Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 741

 

 

                                                           

 

 

 

 

  2019         09         30                                    2019/ШЦТ/741

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

Улсын яллагч: Ц.Хулан,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сүхээгийн Баярсайханд холбогдох эрүүгийн 1911000000910 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хас-Эрдэнэ” ХХК-д өрлөгчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-0004 тоотод оршин суудаг,

урьд:   2000 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн

155.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,

2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Сүхээгийн Баярсайхан /РД: СЖ85011718/,

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Лаки” гэх хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Д.Бямбарагчаагийн эзэмшлийн 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би танилцуулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...”, “...2019 оны 05 дугаар сарын /яг өдрийг нь сайн санахгүй байна/ би халамцуу явж байгаад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банктай эцсийн буудлын хажуугийн “Лаки” гэх дэлгүүрийн хажууд зүс таних / би нэрийг нь мэдэхгүй байна манай тэнд байдаг байхаа / ах нэг найзтайгаа хамт зогсож байхаар нь очоод эхлээд гал асуугаад дараагаар нь тэр ахаас гар утсаараа нэг удаа яриулчих гэсэн чинь тэр ах надад хар өнгийн “Самсунг” маркийн гар утасаа өгсөн юм. Тэгээд уг гар утасаар хүнтэй ярьж байгаа юм шиг дүр эсгэж байгаад аваад зугтаачихсан юм...” гэх /хх-ийн 33-34х/,

Хохирогч Д.Бямбарагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн 15-16 цагийн үед намайг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банктай” эцсийн буудлын “Лаки” гэх хүнсний дэлгүүрийн үүдэнд өөрийн найз Т.Батболдтой зогсож байсан чинь манай тэр хавьд амьдардаг С.Б гэх залуу ирээд надаас ахаа утсаараа нэг удаа яриулаач гэхээр нь би өөрийн “Самсунг Эс-6” маркийн шинэвтэр хар өнгийн утсаа өгсөн чинь тэр залуу миний утсаар ярьж байгаа юм шиг алхаж байснаа хашааны булан тойроод зугтаагаад яваад өгсөн. Би болон манай найз Батболд бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй юм...”, “...Сүхээ овогтой Баярсайхан нь миний гар утасны хохирол мөнгийг бэлнээр нь өгсөн болохоор надад ямар нэг гомдол, санал байхгүй...” / хх-ийн 15-16х/,

Гэрч Т.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Бямбарагчаагаас ахаа утсаараа нэг удаа яриулаач гэж асуусан чинь Д.Бямбарагчаа өөрийн барьж байсан нэг хар өнгөтэй байсан байхаа... гар утсаа тэр залууд ярь ярь гээд өгсөн юм... Тэгээд бид хоёр хүлээгээд байж байсан чинь тэр залуу гэнэт гүйгээд нэг гудамжаар ороод алга болчихсон юм...” /хх-ийн 19х/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД-19-472 дугаартай тайлан /хх-ийн 26-27х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Д.Бямбарагчаад учирсан 220,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овгийн Сүхээгийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД