Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 218/МА2026/00007

 

 *******, *******, *******,

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Г.Мөнхбат, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/00011 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн “” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, болон ******* нарт хариуцуулан “2024 оны гүйцэтгэлийн урамшуулалд 35.886.200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч , нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:  “Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төв” нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ДУ-05/395 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу ӨЭМТ-өөс үзүүлэх 4 багц тусламж үйлчилгээг сар бүр гүйцэтгэж гүйцэтгэлийн санхүүжилт авч байсан. ******* нь нэмэлт орлого болох ЭМД-ын санхүүжилтээс гүйцэтгэсэн эмч сувилагч нарт урамшуулал олгох тухай ӨЭМТ-ийн 2024 оны 01 сарын 19-ний өдөр нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж олгохоор зөвшөөрсөн байдаг.

           Хөдөлмөрийн дотоод журмын 1.8.14-д заасны дагуу ӨЭМТ-ийн дүрмийн 4.2.6-д заасны дагуу нөхөрлөлийн гишүүдээр хэлэлцэж гүйцэтгэлийн урамшууллыг хувьчлан тооцож, гүйцэтгэл хийсэн их эмч, сувилагч нарт гүйцэтгэлийн орлогын 10-20 хувийг сар бүр нэмэлт урамшууллаар олгож ирсэн. 2024 оны 01 сараас урамшуулал олгож байгаад ЭМДЕГ-ын санхүүжилт олголт тасарч 9,10,11,12 саруудын урамшуулал олгоогүй. ЭМДЕГ-с 2025 оны 01 сарын 13-ны өдөр ЭМТ-ийн 2024 оны өглөг гэж 91.817.000 төгрөг орж ирснийг дарга асан *******, ня-бо нар санхүүжилт орж ирээгүй гэж удаа дараа ажилчдыг үл тоон ёс зүйгүй харьцаж 2 сар хүргэсэн. Ажилчид ЭМДЕГ-аас асууж тодруулж санхүүжилт 2024 оны 01 сарын 13-ны өдөр бүрэн олгогдсоныг 2024 оны 01 сарын 24-ний өдөр мэдэж удаа дараа шаардлага тавихад олгоно, бодож байгаарай гэсээр татан буугдсан. Иймд бид бүгдийн ажлын хөлс болох 9,10,11 сарын 35.886.200 төгрөгийн урамшууллыг нөхөж олгож өгнө үү” гэжээ.

  1. 2. Хариуцагчийн төлөөлөгч “” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ- нөхөрлөл /дарга *******/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-нд гарсан А/118 дугаар захирамжаар 2 өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх шийдвэр гарсан. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм батлах тухай” А/320 дугаар тушаалын 1.9 дээр “Өрхийн эрүүл мэндийн төвийн ногдох иргэний доод хязгаар нь аймаг орон нутагт 8000-аас доошгүй” гэсэн заалт байдаг. ...Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалтай худалдан авах гэрээ байгуулдаг. Санхүүжилтийн 2 эх үүсвэртэй байдаг. Үүнд: 1. Нэг иргэний санхүүжилт - Энэ нь хүн амынхаа тоогоор тогтмол ордог санхүүжилт, 2.4 төрлийн тусламж үйлчилгээ- сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ. Энэ нь тухайн өрхийн эрүүл мэндийн төв хийснээрээ нэмэлтээр авдаг санхүүжилт. Нэг ёсондоо өдрийн эмчилгээнд хүн хамруулбал 120.000 төгрөг, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд хүн хамруулбал 100.000, сэргээн засах тусламж үйлчилгээнд хүн хамруулбал 80.000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг авдаг.

“Боржигон мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 2024 онд гүйцэтгэлийн урамшууллыг хийж ажилласан байдаг. Энэ нь 4 төрлийн тусламж үйлчилгээнд хүн хамруулбал нэг эмч, сувилагчид хэдэн төгрөг өгнө гэсэн урамшууллын тогтолцоо. Энэ нь аудит дээр хязгаарлалттай дүгнэлт авсан. Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар албан хаагч нарын ажлыг улирал бүр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг давхардуулан тооцож олгосон гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлээд 2025 онд энэ зөрчлийг арилгаж ажилла гэсэн байсан. Энэ 4 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь эрүүл мэндийн төвийн ажилчдын үүрэг юм. Энэ урамшууллыг манай эмнэлэг олгодоггүй байсан. Аудитаас энэ гүйцэтгэлийн урамшууллыг олгох нь буруу гэсэн болохоор миний хувьд энэ гүйцэтгэлийн урамшууллыг олгох боломжгүй. Ажилчдынхаа эрх ашгийн төлөө хууль ёсны олгох бүх урамшууллыг олгож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

  1. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* би анх оны 3 сард Боржигон Мандал ӨЭМТ-ийн даргаар ЭМГ-ын даргын тушаалаар очиж ажиллаж эхэлсэн. Намайг очоод ажил авахад ЭМД-ын 4 тусламж үйлчилгээг хийдэг боловч программ дээрээ шивэлтээ хийж санхүүжилтээ авч чаддаггүй зөвхөн 1 иргэний санхүүжилтээрээ зөвхөн цалингаа тавьдаг дансандаа мөнгөгүй, 30-аад сая төгрөгийн өртэй байсныг Ө.Нямсүрэн даргаас ажил хүлээж авсан. Ажил хүлээж аваад 2023 онд даатгалын санхүүжилтээ би өөрөө шивж санхүүжилтээ нэмэлтээр авч эхэлсэн. Эмч нар тусламж үйлчилгээ үзүүлэх хүмүүсээ над руу явуулж хурууны хээг нь уншуулж би шивэлтийг нь хийдэг байсан. Тухайн 2023 онд улирлаар нь үр дүнгийн урамшуулал болох 60% хүртэлх хувиар бөөн өгөх боломжгүй санхүүжилтгүй байсан учир ажилчдадаа хурал хийж тухайн сарын ажлыг сар сард нь үнэлж дараа сард нь сар болгон 20% хүртэлхээр үр дүнгийн урамшууллыг олгож байсан. 2023 онд 4 тусламж үйлчилгээг хийсний үр дүнд байгууллага өргүй болж нэг иргэний зардлын 20% болох санхүүжилтийг шалгуур үзүүлэлтийн дагуу авч санхүүжилтээ бас нэмэгдүүлж чадсан. 2023 оны сүүлээр байгууллага өртэй авч байсан 30-аад сая төгрөгийн өрийг дуусгаж ажилласан. 2023 оны сүүлээр 11 сард Өрхийн холбооны гүйцэтгэх захирал Хажидмаа ирж цаашид ӨЭМТ санхүүжилтээ авч чадсанаар оршин тогтнох боломжтой байдлаар бидэнтэй уулзсан. Үүнд дарга ярихдаа ЭМД-аар 4 тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч сувилагч нарыг хийж гүйцэтгэсэн санхүүжилтээс нь урамшуулал өгвөл ажилчид урамшина, дээр нь нэмээд санхүүжилтээ сайн авч чадах болно гэж хэлж байсан. Жишээ нь сэргээн засах тусламж үйлчилгээнээс 1 иргэнээс 20.000 төгрөгийг эмчид, өдрийн эмчилгээнээс эмчид 15.000 төгрөг, сувилагчид 15.000 төгрөгийг хийсэн эмч, сувилагч нарт өгвөл болно гэж тооцож хэлсэн юм. ...Үүнээс хойш эхлээд 2 эмч урамшуулал авъя гэж орж ирдэг байсан үүний дараагаар ажилчдыг бүгдийг нь дагуулж орж ирээд бид гүйцэтгэлээ хийгээд, урамшууллаа авъя гэж орж ирдэг болсон та нар аудит ороод акт тавивал яах вэ гэж асуухад бид авсан юм чинь төлж чадна гэж , нар хэлж байсан, ер нь бол акт тавиулж төлүүлэх үгүйг дарга, ня-бо-ын асуудал, би олон жил аудитаар орж байсан хүн шүү дээ гэж хэлсэн. Нөгөө хэд авах ёстой юмаа авмаар байна, хийж байгаа нь үнэн гэж цалин бага бол хүний нөөцгүй болно шүү гэж их эмч хэлсэн.... 2024 онд эхний хурлаа хийж цалин урамшуулал тогтоох, үр дүнгийн урамшууллыг улирал бүр олгох, ЭМД-ын санхүүжилтээр урамшуулал олгох эсвэл олгохгүй ч байж болохоор гэж хэлээд эхний хурлаа би хийсэн, бүгдээрээ ярилцана гэж хэлээд хийсэн юм. 2024 оны хурлыг лавлагаа мэдээллийн ажилтан ******* бүгдийг бичиж бүх хүмүүсээрээ гарын үсэг зуруулаад надад өгдөг байсан билээ. Хурлын тэмдэглэлийг дандаа 1 хувийг үйлдэж гарын үсэг зуруулаад надад өгдөг өгсөн 1 хувийг би нягтланд өгч санхүүгийн» баримтад хавсаргадаг байсан. Эхний цалин тогтоосон хурлын тэмдэглэлийг хэлж байж нэмж 1 хувь гаргуулж, гарын үсэг зуруулж ЭМГ-т өгч би цалин авах тушаалаа гаргуулж авч байсан.

Бүгдээрээ урамшуулал гүйцэтгэлээ авч ажиллана гээд хурлаараа хэлэлцэж тогтоож гарын үсэг зурж 'баталгаажуулсан. Миний цалинг 1.957.000 төгрөгөөр тогтоож өгсөн нь ЭМД-аар 1 эмч ер нь 500,000 төгрөгийн санхүүжилтийг дор хаяж авах юм байна гэж бодож ын хэлснээр бусад нь зөвшөөрч тогтоосон билээ. Бүх ажилчдын цалинг ТҮЭМ шатлалын цалингаас нэмж үндсэн цалинг тогтоосон. Тэгээд дээр нь ЭМД-ын нэмэлт урамшууллаа эмч, сувилагч, лавлагаа мэдээллийн ажилтан шивэлт хийсэн гэж авч байсан. Бүх эмч сувилагч нарт ЭМД- ын шивэлтийг өөрсдөд нь зааж өгөөд шивэлт тусламж үйлчилгээг нь багийн эмч сувилагч нараар нь үзүүлж хийлгүүлж эхэлсэн. Санхүүжилтийг 2024 оны 01 сараас эхэлж хийснээр тооцож 3 сараас эхэлж урамшууллыг бодож олгосон. Дотоод журамд бүгд сууж байгаад хэлэлцэж өөрчлөлт оруулсан. Үр дүнгийн урамшуулалтай давхар сард олгохгүй гэж улирлын үр дүнг4, 7, 10, 12 сард олгосон, ЭМД-ын нэмэлт урамшууллыг 3, 5, 6, 8, 9 саруудад Их эмч, сувилагч, лавлагаа мэдээллийн ажилтан нарт олгосон.

...Ингээд би 10 дугаар сараас 4 сарын хэвлийн эхо дээшлүүлэх сургалтад Гуравдугаар эмнэлэгт сурахаар Төрийн сангаар ЭМГ-тай гэрээ байгуулан явсан. Цалинг 20-ны дотор олгож байсан. ...Сурахаар явснаас хойш сар болгон л ийм асуудал их гарч хэцүү байсан. Цалин хэлснээр эрт тавьчихаар ажил хийдэг хүн байхгүй, бие биедээ хэлээд яваад өгдөг байсан, сурах хугацаанд 1 хоногийн чөлөө хэлж надаас авсан чөлөө зөвшөөрөл байдаггүй байсан.

ЭМД-аас манайх авлагатай гарсан. 2025 оны 01 сарын 25-ны дотор Аудитад манайх материалаа өгөх байсан боловч нярав хавсарч хийдэг ******* материалаа хугацаанд өгөөгүй сарын эхээр нягтлан одоо өг гэж нэхсээр байгаад өгч шалгуулсан. Манайд шалгалт хийсэн аудитороор санхүүгийн баримтыг урьдчилж үзээд дахин энэ ЭМД-ын урамшуулал гэж өгсөн урамшууллыг одоо олгохгүй шүү, манайх акт тавина гэж ня-бод хэлсэн байсан ня-бо надад хэлээд акт битүү тавиул гуйх боломж байвал гуйгаад эргэж төлүүлэхгүй ямар арга, боломж байна гэж хэлээд ня-богоор гуйлгуулж албан шаардлага хязгаарлалттай авсан. 2 сарын эхэн хүртэл нярвын тайлангаа өгч шалгуулаагүй хугацаандаа материалаа өгөөгүй гээд бас манайхыг татгалзах гээд байсан.

Би Аудитын дүгнэлтээ харж байж урамшууллыг олгоно гэж хэлсэн, 01 сарын 23-нд өөрсдөө тооцоогоо хийж бодож өгч мөнгө нэхсэн. 2023 оны үлдэгдэл санхүүжилтээс. Мөн 2 сарын эхээр Нандин-эрдэнэ нар ажлын 1 өдрийг чөлөө зөвшөөрөлгүй шүүхдэнэ гээд ажлаа таслаад хот руу явж ирсэн. Энэ явж ирснээс хойш тушаал, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дансны бүх орлого зарлагын тайланг банкнаас гаргуулж авсан.

           Аудитаас дүгнэлт гарахаас өмнө өгч болохгүй гэсэн тодорхойлолтоо аваад өг гэж өдөр бүр хэлдэг байсан. Ингээд ажилд очихоос ч халширч байгаад 2 сарын 28-ны өдөр татан буугдаж нийлсэн.Аудитын дүгнэлтийг Аудитын газар 2 өрх нэгдсэн хойно 2025 оны 03 сарын 07-ны өдөр бүх нягтлан бодогч дарга нарт гардуулан өгсөн.

           2024 оны 8 сард Маргаан таслах комиссын хуралтай гэж аймгийн тамгын газраас гэнэт ярьж дуудаж хурлаар орсон. ...Нэгэнт Аудитын газрын шийдвэр гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль, дүрэмдээ зааснаар болж байсан тохиолдолд өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ болохгүй талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

           4. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

           4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан Дундговь аймгийн “” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, хариуцагч ийн нараас “2024 оны 9, 10, 11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нэхэмжлэгч гийн 10962000 /арван сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөг, ын 8220000 /найман сая хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөг, ын 4328200 /дөрвөн сая гурван зуун хорин найман мянга хоёр зуун/ төгрөг, 6968000 /зургаан сая есөн зуун жаран найман мянга/ төгрөг, ын 5508000 /таван сая таван зуун найман мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

           4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд *******, *******, *******, *******, ******* нарын Дундговь аймгийн ӨЭМТ БГБХН, Ч.Сумьяа нарт холбогдох 2024 оны 9 ,10, 11 сарын урамшуулал 35,886,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 30 өдрийн 310/ШШ2025/00011 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол аж ахуй нэгж, байгууллага иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хооронд тус тус хандахаар хуульчилсан.

Нэхэмжлэгч нар нь 2025 оны 6 сарын 26-ны өдөр Боржигон мандал ӨЭМТ БГБХН-ийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан, тус тушаал дээр ажилчидтай холбоотой санхүүгийн тооцоог хийхийг нягтлан бодогч т зөвшөөрсөн тушаал гарсан гэдгийг мэдсэн. Нэхэмжлэгч нар мэдсэн хугацаанаасаа 2025 оны 7 сарын 24 өдөр Дундговь аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан. Тухайн гомдлыг 2025 оны 8 сарын 15 өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар 2025 оны 8 сарын 27 өдөр тэмдэглэлийг гардаж авсан. Нэхэмжлэгч нар Дундговь аймаг дахь сум дундын шүүхэд 2025 оны 9 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг хүлээлгэн өгөхөөр тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн д нэхэмжлэлээ хүлээлгэж өгөхөд “мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нэхэмжлэлд хавсаргасан материалтай холбоотойгоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, харин тухайн нэхэмжлэлээ бичихдээ их зайтай бичигдсэн байна шахаж бичиж засаад ир цаад тал чинь нэмж бичвэл яахын гэх үндэслэлээр хүлээн аваагүй, нэхэмжлэгч нараас мэдээлэл лавлагааны мэргэжилтний шаардлагыг биелүүлж, нэхэмжлэлээ засварлаж болгоод 2025 оны 9 сарын 12 өдөр мөн шүүхэд нэхэмжлэлийг хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. Гэтэл шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн тухайн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг2025 оны 9 сарын 15-ны өдрөөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүлээж авснаар нэхэмжлэгч нарын шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх зөрчигдсөн байна. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлийг ч нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 1.8-д заасныг хэтрүүлсэн гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нараас шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн мэдээлэл лавлагаа мэргэжилтний буруу үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр *******, *******, *******, *******, ******* нарын Дундговь аймгийн ӨЭМТ БГБХН, Ч.Сумьяа нарт холбогдох 2024 оны 9 10, 11 сарын урамшуулал 35 886 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 30 өдрийн 310/ШШ2025/00011 тоот шийдвэр дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч нараас шалтгаалахгүйгээр эрх нь зөрчигдөж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 30 өдрийн 310/ШШ2025/00011 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл авчирч өгсөн боловч шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан боловч байгууллагын нэрийг товчлохгүйгээр бичих, мөн бичиг хоорондын зайг шахаж бичих шаардлагатай гэж хэлсэн. Учир цаад тал чинь аваад нөхөөд бичих боломжтой гэж хэлсэн. 09 сарын 11-нд авчирч өгөх боломжтой байсан боловч эмч байхгүй байсан учир гарын үсэг зуруулах боломжгүй болоод авчирч өгч чадаагүй тул 09 сарын 12-ны өглөө авчирч өгсөн. Тухайн үед нэхэмжлэл өгөхөд авч болох байсан тул давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хурлын дараа баримтаа шүүгчийн туслахад үзэхэд 09 сарын 15-ны өдрөөр дардас дарагдсан байсан. Бид хоорондоо ярилцаж байгаад 09 сарын 12-нд өгсөн тул давж заалдах гомдол гаргаж байгаа гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: эрүүл мэндийн төв болон ******* нарт хариуцагдах 2 нэхэмжлэл гаргасан. 09 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, түүнийгээ засварлаж, 09 сарын 10-ны өдөр өгөхөд асуудалгүй гэж үзсэн. Мөн 2024 оны 09, 10, 11 сард ******* дарга хот руу сургалтад явахдаа боломжоороо 4 багц эмчилгээгээ хийж байгаарай, санхүүжилт тасарсан ч оны дараа нөхөгдөж олгогдоно гэж байсан гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 09 сарын 10-нд өгсөн хугацаагаар тооцогдож явна гэж бодож байсан боловч хугацаагаар анхан шатны шүүхээс татгалзаж шийдвэрлэгдсэн энэ эрхийг сэргээж өгнө үү гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, ******* нар нь Дундговь аймгийн “” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, болон ******* нарт хариуцуулан 9,10,11 сарын гүйцэтгэлийн урамшуулал 35,886,200 төгрөгийг нөхөж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагчийн төлөөлөгч ******* “...Дундговь аймгийн Засаг даргаас 2 өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх шийдвэр гарсан. ...Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 2024 оны гүйцэтгэлийн урамшууллыг хийж ажилласан байдаг. Тус төвийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар албан хаагч нарт үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг давхардуулан тооцож олгосон гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлж, 2025 онд энэ зөрчлийг арилгаж ажилла гэсэн байсан. ЭМД-аас санхүүждэг энэ 4 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь эрүүл мэндийн төвийн ажилчдын үүрэг юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч ******* “... 2024 оны эхний хурлаа хийж цалин урамшуулал тогтоох, үр дүнгийн урамшууллыг улирал бүр олгох, ЭМД-ын санхүүжилтээр урамшуулал олгох эсэх талаар ярилцаад бүгдээрээ урамшуулал гүйцэтгэлээ авч ажиллана гээд хурлаараа хэлэлцэж тогтож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Дотоод журамд бүгд сууж байгаад хэлэлцэж өөрчлөлт оруулсан. Үр дүнгийн урамшуулалтай давхар сард гүйцэтгэлийн урамшуулал олгохгүй гэж улирлын үр дүнг 4,7,9,12 сард олгосон. ЭМД-ын нэмэлт урамшууллыг 3,5,6,8,9 саруудад их эмч, сувилагч, лавлагаа мэдээллийн ажилтан нарт олгосон. 2025 оны 01 сард аудитад манайх материалаа өгсөн. Аудитаас ЭМД-ын урамшуулал гэж өгсөн урамшууллыг одоо дахин олгохгүй шүү гээд албан шаардлага, хязгаарлалттай авсан. Аудитын дүгнэлтийг 2 өрх нэгдсэн хойно 2025 оны 03 сарын 07-ны өдөр бүх нягтлан бодогч, дарга нарт гардуулж өгсөн. Нэгэнт аудитын газрын шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус татгалзлаа тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас дүгнэлт хийхэд "Боржигон мандал” өрхийн эрүүл мэндийн төв нь 2024 онд үр дүнгийн урамшуулал,  гүйцэтгэлийн урамшуулал гэсэн 2 төрлийн мөнгөн урамшууллыг эмч ажилчиддаа олгосон байхад “” өрхийн эрүүл мэндийн төв зөвхөн үр дүнгийн урамшуулал олгож ирсэн байна. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч *******: ...ЭМД-аас санхүүждэг энэ 4 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь эрүүл мэндийн төвийн ажилчдын үүрэг бөгөөд урамшууллыг давхардуулан олговол хууль зөрчих учир манайх ингэж олгож байгаагүй  гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна.  

Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д  “Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан.

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид мөнгөн тусламж олгох” тухай журам батлагдан гарсан байна. Уг тогтоолд 395, 422 дугаар тогтоолуудаар өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын 3 дугаар заалтад эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгоно гэж зохицуулсан байна.

"Боржигон мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн байдалд Дундговь аймгийн Төрийн аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт хийж, үүний үндсэн дээр зөрчлийг арилгуулах талаар албан шаардлага хүргүүлсэн байна. Эдгээр албан бичигт "... Эмч, сувилагч нарын ажлыг улирал бүр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг давхардуулан тооцож 27.644.642 төгрөг олгосон”. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51.1.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1, 15.1.3, 15.2.6 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2-т заасныг зөрчсөн” талаар дүгнэж, “Эмч, сувилагч нарт Эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний эхлэн давхардуулан олгохгүй, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах” албан шаардлагыг хэрэгжүүлж, биелэлтийг ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч төрийн ажлыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг учир, мөнгөн урамшууллыг давхардуулан авч байгаа нь дээр дурдсан холбогдох хууль, журамд нийцэхгүй болно.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримталсан нь зөв байна.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт үндэслэлгүй бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/00011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэр бүхий нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

            4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                   Г.БАЯРДАВАА

 

 ШҮҮГЧИД                                  Г.МӨНХБАТ

 

                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ