоолд хуулийн этгээдийн нэр ******* гэж бичигдэж үнэлгээ гэсэн үгийг орхигдуулсан нь тухайн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар нэмж дүгнэнэ.
7. Нэхэмжлэгчээс гаргасан, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой миний хүсэлтийг бүрэн сонсоогүй, эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломж олгоогүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэн, улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг нэхэмжлэгч талд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардуулсан байна.
Шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх ба шүүхээс нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой миний хүсэлтийг бүрэн сонсоогүй, эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй бодит талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал, шүүхээс хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.
9. Анхан шатны шүүхээс, үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо үнэлгээний тайлангийн талаар мэдэгдсэн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш, шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан, мөн хуульд заасан 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх хүндэтгэн үзэх шалтгааныг нотлоогүй гэх дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.
10. Харин, анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг баримталсан хууль хэрэглээний алдааг залруулж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилнө.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17921 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 55.5-д гэснийг 55.7 дахь хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ