| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0746/Э |
| Дугаар | 770 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 770
2019 10 09 2019/ШЦТ/770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх хошуу овгийн Оюун-Эрдэнийн Лхагвадоржид холбогдох эрүүгийн 1911019130906 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 70-1116 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Халх хошуу овогтой О Л, /РД: УХ/,
Шүүгдэгч О.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Л нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт хохирогч О.Наранхүүтэй “урьдын харилцааны явцад цохиж байсан” гэх шалтгааны улмаас маргаж, улмаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь "уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, уруулын дотор салстын язарсан шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн нэг цагийн үед байхаа манай найз нар “Дуулга” нэртэй бааранд байна хүрээд ирээч гээд дуудаад байхаар нь би очиж авах гэж явж байгаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “17” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд зүс таних О.Наранхүүтэй таарч, улмаар О.Наранхүүгээс тамхи асууж аваад хоорондоо ойр зуурын юм ярьж байхад гэнэтхэн урьд өмнө цохиж байснаа санаж байна уу одоо хариугаа авна гээд эрүүн тус газар нь гараараа нэг удаа цохиж, О.Наранхүүтэй гар бариад адилхан боллоо гэж хэлээд “Дуулга” нэртэй баарлуу орсон... ”гэх /хх-ийн 30-31х/,
Хохирогч О.Наранхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Ганзориг руу залгаж яриад хаана байгааг нь асуухад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Дуулга” нэртэй бааранд байна гэж хэлсэн. Ингээд би чамаас гар утсаа авах гэсэн юм гэж хэлэхэд хүрч ирээд ав гэхэд нь би гэрээсээ гараад Дуулга нэртэй баарны наана нь байрлах 17 дугаар дэлгүүрийн үүдэнд Ганзориг найзыгаа хүлээж зогсож байхад Лхагваа ирж надаас тамхи байна уу гэхэд нь би нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд учир зүггүй надтай хэрүүл маргаан үүсгэж миний эрүүн тус газарт гараараа нэг удаа цохисон...”гэх /хх-ийн 8-9х/,
Гэрч Д.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...тухайн өдөр 10 жилийн ангийн найз Бааскатай санамсаргүй байдлаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын 15-н автобусны буудал дээр таарч улмаар бид хоёр ойрд уулзаагүй гээд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” нэртэй караокед орж 1 шил 0,750 граммтай “Соёрхол” нэртэй архи авч хувааж ууж дуулж нилээн удаан суусан. Тэгээд бид хоёр нилээн согтож шөнийн 01-02 цагийн үед байхаа багийн найз Лхагвадорж руу залгаж ирээд аваач гэж гуйсан юм. Тэгээд Лхагвадорж ирж авч Бааска бид хоёрыг гэрт хүргэж өгсөн ...”, “...би нилээн согтсон байсан болохоор Лхагвадоржийг ямар хүнтэй хэзээ маргалдаж цохисон талаар мэдэхгүй учир хэлээгүй. Дараа нь намайг очиж авах гэж байхдаа замдаа хуучин хамт ажиллаж байсан залууг цохисон гэж хэлж байсан...”гэх/хх-ийн 42-43х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8383 дугаартай дүгнэлт:
-О.Наранхүүгийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 22х/,
Шүүгдэгч О.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32х/,
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засан даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 33х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Хохирогч О.Наранхүү нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч О.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх хошуу овогтой Оюун-Эрдэнийн Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Лийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД