Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д:Б холбогдох

 

Гэрээний үүрэгт 1.740.000 /нэг сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д , хариуцагч Д.Б , нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б  нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр надаас Ч  хөөргийг 1.300.000 төгрөгөөр үнэ тохирч авч яваад хөөрөгний үнийг өгөлгүй ор сураггүй алга болсон. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б  хөөрөгний үнийг төлөх баталгаа гарган, гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Уг гэрээгээр 2016 оны 3 сарын 31-ний өдрөөс өмнө өгнө гэсэн боловч 100.000 төгрөг өгөөд бусад мөнгийг одоо болтол өгөөгүй тул Б  хөөрөгний үнэ 1.200.000 төгрөг, алдангид 540.000 төгрөг, нийт 1.740.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 2 дугаар сард цагаан сараас өмнө Д  эхнэр Э  хөөргийг авч, 1.300.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцон хөдөө авч явсан ба хөөрөг нь зарагдаагүй. Тэгээд 2015 оны 12 дугаар сард Д-тай төлбөр барагдуулах гэрээ хийж, 100.000 төгрөгийг өгсөн. Одоо би мөнгө төлөхгүй, хөөргийг нэхэмжлэгчийн эхнэрээс авсан тул түүнд хөөргийг буцаан өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 1.740.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ төлбөрийн гэрээний дагуу гэж, хариуцагч нь мөнгө төлөхгүй, хөөргийг нэхэмжлэгчийн эхнэрээс авсан тул түүнд хөөргийг буцаан өгнө гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч Д.Б  нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Ч  хөөргийг 1.300.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, нэхэмжлэгчийн лангуун дээр ажиллах түүний эхнэрээс хүлээн авсан байна.

 

Тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Хэлцлийн дагуу худалдан авагч нь мөнгө төлөх үүргээ биелүүлэхгүй байснаар худалдагч Д.Д  нь Д.Б-тэй 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөөрөгний үнийг төлж барагдуулахаар гэрээ байгуулжээ.

 

Гэрээгээр хариуцагч нь 2016 оны 1 сард 200.000 төгрөг, 2 сард 200.000 төгрөг, 3 сарын 31-ний өдрийн дотор 900.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Үүнээс 100.000 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчид төлж, үлдэх 1.200.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь хөөрөг одоо надад байгаа, би нэхэмжлэгчийн эхнэрт нь буцаан өгнө гэж тайлбарлаж байгаа боловч нотлогдохгүй буюу хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд үүргээ хариуцагч нь биелүүлээгүйгээс гэрээнд талуудын хүлээх хариуцлагыг 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсоныг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Үүргийн үнийн дүн болох 1.200.000 төгрөгийн 0.5 хувь болох 6.000 төгрөгийг үүргээ гүйцэтгэж дуусгах байсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцоход /6.000х111 хоног/ 666.000 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн алдангид 600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байгаа боловч нэхэмжлэгч нь алдангид 540.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэмжээнд хангаж шийпдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.200.000 төгрөг, алдангид 540.000, нийт 1.740.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 42.790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42.790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232-д   заасныг баримтлан /РД:Ч000000/ Гүр овогтой Д.Б худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.740.000 /нэг сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч /РД:00000000/ Х.Д-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 42.790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42.790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ