| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2025/08187/И |
| Дугаар | 210/МА2026/00289 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00289
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/09720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч:******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 63,247,984.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-тай ******* дугаартай тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас гарах зардлыг даатгасан. Манай компанийн зохион байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ачигдсан экспортын тээвэрлэлтийн явцад оператор мэдээллийг буруу өгснөөр даатгалын тохиолдол гарч, ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авахаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хандсан боловч хариуцагч компани 8 сарын хугацаанд хүсэлтийг судалснаар 2024 оны 11 дүгээр сард татгалзсан хариу өгсөн. Бид уг шийдвэрийг эс зөвшөөрч *******д гомдол гаргасан ба тус байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9/936 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нь үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
1.2. Бид ******* ХХК-ийн ачаа болох Монгол гэрийг Испани улс руу хүргэх экспортын тээврийг зохион байгуулсан. Тухайн ачааг жинлэж хэмжих, тээврийн баримт бичгийг хянах явцад манай компанийн ажилтан ачааны бодит жин тээврийн бичиг баримт дээр зөрүүтэй тусгагдсаныг үл хайхран ачааны дагалдах бичиг баримтыг засварлах заавар өгөөгүй. Улмаар ачаа нь Оросын Холбооны Улсын хилээр нэвтрэх үед ачааны бичиг баримт дахь жин, ачааны бодит жингээс зөрж ачааны бичиг баримтыг засварласан. Үүнээс үүдэн хүлээн авагч дахь ачааны бичиг баримт болон ачаатай хамт явж буй ачааны дагалдах бичиг баримтад зөрүү үүсэж Испани улсын хилээр нэвтрэх боломжгүй болсон ба ийнхүү ачааг тус улсын хилээс буцаан гаалийн бичиг баримтыг шинээр бүрдүүлэх, гаальд мэдүүлэх шаардлага үүссэн. Улмаар ачааг Испани улсын "*******" гэх агентаар Польш улс руу тээвэрлэн ачааны бичиг баримтыг гаалийн бичиг баримт болон гаалийн бүрдүүлэлтийг шинээр гүйцэтгэн гаальд мэдүүлж Испани улсын хилээр нэвтрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэсэн.
Энэ хугацаанд ачааг Испани улсын гаалийн баталгаат агуулахад хадгалах, уг улсын хил дээр гаалийн бүрдүүлэлт дахин хийх, Польш улс дахь агентын агуулах хүртэл тээвэрлэх, шинээр ачааны баримт бичгүүдийг бүрдүүлэх зэрэгт манай компаниас ажилтны үйлдэл, эс үйлдлээс үүдэн нийт 11,390 евро болон 168,900 төгрөгийн нэмэлт зардлууд гарсан.
1.3. Даатгалын гэрээнд даатгалын эрсдэлийг "даатгуулагчийн ажилтны санамсар болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас тээвэрлэлттэй холбоотой нэмэлт зардал гарах"-ыг ойлгохоор заасан. Өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг мэдэж тухайн үр дагаварт хүргэх зорилгоор хийсэн үйлдлийг санаатай үйлдэлд тооцох бөгөөд үүнээс бусад үйлдлийг болгоомжгүй үйлдэлд тооцдог.
Манай компанийн ажилтан бичиг баримт дахь мэдээллийн зөрүүгээс үүдэн үүсэх үр дагаврыг таамаглах боломжтой байсан боловч ачаа хил гаалиар нэвтрүүлэх хүндрэл учрахгүй гэж хөнгөмсгөөр найдан, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, ******* ХХК-д буруу зөвлөгөө өгсөн. Харин тухайн ажилтанд ачааг хил дээр саатуулах, хилээр нэвтрүүлэхгүй байх аливаа хувийн ашиг сонирхол байхгүй тул ажилтан захиалагчид зориуд буруу зөвлөгөө өгсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд, даатгалын тохиолдолд үүсэх нөхцөл, шалтгаан болсон экспортын тээврийн операторын үйлдэл даатгалын эрсдэлд хамаарахаар байна.
1.4.******* ХХК болон ******* ХХК нар баталсан тээврийн захиалгад заасны дагуу тээвэр зохион байгуулах үйл ажиллагаанд "тээвэр зуучлалын үйлчилгээ зохион байгуулах ерөнхий нөхцөл"-ийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Тээвэр зуучлалын нөхцөлийн 14.1-д тээвэр зуучлагч нь захиалагчийг зайлшгүй буюу шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу тээвэрлэлтийн явцад үүсэж болох аливаа асуудлын талаарх мэдээллийг зуучлагч захиалагчид өгөх ёстой. Гэтэл захиалагчийн зүгээс тээврийн баримт бичигт урьдчилан тооцоолж тусгасан ачааны жин хэмжээ, сүүлд хэмжсэн бодит хэмжээтэй зөрсөн нь тээвэрлэлтэд асуудал үүсгэх эсэх талаар лавлахад манай компанийн экспортын тээврийн оператор "баримт бичиг дахь барааны жин болон бодит жин хоорондын зөрүү нь тээвэрлэлтийн явцад асуудал үүсгэхгүй" гэсэн буруу мэдээллийг өгсөн.
Дээр дурдсанчлан үүнээс шалтгаалан хүлээн авагч дахь ачааны бичиг баримтад бичсэн жин хэмжээ, ачаанд дагалдан явж буй баримт бичигт дурдсан жин хэмжээнд зөрүү гарч ачаанд гаалийн бүрдүүлэлт хийн хүлээн авагчид хүргэх боломжгүй болсон тул холбогдох нэмэлт зардлууд гарсан. Түүнээс гадна 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ачааг хүлээн авахад ачаа хүлээн авсан акт үйлдсэн бөгөөд ачааны мэдээллийг*******кг болохыг үйлчлүүлэгч тусгаж, түүнийг манай экспортын оператор хүлээн авч, гарын үсгээр баталгаажуулсан.
1.5. Нэхэмжлэгч компани гадаад ачаа тээврийн тээвэрлэгч, агенттай харилцахад захиалагч оролцдоггүй тул ******* ХХК-д тухайн зардлыг төлөх үүрэг бодитоор үүсээгүй. Харин тээвэр зуучлалын нөхцөлийн 19.1-д зааснаар бид тээвэртэй холбогдон гарч буй зардлыг урьдчилан төлдөг бөгөөд тухайн зардлыг захиалагч нөхөн төлдөг. Ийнхүү нэхэмжлэгч компанийн ажилтны буруугаас нэмэлт тээвэр, болон хадгалалтын зардал гаргасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирол барагдаагүй учир даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирол арилсан гэж үзэх боломжгүй.
Мөн даатгалын гэрээний 2.5-д заасан өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь захиалагч ******* ХХК болон зуучлагчийн хоорондын асуудал бөгөөд бид агентад өөрсдийн гүйцэтгүүлсэн үйлчилгээний хөлсийг төлсөн явдал нь үүнд хамааралгүй юм. Түүнчлэн манай компани даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ******* ХХК-ийн өмнө өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн аливаа үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэгч компани даатгалын гэрээний үүргээ зөрчөөгүй.
Иймд, хариуцагч "*******" ХХК-аас даатгалын гэрээний дагуу 47,980,823 төгрөг, алданги 23,990,411 төгрөг, нийт 71,971,234 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Талуудын хооронд тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан.******* ХХК нь тээвэр зуучлагчийн үйлчилгээний үйлдэл, эс үйлдэхүйн алдаатай холбоотой гэрээ байгуулсан бөгөөд тус компани ******* ХХК-аас монгол гэр тээвэрлүүлэхээр болж 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тээвэрлэлтийг гүйцэтгэсэн. Гэр ачуулсан үйлчлүүлэгчид үнийн санал хүргүүлэхдээ монгол гэр*******кг жинтэй, Испани улсад 2,000 еврогоор тээвэрлэлт хийхээр үнийн санал өгч, захиалагчаас хүлээн авснаар тээвэрлэлтийн ажил хийгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан шиг тухайн компанийн ажилтны болгоомжгүй алдаанаас болж зардал гарсан гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тус байгууллагын ямар ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас уг зардал гарсан болох нь тодорхойгүй, ачаа тээвэрлүүлэх үед ямар тоо хэмжээний ачаа тээвэрлүүлэх тухай мэдээллийг ******* ХХК нь нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй.
2.2. Түүнчлэн,*******кг жинтэй ачааг тээвэрлүүлэхдээ холбогдох баримтуудад жинг ******* кг гэж бичсэн байдаг, үүнийг нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлдээ ажилтан шалгаагүй талаар дурдсан боловч бодит байдалд тээвэрлүүлэх ачаа жингийн зөрүүтэй байгаа тохиолдолд тухайн ачаа гаалиар нэвтрэх боломжгүй. Хилийн шалгалтаар нэвтрэх явцад нэхэмжлэгчийн явуулсан тээврийн оператор жингийн зөрүүтэй талаар мэдэгдсэн. Хариуцсан ажилтан жингийн зөрүүтэй асуудал үүсэхгүй, тээвэрлэлтийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгснөөр тухайн ачаа Испани улс хүртэл тээвэрлэгдсэн. Тухайн ачаа жингийн зөрүүтэй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө мэддэг. Ямар үндэслэлээр олон улсын тээвэрлэлтийг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй.
2.3. Нэхэмжлэгч нь олон улсын ачаа тээврийн баримт материалыг дутуу бүрдүүлснээр Испани улсын хил дээр ачаа очсоны дараа баримт бичгийг дахин бүрдүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхээр байна. Оросын холбооны улс хил дээр тухайн ачааг жингийн зөрүүтэй байгааг мэдэгдсэн байхад тээвэрлэлтийг цааш үргэлжлүүлснээр энэ зардлууд гарсан. Олон улсын ачаанд жингийн зөрүүтэй асуудал үүссэн, гарах үр дагаврын талаар өөрсдөө мэдсээр байж тээвэрлэлтийг үргэлжлүүлсэн, талуудын байгуулсан гэрээнд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тохиролцож, дурдсан үндэслэл бий болсон тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.
2.4. Алдангийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Оросын Холбооны Улсын хил дээр ачаа очсон байхад нэхэмжлэгч******* ХХК нь арга хэмжээ авч, гарч болох зардлыг багасгах бууруулах боломжтой байхад жингийн зөрүүтэй ачаа олон улсын хилээр гарах боломжгүй гэдгийг мэдсээр байж тээвэрлэлтийг үргэлжлүүлсэн тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан. Энэ үндэслэлээр алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа компани ямар дүрэм журам баримтлах, ямар арга хэмжээ авах талаар дагаж мөрдөхөөр батлагдсан дүрэм журам байгаа, буруу мэдээлсэнтэй холбоотой зардал гарсан, эрсдэлтэй байсан талаар мэдсээр байж тээвэр үргэлжлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох 63,247,984.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талууд даатгалын тохиолдол үүссэн эсэх буюу даатгалын тохиолдол бий болоогүй гэж маргаагүй. Харин нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэн эсэхэд маргасан. Гэтэл даатгалын тохиолдол мөн эсэхэд маргасан гэж хэргийн оролцогчдын маргааны зүйлтэй хамааралгүй дүгнэлтээр шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд даатгалын тохиолдол мөн эсэхэд огт дүгнэлт өгөлгүйгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байгаа эсэхэд үргэлжлүүлэн дүгнэлт өгсөн.
Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдол үүссэний дараа нөхөн төлбөрийг олгохоос татгалзах нөхцөл үүссэн эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан. Гэрээнд хариуцагч үйлчлүүлэгчдэдээ үйлчилгээ үзүүлэх явцад даатгуулагч, эрх бүхий ажилтны санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн алдаанаас үүдсэн үйлчлүүлэгчийн ачааг дахин тээвэрлэх, тээвэр зохион байгуулахтай холбоотой гарсан зардал хэмээн даатгалын зүйлийг гэрээгээр тодорхойлсон.
4.2. Даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсаныг үндэслэлтэй гэсэн боловч өөр өөр харилцааг зохицуулсан гэрээний заалтуудыг үндэслэсэн ба ..гэрээ нь гагцхүү хуулийн хүрээнд байх учиртай... гэсэн боловч гэрээ нь Иргэний хуулийн стандарт нөхцөл, Даатгалын тухай хууль болон даатгалын багц дүрмийн заалт зөрчсөн нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д заасныг шүүхээс гэрээний 2.5, 2.6-д нийцсэн мэтээр дүгнэсэн. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхой заасан. Түүнчлэн, гэрээний нэр томьёоны тайлбар хэсэгт даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлийг даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан*******' ХХК болон түүний зөвшөөрөл бүхий этгээд буюу даатгалын гэрээ холбогдох бусад баримтаар даатгалын гэрээтэй холбоотой эрх, үүргийг бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэн авсан этгээдийг ойлгоно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх манай компанийн гүйцэтгэх захирал *******гаас даатгалын гэрээтэй холбоотой эрх, үүргийг ажилчдад шилжүүлсэн баримт байхгүй байхад ажилчдыг шууд даатгуулагч хэмээн үзэж, даатгуулагч санаатайгаар өөртөө хохирол учруулсан гэж үзсэн.
4.3. Нэхэмжлэгч талаас гэрээний зүйл заалт нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл, Даатгалын тухай хууль, Даатгалын багц дүрмийг зөрчсөн тухай тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-10 хүртэлх хуудсанд заасан нөхцөл нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах ерөнхий нөхцөл нь тус хуулийн 202.1-д заасан хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой байхад стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, нэхэмжлэгчийн ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж буй нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагч байгууллага энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, дээрх зохицуулалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байсан.
4.4. Хариуцагч нь даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн хуулийн этгээд бөгөөд даатгуулагчид бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, ялгаатай болон давуу, сул талыг тайлбарлах учиртай. Нэхэмжлэгчээс дээрх нөхцөл байдлыг тодруулахаар *******оос даатгалын үйл ажиллагааг зөрчсөн эсэх талаар холбогдох баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд даатгалын үйл ажиллагааг *******оос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулах бөгөөд тус байгууллагын 2019 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан даатгалын багц дүрэм-ийн 7.2-т даатгалын гэрээ байгуулахад тавигдах шаардлагыг зохицуулсан. Уг заалтын 7.2.2-т даатгагч, даатгалын зуучлагч, төлөөлөгч нь үйлчлүүлэгчтэй даатгалын гэрээг байгуулахаас өмнө дараах үйл ажиллагааг дагаж мөрдөнө. Үүнд, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэхээргүй, өөрт тохирсон даатгалын эрсдэл бүхий даатгалын бүтээгдэхүүнийг санал болгох, үйлчлүүлэгчээс даатгалын гэрээний эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хязгаарлалт, ямар төрлийн даатгалын эрсдэлээс хамгаалагдах, даатгалын тохиолдол үүссэн үед хэрхэн арга хэмжээ авах зэргийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудсыг бөглүүлж, баримтжуулан хадгалах,
4.5. Гэрээний агуулга, түүний зорилгыг ойлгоогүй буюу тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээг ачаа тээврийн даатгал хэмээн үзэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь ачаа тээвэрлэлтийн болон хариуцлагын, мөн ажилчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах эрсдэл зэрэг олон даатгалын үйлчилгээнд хамрагддаг бөгөөд маргаан бүхий даатгалын гэрээ нь компани өөрийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн компанид эрсдэл учрахаас хамгаалах зорилгоор даатгуулсан байдаг. Гэтэл шүүх нь ачаа тээврийн даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй гэж тогтоогдсон хэмээн талуудын маргааны зүйлийг огт ойлгоогүйгээр дүгнэлт хийсэн.
4.6. Түүнчлэн гэрээний хамаарах эрсдэл болон нөхөн төлбөр олгох заалтууд нь хоорондоо зөрчилддөг ба талууд ямар тохиолдлыг буруутай, аль эсхүл буруугүй гэж үзэхийг гэрээндээ тодорхой нэрлэн зааж тохиролцоогүйгээс уг нөхцөлийн утга санаа ойлгомжгүй тодорхой биш байдаг. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч буюу даатгуулагчийн санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тогтоох учиртай байтал ажилтны хариуцлагыг даатгасан атлаа аль нь ажил олгогч, аль нь ажилтан гэдгийг ялгаж зааглахгүйгээр өөртөө хохирол учруулсан гэж үзсэн.
4.7. Нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч 09 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан байдаг. Хариуцагч татгалзлын үндэслэл, тэдгээрт холбогдох нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хариу тайлбартаа өөртөө учруулсан хохирол тул даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тус ачаатай холбогдон гарсан зардлын хэмжээнд ямар нэгэн байдлаар маргаагүй байхад анхан шатны шүүх тус зардал гараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан үүргээ биелүүлэн холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байхад хариуцагч нь маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа огт гаргаж өгөөгүй буюу шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй.
Дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хуулийн үр дагаврыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож буй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хариуцагчийн хуульд заасан үүргээ зөрчсөнийг зөвтгөж, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй бөгөөд логик алдаатай, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн үүрэгт 42,165,323 төгрөг, алдангид 21,082,661.5 төгрөгийг тооцож, нийт 63,247,984.5 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Даатгалын тохиолдол үүссэн эсэх асуудлаар маргаагүй байхад анхан шатны шүүх маргасан мэтээр дүгнэсэн гэж нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдсан. Гэтэл даатгалын тохиолдол бий болсон эсэх асуудлаар хариуцагч тал маргадаггүй. Даатгалын тохиолдол бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин тухайн даатгалын тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудал буюу гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарч байгаа эсэх асуудлыг тодруулах шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд шууд нөхөн төлбөр авна гэх байдлаар давж заалдах гомдол гаргасныг зөвшөөрөхгүй.
5.2. Нэхэмжлэгч тал олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулахдаа даатгалын тохиолдол үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул бид нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Энэ нь баримтаар нотлогддоггүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн бичгийн болон үйл баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тодорхой нотлогдож байгаа.
Өөрөөр хэлбэл, жингийн зөрүүтэй холбоотой асуудлаас болж тухайн ачааг Испани улсын хил дээр хүлээн авах боломжгүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Жингийн зөрүүтэй асуудал үүссэн үед цааш нь тээвэрлэлт хийвэл нэхэмжилж байгаа зардлууд гарах боломжтой гэдгийг урьдчилж мэдэх боломжтой байсан. Анх үнийн санал хүргүүлэхдээ ******* ХХК гэх тээвэр зуучлал хийлгэж байгаа компанид*******кг жинтэй ачааг 2,000 ам.доллароор Испани улс хүртэл тээвэрлэлт хийе гэх байдлаар үнийн санал хүргүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр материалаа бүрдүүлж, 08 дугаар сарын 30-ны өдөр тээвэрлэлт хийж эхэлсэн. Жингийн зөрүүтэй асуудал үүссэн гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед тайлбарласан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх хуулийн болон гэрээний зүйл заалт нь ямар ч тохиолдолд даатгуулагчийн санаатай учруулсан хохирлыг даатгагч даатгах боломжгүй гэх агуулгатайгаар бүх гэрээ байгуулагдаад явж байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо тухайн нөхцөл байдлыг мэдээгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мөн адил тайлбар хэлсэн. Нэгэнт жингийн зөрүүтэй асуудал бий болсон гэдгийг мэдэж байсан. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлж, жингийн зөрүүтэй холбоотой асуудал буюу ачаа хил дээр очоод саатахтай холбоотой нэмэлт зардлууд гарах боломжтой гэх асуудалд дүгнэлт хийж, даатгалын тохиолдол бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэх агуулгаар хэргийг шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрийг хуулийн зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
5.3. Даатгалын гэрээний холбогдох зүйл заалт болон гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар талууд маргаагүй. Энэ талаар нэхэмжлэгч тал гомдолдоо дурдсан. Анх ямар эрсдэлээс хамгаалуулах, ямар хэмжээний даатгалын хураамжийг төлөх, ямар хугацаатай байх талаар талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэтэл даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудал гарсны дараа гэрээний зүйл заалтыг ийм байдлаар тайлбарласан байна гэх байдлаар маргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ байгуулагдсан асуудалтай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй учраас үүнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна.
5.4. *******ы нөхөн төлбөртэй холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч тал гомдолдоо дурдсан. Тус хорооны шийдвэрийг даатгалын компани заавал биелүүлэх үүрэггүй бөгөөд холбогдох хууль дүрэмд заасны дагуу үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй тохиолдолд даатгалын компани шүүхэд хандах эрхтэй. *******ы шийдвэр үндэслэлтэй гараагүйтэй холбоотой баримтуудыг бид шүүхэд гаргаж өгсөн ба шүүх тус баримтуудад үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 42,165,323 төгрөг, алданги 21,082,661.5 төгрөг, нийт 63,247,984.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч талуудын байгуулсан даатгалын гэрээний төрлийг тодорхойлоогүй, зохигчийн маргаж буй зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч ******* ХХК-тай тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж,
-Тээвэр зуучийн үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх явцад даатгуулагч, түүний эрх бүхий ажилтны санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн алдаанаас үүдсэн үйлчлүүлэгчийн ачааг дахин тээвэрлэх, тээвэр зохион байгуулахтай холбоотой хадгалалтын зардлын хохирол,
-үндсэн ажилтны гаалийн бүрдүүлэлтийг үйлчилгээг үзүүлэх явцад санамсар болгоомжгүйн улмаас алдаа гарган хохирол учирсан,
-үндсэн ажилтны гаалийн хяналтын талбайд ачааг ачих, буулгах, хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд санамсар болгоомжгүй буруутай үйл ажиллагаа гаргаж захиалагчийн ачаа бараанд хохирол учруулах зэрэг эрсдэлийг тус тус даатгах,
3.2. Даатгалын хураамжид 7,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон байна.
Тодруулбал, талууд даатгалын үнэлгээг 1,000,000,000 төгрөгөөр тогтоож, даатгалын үйлчлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 00:00 цаг хүртэл байхаар тохиролцжээ.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч чухам ямар нөхцөлтэй даатгалын байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, даатгагч ******* ХХК нь даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч******* ХХК-ийн тээвэр зуучийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
5. Зохигч нэхэмжлэгч******* ХХК-ийн үйлчлүүлэгч буюу захиалагч ******* ХХК-ийн монгол гэрийг гадаад улс руу тээвэрлүүлэх үйлчилгээ үзүүлэхдээ ачааны жингийн талаарх мэдээллийг буруу өгсөн, мөн дагалдах бичиг баримт зөрчилтэй холбоотойгоор тухайн ачааг хадгалах, бичиг баримтыг нөхөн бүрдүүлэх, дахин тээвэрлүүлэхэд 47,980,823 төгрөгийн зардал /даатгалын нөхөн төлбөр/ гаргасныг хариуцагч ******* ХХК нь төлөх эсэх, тийнхүү төлөхгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан алданги 23,990,411 төгрөгийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.
6. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4-т Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө гэж заажээ.
Тодруулбал, хариуцлагын даатгалаар даатгагч гагцхүү даатгуулагч /ажилтан/-ийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг барагдуулах бөгөөд, харин санаатай, аль эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг хариуцахгүй.
Энэ талаар Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж заажээ.
7. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Үүнд:
7.1. Нэхэмжлэгч******* ХХК нь захиалагч ******* ХХК-ийн монгол гэрийг 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан баримтад ачааны жинг*******кг гэсэн байхад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эрсдэл үүссэн ачааг шалгах, дүгнэх хуудаст дурдсанаар ******* кг ачаа гэж алдаатай мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч буюу захиалагчийн монгол гэрийг гадаад улс руу тээвэрлүүлэхээр холбогдох мэдээллийг өгөхдөө ачааны жинг зөрүүтэй мэдүүлсэн байна.
7.2. Мөн тухайн ачааг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Польш улсын хилээр нэвтрүүлэх үед ачмаг /поддон/ ариутгалын тамгагүй байснаас дахин гаалийн болон бичиг баримтын бүрдүүлэлт хийж, ачааг задгайгаар үргэлжлүүлэн тээвэрлүүлсэн,
7.3. Түүнчлэн дээрх ачааг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Герман улс дахь агуулахад хүргэсэн бөгөөд Испани улс гаалийн бүрдүүлэлт хийхэд Европын холбооны улсаар дамжин тээвэрлэгдэж буй ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнс бараа нь CHED-PP буюу Европын холбооны худалдааны хяналтын системд анхны бичиг баримтад буруу мэдүүлсэн дүн болох ******* кг-аар бүртгэгдсэн буюу ачааны дагалдах бичиг баримтаас зөрсөн шалтгаанаар гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй болж, улмаар ачааг буцаан Польш улс руу тээвэрлэж, бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаснаар дахин Испани улс руу тээвэрлүүлсэн байна.
8. Нэхэмжлэгч******* ХХК нь захиалагч ******* ХХК-ийн тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн ачааны жингийн талаар мэдүүлэхдээ зөрүүтэй мэдүүлсэн боловч хожим 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улсын хилээр нэвтрэх үед тээвэрлэгчээс ачааны бичиг баримтад жингийн талаарх мэдээлэл ачааны хэмжээнээс зөрүүтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад ачааны дагалдах бичиг баримтад өөрчлөлт хийж тээврийг цааш үргэлжлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн хэргийн баримтаар нэхэмжлэгчийн зүгээс уг ачааг тохирсон газарт хүргэхээр жингийн зөрүүтэй мэдээллээс гадна бусад зөрчилтэй бичиг баримтыг тухай бүр засаж ачааг тээвэрлүүлэн хүргэсэн байна.
9. Талуудын байгуулсан даатгалын гэрээнд даатгалын эрсдэлүүдийг тодорхойлохдоо олон улсын болон дотоодын тээвэр зуучлалын үйлчилгээнд даатгуулагчийн үндсэн ажилтны санамсар болгоомжгүй буруутай үйлдэл гаргаж ачаа бараа дутуу хаяглагдах, илгээх, захиалгыг буруу гүйцэтгэх, ачааг ачих, тээвэрлэх горим алдагдуулах, зориулалтын чингэлгийн талаар болон ачаатай холбоотой тусгай нөхцөлийн талаар буруу заавар өгөх, түүнтэй холбоотой захиалагчид тээвэрлэлттэй холбоотой нэмэлт зардал гаргах,
...даатгуулагчийн үндсэн ажилтны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлэх явцдаа санамсар болгоомжгүйн улмаас алдаа гарган буруу мэдүүлснээс гаалийн талбайд хадгалалтын нэмэлт зардал гарах... гэжээ.
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж зааснаар даатгалын эрсдэл нь гэнэтийн буюу санамсаргүй байх шинжийг агуулдаг учир нэхэмжлэгч /ажилтнууд/-ийн үүссэн нөхцөл байдалд дүгнэлт өгч, ухамсарлан алдаагаа засаж ачаа тээврийг үргэлжлүүлсэн байгаагаас үзвэл санамсар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм.
10. Нэхэмжлэгч******* ХХК нь тээвэр зохион байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн хуулийн этгээд байх ба тийнхүү үйл ажиллагаагаа явуулахдаа ачааны онцлог, шинж чанараас шалтгаалан шаардлагатай бичиг баримт, сав, баглаа боодол, тэмдэглэгээ болон хяналтын шаардлагыг тусгайлан хангах нь үндсэн чиг үүрэг нь бөгөөд үүнийг хэрэгжүүлэхдээ баримталбал зохих дүрэм, журмыг зөрчсөн явдлыг санамсаргүй алдаа гэж үзэх нь учир дутагдалтай болно.
Өөрөөр хэлбэл, даатгалын эрсдэл нь гэнэтийн буюу санамсаргүй байх шинжийг агуулах бөгөөд аливаа этгээд эрсдэл хэзээ, хаана бий болох, юунд, ямар хэмжээний хохирол учруулахыг урьдчилан тааж мэдэх боломжгүй байх тохиолдол хамаарна.
Харин олон улсын тээвэр зохион байгуулах үйл ажиллагааны явцад экспортын ачааны хэмжээг дагалдах бичиг баримтад зөрүүтэй мэдүүлэх, тухайн ачааны ачмаг /поддон/-д шавьж, мэрэгчээс сэргийлэх ариутгалын тамга даруулаагүй, Европын холбооны улсаар дамжин тээвэрлэгдэж байгаа тодорхой нэр төрлийн ачааны хэмжээг Европын холбооны худалдааны хяналтын системд алдаатай бүртгэсэн үйлдлийн хор уршгийг тээвэр зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн компани мэддэг, энэ талаар урьдчилан тооцоолох боломжтой гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч******* ХХК-ийн ажилтнууд санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул даатгалын гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй буюу даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхгүй.
11. Нөгөө талаар нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч буюу захиалагчийн гэрийг тээвэрлэх үйл ажиллагааны явцад өөрийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас 42,165,323 төгрөгийн зардал гаргасан гэж холбогдох төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргасан бөгөөд энэхүү зардлыг ******* ХХК нь нэхэмжлэгчид нөхөн төлнө гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.
Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт зааснаар хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий бүх зардлыг өөрөө төлсөн байх бөгөөд гуравдагч этгээд ******* ХХК-д хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь захиалагч буюу үйлчлүүлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх нөхцөл байдал байхгүй байна.
Түүнчлэн шүүх талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзсэн тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй ба алданги гаргуулах нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй учир алданги шаардах эрхгүй.
12. *******ы 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 9/936 тоот албан бичгээр даатгагч ******* ХХК нь даатгуулагч******* ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгохыг мэдэгдсэн нь шүүхийн журмаар гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд даатгагчаас нөхөн төлбөрийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд шууд баримтлах нотлох баримт биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авахгүй.
Өөрөөр хэлбэл, ******* нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн гомдлоор шийдвэрлэх эрхтэй боловч тухайн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөнтэй холбоотой талуудын маргааныг шүүх нотлох баримтад үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлын хувьд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******оос маргааныг урьдчилан шийдвэрлэх явцад талуудаас гаргасан нотлох баримт, мөн маргаан бүхий даатгалын гэрээ нь даатгалын хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн эсэх талаарх *******ы дүгнэлт зэргийг гаргуулах хүсэлт гаргасан байх ба дээрх хүсэлтийн үндэслэлээ даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах ерөнхий нөхцөл нь даатгуулагчид хохиролтой стандарт нөхцөл мөн эсэхийг тодруулах зорилготой гэж давж заалдах гомдолдоо дурджээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлж, нотлох үүрэгтэйгээс гадна дээрх нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдал байсан эсэх нь тодорхойгүй.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/09720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.БАТЧИМЭГ