Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2016/00844

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 129.500.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагч Я.Б , нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б  нь иргэн Я.Б-той харилцан тохиролцон хариуцагчийн өмчлөлийн СХД-ийн 0-р хороо, 0  байрны 0 тоот 3 өрөө орон сууц, мөн СХД-ийн 0-р хороо, 0 байрны 0 тоот 2 өрөө орон сууцын тус тус барьцаалан зээл олгохоор болсон. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө тус бүр дээр 35.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулан нийт 70.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Нэхэмжлэгчээс хариуцагч Я.Б-ын Х банкинд дахь 0000000000 дансанд нийт зээл болох 70.000.000 төгрөгийг 2016.03.25-ны өдөр шилжүүлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний 1 болон 2 дугаар зүйлд заасан үүргээ зөрчиж зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 1 сарын нийт хүү 4.900.000 төгрөгнөөс гадна зээлдэгч талаас 7.000.000 төгрөгийг алдангид төлснөөс өөрөөр зээлийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Өнөөдрийн байдлаар нийт зээлийн үндсэн төлбөр 70.000.000 төгрөг, түүний нэг хоногийн алданги 350.000 төгрөг буюу нийт 91 хоногийн алданги 31.850.000 төгрөг болсноос төлсөн алданги 7.000.000 төгрөгийг хасвал алданги 24.850.000 төгрөг болж байна. Одоо 141 хоногийн алданги 35.000.000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, Иргэний хуулийн 227.З-т заасныг үндэслэн олох байсан орлого буюу хохирол 2016.09.25-ний өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны зээлийн хүү 24.500.000 /1сарын хүү 4.900.000 төг, 5 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 5 сар, 4.900.000х5сар=24,5сая/ төгрөгийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд үндсэн зээл нийт 70.000.000 төгрөг, зээлийн гэрээнүүдийн алданги 35.000.000 төгрөг, хохирол хүү 24.500.000 бүгд нийт 129.500.000 төгрөгийг хариуцагч Я.Б-с гаргуулан Ч.Б-т олгож, барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагчтай эвлэрч, манайх 4.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 125.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С  ХХК-тай 3 дуаар сарын 01-нд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, арматур төмөр авах байсан ч гэрээний үүргээ компани биелүүлэхгүй байна. Би дээрх зээлийг “С  ХХК-ийн захирал Т.М , түүний аав О.Т, менежер М.Т  нарт 80 тн арматурын урьдчилгаа болон тэдний худалдааны түнш Б  ХХК-ийн санхүүд 62.463.404 төгрөгийг тэдний хамт очин тушаасан бөгөөд үлдэгдэл 7.536.596 төгрөгийг тухайн 1 сарын хүү, ачаа ачиж буулгах, тээвэрлэлт зэргийн зардалд бэлнээр өгсөн билээ. Дээрх нэр бүхий хүмүүс 2016 оны 3 дугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд надад арматур төмөр өгөх байсан ч элдэв шалтаг хэлээд одоо болтол явж байгаа. Одоо ХУД-ийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаад шалгуулж байгаа. “С  ХХК нь надад 2016 оны 9 дүгээр сарын 28-нд тодорхойлолт гаргаж дээрх төлбөрийг хүү алдангийн хамт бүгдийг маргах зүйлгүйгээр төлье гэсэн бичиг хийж өгсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчид дуулгаж, энэ зээлийг төлөх тал дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч тал үндсэн зээл нийт 70.000.000, алданги 35.000.000 төгрөг, хохирол зээлийн хүү 24.500.000, нийт 129.500.000 /Нэг зуун хорин есөн сая таван зуун мянган/ төгрөг, мөн барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үнийн дүн 129.500.000 төгрөгийн шаардлагаа багасгаж, 4.500.000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч тал татгалзаж, 125.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болгож байна. Хариуцагч Я.Б  багасгасан нэхэмжлэлийн шаардлага 125.000.000 төгрөг, барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Я.Б  нь хүлээн зөвшөөрч эвлэрч буй 125.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Б  бүрэн төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамжийг хариуцагч тал бүрэн төлнө. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг шүүхэд өгч талууд тус бүр 1 хувийг хадгална. Гэрээний хувь бүр хууль зүйн хувьд адил хүчинтэй үйлчилнэ гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Я.Б  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94.850.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагаа 34.650.000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагыг энэ өдөр гардан авч тайлбарыг шүүх хуралдаанд гаргах боломжтой, нэхэмжлэгч талтай эвлэрсэн гэж тайлбарлалаа.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 129.500.000 төгрөгийн шаардлагаа багасгаж, 4.500.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Я.Б багасгасан нэхэмжлэлийн шаардлага болон барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч,  125.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхээр зохигч эвлэрчээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б  нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б.Э-д шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг өөрчлөх, хариуцагчтай эвлэрэх эрх олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигч эвлэрсэн 125.000.000 төгрөгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 782.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б   нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Б  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 129.500.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь 4.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 125.000.000 /нэг зуун хорин таван сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 782.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.  

    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ