Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 218/МА2026/00005

 

  *******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Г.Мөнхбат, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 310/ШШ2026/00005 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******н нэхэмжлэлтэй, *******, ******* нарт хариуцагдах 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:  “*******, ******* нар нь 2023 оны 01 сарын 10-ны өдөр зээл авсан. 110,000,000 төгрөгөөс 2023 оны 02 сарын 28-нд 46,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 01-ний дотор 64,000,000 төгрөгийг төлнө гэж тохиролцон нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний хугацаанд болон өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй. Тооцоогоо хий гэж хэлэхэд өгөхгүй гэж хэлдэггүй, харин янз бүрийн шалтаг хэлдэг. 2025 оны 09 сарын 03-нд эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан боловч 2025 оны 09 сарын 25-нд ******* ганцаараа ирсэн учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдээгүй. 2025 оны 10 сарын 10-ны өдөр ******* утсаар залган шүүх дээд мөнгөө олж ав гэсэн тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд *******, ******* нараас 110,000,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

             Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2025 оны 10 сарын 15-ны өдөр хариуцагч *******, ******* нараас 110,000,000 төгрөгийг нотариатын гэрээг үндэслэж нэхэмжилсэн. Хариу тайлбар дээрээ энэ мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна. Энэ 2 хүн надаас удаа дараа мал, мах авч худалдаа наймаа эрхлэх гэсэн юм гэж мөнгө авч байсан. Бид нарын үйл ажиллагаа цааш үргэлжлэхэд банкнаас зээл авах гэсэн юм, 20,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож зээл авах шаардлагатай гэж ******* нь 2020 оны 07 сарын 21-ний өдөр мөнгө авсан. 2019 оны 09 сарын 17-ны өдөр Ган- Эрдэнэ 10,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 21-ний өдөр 11,000,000 төгрөгийг Ган- Эрдэнэ нь авсан. 2020 оны 07 сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийг *******, 2020 оны 11 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг *******, 2020 оны 07 сарын 21-ний өдөр нөхөр болох ******* 2,000,000 төгрөг авсан. Энэ 20,000,000 төгрөгийг авахдаа 12,000,000 төгрөгийг дансаар аваад үлдсэн 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгөнүүдийг авчхаад бид 2 мах урагшаа гаргасан мөнгө нь орж ирэхгүй байна. Мөнгө нь орж ирвэл мөнгийг нь төлнө гэж тайлбар хэлсэн байдаг. Энэ 46,000,000 төгрөгөөс энэ 2 хүн нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй. Би утсаар ярьсан очиж уулзахад та тэвчээртэй хүлээж бай таныг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Эхлээд хугацаатай мөнгөө өгөөд таны мөнгийг гэрээн дээр заасан хугацаанд өгөх байсан мөнгийг тань хохиролтой хамт олох байсан мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн. 2023 оны 01 сарын 09-ний өдөр өөрийн биеэр уулзаж та хоёрыг их хүлээлээ энэ мөнгө миний амьдралын эх үүсвэр мөнгөн баталгаа, энэ бага мөнгө биш их мөнгө, одоо миний мөнгийг та 2 яаж өгөх вэ олох ёстой орлогыг яаж өгөх вэ гэж 3 биеэрээ 100 айлд ажиллуулдаг буудал дээр нь очиж уулзсан. Маргааш гэрээ хийе нотариатаар оръё бид нар тооцоо хийж бодсон. 2019 оноос 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож үзэхэд нэлээн их дүн гарсан. Бид 2 банкнаас зээл авч чадахгүй байна. Махаа урагшаа гаргаад борлуулчихсан гэж хэлсэн. Махаа борлуулчхаад мөнгөө надад өгөөгүй. Бид хоёрын олж байгаа орлого энэ буудлын орлого. Зээл авах гэсэн зээл бүтээгүй учир таны зээлийг өгч чадаагүй өдий хүрлээ. Таныг хохиролгүй болгохын тулд бид хоёр 110,000,000 төгрөг болгож төлье, баталгаа болгож нотариатаар гэрээ хийе гэж гэрээг хийсэн. Энэ 46,000,000 төгрөгийг аваад өдийг хүргэсэн. Төлөх нь үнэн гэж хуваарь гаргаад 2023 оны 01 сарын 10-ны өдөр намайг охиныдоо очиход манай охины ойролцоох нотариатын газар энэ гэрээг хийсэн. 02 сарын 28-ны өдөр үндсэн 46,000,000 төгрөгийг 04 сарын 01-ний өдөр намайг хохиролгүй болгох мөнгөө Бат-Өлзийн дансаар шилжүүлнэ гэж хэлсэн. Энэ мөнгөө авах гэж нотариатын гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ баримтууд яагаад хуулбар нотариатын гэрчилгээ байхгүй байна вэ гэхээр энэ хүмүүс өөрсдөө байж батална гэсэн. Надаас 46,000,000 төгрөгийг авахдаа баталгаа болгож өгсөн. Мөнгөө төлөөгүй болохоор энэ зүйлүүд надад одоо хүртэл байдаг” гэв.

2.Хариуцагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2023 оны 01 сарын 10-ны өдөр нотариат орсон. Зээлийн гэрээний дагуу *******гөөс Б.*******, ******* бидний дансанд мөнгө орж ирээгүй. Тодруулбал тухайн гэрээг хийхдээ бидэнд мөнгө зээлэхээр тохиролцож нотариат орсон боловч нотариатаас гараад тохиролцсон мөнгөө бидэнд өгөөгүй байж нотариат дээр хийсэн зээлийн гэрээгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 01 сарын 10-ны өдөр мөнгө зээлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн тэр хүү зээлийн гэрээгээр 110 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх гэрээний дагуу мөнгө зээлээгүй тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлээсээ өөр тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл өмнөх асуудлууд ийм байгаа юм гэж нэхэмжлэл дээрээ дурдсан бол өөр байх байсан байх. Нэгэнт нотариатаар орж 110,000,000 төгрөг зээлж аваагүй гэдгийг өөрөө бас хэлж байна. 2023 оны 01 сарын 10-ны өдрийн гэрээний 1.2-т талууд үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой. 3.1-т зээлийн хугацаанд мөнгийг нь өгөх ёстой. Мөн дээрээс нь хүү алдангигүй гээд ийм заалтууд байгаа. 110,000,000 төгрөгөөр тохирсон хугацаандаа мөнгөө шилжүүлээгүй. Энэ 110,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Огт өгөөгүй мөнгөө авъя гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэжээ.

 4. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

           4.1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 110,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,   

           4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 707,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбар: ... Хариуцагч *******гийн *******, *******ийн ******* бид Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23 өдрийн 310/ШШ2026/00005 шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж зээл авахаар тохиролцож нотариат орсон бидний дунд урьд нь зээл авч, өгч байсан удаа байдаг. 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний дагуу *******гөөс мөнгө бидний дансанд орж ирээгүй. Зээлээ өгөхийг хүссэн боловч шилжүүлээгүй.

Тодруулбал тухайн гэрээг хийхдээ бидэнд мөнгө зээлэхээр тохиролцож нотариат орсон болов ч нотариатаас гараад тохиролцсон мөнгөө бидэнд өгөөгүй байж нотариат дээр хийсэн зээлийн гэрээгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тэрээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа 110,000,000 төгрөг зээлсэн тэр зээлсэн мөнгөө нэхэмжилж байна гэсэн утга агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Бидний зүгээс шүүхэд хариу тайлбар зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй гэдгийг шүүхэд тайлбарласан. Гэтэл шүүх хурал дээр өмнө зээлсэн мөнгөний баримт гарган тэр зээлийн гэрээнд хамаатуулан шүүх түүнийг нь тооцоо нийлсэн гэрээ байна гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна.

Бидний гэрээ бол Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйл. Зээлийн гэрээ 281.1.3ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 282.4. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* гэрээгээр мөнгө шилжүүлээгүй ба үүнийгээ ч хурал дээр өөрөө хэлдэг. Гэтэл Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23 өдрийн 310/ШШ2026/00005 шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Миний хувьд дээрх гэрээгээр мөнгө зээлэх хүсэлтэй мөнгөний хэрэгцээ шаардлага байсан учир нотариат орж гэрээ хийсэн. Гэтэл шүүх тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийг анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа Б.*******, ******* биднийг 2023 оны 01 сарын 10 өдөр зээл авсан 110,000,000 төгрөгөөс 2023 оны 02 дугаар сарын 28-нд 46,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний дотор 64,000,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон нотариат орж гэрээ байгуулсан.

Гэтэл гэрээний хугацаанд нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй гэж 2023 оны 01 сарын 10 өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэл гаргасаар байхад тооцоо нийлэх гэрээ гэж үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Дээрх гэрээгээр мөнгө зээлээгүй, зээлдүүлээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Иймд 2023 оны 01 сарын 10 өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн бодитоор мөнгө зээлдүүлээгүй хэлцэл тул Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23 өдрийн З10/ШШ2026/00005 шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2019 оноос 2022 оны хооронд надаас удаа дараа мөнгө зээлж нийт 46,000,000 төгрөг болсон. Би зээлсэн мөнгөө нэхэж хэд хэдэн удаа гэрт нь очих, утсаар ярих зэрэг арга хэмжээг авч байсан. Гэвч энэ хугацаанд 1 төгрөг ч өгөөгүй. Арга ядаад 2023 оны 01 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод очиж уулзахад нөхөр нь намайг ямар ч байсан хохиролгүй болгон гэсэн. Тухайн зээлсэн мөнгөний 20,000,000 төгрөгийг хүүхдүүдээсээ авч өгсөн тул хүлээх боломжгүй гээд би Баянбүрдэд байрлах хариуцагч нарын ажиллуулдаг буудалд дагаж очсон. Эхнэртэй нь хамт гурвуулаа ярилцаж, яагаад төлөөгүй талаар тайлбарлахдаа мах гаргах гэсэн боловч корона гараад хохирсон гэж байсан. 2020 оноос хойш маш олон мессежээр өгнө гэдэг байсан. Тухайн өдөр шөнийн 03 цаг хүртэл ярилцаад таныг хохироосон нь үнэн тул таны олох байсан мөнгийг, үндсэн зээлтэй нь нийлүүлээд 110,000,000 төгрөг өгье гэж тохирсон. Маргааш нь өөрсдийн биеэр ирж дээрх хэлж ярилцсанаараа нотариатаар гэрээ батлуулсан боловч одоог болтол 1 ч төгрөг өгөөгүй. 2025 оны 09 сард эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эхнэр нь ирж, нөхөр нь ирээгүй тул эвлэрч чадалгүй шүүхэд хандсан. Би 110,000,000 төгрөгийг өгнө гэж гэрээ байгуулаагүй. Таныг 2 удаагийн төлөлтөөр хохиролгүй болгон л гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулснаас хойш 1 төгрөг ч төлөөгүй, утсаар л ярьдаг байсан. 10,000,000 төгрөг төлсөн талаар анхан шатны шүүхийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ярьж байсан. Надад төлсөн зүйл одоогоор байхгүй. Анхан шатны шүүх дээр 46,000,000 төгрөг зээлж авсантай маргах зүйл байхгүй талаараа ярьж байсан. Гэвч 110,000,000 төгрөг зээлээд 46,000,000 төгрөгийг буцааж өгөх ёстой байсан мэтээр тайлбарлаж маргаан үүссэн. 110,000,000 төгрөг зээлэх тухай ямар ч асуудал тухайн гэрээнд дурдагдаагүй гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2023 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ..

Хариуцагч *******, ******* нар нь 2023 оны 01 сарын 10-ны өдөр нотариат орж 110,000,000 төгрөг зээлүүлэх гэрээ байгуулсан боловч нотариатаас гараад тохиролцсон мөнгөө бидэнд өгөөгүй байж нотариат дээр хийсэн зээлийн гэрээгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 01 сарын 10-ны өдөр мөнгө зээлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн тэр хүү зээлийн гэрээгээр 110 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гол нөхцөлийг тохирсон 3 дугаар зүйлийн  3.4-т зээл олгох хэлбэр, хугацааг бэлнээр 2023.01.10 гэж тодорхойлсон байтал

Уг гэрээний 3.6-д эргэн төлөх нөхцөлийг 2023.02.28-ны дотор 46,000,000 төгрөгийг өгнө үлдэгдэл мөнгийг 2023.04.01-нд төлж дуусгасан байна. Мөнгийг ..... тоот  *******н дансаар төлнө. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: барьцаагүй гэжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа

  1. 2023 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан 110,000,000 төгрөгийн буюу шинэ гэрээний үүргийн гүйцэтгэл
  2. 2019-2021 онуудын хооронд зээлсэн хэд хэдэн зээлийн гэрээнүүдийн шинэчилсэн хувилбар,
  3. Өөрт учирсан хохирол буюу олох ёстой орлого гэж хэдэн янзаар тодорхойлж тайлбарлаж байна.

3. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Бодит байдлаар 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй өмнөх 4 зээлийн гэрээний шинэчилсэн гэрээг талууд 2023 онд байгуулсан гэдэгт маргаагүй байна.

Шүүх талуудын хооронд анхны байгуулсан гэрээний хүчинтэй байдал, үүргийн гүйцэтгэл, зээлийн үлдэгдлийн талаар тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэх тухай заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, маргааны үйл баримт тодорхойгүй байхад Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 310/ШШ2026/00005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

           4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                   Г.БАЯРДАВАА

 

 ШҮҮГЧИД                                  Г.МӨНХБАТ

 

                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ