Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00290

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08725 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь *******дунд сургууль, *******-ын хөгжмийн дээд сургууль тус тус төгссөн, мэргэжлийн хөгжмийн зохиолч, удирдаач бөгөөд зохиол туурвисан бүтээлүүдээр ******* цол хүртсэн, олон дунд овог нэрээрээ алдаршсан зохиолч бөгөөд *******, *******, *******, *******, *******, ******* зэрэг олонд танигдсан сэтгэлд хоногшсон 500 гаруй бүтээлийг туурвисан хөгжмийн зохиолч юм.

1.2. ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******тэй зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан хөгжмийн бүтээлүүдийг *******дэлгүүрийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан гэж ойлгосон. ******* дэлгүүр нь хөгжмийн зэмсэг худалдаалдаг бөгөөд ******* гэх брэндийг албан ёсоор борлуулдаг. *******эцэг болох ******* энэ компанийг үүсгэн байгуулсан ба үйл ажиллагаанд нь зориулж 10 бүтээлийг ашиглуулахаар гэрээ байгуулсан.

1.3. Тухайн бүтээлүүд *******ын өмч бөгөөд бүтээлийн үр шимийг зохиогч өөрөө хүртэх эрхтэй. 2021 оны 05 дугаар capaac эхлээд Зохиогчийн эрхийн тухай хууль үйлчилсэн. Энэ хуулийн хүрээнд ******* нь зохиолч байх бүрэн эрхтэй. Иргэний хуульд зааснаар ноцтой төөрөгдсөний улмаас гэрээ байгуулсан учир гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.4. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэхдээ нэг дууг ******* төгрөгөөр үнэлж, 10 бүтээлийг ******* төгрөгт тооцож гэрээ байгуулсан. Нийт 10 дууны эрхийг ******* төгрөгөөр шилжүүлж байгаа нь төөрөгдсөн хэлцэл болохыг нотолно. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу тухайн уран бүтээлүүдийн үнэ цэнийг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн. Мөн нэхэмжлэгчийн зохиосон ******* нэртэй дууны хөгжмийг ******* нь ******* хамтлагт 30,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон. Нэг жилийн хугацаанд 30,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 1 дууг ******* төгрөгөөр тооцож зохиогчийн эрхийг зөрчсөн, шударга бус үнэлэмж, шударга бус гэрээ байгуулсан. Бодит байдлын харьцуулалт болон үнэлгээний тухайд ноцтой төөрөгдөлд орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******, ******* нар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******тоот гэрээг байгуулахдаа талууд өөрсдийн биеэр байлцаж, гэрээг уншиж танилцан, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан байдаг тул тус гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.

2.2. Нэхэмжлэгч нь *******тоот гэрээг *******дэлгүүрийн хөгжмийн зэмсгийн сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор байгуулсан хэмээн ойлгосон гэх боловч тус *******тоот гэрээг *******дэлгүүр бус *******тэй байгуулсан. Мөн уг гэрээ нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх эдлэх эрх шилжихийг тодорхой дурдсан гэрээ байна. Гэрээнд аливаа хөгжмийн зэмсгийн сурталчилгаа, маркетинг зэрэг агуулга огт ороогүй байна.

2.3. 2023 оны 10 дугаар сарын орчимд нэхэмжлэгчийн нэр бүхий уран бүтээлүүд Оюуны өмчийн газрын мэдээллийн санд *******эрхэд шилжсэн болохыг мэдсэн гэж нэхэмжлэлд дурдсан. Гэрээний 3.2-т уран бүтээлүүдийг хуульд заасан байгууллагад бүртгүүлж баталгаажуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тус уран бүтээлүүдийг холбогдох төрийн байгууллага буюу Оюуны өмчийн газарт бүртгүүлэхийг гэрээ байгуулах үед мэдэж байсан.

2.4. Нэхэмжлэгч нь өөрийн авьяас, ур чадвар, мэргэжлийн туршлага, мэдрэмжээр бүтээсэн, үнэ цэнтэй бүтээлүүдийнх нь онцгой эрх хариуцагчид шилжсэн байгаад харамсаж байна гэж дурдсан байна. Нэхэмжлэгч нь тус уран бүтээлүүдийг өөрийн биеэр гэрээ байгуулан, тодорхой үнийн дүнгээр үнэлж, тус бүтээлүүдийнхээ бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээ байгуулсны үндсэн дээр зарж борлуулан, төлбөр тооцоо авсан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах тухайн цаг үед өөрийн хувийн хэрэгцээнд санхүү мөнгөний хэрэгцээ байгааг илэрхийлэн (бичлэг хийлгэх, шинэ уран бүтээл гаргах зэрэг) уран бүтээлээсээ зарж борлуулахаар тохиролцсон.

2.5. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан уран бүтээлүүдээ нэг бүрийг нь ******* төгрөгөөр үнэлж төлбөр авсан, бага үнээр үнэлж зөвшөөрсөн гэж дурдсан байна. Гэвч тус гэрээг байгуулахад 2 тал харилцан зөвшилцөж, уран бүтээлийн үнэлгээг зохиогч буюу нэхэмжлэгч өөрөө үнэлсэн бөгөөд санал болгосон үнийн дүнг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээний төлбөрийг төлж барагдуулсан.

Гэрээгээр талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү гэрээний 2.1-д заасан уран бүтээлүүдийн зохиогчийн эрх Б талд шилжиж хуульд заасан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхүүдийг эдлэх эрхтэй болно гэж заасан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх эрхийг хамааруулна гэж заасан байна.

2.6. ******* нь дээр дурдсан зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг хүчин төгөлдөр гэрээний дагуу төлбөр төлж авсан бөгөөд тус гэрээг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулан холбогдох төрийн байгууллага болох Оюуны өмчийн газарт хууль ёсны дагуу шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн албан ёсоор бүртгүүлсэн. *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ********, ******* зэрэг бүтээлийг зохиосон зохиогч буюу амины эрхийн дагуу ******* зохиогчоор, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчээр ******* бүртгэгдсэн.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 16, 35, 36 дугаар зүйлд заасны дагуу бүтээл ашиглах онцгой эрхийг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээгээр шилжүүлж авсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хариуцагч *******д холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан *******дугаартай Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийнхөө зохиосон хөгжмийн шилдэг 10 бүтээлийн зохиогчийн онцгой эрх нь хариуцагчид бүрэн шилжсэнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бусд тооцож болох 3 үндэслэл бий. Үүнд хариуцагч өөрийн эрхэлдэг гэр бүлийн бизнес болох хөгжмийн зэмсгийн худалдаандаа нэхэмжлэгчийн олон нийтэд танил болсон хөгжмийн бүтээлүүдийг нь ******* даралтат хөгжмийн зэмсэгт байршуулж борлуулна гэж итгэсэн. Тиймээс гэрээнд бүтээлүүдийн үнэлгээг тус бүрд нь ******* төгрөг буюу нийт ******* төгрөг байхыг зөвшөөрч тохиролцсон.

4.2. Шинжээчийн дүгнэлтээр бүтээлийн зах зээлийн үнэлгээг илүү тодорхой, бодитой нотолсон. Шинжээч 2020 оноос хэрэгжиж байгаа Оюуны өмчийн тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан стандарт, шаардлагын дагуу ажиллах тусгай зөвшөөрлийг авсан мэргэжлийн үнэлгээчин бөгөөд түүний хийсэн бүтээлүүдийн үнэлгээ нь зохиогчийн хэн болох тухай тодорхойлолт, хүлээн зөвшөөрөгдсөн алдар хүнд, зохиосон бүтээлүүдийн оршин тогтнож буй амьдрах чадвар, зах зээлийн хандлага, сонсогчдын таашаал, бусад бүтээлүүдтэй хийсэн харьцуулалт зэргийг үндэслэсэн эргэлзээгүй, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримт гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн бүтээлүүд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан тус бүр нь ******* төгрөгийн үнэлгээгээр эрхийг нь бүрэн шилжүүлэн авах оюуны өмч биш, харин хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийн судалгаа, шинжилгээгээр тогтоогдсон үнэлгээ бүхий бүтээлүүд болохыг батлахыг зорьсон.

Ноцтой төөрөгдсөнийг батлах гол нөхцөл нь бүтээлүүдийн үнэлгээ, үнэ цэн гэж үзэж байна. Гэрээнд заасан 10 бүтээл нь бүгд ижил үнэтэй байгаа нь онцгой эрхийг шилжүүлэн авах үнэ гэхээс илүү дээр дурдсан хөгжмийн зэмсэгт зориулсан үнэ гэж үзэж байна.

4.3. Хариуцагч нь ******* бүтээлийг бусдад 1 жилийн хугацаанд ашиглахад 30,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгааг ******* төгрөгөөр 10 дууны онцгой эрхийг нь бүрэн шилжүүлэн авсан гэрээтэй харьцуулж шударга бус нөхцөлийг олж харах байсан боловч анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үндэслэлгүй үнэлсэн.

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д нэн даруй мэдэгдсэн эсхүл эрх бүхий байгууллагад хандсан баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь өөрийнх нь зохиосон бүтээлүүдийнх нь онцгой эрх шилжигдсэнийг гэрээ байгуулснаас хойш, тодорхой хугацааны дараа бусдаас мэдсэн бөгөөд энэ тухайгаа удалгүй хариуцагч *******эцэгт мэдэгдэж байсан талаар гар утасныхаа зурвасаар баталж, шүүх үзлэг хийсэн.

 

Иймээс, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ болон шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, шинжээчийн үнэлгээ болон гэрээнд заасан үнийг харьцуулаагүй. Зохиогчийн оюуны бүтээл, хөдөлмөр, авьяас билэг, хөгжмийн мэргэжлийн ур чадварыг ойлгож, мэдэрч, судалж, харьцуулаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулсан зохиогчийн эрх шилжүүлэх гэрээнд гомдолд дурдагдсан асуудлуудыг тодорхой зохицуулсан. Тус гэрээний 2.1, 2.2-т сонгож авсан 10 дуу буюу Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн бүтээл ашиглах эрхийг худалдаж авсан тодорхой гэрээ юм. Гэрээнд ******* брэндийн даралтат хөгжим, *******компанийн хөгжмийн зэмсэг ашиглана гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгчийн бүтээлийг ашиглах гэрээ хийсэн талаар тодорхой заасан. Гэрээ байгуулах үед ******* нь нотариат дээр хамт очиж, танилцан гарын үсэг зурсан. Түүнээс ******* брэндийн даралтат хөгжим, *******компанийн хөгжмийн зэмсэг ашиглуулна гэж тохиролцож гэрээ байгуулаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 33, 36 дугаар зүйлд нийцсэн. Гэрээний 2.3, 2.4, 3-т төлбөр тооцооны талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дууны эрхийг ******* төгрөгөөр худалдаж авсан ба цаашид ашиг, орлого олсон тохиолдолд 20-30 хувийг хуваалцаж болно гэж заасан.

5.2. Шинжээчийн үнэлгээ буюу уран бүтээлийг 87,000,000 төгрөгөөр үнэлсэнтэй холбоотой асуудалд шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулсан гэж гомдолд дурдсан. Бид нэг дууг ******* төгрөгөөр үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх буюу Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар бусдад хуулбарлах, нийтэд түгээх, дамжуулах эрхийг авахдаа 1 дууг ******* төгрөгөөр үнэлж авсан. Түүнээс нэхэмжлэгчийн 1 дууг ******* төгрөгөөр үнэлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

5.3. Түүнчлэн, ******* хамтлагт ******* дууг ашиглуулахад 30,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Тус гэрээ нь бидний маргаж байгаа асуудалтай хамааралгүй гэж үзэж байна. Бид 2021 онд нэхэмжлэгчийн уран бүтээлийг цааш нь түгээх дамжуулах эрхийг худалдаж авах гэрээ байгуулсан. Цаашид бид ямар ч төрлийн гэрээ байгуулах боломжтой бөгөөд энэ эрх нь бидэнд байгаа учраас Зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу уран бүтээлийг нь ашиглах тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээг авч ашиглах шаардлага тавьж байгаа.

5.4 Мөн ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан гэж давж заалдах гомдолд дурдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д гэрээг сайн дурын үндсэн дээр талууд хүсэл зоригоо илэрхийлж, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж болно гэж заасан. Тус гэрээг 2021 онд байгуулж, бүх материалаа бүрдүүлж, Оюуны өмчийн газар бүртгүүлсэн. Гэтэл 2023 онд ******* энэ талаар сонссон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******дугаартай зохиогчийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь *******, *******, *******, ********, *******, *******, *******, *******, *******, ******* зэрэг дууны аяыг ашиглах онцгой эрхийг тус бүрийн ******* төгрөг, нийт ******* төгрөгөөр хариуцагч *******д хугацаагүй шилжүүлэхээр харилцан тохирсон, /хх5-7/

3.2. Хариуцагч ******* нь дээрх бүтээлүүдийн зохиогчийн онцгой эрхийг шилжүүлэн авсан хариу төлбөрт нэхэмжлэгч *******т ******* төгрөгийг төлсөн,

3.3. Улмаар Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12 дугаартай тушаал, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай тушаалаар хариуцагч*******нийг *******, *******, ********, *******, *******, *******, *******, *******жаар, *******, ******* дууны ая зохиогчийн эрх эзэмшигчээр тус тус бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ. /хх59-68/

 

Тодруубал, нэхэмжлэгч ******* нь өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар *******, *******, *******, ********, *******, *******, *******, *******, *******, ******* дууны хөгжим /ая/-ийг бүтээсэн зохиогч бөгөөд тэрээр өөрийн эдийн бус эрх /амины эрх/-ээс бусад бүтээл ашиглах онцгой эрхийг хариуцагч *******д шилжүүлсэн байна.

 

4. Талууд зохиогчийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан болон ******* төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь тус гэрээг хүчин төгөлдөр бус буюу ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан гэж маргажээ.

 

5. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн бүтээлийг ашиглах эрхтэй бөгөөд үүнд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах зэрэг эрх багтана.

 

6. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно гэж заасан.

Хэдийгээр талууд бүтээл ашиглах онцгой эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь байгуулсан хэлцлийнхээ агуулгын хувьд төөрөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

 

6.1 Хэрэгт авагдсан бүтээл ашиглах онцгой эрх шилжүүлэх гэрээг үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д зохиогчийн онцгой эрхэд хамаарах бүхий л эрхийг шилжүүлсэн байна.

Гэтэл бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн эдийн засгийн эрх бөгөөд зохиогч /нэхэмжлэгч/ өөрийн 10 бүтээлээс үр шим хүртэх бүхий л эрхээ ийнхүү тус бүрийг ******* төгрөгөөр тооцож нийт ******* төгрөгөөр шилжүүлсэн энэхүү үйлдлийг эрх зүй, эдийн засгийн үр дагаврыг бүрэн тооцоолж ухамсарласан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хэрэгт авагдсан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн Оюуны өмчийн үнэлгээчний 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *******ын туурвисан *******, *******, *******, ********, *******, *******, *******, *******, *******жаар, ******* зэрэг дууны ая зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийн зах зээлийн үнэ цэнийг 87,730,061 төгрөгөөр тогтоожээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний гол нөхцөл болох хөрөнгийн үнийг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч зохигч буюу нэхэмжлэгч нь бүтээл ашиглах онцгой эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа үнийн талаар хангалттай тодорхой мэдээлэлтэй байсан эсэх тодорхойгүй байна.

 

6.2. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна гэж тус тус заасан.

 

Гэрээний 1.2-т зааснаас үзвэл нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан 10 бүтээлийг ашиглах онцгой бүх эрхийг хариуцагч *******д хугацаагүйгээр шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Талууд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг хугацаагүйгээр шилжүүлэхээр тохиролцсон нь гэрээний үнийг тогтооход хэрхэн нөлөөлсөн болох нь тодорхойгүй байх ба Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар бүтээл ашиглах онцгой эрх шилжүүлэх тухай гэрээнд хугацааны талаар тухайлан тохиролцох нь бүтээлийн төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх журам, хугацаа /нэг удаа авах эсхүл цаашид тодорхой үйл ажиллагаанаас тогтмол хэмжээгээр авах/ зэргийг тус тус тогтооход ач холбогдолтой.

 

6.3. Түүнээс гадна Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ашиглах онцгой эрх шилжүүлэх тухай гэрээнд бүтээлийг ашиглах хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарыг тогтооно.

 

Талууд маргаан бүхий гэрээнд бүтээл ашиглах нутаг дэвсгэрийн хүрээг хариуцагчийн хамаарал бүхий хөгжмийн дэлгүүрийн сурталчилгааны үйл ажиллагаанд ашиглуулахаар тухайлан заагаагүй, харин Монгол улсын нутаг дэвсгэрт болон нутаг дэвсгэрийн гадна үйлчлэхээр заасан байна.

 

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь ямар үндэслэл, тооцоололд суурилан нэхэмжлэгч *******ын туурвисан 10 бүтээлийн ашиглах онцгой эрхийг тус бүрийг ******* төгрөгөөр тооцож ******* төгрөгөөр хугацаагүйгээр авсан болохоо үндэслэлтэй тайлбарлаагүй.

 

6.4. Мөн хариуцагч ******* нь өөрийн эцэг *******нийн саналын дагуу нэхэмжлэгч *******тай маргаан бүхий гэрээг байгуулсан гэж тайлбарласан бөгөөд шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн *******, ******* нарын харилцсан гэх цахим шууданд ******* нь ахынх нь хувьд нас ахиж өөрчлөгдөж байгаагаа мэдрэх тусам өнөөг болтол хийсэн бүтээсэн минь боломжийн хэр нь надад өгсөн өгөөж үр дүн нь муутай байгааг мэдэрч ойлгодог боллоо. Эхнэрээ өвдөхөд гаргаад ирэх мөнгө, жооргүй, зээ хүүгээ өсөж томорч сургууль төгсөхөд нь үлдээчих юмгүйгээ ойлгоод байх юмаа бас гэрээгээ хийж байхдаа чамд бүтээлээ бүрэн шилжүүлж байгаагаа сайн ойлгож ухаарсангүй. гэсэн зурвас илгээжээ. /хх-181/

 

Энэхүү цахим шуудангийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээг байгуулах үед дээрх эд хөрөнгийн эрхээ бүрэн шилжүүлж байгаагаа ойлгоогүйгээс гадна тухайн гэрээг байгуулснаар зохиогчийн хувьд өөрийн туурвисан бүтээлийн эдийн засгийн үр шимийг хүртэх боломж хязгаарлагдаж байгаагаа мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн туурвисан нэр бүхий 10 дууны аяыг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах зэрэг онцгой эрхийг хариуцагчид шилжүүлэх агуулга бүхий хүсэл зориг илэрхийлсэн боловч уг агуулгын эрх зүйн ач холбогдлыг зөв дүгнээгүйн улмаас уг хэлцэл түүний жинхэнэ эрх ашиг, хүсэл сонирхлоос зөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан Оюуны өмчийн газрын мэдээллийн санд өөрийнх нь туурвисан бүтээл ашиглах онцгой эрх хариуцагчид шилжсэн тухай мэдээлэл орсон болохыг 2023 оны 10 дугаар сард мэдэж, мэдсэн даруйдаа хариуцагч талд цөөнгүй удаа мэдэгдэж, уулзах, гэрээ цуцлах талаар хүсэлтээ илэрхийлсэн боловч хариуцагч тал хариу өгөөгүй гэх тайлбар, дээрх агуулга бүхий нэхэмжлэгчийн цахим зурваст хариуцагч талаас хариу өгөөгүй үйл баримтыг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй байгуулсан маргаан бүхий хэлцлийн агуулгыг бодит байдлаас өөр зүйлтэй холбон ойлгосон буюу төөрөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

 

8. Шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх учиртай тул нэхэмжлэгч *******аас ******* төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, зохиогчийн эрх шилжүүлэх гэрээний дагуу *******, *******, *******, ********, *******, *******, *******, *******, *******жаар, ******* зэрэг дууны ая зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийн бүртгэлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг Оюуны өмчийн газарт даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан *******дугаартай зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч *******аас ******* төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэгч *******т *******, *******, *******, ********, *******, *******, *******, *******, *******, ******* дууны аяын зохиогчийн эрх эзэмшигчээр буцаан шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмчийн газарт даалгасугай. гэж,

 

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ч.БАТЧИМЭГ