| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/00779/И |
| Дугаар | 183/ШШ2016/00779 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2016/00779
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ф ” ХХК-д /РД:5495423/ холбогдох
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 316.480 ам доллар буюу 631.539.005 /зургаан зуун гучин нэгэн сая таван зуун гучин есөн мянга тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Ф ХХК-тай “Ө ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр Булагийн ордноос олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгох, 2014 оны 1 сарын 01-нээс өмнө ордыг олборлолтонд хүргээгүй тохиолдолд хариуцагч нь 3%-ийн рояалтигийн оронд сар болгон 10,000 долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээж талууд харилцан тохиролцон 2011 оны 7-р сарын 17-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 2.2-ийн с-д “ордоос олборлогдсон дотоод болон гадаадын зах зээлд борлуулагдсан нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгож байхаар Худалдан авагч тал гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно. Худалдан авагч тал улирал болгоны сүүлийн өдөр тухайн улирлын борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн 3%-ийн рояалтиг олгох болно” гээд тус гэрээний 2.2-ийн е-д “Хэрэв 2013 оны 12 сарын 31 гэхэд Худалдан авагч тал Хөөвөр Булагийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10.000 ам.долларыг Худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно” гэжээ. Мөн 2012 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн 4 дэх заалтаар гэрээний 2.2-ийн е-д заагдсан “олборлолт” гэдэг гийг талууд “нүүрсийг газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцлийг хэлнэ гэж ойлголцож байна” хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10,000 ам.доллар төлөөгүй бөгөөд 2016 оны 01 сарын 01-ний байдлаар нийт 240,000 ам.доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн g-д “Худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.1%-ийн алданги тооцож худалдагч талд олгох болно” гэсэн заалтын дагуу 2016 оны 01 сарын 01-ний байдлаар нийт 240,000 ам.доллар хариуцагчид шилжүүлэх үргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 84,140 ам.долларыг хариуцан төлөх үүрэг бий болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн төлөх ёстой нийт алданги нь 76,480 ам.доллар болж байна. Иймд Иргэний хуулийн 208.1, 222.1.1, 225.2, 232.1, 232.4, 232.6-д тус тус заасны дагуу Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн е, g-д заасан үүрэг болох ам.доллар буюу 478,922,400 төгрөг, алданги 76,480 ам.доллар буюу 152,616,605 тегрөг, нийт 316,480 ам.доллар буюу 631,539,005 төгрөгийг /2016-01-03-ны өдрийн Монгол банкны албан ханш 1 $=1995.51 төгрөг/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэслэлд дурдсан 478,922,400.0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь илт өндөр, хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байгаа. Уг дүн нь хуульд заасан хязгаарлалт, шаардлагын хэмжээтэй нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 152,616,605.0 төгрөгийн алданги гаргуулах шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг Ө ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500,000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба гэрээний төлбөрийн асуудлаар талуудын хооронд маргаан байхгүй. Гэрээний 2.2.с хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ордоос олборлосон нүүрсийг худалдсан, үйлдвэрлэснээс олох орлогын 3 хувьтай тэнцэх рояалти авах эрхтэй. Гэрээний 2.2.d заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс аливаа санхүүжилт шаардахгүйгээр ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай хайгуулын ажлыг бүрэн санхүүжүүлэх үүрэг хүлээсэн нэхэмжлэгч гэрээний 2.2.с-д заасан 3 хувийн рояалти авах эрхээ хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь юм. Гэрээний 2.2.е-д заасанчлан хэрэв хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уурхайгаас олборлолт эхлээгүй бол нэхэмжлэгчид сар бүр 10,000 доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.2.f хэсэгт заасанчлан нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлөх эхний хэсэгчилсэн төлбөрөөс Ө ХХК-ийн өр төлбөрийг төлж барагдуулах бөгөөд 2011 оны 7 дугаар сарын 31-нээс өмнө Өнт-Өнгөт ХХК-аас 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болон хуулийн фирмээс баталгаа авах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 2.2.g хэсэгт заасанчлан хэрэв хариуцагч нь гэрээнд заасан хэсэгчилсэн төлбөрийг төлж чадахгүй бол хэсэгчилсэн төлбөрөөс хоног тутам 0.1 хувийн алданги торгууль төлнө. Гэрээний 5.8 дахь хэсэгт гэрээг Англи, Монгол хэлээр үйлдсэн бөгөөд 2 хэлний хооронд зөрүү гарсан тохиолдолд Англи хэл дээрх эхийг баримтлахаар заасан. Гэрээний 2.2.е хэсгийн заалт нь гэрээний 2.2.с хэсэгт заасан нэхэмжлэгчийн 3 хувийн рояалти авах эрхээ хэрэгжүүлэх үндсэн баталгаа болсон хариуцагчийн нэхэмжлэгчид 3 хувийн рояалти олгох үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго бүхий, Иргэний хуулийн 232.5-д заасан анзын нэг төрөл торгууль юм. Хариуцагч рояалти олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд сар бүр 10,000 ам.долларыг торгууль болгон нэхэмжлэгчид олгуулахаар заасан нь хариуцагч мөн гэрээний 2.2.d-д заасны дагуу хайгуулын ажлыг цаг алдалгүй хийж дуусган, ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, нэхэмжлэгч тухайн ордоос эдийн засгийн үр ашиг цаг алдалгүй хүртэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн агуулгатай зохицуулалт. Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2.е хэсгээр “хариуцагч нь 3 хувийн рояалтигийн оронд сар болгон 10,000 долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн” гэдэг нь үндэслэлгүй, уг хэсэг нь гэрээний 2.2.с-д заасан үүргийг дуусгавар болгох, солиход чиглэсэн агуулгагүй. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний 2.2.с-д заасан үүрэг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа ба уурхайгаас олборлолт явуулсан тохиолдолд нэхэмжлэгч рояалтийн эрхээ хэрэгжүүлэх боломжтойг үүгээр баталж байна. Гэрээний 2.2.g хэсэг нь хариуцагч гэрээний 2.2.a, 2.2.b-д заасан гэрээний үнийн хэсэгчилсэн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, Иргэний хуулийн 232.6-д заасан анзын нэг төрөл болох алданги нь гэрээний Англи эхэд заасанчлан хэсэгчилсэн төлбөрт хамаарна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2.е-д заасан торгуульд тооцон нийт 478,922,400 төгрөг нэхэмжилсэн нь илт өндөр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнэ буюу Хөөвөр булагийн ордод хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Ө ХХК-ийн бүх хувьцаа 500,000 доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцвол нийт 997,755,000.0 төгрөгийн үнийн дүн бүхий компанийн эзэмшиж байгаа Хөөвөр булагийн ордоос 3 хувийн рояалти авах асуудал. Гэтэл энэхүү 3 хувийг олгохтой холбоотой үүргээ гүйцэтгээгүйн төлөө төлөх торгуулийн хэмжээ нь анхны гэрээний нийт үнийн дүнгийн 48 хувьтай тэнцүү байгаа нь бодит байдалд нийцээгүй юм. Үүрэг гүйцэтгээгүйн төлөө сар бүр төлөх 10,000 долларын торгууль нь анх байгуулсан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэж байгаа нь илт өндөр байгааг нотолж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн хэмжээ нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагад хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй тул торгуулийн хэмжээг бодитойгоор тогтоосон эсэх нь эргэлзээтэй, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн нийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Маргаанд хамаарах үндсэн асуудал нь нэхэмжлэгчийн 3 хувийн рояалтийн эрхээ хэрэгжүүлж чадаагүйтэй шууд холбоотой, уг эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлээгүйн төлөө хариуцагчид ногдох торгуулийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа утгаараа гэрээний 2.2.е-д заасан торгуулийн хэмжээ хуулийн 232.4-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход гүйцэтгээгүй үүрэг нь юу болох, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэд вэ гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч энэхүү үүргийн үнийн дүнг гэрээний анхны дүнгээс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ Иргэний хуулийн 232.4-т шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор хэрэв Хөөвөр булагийн ордод 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс олборлолт явуулж эхэлсэн бол өдийг хүртэл хэдий хэмжээний борлуулалтын орлого олох байсан, түүний 3 хувь нь хэд болох гэдгийг тогтоох шаардлагатай. Иргэний хуулийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байдаг. Хариуцагч нь хэргийн дараах бодит нөхцөл байдалд тулгуурлан хуулийн дээрх заалтаар анзын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд: Талууд 2011 оны 7 дугаар сард гэрээ байгуулснаас хойш буюу 2012-2015 онуудад Монгол Улсад эдийн засгийн өсөлт эрс удааширч хүндрэл бэрхшээл бий болсон. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нүүрсний уналт нь төслийн эдийн засгийн ашгийг эрс бууруулж, боломжит хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахаа больсноор хариуцагч нь Хөөвөр булгийн ордыг олборлож эхлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Гэрээ байгуулснаас хойш нөхцөл байдал ийм болсон ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Хөөвөр булагийн ордоос олборлолт ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг өөрийн хүч бололцоог дайчлан авч хэрэгжүүлж байсан. Нэхэмжлэгч Гэрээний 2.2.g болон 2.2.е заалтыг буруу ойлгосноос болж нийт 152,616,605 төгрөгийн алдангийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хоног тутам 0.1 хувиар бодох алданги нь гэрээний 2.2.е-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10.000 ам.доллар төлөх нь Иргэний хуулийн 232.5-д заасан торгууль тул анзаас алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Ф ХХК-д холбогдулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 316.480 ам.доллар буюу 631.539.005 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохиролцсоноор сар бүр 10.000 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч тохиролцсон хугацаанд олборлолт эхлүүлээгүй бол 10.000 ам.доллар төлнө гэсэн нь торгууль болохоос үүрэг биш тул анзаас алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргалаа.
Нэхэмжлэгч Б.Э нь “Ф ХХК-тай “Ө ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 7-р сарын 17-ны өдөр байгуулж, хувьцааны үнэнд 500.000 ам.долларыг төлөх үүргээ биелүүлсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй байна.
Гэрээний 2.2-ийн е-д “Хэрэв 2013 оны 12 сарын 31-н гэхэд худалдан авагч тал Хөөвөр булгийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10.000 ам долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно” гэжээ.
Хариуцагч тал нь гэрээний энэхүү заалтын тухайд маргаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзэв.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээний биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсч, гэрээнээс учирсан хохирлыг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж, 232.5-д үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан анзыг торгууль гэж тодорхойлсон байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.2-ийн е заалтын агуулгаас дүгнэхэд ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд сар бүр хариуцлага тооцохоор заасныг торгууль гэж үзэхээр байна.
Хариуцагч тал нь хөрөнгө оруулалт болон нүүрсний уналт, улс орны эдийн засгийн байдалтай холбогдох нөхцөл байдал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх ч энэхүү байдлыг гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй тул торгуулийг багасгах үндэслэл болохгүй юм.
Харин зохигч нь Хөөвөр булагийн ордод 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс олборлолт явуулж эхлэх үүргээ биелүүлээгүй, тухайн ордыг ашиглах эрхээ 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан гэж тайлбарлах тул энэ хүртэлх 20 сарын хугацааны 200.000 ам долларын торгуулийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь энэ хугацаанаас хойш ордыг олборлолтод хүргэхэд Монгол улсад хөрөнгө оруулалт багассан, зах зэл дээрх нүүрсний уналт, улс орны эдийн засгийн байдал зэрэг нөхцөл байдал нь Хөөвөр булгийн ордыг олборлож эхлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 сарын хугацааны 40.000 ам долларыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон ба анз буюу торгууль болон алдангийг гаргуулах буюу өөрөөр хэлбэл гэрээний үүргийг биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд давхар хариуцлага тооцохгүй тул хариуцагчаас алдангид 76.480 ам доллар гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасанд нийцүүлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Монгол банкны лавлагааг үндэслэн 1 ам долларыг 1995.51 төгрөгийн ханшаар тооцож, нийт 200.000 ам доллар буюу 399.102.000 төгрөгийг хариуцагч “Ф ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116.480 ам доллар буюу 232.437.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүхэд гэрч Б.С хууль сануулан асуух гэтэл тэрээр хянан хэлэлцэгдэж буй хэрэгт сонирхол бүхий этгээд байх тул оролцуулаагүй болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.315.645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.153.460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д зааснаар хариуцагч “Ф ХХК /РД: 5495423/-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу 200.000 ам.доллар буюу 399.102.000 /гурван зуун ерэн есөн сөя нэг зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хурган овогтой Б.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116.480 ам.доллар буюу 232.437.005 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.315.645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.153.460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ