| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/03246/И |
| Дугаар | 183/ШШ2016/00816 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2016/00816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: з” ОНӨААТҮГ-ын А хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, “З ” ОНӨААТҮГ-т холбогдох
Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны татварт 23.884.206 төгрөг, 560 гишүүнд ноогдох 27.553.849 төгрөг, нийт 51.438.055 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О , Л.Н , гэрч Б.Б , нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.
ТОДОРХОЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ОНӨҮГ-ын ҮЭ-ийн хороо нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын \тариф\-ын хэлэлцээрийн 5.5-д “ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ”, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар “Захиргаа ҮЭХ-ы гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож, сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин гишүүдийн татварыг 2015 оны 04 сараас өнөөдрийг хүртэл огт шилжүүлэхгүй байна. Энэ талаар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “З ” ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭХ-ны хооронд хийсэн тохиролцооны 7-д Захиргаа нь З ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны гишүүд, баазуудын ҮЭХ-ны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж дараа сарын 05-ны дотор ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ” гэж тохиролцсон боловч шилжүүлээгүй. Дахин 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “З ” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн "Татварын тухай" албан бичгээр байгууллагын захиргаа болон ҮЭХ-ны 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тохиролцооны 7 дугаар хэсэгт “З ” ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны гишүүд баазуудын гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу З 1 ҮЭ-ийн гишүүдийн татвэр төлөхийг зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн бэлэн бусаар суутгаж тус хорооны дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэж ирүүлсэн боловч 2015 оны 04 дүгээр сараас хойш огт олгохгүй байна. Тус байгууллагын захиргаа нь тодорхой шалтгаангүйгээр гишүүдийн татварыг олгохгүй үе үе тасалдуулдаг болно. 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын татварыг тасалдуулж байсан талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04903 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт тус шүүхийн 2015 оны 10 дугаар өдрийн 26951 тоот шүүгчийн захирамжаар Автобус-1 ОНӨААТҮГ-ын ажиллагчдын ҮЭ-ийн гишүүн ажиллагсдын 2013-03-02 өдрөөс 2014 оны 01 сар, 2015 оны 4 сараас 8 сар хүртэлх хугацаанд авсан цалингаас төлөх үйлдвэрчний гишүүний татварыг тооцуулж, уг тооцоог зохигчоос гаргуулсугай” гэж дагуу хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн үндсэн цалингийн тооцоо, ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны гишүүдийн бүртгэл буюу ҮЭ-ийн татварыг цалингаас суутгахыг зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт зэргийг үндэслэн “З ” ОНӨААТҮГ-н захиргааг Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын татвар 23.884.206 төгрөг, А ОНӨААТҮГ-ын ҮЭХ-ны гишүүдийн бүртгэл буюу татварыг цалингаас суутгахыг зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт, шүүгчийн захирамжаар байгууллагаас гаргуулсан 621 ажилчдын үндсэн цалингийн цэсийг гаргаж өгснөөс 14 давхцаж орсон, 47 ажилтан нь гишүүн бус байсан тул хасч 560 гишүүнд ноогдох 27.553.849 төгрөг, нийт 51.438.055 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ, Өмчийн харилцааны газартай контракт гэрээ байгуулан ажилладаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас нийслэлээс өгсөн үүрэг даалгавар, тодорхой чиглэлийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Э 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/ 1591 дугаартай ҮЭ-ийн суутгалыг зогсоох , мөн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-04/1670 шүүгчийн захирамжийн тухай албан бичгүүдийг манай байгууллагад хүргүүлсэн. Албан бичгүүдэд дурдсанаар ажиллагсдын цалин хөлснөөс ҮЭ-ийн татвар хураамжийг шууд суутгах явдлыг зогсоох, мөн 2015 оны 5 дугаар сарын 21-ний 3539 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж нь эцсийн шийдвэр биш бөгөөд урьд өгсөн чиглэлийн дагуу ажиллахыг бидэнд мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлснөөс зөвхөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан болон хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд суутгал хийхээр хуульчлан хязгаарласан. Үүнээс бусад буюу хууль тогтоомжид бус хамтын гэрээгээр Үйлдвэрчний гишүүний татварыг ажилтны цалин хөлснөөс бэлэн бусаар, шууд суутгаж төвлөрүүлэх үүргийг ажил олгогч нарт хүлээлгэж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын захиргаа, ҮЭХ-ны хооронд хийсэн тохиролцооны 7-д захиргаа нь З ОНӨААТҮГ-ын болон баазуудын гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг бүр хурааж, дараах сарын 5-ны дотор ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу байгууллагын нийт ажилчдын хэдэн хувь нь ҮЭ-ийн гишүүн мөн, эдгээр гишүүдийн хэдэн хувь нь гишүүний татварыг цалингаас шууд суутгаж байгааг зөвшөөрсөн гарын үсэггүйгээр бид ажиллагсдын цалингаас татварыг шууд суутгах боломжгүй. Ажил олгогчоос ҮЭ-ийн гишүүний татварыг цалингаас шууд суутгуулах ажилчид санхүү дээр ирж гарын үсэг зурахыг мэдэгдсэн зарлалыг тавьсан боловч хүн ирээгүй. Тус нэгтгэлийн ажилчдын зүгээс сар бүр цалингаас суутгаж байгаа ҮЭ-ийн татварыг шууд суутгахыг эсэргүүцэж зогсоож өгөхийг хүссэн өргөдөл байгууллагын захиргаанд удаа дараа ирүүлсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаарзохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “З ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч “З ” ОНӨААТҮГ-т холбогдуулан Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны татварт 23.884.206 төгрөг, 560 гишүүнд ноогдох 27.553.849 төгрөг, нийт 51.438.055 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А хамтын /тариф/ хэлэлцээрийн 5.5, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 2.7-д заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Э 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ҮЭ-ийн суутгалыг зогсоох албан тоотын дагуу зогсоосон, байгууллагын нийт ажилчдын хэдэн хувь нь ҮЭ-ийн гишүүн болох, хэдэн хувь нь гишүүний татварыг цалингаас шууд суутгаж байгааг зөвшөөрсөн гарын үсэггүйгээр цалингаас татварыг шууд суутгах боломжгүй гэж маргасан байна.
Зам тээврийн яам, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо хамтарч 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын /тариф/ 3 талт хэлэлцээрийг 2 жилийн хугацаанд мөрдөхөөр байгуулсныг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн яам бүртгэж, 5.5 дахь заалтаар ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн гишүүдийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага нь хүлээхээр тохиролцсон байна.
3 талт Тарифт хэлэлцээрийн 6.2-т хамтын хэлэлцээрийг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан байгууллага, албан тушаалтны болон хамтын хэлэлцээртэй холбогдож үүссэн маргааныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх ба хэрэгжүүлээгүйгээс болж нөгөө талд үүссэн хохирлыг буруутай тал барагдуулна гэж заасан байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан байх бөгөөд ажилтан сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэхэд захиргааны байгууллага хөндлөнгөөс оролцох эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл гишүүн байх эсэх хүсэлтээ тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргах байтал байгууллагын захиргаа гишүүдийн гарын үсгийг цуглуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэж, өөрөө санхүүжих зарчмаар ажиллахаар зохицуулсан байна.
Ийнхүү үйл ажиллагааг явуулахад шаардагдах санхүүжилт буюу гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож, сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүргийг Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа нь 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасанд нийцүүлэн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 2.7-д зааснаар үүрэг хүлээжээ.
Хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо гэж, 18 дугаар зүйлийн 18.1.11-д Хамтын гэрээнд үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах харилцааг зохицуулахаартодорхойлсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “А ” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, чиг үүргийг “З ОНӨААТҮГ-т шилжүүлсэн ба Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан Хамтын гэрээ хүчин төгөлдөр байна.
Автобус нэг компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагчид 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 31 тоот, 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 74 тоот албан бичгүүдээр гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлж, татварыг бэлэн бусаар шилжүүлэхийг шаардаж байсан нь хариуцагч талын татгалзлын үндэслэл болгосон байгуулагын хэдэн хувь нь ҮЭ-ийн гишүүн болох нь тодорхойгүйгээс татварыг хурааж шилжүүлэх боломжгүй гэх байдал үгүйсгэгдэж байна.
Хариуцагч нь 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гишүүдийн цалингаас суутгаж байснаа Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Э 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотын дагуу зогсоосон гэж тайлбарлаж байх ч дээрх албан тоот нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ба тухайн цаг хугацаанаас татварыг суутгаж шилжүүлэх үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэрээний үүргээс үүссэн гэм хорыг арилгуулахаар шаардах эрхийг зохицуулсан байх ба 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлтийн 2.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн энэхүү зохицуулалтаар мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
“З ” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлангийн тодорхойлсон 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 9 сарын хугацааны 496 гишүүний 23.884.206 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сар хүртэлх 6 сарын хугацааны 560 гишүүний 27.553.849 төгрөг буюу нийт 51.438.055 төгрөгийг “З ОНӨААТҮГ-ын захиргаанаас гаргуулж, Хамтын гэрээний 2.7-д зааснаар ажилтны цалингаас шууд бусаар хурааж шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 415.140 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 415.140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч “З ОНӨААТҮГ-аас Хамтын гэрээний үүрэгт 51.438.055 /тавин нэгэн сая дөрвөн зуун гучин найман мянга тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З ОНӨААТҮГ-ын А баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 415.140 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 415.140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ