Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00422

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11218 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 2,496,624,787 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* *******тай 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, нэг сарын 2.2 хувийн хүүтэй, 1,500,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай зээлийн гэрээгээр хүүгийн хэмжээг 2 хувь болгон өөрчилж, гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийг ******* Хаан банк дахь ******* тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

1.2 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1651 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, нэг сарын 2 хувийн хүүтэй, 2,000,000 юань буюу тухайн өдрийн Монгол банкны зарласан юанийн ханш болох 471.08 төгрөгөөр тооцож 942,160,000 төгрөгийг түүний Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн.

1.3 ******* нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргаж, хуримтлагдсан хүү болон цаашид гарах хүүгийн төлбөрт тооцож орон сууц өгөх тухай хүсэлтийг тус тус гаргасан. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1049 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай зээлийн гэрээний хугацааг 5 сараар буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, мөн гэрээний хугацааг дахин 6 сараар сунгаж, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатай болгон өөрчилж, Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан.

1.4 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 1651 дугаартай зээлийн гэрээг ******* хүсэлтийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус сунгаж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан үндсэн зээлийн гэрээний хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан.

1.5 ******* нь дээрх хоёр зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш зээлийн гэрээний хүүг зохих ёсоор төлөөгүй, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 400,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 200,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг төлсөн, мөн дээрх 2 гэрээний хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрт орон сууц өгөхөөр харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1024/5, 12 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1024/2, С/131 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг тус тус байгуулсан.

1.6 Дээрх хоёр зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр зохицуулсан байх бөгөөд зээлдэгч ******* нь 1650 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 870,000,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй 205 хоног хэтрүүлж, хүүгийн төлбөрт 134,882,000 төгрөг, алданги 183,930,000 төгрөг, нийт 1,188,812,000 төгрөгийг төлөөгүй, 1651 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 942,160,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй 145 хоног хэтрүүлж, хүүгийн төлбөрт 229,039,587 төгрөг, алданги 136,613,200 төгрөг, нийт 1,307,812,787 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд *******ас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,188,812,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1651 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,307,812,787 төгрөг, нийт 2,496,624,787 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* болон ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №В/43, 44, 45, 52, 59 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* тус гэрээний төлбөрт 700,000,000 төгрөгийг ******* Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлж орон сууц захиалсан. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******-ийн зүгээс дээрх гэрээнд заасан орон сууцуудыг *******ийн хүсэлтээр захиалгын гэрээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаарх тодорхойлолтоо *******ид гаргаж өгсөн.

2.2 ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн B/43, 44, 45, 52, 59 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ-ний үүрэгт 11,809,382 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус байруудыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй хугацаа хэтрүүлсний төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг бөгөөд тус хэрэгт иргэний хэрэг үүсэж одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд хэрэг хянагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Гэвч ******* нь дээрх гэрээний төлбөр болох 700,000,000 төгрөгийг давхардуулан нэхэмжлэлийн агуулгыг өөрөөр тодорхойлж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэн ******* болон ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн В/43, 44, 45, 52, 59 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ-ний төлбөрт шилжүүлсэн 700,000,000 төгрөгөө *******д зээлдүүлсэн гэж нэмж хүү, алданги тооцуулан авахаар нэхэмжлэл гаргасан явдал нь үндэслэлгүй юм.

Иймд хоёр өөр шүүхэд нэг гэрээний төлбөрийг хоёр өөр агуулгаар тайлбарлаж нэхэмжлэл гаргасныг харгалзан үзнэ үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 2,476,181,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,443,331 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,641,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,538,857 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Талуудын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ дүгнэсэн актаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 400,000,000 төгрөг төлсөн гэж талууд гарын үсэг зурсан гэтэл хариуцагч талаас тус өдөр 611,085,600 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн байхад шүүх үнэлээгүй. Түүнчлэн, ******* нь тухайн зээлийн хүүд тооцож -ийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхоны байрны орон сууцыг орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж зээлийн төлбөрөөс нийт 353,448,000 төгрөг хасагдах учиртай байхад зээлийн дүнгээс хасаагүй, тухайн гэрээг байгуулаагүй мэт шүүхэд тайлбар гаргаж шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хоёр орон сууцыг тус шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох маргаан үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Түүнчлэн ******* нь хүчингүй болсон Орон сууц захиалгын гэрээ-г ашиглан 5 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан энэ талаар шүүхэд гаргасан тайлбар хүсэлтүүдэд тодорхой дурдагдсан байгаа.

Мөн *******ийн зүгээс эхлээд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дээрх гэрээнд заагдсан дугаараар төлбөрийг төлсөн улмаар тус гэрээнээс татгалзаж 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ болгож тус гэрээний 3.4-т өмнө шилжүүлсэн орон сууц захиалгын гэрээний мөнгийг оруулан тооцсон талаар тусгасан. Тиймээс тус зээлийн гэрээнд заагдсан мөнгө хариуцагчийн данс руу ямар утгатайгаар орсон талаарх нотлох баримтыг шүүхээс гаргуулах хүсэлт гаргахад шүүх татгалзаж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч талаас тус нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлт гаргахад хүлээн аваагүй хэргийг яаран шийдвэрлэсэн.

Шүүх талуудаас зээлийн гэрээнд заагдсан санхүүгийн баримтгүйгээр хэргийг шийдвэрлэснээрээ *******ид илт давуу байдал бий болгож улмаар зээлийн гэрээнд оруулан тооцогдсон 700,000,000 төгрөгийн орон сууцыг ******* *******-иас дахин гаргуулах нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

4.2 Нэхэмжлэгч -ийн захирал ******* нь *******-ийн захирал ******* хэрэгжүүлж байгаа хотхоны В блок барилгаас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр В/43, 44, 45, 52, 59 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, 5 орон сууц худалдаж авахаар тохирч нэг м.кв-г талбайг нь 3,200,000 төгрөгөөр тооцож нийт нь 792,576,000 төгрөгөөр авахаар тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 700,000,000 төгрөгийг ******* Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа ******* нь ...би ер нь байр авахаа болилоо байр захиалсан мөнгөө сарын 2 хувийн хүүтэй зээлнэ гээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нөхөж шинээр 1650 дугаар Зээлийн гэрээ-г байгуулсан.

Тус зээлийн гэрээний 3.4-т 2022.09.17-нд Орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн 700,000,000 төгрөгийг зээлийн мөнгө шилжүүлсэн гэж тусгасан. Түүнээс хойш гурав гурван сарын хугацаатай зээлийн хүүгийн гэрээг шахаж гарцаагүй байдалд оруулж 2 хувь хүү нь 2.2 хувь хүү болж нэмэгдэж удаа дараа хийсэн ба хүний мөнгө авсан болохоор хэлснээр нь л байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь ******* дансанд шилжүүлсэн 2022 оны 09 дүгээр capын 17-ны өдрийн 700,000,000 төгрөгийн баримтыг ашиглаж гурван нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч ******* дээрх гурван нэхэмжлэлийг нэгтгүүлэхээр хэргийг нэгтгэх хүсэлт өгөхөд тухайн хоёр хэргүүдийг нэгтгэх үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул, тухайн хэргүүдийг түдгэлзүүлэх хүсэлт өгөөд хүлээж байхад энэ хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3 Нэхэмжлэгч ******* нь нэг нотлох баримтыг ашиглаж 3 нэхэмжлэл гаргаад байгаа тул хариуцагчийн төлөөлөгч би шүүхэд дээрх нөхцөл байдлыг удаа дараа тайлбарлаад 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл тухайн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж хангаагүй атлаа зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлээгүй гэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамждаа худлаа бичсэн байна. Нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгч чадахгүй байгаа бол хариуцагчийн зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлэх үндэслэл болсон санхүүгийн баримтыг гаргаж өгөх хүсэлт гаргахад шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй.

Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн гэрээнд зааснаар хариуцагч ******* Хаан банкны ******* тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 900,000,000 төгрөг орсныг батлах төлбөрийн баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн талд илтэд үйлчилж ямар ч санхүүгийн баримтгүйгээр хийсвэрээр мөнгө шилжигдсэн гэж хөнгөмсгөөр найдсан шийдвэр гаргасан.

4.4 Шүүх нэхэмжлэгч ******* нь хэд хэдэн удаа зээлийн хүүгийн гэрээ байгуулж 2 хувийн хүүгээ 2.2 хувийн хүүтэй болгосон байгааг шүүх ашиг олох зорилгогүй гэж үзсэн. Гэтэл зээлийн хүү нь өсөх нь орлого, ашгийг нэмэгдүүлнэ.

Мөн шүүх хариуцагчийг ямар санхүүгийн баримтад үндэслэж юань авсан гэж үзэж ханш тооцсоныг ойлгохгүй байгаа бөгөөд ******* хувьд нэхэмжлэгчээс юань аваагүй бөгөөд энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөх хүсэлт гаргахад хангаагүй. Шүүх яг хэдэн төгрөг миний дансанд орж ирснийг яаж мэдэж зээлийн гэрээ, зээлийн хүүгийн гэрээг тооцоолж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт нэхэмжлэгчийн үгэнд ороод зээлийн гэрээ, зээлийн хүүгийн гэрээгээр асуудлыг шийдэж байгаа бол зээлийн гэрээнд тусгагдсан гурван орон сууцыг шүүхийн шийдвэртээ тусгаагүй.

Хариуцагч талаас мөнгө төлсөн баримтуудыг гаргаж өгсөөр байхад нотлох баримтыг бүрэн төгс үнэлээгүй, хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, 611,815,600 төгрөгийн баримт гаргаж өгсөөр байхад 400,000,000 төгрөг гэж үнэлээд 211,815,600 төгрөгийг ямар учраас хасаж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 700,000,000 төгрөгийн санхүүгийн баримтыг гаргаж өгсөөр байхад хэргийн материалаас үгүй болгосон.

4.5 Шүүх хэрэгт байгаа 611,815,600 төгрөгийн баримтыг оруулж тооцоогүй атлаа хавтаст хэрэгт байхгүй 200,000,000 төгрөгийн баримтыг хаанаас олж ирээд тооцоод байгаа нь тодорхойгүй.

4.6 Хувь хүн мөнгө зээлж болохгүй гэх хуулийн заалтыг хэрэглээгүй. Мөнгө хүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хийдэг үйл ажиллагаа атал хувь хүн хууль зөрчиж энэ их хэмжээний мөнгийг өөрийн гар дээрээс хүүлэх эрх байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар талууд маргадаггүй. Тухайлбал, 1651 дугаартай зээлийн гэрээний дагуу 2,000,000 юань хүлээн авсан болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад тодорхой мэдэгдсэн бөгөөд энэ хэсэгт маргаан байхгүй. Харин 1650 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой нийт 1,500,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 700,000,0000 төгрөг нь 5 орон сууц захиалсан гэрээний төлбөр байсан гэх агуулгаар маргаж байгаа. Мөн иргэн хүн бусдад мөнгө зээлж, хүүгийн ашиг олох ёсгүй гэх үндэслэлээр маргасан.

******* болон *******-ийн хооронд байгуулсан 5 орон сууц захиалах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд уг гэрээг цуцалж, зээлийн гэрээ болгож өөрчилсөн баримт байхгүй. Тухайн 5 орон сууцтай холбоотой иргэний маргаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд уг зээлийн маргаан шийдвэрлэгдэх хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн.

5.2 Хариуцагч тал 700,000,000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр байсан, мөн 700,000,000 төгрөгтэй холбоотой гурван өөр хэрэг үүсгэсэн гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох баримт гаргаж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгын гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ болгосон гэх баримт огт байхгүй. Нэхэмжлэгч тал 5 орон сууц захиалсан гэрээний дагуу шилжүүлэн авах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, 5 орон сууцыг үе шаттайгаар хүлээн авахаар захиалга өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд маргаан үүссэн.

5.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа бол хариуцагч тал өөрийн үндэслэл, нотлох баримтыг гаргах үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь шаардлагаа дэмжих баримтыг гаргах үүрэгтэй. Уг үүргийн хуваарилалтын хүрээнд зарим баримтыг гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь үнэн болно. Хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ болгож өөрчилсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 1,500,000,000 төгрөгийг 2.2 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон гэрээг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Улмаар талууд харилцан тохиролцож хүүг 2 хувь болгон өөрчилж, алданги тооцох нөхцөлийг тусган 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан.

Харин орон сууц захиалгын гэрээг хүчингүй болгож, нотариатаар баталгаажсан зээлийн гэрээ болгосон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээнүүдийн дагуу хүү хуримтлагдсан. Уг хүүд тооцож ******* үүсгэн байгуулсан *******-аас орон сууц шилжүүлэх тухай гэрээнүүд байгуулсан. Гэвч гэрээ байгуулсан даруйд орон сууцыг шууд шилжүүлэн өгсөн зүйл байхгүй, тухайн үед барилга баригдаж байсан. Барилга ашиглалтад орсны дараа хүүд тооцож өгөх ёстой орон сууцуудаас зөвхөн нэг орон сууцыг албан ёсоор шилжүүлсэн. Тодруулбал, 1024 дүгээр байрны 5 тоот, 56.54 м.кв талбайтай орон сууцыг 180,928,000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн бөгөөд уг асуудлыг анхан шатны шүүхэд тайлбарлаж, холбогдох дүнг тооцооноос хасуулсан.

5.4 Харин 2 тоот, 12 тоот орон сууцуудыг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч шилжүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн давж заалдах гомдлын агуулга тодорхой бус, 700,000,000 төгрөгөөр гурван өөр төрлийн маргаан үүсгэсэн гэх тайлбарыг давтан дурдсан. Түүнчлэн зээлийн гэрээг хувь хүн байгуулах боломжгүй гэж маргасан. Гэтэл талууд зээлийн гэрээний хугацааг 23 удаа сунгаж, гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн байхад хариуцагч удаа дараа зээл олгосон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны холбогдох хууль болон оролцогчийн эрхийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой тайлбарлаж чадаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 870,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 134,882,000 төгрөг, алданги 183,930,000 төгрөг, нийт 1,188,812,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1651 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 942,160,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 229,039,587 төгрөг, алданги 136,613,200 төгрөг, нийт 1,307,812,787 төгрөг, бүгд 2,496,624,787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2,000,000 юань буюу 942,160,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг тухай бүрд сунгасан. ...******* нь 1,500,000,000 төгрөгөөс үндсэн зээлд нийт 630,000,000 төгрөг төлсөн, ...хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрт орон сууц өгөхөөр харилцан тохиролцож орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

2.1 Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...******* болон ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр В/43, 44, 45, 52, 59 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* тус гэрээний төлбөрт 700,000,000 төгрөгийг *******д шилжүүлж орон сууц захиалсан. Гэвч ******* нь дээрх гэрээний төлбөр болох 700,000,000 төгрөгийг *******д зээлдүүлсэн гэж нэмж хүү, алданги тооцуулан авахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үгүйсгэн маргасан.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь, нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд ...зээл 1,500,000,000 төгрөгийг Хаан банк дахь ******* эзэмшлийн ******* тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн гэж тайлбарласан. Хэдийгээр тухайн зээлийн болон өөрчлөлт оруулсан гэрээ, мөн гэрээ дүгнэсэн баримт хэрэгт авагдсан байх боловч тухайн зээлийн мөнгөн хөрөнгөөс 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бодитоор хэрхэн, яаж шилжүүлсэн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

3.1 Мөн хариуцагч нь ...тухайн 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн гэж маргасан. Хэрэгт зээлийн гэрээний болон орон сууц захиалгын гэрээний дагуу дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх 700,000,000 төгрөгийг 1,500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, эсхүл тухайн зээлийн гэрээнд хамааралгүйгээр орон сууц захиалгын гэрээний дагуу тусад нь шилжүүлсэн, мөн тухайн зээлийн болон орон сууц захиалгын гэрээний үүрэг харилцан хамааралтай эсэх зэрэг үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

4. Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 12,538,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН