Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 215/МА2026/00002

 

 


                                             “****** *******” ХХК-ийн 
                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305/ШШ2025/00752 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *********** сумын ****** баг, ********* гудамж *** - *** тоот “****** *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** *********** ************ *********** ********* холбогдох,
Алданги 161,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших алданги болох 161,723,149 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манайх дулааны үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны 01 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчний 243 сая төгрөг төлөөгүй. 2025 оны 08 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд төлж барагдуулсан байгаа. Энэ хугацаанд манайх тогтмол гэрээний үүргээ биелүүлж 2025 оны 01 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээний үүргийн дагуу алданги тооцож олгож өгнө үү гэж шүүхэд хандсан байгаа гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар: Гэрээн дээр заасны дагуу гэж хэлж байгаа. Манайх гэрээ байгуулаагүй. Яагаад гэхээр өмнө нь 249 сая төгрөг дээр 116 сая төгрөгийн алданги тооцож орж ирэхдээ гэрээн дээр 0.5 хувиар алданги тооцуулна гэсэн заалт байсан учир би энэ гэрээг байгуулахаас татгалзсан. Боловсролын яамнаас орж ирэх санхүүжилт орж ирээгүй байгаа учир гэрээ байгуулснаар алданги тооцох юм байна гэж үзээд би гэрээ байгуулаагүй байгаа. 2025 оны 03 дугаар сард над дээр гэрээ байгуулахаар орж ирсэн. Тэгээд би гэрээ байгуулаагүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 243 сая төгрөг төлөөгүй гэж тайлбартаа хэлж байна. 243 сая биш 222 сая төгрөг байсан. Манайх энэ мөнгө төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өмнө нь манайх халаалтын төлбөрийг өөрсдөө хариуцаад төлдөг байсан. Одоо санхүүжилтийн асуудлаас болоод удааж төлсөн асуудал байгаа. Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт ороод төрийн өмчийн их дээд сургуулийн тогтмол зардлыг төрөөс хариуцна гээд 2024 оны 12 дугаар сард 152 сая төгрөг төрөөс орж ирсэн. 9-12 дугаар сарын төлбөрийг төрөөс орж ирсэн мөнгөөр төлж барагдуулсан. 2025 оны 01-05 сарын хугацаанд тогтмол зардал төрөөс орж ирээгүй байгаа. Энэ талаар ороогүй гэдэг баталгааг боловсролын яамнаас гаргуулж ирсэн. Төрөөс мөнгө орж ирээгүй учир бид нарт 222 сая төгрөгийн өр үлдсэн. Гэхдээ ****** ****** ХХК шүүхэд өр төлбөрөө төлөөгүй байна гэсэн нэхэмжлэл гаргасантай танилцаад 8 дугаар сард оюутны төлбөрийг орж ирэхэд энэ үлдэгдэл төлбөрөө барагдуулна гэж хэлээд үүний дагуу 08 дугаар сарын 27-н гэхэд 222,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өмнө нь нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй байсан. Сар бүр Хаан банкнаас зээл авч байсан. Цалингийн баримтууд баталгаажуулж өгнө. Мөнгө байхад бид нар төлөөгүй асуудал байхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******** *********** ************ *********** ********* холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны алданги болох 161,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,565.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ..... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“****** *******” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд Говь-Алтай аймгийн төвийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг бөгөөд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ********** аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуультай 2006 оноос хойш тасралтгүй “дулааны эрчим хүчээр хангах гэрээ” байгуулан ажиллаж ирсэн. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус гэрээг шинэчлэн байгуулж дулааны эрчим хүчээр хангаж ирсэн.
Гэтэл хэрэглэгч байгууллага нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд халаалтын төлбөрт төлөх ёстой байсан 222.593.411,51 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд үндсэн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 305/ШШ2025/00532 Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 222.593.411,51 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагын зүгээс гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших алданги 161.723.149 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний дугаар 305/ШШ2025/00752 шийдвэрээр шийдвэрлэхдээ тус шийдвэрийн үндэслэх хэсгийн нэхэмжлэгч “****** *******” ХХК нь хариуцагч АШУҮИС-ийн ******** аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуулийг 2025 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудад дулааны эрчим хүчээр хангасан үйл баримтын талаар маргаагүй. Уг үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1. “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг; 3.1.34. “эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар “****** *******” ХХК болон АШУҮИС-ийн ******** аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуулийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заажээ гэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5. хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэсэн заавал мөрдөх шинжтэй зохицуулалттай байна. Гэтэл хэрэглэгч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолоор батлагдаж, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн захиргааны хэм хэмжээний актын 1151 дугаарт бүртгэгдсэн үнийн тарифт өөрчлөлт оруулсан гэрээг батлахаас татгалзсан байхад “дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай хэлцлийг бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Гэрээний хувьд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг тогтоолтой холбоотой гэрээний үнэ нэмэгдсэн асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан алданги шаардах эрхээ алдсан гэж үзэж шийдвэрлэсэн байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305/ШШ2025/00752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, алданги 111,296,705.7 /нэг зуун арван нэгэн сая хоёр зуун ерэн зургаан мянга долоон зуун тав аравны долоон/ төгрөг хариуцагч ************* гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

7. Нэхэмжлэгч “****** *******” ХХК нь ******** *********** ************ *********** ********* 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших алданги болох 161,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж шийдвэрлэсэн байна.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд: Нэхэмжлэгч “****** *******” ХХК нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ********* аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуулийг  дулааны эрчим хүчээр хангаж , хариуцагч  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ********* аймаг дахь салбар Анагаах ухааны их сургууль дулааны төлбөрт  222.593.411,51 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

10. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй, “тамга дарагдаагүй, хариуцагч гарын үсэг зураагүй баримт авагдсан байх тул анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэж талуудын хооронд хэлцэл хийгдээгүй буюу нэг талын хүсэл зоригоо илэрхийлээгүй /заавал бичгээр байгуулагдах/ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй тул гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс алдангийг шаардах эрхгүй гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн хуулийн 232.7-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж хуульчилсан боловч талууд гэрээг бичгээр байгуулаагүй, мөн гэрээний чөлөөт байдлын зарчмаар хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй нэхэмжлэгч алданги авах эрхээ алдсан байна.
12. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь гэрээнд заасан зүйлийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл худалдагч “****** *******” ХХК-д ашигласан дулааны төлбөрийг худалдан авагч буюу хариуцагчаас шилжүүлсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн татгалзлаа тайлбарлаж буй  баримтаас харахад талууд гэрээг бичгээр байгуулаагүй нь тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбар няцаалт үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс хойших хугацааны алданги шаардах эрхгүй байна, хэлцлийг бичгээр байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

14. Нэхэмжлэгч “****** *******” ХХК нь хариуцагч АШУҮИС-ийн ********** аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуулийг 2025 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудад дулааны эрчим хүчээр хангасан үйл баримтын талаар маргаагүй. Уг үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1. “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг; 3.1.34. “эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан алданги төлөх ёстой гэж тайлбарлах боловч баримтаар нотолж чадаагүй байна.

15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “****** *******” ХХК болон АШУҮИС-ийн ********** аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуулийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээний нэг тал нь гарын үсэг зураагүй, нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий тамга дарагдаагүй нь баримтаар тогтоогдож нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305/ШШ2025/00752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305/ШШ2025/00752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,565.74 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                      ШҮҮГЧИД                            Б.НАМХАЙДОРЖ

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ