| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0168/Э |
| Дугаар | 0171 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 0171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г-д холбогдох эрүүгийн 1925002970183 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт. Л.Г
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Баян-Өндөр” уулын урд энгэрт Т.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Т.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.Э-дын ...“2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад 19 цагийн үед хамт ажилладаг Л.Г-ын төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэх гээд уулзахаар тохирсон. Удалгүй уулзаад Баян-Өндөр уулын урд энгэрт Л.Г бид хоёр 0.75 литрийн 2 шил архи аваад хувааж уусан. Авсан архиа хувааж уугаад нилээд согтсон байсан. Нэг мэдсэн Л.Г намайг зодсон байсан. Миний нүүрэн тус газар гараараа нилээн хэдэн удаа цохисон байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 325 дугаартай дүгнэлтийн " Т.Э-дын биед дээд уруулд 1 тооны язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Язарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-22-р хуудас/
3. Гэрч Ц.О-гийн ...“Т.Э-д хэлэхдээ Л.Га ах намайг зодсон гэж хэлж байсан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл үйлдсэн гэмт хэргийг нотолж оролцоно. Ингэхдээ Т.Э-дын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар татсан мэдүүлэг зэрэг баримтуудыг судалж оролцоно. Шүүгдэгч Л.Г-ын хувьд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байдаг Баян-Өндөр уулын урд энгэрт Т.Э-той архи ууж маргаан гарч зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед архи ууж хоорондоо маргалдаж Т.Э-дыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар өгөсн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөшөөрч хохирол төлбөрөө хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзаж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт тавьсны дагуу 450.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Л.Ганбатад 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтад хураагдсан зүйл байхгүй, цагдан хоригдоогүй байгаа учраас өмнөх саналаа дэмжиж байна.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Э-дын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.О-ны мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Баян-Өндөр” уулын урд энгэрт Т.Э-дыг зодож дээд уруулд 1 тооны язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхийн хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Г-тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС