| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/21271/И |
| Дугаар | 210/МА2026/00447 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00447
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/00633 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 13,662,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,662,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, бетон зуурмаг үйлдвэрлэлийг хариуцан ажиллуулахаар тохиролцож ажлын хөлсөнд 27,602,400 төгрөгийг шилжүүлсэн ба гүйцэтгэгч талаас 13,940,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул илүү төлсөн 13,662,400 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ, ажил гүйцэтгэх гэрээгээр 7000 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэхээр тохиролцсон боловч захиалагч талаас шаардагдах материалаар хангах үүргээ биелүүлэхгүй байсаар гэрээний хугацаа дууссан, гэрээний хугацааг дуустал манай компанийн ажилчид ******* суманд байнга байрлаж, ажилчдын хоол, унаа, байрны түрээс, цалинг манай компани өгч байсан. Гэрээний 3.9-д зааснаар ажлын хөлсөө бүрэн авах эрхтэй гэж тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
3.1. ******* нь, *******-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Г/05/17-1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэгч буюу ******* нь захиалагчийн ******* аймгийн ******* суманд байрлалтай, үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай ******* хотхон төслийн талбай дээр суурилуулагдах GS500 маркийн бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцан ажиллуулах, нийт 7,000 м.куб бетон зуурмагийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үйлдвэрлэн гаргах ажил гүйцэтгэх ба ажлын хөлсөнд 140,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх9-11/
3.2. Ажил хүлээж авсан актаар А блокны нил суурь 279 м.куб, Б блокны нил суурь 279 м.куб, А блокны зоорийн давхар 139 м.куб, нийт 13,940,000 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч тал хүлээн авсан. /хх27/
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн хэмээн шүүхээс эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 27,602,400 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч талаас нийт 13,940,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэнд талууд маргаагүй бөгөөд харин, нэхэмжлэгчээс шилжүүлсэн ажлын хөлсний үлдэгдэл 13,662,400 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
4.2. Хариуцагч буюу гүйцэтгэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний явцад үүргийн зөрчил гаргасан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч буюу захиалагчаас өгсөн түүхий эд материалаар нийт 697 м.куб бетон зуурмагийг үйлдвэрлэн захиалагчид нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан ажил хүлээж авсан акт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна./хх27/
4.3. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д захиалагч нь бетон зуурмаг үйлдвэрлэхэд шаардлагатай бүхий л төрлийн /чанарын шаардлага хангасан/ түүхий эд материалыг хариуцах ба гүйцэтгэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бетон зуурмагийг үйлдвэрлэн гаргана, 2.2-т захиалагч гүйцэтгэгчийг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй, 3.9-д гэрээний хугацаанд бетон зуурмагаа захиалагч нь гүйцэд аваагүй тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн авах эрхтэй талаар тус тус тохиролцсон байна.
5. Талуудын гэрээний дээрх тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 болон 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй ажлын хөлсийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу захиалагч талаас гэрээний хугацаанд гэрээний 1.5-д зааснаар бетон зуурмагийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материалаар хангаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба гэрээний 3.9-д заасны дагуу гэрээнд заасан төлбөрөө гүйцэтгэгч тал бүрэн авах эрхтэй гэж тухайлан тохиролцсон байна. Иймд, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/00633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 13,662,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 226,262 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ