Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ХШТ/73

 

     Т.Г, А.Ц, М.А, Э.Б, С.Б, Г.Г,

Б.Г,А.О, Н.Ц нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Г.Сүхээ, Г.Тамир, шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүгдэгч С.Б, А.Ц нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 887 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаар магадлалтай, Т.Г, А.Ц, М.А, Э.Б, С.Б, Г.Г, Б.Г, А.О, Н.Ц нарт холбогдох 2205000001134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч С.Б, Т.Г, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга нарын  гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж байсан, Б овогт Т-ийн Г,

2.Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Ц,

3.Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Г,

4.Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт М-ын А,

5.Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-ийн Б,

6.Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт А-ын О,

7.Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын **-ны өдөр *** төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, И овогт Б-ын Г,

8.Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын **-ний өдөр *** төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Ц,

9.Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ын Б/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ын цээжин тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж түүний биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Ц, Т.Г, Г.Г, Э.Б, А.О, М.А нар нь бүлэглэж мөн цаг хугацаанд амь хохирогч Д.Х-ыг зодож түүний биед гялтанд цус хуралт, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух зулайн хуйх, зүүн мөр, цээж баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Г, А.Ц нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ын толгойн зүүн зулай хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Г.Г, Н.Ц, Э.Б, Б.Г, А.О, Т.Г, С.Б, М.А, А.Ц нар нь бүлэглэж мөн цаг хугацаанд үл ялих зүйлээр шалтаглаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөлд байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 887 дугаар шийтгэх тогтоолоор

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, Т.Г нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б овогт А-ийн Ц, Б овогт Т-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Б овогт А-ийн Ц, Б овогт Т-ийн Г, Б овогт Г-ын Г, Т овогт М-ын А, Х овогт Э-ийн Б, Б овогт А-ын О, И овогт Б-ын Г, Б овогт Н-ийн Ц, Б овогт С-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Г-ын Г, Х овогт Э-ийн Б, Б овогт А-ын О, Т овогт М-ын А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.Ц, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 13 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч А.Ц, Т.Г, Г.Г, М.А, Э.Б, А.О, Б.Г, Н.Ц, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Г, Э.Б, А.О, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Ц, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Г, М.А, Э.Б, А.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, Т.Г нарт оногдуулсан 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Г, М.А, Э.Б, А.О нарт оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г, Н.Ц, С.Б нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон Т.Г-ын 198 хоног, Г.Г-ийн 172 хоног, М.А-гийн 193 хоног, А.Ц-ийн 200 хоног, Э.Б-гийн 116 хоног, А.О-ын 107 хоног, Б.Г-гийн 61 хоног, Н.Ц-ын 61 хоног, С.Б-ын 61 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн  508.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар шүүгдэгч А.Ц-ээс 12.937.642 төгрөг, шүүгдэгч А.О-оос 9.693.198 төгрөг, шүүгдэгч Т.Г-оос 2.437.642 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хэргийн үйл баримтаас дүгнэхэд гэнэт үүссэн, хэд хэдэн хүн оролцсон зодооны явцад хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тодорхой хоёр этгээд учруулсан, бусад этгээдүүд зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй байх тул зөвхөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан 2 хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв байна. Харин зодоонд оролцсон бусад шүүгдэгч нарын үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн үйлдлээс шинж чанар, хохирогчид учруулсан гэмтлийн шинж зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна. ... Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна. Хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Ц, Т.Г, Г.Г, М.А, Э.Б, А.О, Б.Г, Н.Ц, С.Б нар нь зодоонд оролцож, хохирогч нарын эрүүл мэндэд хүч хэрэглэж, зодооныг дэвэргэж, бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирч, хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн шинжтэй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Г-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гомдлын талаар: Анхан шат шатны шүүхээс дүгнэлт хийхдээ амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тодорхой хоёр этгээд учруулсан, бусад этгээдүүд зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй, харин зодоонд оролцсон бусад шүүгдэгч нарын үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн үйлдлээс шинж чанар, хохирогчид учруулсан гэмтлийн шинж зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь шударга ёсны зарчимд нийцэн гэж дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг шүүгдэгч нар урьдаас зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна. Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин Д.Х-ыг зодож, хүнд гэмтээн улмаар хохирогч нас барсан нь түүнд шууд чиглэсэн үйлдэл хийж, уг үр дагаврыг зориуд бий болгосон, тэдгээрийн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал нь хохирогчийн амь нас хохироход хүргэсэн байна гэх дүгнэлтүүдийг хийсэн. Хэрэв дээрх хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий гэж үзвэл нэр бүхий 9 шүүгдэгчийг нийтэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон буюу Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг 1 удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан боловч шүүхээс гэмт хэргийн улмаас учирч буй хохиролд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон хэргийн зүйлчлэл нь 2 өөр боловч тухайн 2 зүйл анги нь бусдын амь нас хохирсон байх материаллаг шинжийг агуулсан байна. Гэтэл 1 удаагийн үйлдэлд амь хохирсон байх 2 гэмт хэргийн шинжийг агуулсан зүйлчлэл хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй гэж дүгнэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, Н.Ц, С.Б нар нь амь хохирогч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогддоггүй бөгөөд тухайн газарт байснаараа бусдыг амь хохирох нөхцөлд хүргэсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Г-гийн салгах үйлдэл хийж байсан нөхцөл байдалд анхан шатны шүүхээс ач холбогдол өгч, дүгнэлт хийгээгүй. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан сэдэлт, зорилго нь бусдын амь насыг хохирооход чиглээгүй байсан гэдгийг тодорхой харуулдаг ба хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн гол нотлох баримтаар Б.Г-гийн үйлдлийн ялгаа заагийг гаргаж, үйлдэлд нь тохирох зүйлчлэлээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж буюу шүүгдэгч Б.Г- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс Н.Ц, Т.Г, А.Ц, Г.Г, М.А, Э.Б, А.О, Б.Г, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...хэргийн газарт үзлэг хийсэн тэдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Б, А.А, гэрч Б.Ч, Ж.Б, Т.Ш, М.Б, Г.Э, С.Н, Я.О, Н.У, Б.М, Х.Б, Б.Ш, Г.Г, А.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрх бичмэл нотлох баримтуудад шүүгдэгч Н.Ц-ын үйлдлийг гэрчилсэн баримтууд байхгүй бөгөөд харин камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд “...яллагдагч Н.Ц мөрнөөс гар руу дагасан гэрэл ойлгогчтой орж ирээд зодоон болж байгаа газар руу хараад сууж байгаа”, “...яллагдагч Н.Ц босож ирээд А-ыг гараараа толгой орчим нэг удаа цохих бөгөөд М.А А.А-ыг татаж буйдан дээр суулгаж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа”, “...яллагдагч М.А хохирогч А.А-тай юм ярьж байх бөгөөд туүн дээр яллагдагч Б.Г, Н.Ц, С.Б нар очиж А.А-ы толгой хэсэгт Б.Г гараараа 1 удаа, С.Б зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж, М.А хөлөөрөө нэг удаа өшиглөөд салж байгаа тэмдэглэлд тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 40 секундэд яллагдагч Н.Ц хохирогч А.А-ы хоолойноос барьж аваад толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж, цээж хэсэгт нэг удаа өвдөглөж байх бөгөөд М.А, Г.Г нар салгаж байгааг тэмдэглэлд тусгав” гэх баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд маргаагүй болно. Дээрх үйл баримтад өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож, шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах, Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг үйл баримтад дүгнэлт хийж чадаагүй. Учир нь хэргийн шүүгдэгч нар болох А.Ц нь амь хохирогч Д.Х-ын биед хүндэвтэр хохирол, Т.Г, Г.Г, Э.Б, А.О, М.А, А.Ц нар бүлэглэн амь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.Ц, Т.Г нар бүлэглэн хохирогчийг алсан гэх үйлдэлд нь дүгнэлтийг өгсөн. Гэтэл шүүгдэгч С.Б, Н.Ц, Б.Г нар нь хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн биед болон эрх чөлөөнд нь ямар нэгэн байдлаар халдаагүй талаар нөхцөл байдал тогтоогдсон байтал гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйн харилцаа нийгэмд аюултай үйлдлээрээ хор хор уршиг учруулдаг нь гэмт хэргийн шалтгаант холбоо болдог талаар анхаарч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “..Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан. Хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд Н.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Харин хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хүний амь насыг хохироосон гэх этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд Зөрж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй байна. Учир нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлээс шүүгдэгч        6 шүүгдэгч болох Т.Г, Г.Г, Э.Б, А.О, М.-, А.Ц нар нь С.Б, Н.Ц, Б.Г нараас зөрж бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл хийгдсэн байтал үндэслэлгүйгээр Н.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дээд шүүхээс Н.Ц-ад оногдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч Н.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие Н овогтой Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Миний 2205000001134 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн гэсэн. Тухайн өдөр миний бие Н.Ц-ыг шүүх хуралдаанд оруулаагүй ба энэ нь миний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юм. Би шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргахдаа хавсаргаж явуулсан билээ. Миний бие Н.Ц-ыг 2022 оны 03 дугаар сарын  17-18-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байх “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт үл ялих зүйлээр шалтаглаж нийтийн хэв журмыг бүлэглэн бусдад хүч хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж үзээд 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар     2 жил 6 сар нээлттэй хорих ангид эдлүүлэх ял оногдуулсан. Миний бие энэ зүйл ангийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1.Шүүх хуралдаанд оруулаагүй нь миний эрхийг ноцтой зөрчсөн асуудал. Миний энэ асуудлыг хянан шийдвэрлэж өгнө үү.

            2.Хохирогч талын өмгөөлөгч Д.Бурмаа нь: Тухайн бааранд шүүгдэгч М.А, С.Б, Т.Г, Г.Г, А.Ц нар эхэлж ирсэн. Энэ хүмүүс олон удаа танхайрч баарны хамгаалагч гаргахаар буцаж орж ирээд хийдэг. Дараа нь Э.Б, А.О, Б.Г, Н.Ц нарын дуудсан эдгээр хүмүүс мөн л танхайрч зодоон хийх гэж ирсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан байдаг. Гэтэл хэргийн бодит байдал дээр Т.Г нь Б.Г руу утсаар ярихдаа би хүнд зодуулчихлаа эд нар явуулахгүй байна, чи ирээд аваадах гэдэг. Бид очихдоо зодоон салгаж Т.Г-ыг авч явах гэж тэнд анх очсон билээ. Иймд шүүгдэгч нарыг бүгд гэмт хэрэгт оролцсон гэж үзэхгүй байна.

            3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч миний бие Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заагдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар намайг бусадтай нийлж хүний амь насыг хохирох нөхцөл байдалд хүргэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй болох нь камерын бичлэгээр хангалттай нотлогддог.

4.Миний үйлдэл, миний нөхцөл байдлыг анхан шатны шүүх ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй ба хохирогч Д.Б, А.А ба гэрч нарын мэдүүлгээр болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэвч миний бие Н.Ц-ын үйлдлийг гэрч нар гэрчилсэн баримтууд байхгүй бөгөөд зөвхөн камерт харагдсан байдаг ба мөрнөөс гар луу унжсан гэрэл ойлгогчтой куртик өмссөн байдаг. Би зөвхөн А.А-ыг юм аваад шидчихлээ гэж харсан учраас болиулах зорилготой очоод толгойн хэсэгт 1 удаа цохидог. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна.

5.Би амь хохирогч Д.Х-т ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй ба ойртсон зүйл байхгүй. Миний хийсэн үйлдэл минь зөвхөн Н.Ц байснаараа бусдын амь нас хохирох нөхцөл гэж үзэж байгаа нь шударга бус үндэслэлгүй байна. Миний яг ямар үйлдэл нь бусдын амь нас хохирох байдалд хүргэж байгааг тодорхойлон гаргаж өгнө үү.

6.Миний үйлдэл нь бусдад зодуулж амь насаа алдсан залуугийн үхэлд ямар нэгэн хэмжээгээр буруугүй ч гэсэн шүүхээс нэхэмжилсэн 13 сая төгрөг сэтгэл санааны хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байдаг.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх талаар дурдсан байдаг. Гэвч намайг бусадтай нийлж гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын хүрээнд нийцэхгүй гэж дүгнэсэн бөгөөд хөнгөрүүлэх боломжгүй гэсэн. Гэвч миний үйлдэл нь ийм биш бөгөөд үүнд маш их гомдолтой байна. Миний өмгөөлөгч болон бусад шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хүсэлтийг авч хэлэлцээгүй давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Би бие муу ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Ээж минь тэтгэврийн зээлтэй. Миний санхүүгийн орлогоор өрх гэрээ авч явдаг юм. Би энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Иймд миний гэм буруугаа хүлээсэн байдал, ар гэрийн байдал, хохирол төлж барагдуулсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх зэргийг харгалзан үзэж миний хэргийг тусгаарлан шалгаж гэм буруугийн хэлбэрт минь тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулж зүйлчлэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. Мөн би энэ гэмт хэрэгт холбогдсоноос болоод 2 жил 6 сарын турш бие нь муу ээж минь гэртээ хүнд нөхцөлд үлдсэн билээ. Ийм урт хугацаагаар би ар гэр болон хөгшин настай ээжийгээ үлдээж байгаадаа миний хувьд маш их харамсаж байна. Тиймээс шүүгч та бүхнээс энэ хэргийг ахин нэг харж надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгч Т.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь 811 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “дээрх үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой”, 8 дахь хэсэгт “аль хүнийх нь цохилт болон өшиглөлтөөр тухайн гавал тархины гэмтэл үүсгэгдэж байгааг мэдэх боломжгүй”, амь хохирогчийн толгойд үхэлд хүргэх гэмтлийг учруулсан этгээдүүдийг тогтоох боломжгүй, цаашлаад үхэлд хүргэсэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь тогтоогдож байгаа, хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг зөвхөн 2 болон түүнээс дээш этгээдүүдийн хавсарсан цохилтоор хамтран үүсгэх боломжтой тухай дүгнээгүй тул уг гэмтлийг зөвхөн нэг хүн учруулсан байх боломжтой байна. Гэтэл үхэлд хүргэх гэмтлийг нэг хүний нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой буюу зөвхөн А.Ц бид хоёрын нэг нь дангаараа гэмтлийг үүсгэх боломжтой талаарх нөхцөл байдлыг шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь зүүн зулайн шугаман хугарал, зулай чамархай зэрэг нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, цохилтын чиглэл нь дээрээс доошоо чиглэлд үүссэн байна гэж үздэг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр би амь хохирогчийн баруун тал руу нь цохисон байдаг. Улмаар шүүх хуралдаанаар хэлэлцэж нотлох баримтын хүрээнд миний зүгээс амь хохирогчид дээрээс доош чиглэлд эсхүл зүүн талаас гэмтэл учруулсан талаар нөхцөл байдал нотлогддоггүй. Амь хохирогч болох Д.Х-ын үхэл нь А.Ц болон Т.Г нарын яг хэний цохилтоор амь хохирсныг тодорхойлоогүй. Хэт нэг талыг барьж зохиомол нотлох баримтаар ялласан. Шинжээчийн дүгнэлтийг бүтнээр нь ашиглаж камерт бичигдсэн үйлдлийг зөв дүгнээгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн иргэний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэжээ. Мөн эрүүгийн гэмт хэргийг эргэлзээ байхгүй тогтооно гэсэн нь зөрчилтэй байна. Эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн. Миний эрх зөрчигдөж байна. Иргэний эрхийн хувьд хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж үзэж байна. Хуулийн амин зүрх нь тэгш эрх, шударга ёсны итгэл үнэмшил тул амь хохирогч Д.Х-ын үхлийн шалтгааныг үнэн бодит тогтоож хуулийн эргэлзээгүй тогтоох нөхцөлийг биелүүлж миний эрхийн зөрчлийг арилгаж өгнө үү. Үндсэн хуулиар надад олгогдсон эрхийг сэргээж Эрүүгийн хуулийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох суурь зарчмыг баримтлан миний үйлдлийг эргэлзээгүй тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч С.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн зүйлийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа. Учир нь: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч миний биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зүйл ангиар зүйлчилж гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа тус хэргийн гэрчүүд болох Г.Э, С.Н, Я.О, Н.У, Х.Б, Б.Ш, А.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэн ял оногдуулсан байдаг. Гэтэл дээрх бичгийн нотлох баримтуудын гэрч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч С.Б миний үйлдлийг гэрчилсэн нотлох баримт огт байхгүй байдаг. Харин камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд “2 цаг 07 минут 37 секундэд яллагдагч С.Б бор өнгийн цамцтай гаднаас орж ирээд хохирогч Д.Б, Э.Б нарын хооронд зогсож байгаа байдлыг тэмдэглэлд тусгалаа...”, “... 2 цаг 09 минут 53 секундэд зодоон болсон буйдангийн цаад талын буйдан дээр яллагдагч М.А, хохирогч А.А-тай юм ярьж байх бөгөөд түүн дээр яллагдагч Б.Г, Н.Ц, С.Б нар очиж А.А-ы толгой хэсэгт Б.Г гараараа 1 удаа цохиж, С.Б зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж, М.А хөлөөрөө 1 удаа өшиглөөд салж байгааг тэмдэглэлд тусгалаа...”, шүүгдэгч С.Б миний бие тус зодооны хэрэг болж өнгөрсөн нийт хугацаа болох 6 минутын эхний 3 минут өнгөрсөн байхад шүүгдэгч А.Ц, М.А нарыг хайж уг хэргийн газар орж ирээд хохирогч А.А-ыг хувийн шалтгаанаар 1 удаа цохисон үйлдэл хийгээд тухайн зодооныг дуусахаас өмнө гарч явсан байдаг. Энэ хугацаанд миний бие бусадтай бүлэглэж хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж танхайрсан үйлдэл хийгээгүй байтал Баянгол дүүргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг харгалзан үзэлгүйгээр тухайн гэмт хэрэгт амь хохирогч залуу болох Д.Х-ыг зодож цохисон, хүнд, хөнгөн гэмтэл учруулсан, танхайн шинжтэй үйлдэл хийсэн бусад шүүгдэгч нартай ижил хэмжээний ялаар шийтгэсэнд, мөн шүүгдэгч миний бие урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй тухайн гэмт хэрэгт холбогдохдоо Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан хохирол төлбөрийг /13 сая төгрөг/ бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч миний бие тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо болох хохирогч А.А-ыг 1 удаа цохисон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл эсвэл 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Нэр бүхий 9 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Дээрх гэмт хэргийн ойлголтыг тодорхойлоход дараах шинжүүдэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд “нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл байдал болсон байна” гэсэн субъектив шинжийг тодорхойлсон. Дээрх нэгдмэл эс үйлдэл нь дотоод шинж чанарын хувьд хоёр буюу түүнээс дээш хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн үйлдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийг нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхаар заасан гэж үзээд хэрэгт холбогдсон этгээдүүдийг хүний амьд явах эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэн үйлдсэн байдлаар тодорхойлсон. Дээрх нөхцөл байдлын хүрээнд Н.Ц зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг холбогдсон. Н.Ц бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаар яллагдагчаар татагдаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамласан нь хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектод учирсан болон учрах байсан хохирлын агуулга, төрөл нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог. Тиймээс объектын болон учирсан хохирлын хооронд шалтгаан холбоотой байх шаардлагатай бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй амь насыг хохироосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Дээрх хэргүүдийн зарим нь нийлмэл гэмт хэргийн шинжтэй байсан. Нийлмэл гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр ба түүнээс дээш хэрэг үйлдэж, тэдгээрийн аль нэгэнд нь ял шийтгүүлээгүй байхыг ойлгодог. Гэтэл Н.Ц-аас бусад зургаан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг бүрээр ял оногдуулсан нь бодит байдалд нийцээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хэлбэрийн ойлголт, шинж төрлийг тодорхойлж чадаагүй. Учир нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байхыг ойлгодог. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 24 дүгээр талд “нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл байдал болсон байна” гэсэн дүгнэлт хийсэн нь санаатай гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн. Гэм буруугийн санаатай хэлбэрийг онолын хувьд урьдаас төлөвлөсөн шууд санаа, гэнэт үүссэн санаа гэх хоёр агуулгын хүрээнд авч үзэхэд Н.Ц нэр бүхий шүүгдэгч нартай бааранд орсон нөхцөл байдалд төлөвлөсөн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих санаа зорилго байгаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгсөн А.А-ы эрх чөлөөнд халдсан хэлбэр бий бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан үйл баримтад маргаагүй. Гэм буруугийн гэнэт үүссэн шууд санаа нь гэмт этгээд урьдаас гэмт хэрэг үйлдэхийг хүсээгүй, урьдчилан төлөвлөөгүй бөгөөд гэмт санаа нь тэр цаг үед гэнэт үүсэх ба санаа бодлоо нэн даруй хэрэгжүүлснийг хэлдэг. Н.Ц-ын өмссөн хувцас нь гэрэл цацруулагчтай байсан ба камерын бичлэгээс харахад гэмт буруугийн гэнэт үүссэн сэдэлтээр А.А-ы эрүүл мэндэд халдсан нөхцөл байдал бий. Гэхдээ энэ үйлдэлд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд Н.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогчийн амь насыг хохироох гэмтлийг хоёр этгээд учруулсан гэдгийг дүгнэсэн атлаа бусад шүүгдэгч нар болон дээрх хэрэгт шийтгүүлсэн хоёр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу танхайрах үйлдлийг хүний амь насыг хохироох нөхцөл байдалд хүргэж үйлдсэнд тооцсон. Дээрх хоёр гэмт хэрэг нь материаллаг шинжийн хувьд хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг шаардаж байна. Эрүүгийн хуульд зааснаар нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан байвал тус тусад нь ял оногдуулж болдог. Гэхдээ энэ нөхцөл байдлаас харахад нэг удаагийн үйлдэлд амь нас хохирсон байх нөхцөл шаардах хоёр зүйл ангиар ял оногдуулсан мэт харагдаж байна. Тухайн гэмт хэргийн гол онцлог нь шүүгдэгч нарын үйлдлийг харах боломжтой. Магадгүй камерын бичлэггүй байсан бол хоёр зүйл ангиар зүйлчлэхэд татгалзах зүйлгүй байх байсан. Шинжээчийн дүгнэлтээр амь насыг аврах боломжтой байсан нөхцөл байдал тогтоогдсон. Б.Г-гийн хувьд амь хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл хийж, хүч хэрэглээгүй нөхцөл байдалд амь хохирооход хүргэсэн гэх уялдаа холбоо байхгүй байна. Тэгэхээр Б.Г, Н.Ц, С.Б нар амь хохирогч руу чиглэсэн үйлдэл хийгээгүй. Мөн камерын бичлэгээс Б.Г салгах үйлдэл хийсэн нөхцөл байдал харагддаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Г.Тамир хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Бид анхан болон давж заалдах шатны шүүхэд Т.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолтой ижил агуулгаар гомдол гаргадаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 811 дугаартай шинжээчийн дүгнэлт “нэг удаагийн цохилтын улмаас амь нас хохирсон, зулайн дээд хэсгээс цохилтын хүч үйлчилсэн” гэсэн байдлаар гарсан. Тэгэхээр нэг цохилтыг А.Ц эсвэл Т.Г учруулсан эсэхийг тогтоолгох байдлаар маргаж, гомдол гаргаж ирсэн. Шүүх дээрх байдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо бичдэггүй. Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар гэм буруутайд тооцсон атлаа мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг хүлээн зөвшөөрдөггүй. Прокуророос миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Тэгэхээр прокурор хүнийг яллахдаа үхэлд хүргэсэн үйл баримтыг тогтоож чадахгүй, итгэлгүй байсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчаар татсан. Иймд гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн   2.11-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Г.Сүхээ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч нарын хэний цохилт болон өшиглөлтөөр гавал тархины гэмтэл үүссэнийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Камерын бичлэгээс харахад хохирогчид 7 хүн халдсанаас 5 нь толгойд нь хүрсэн байдаг. Гэтэл А.Ц, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгч Г.Тамиртай санал нэг байна” гэв.

Шүүгдэгч А.Ц, С.Б нарын өмгөөлөгч Н.Намжилцогт хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... А.Ц-ийн гэм бурууд маргадаггүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин С.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргах ёстой. Камерын бичлэгээс шүүгдэгч нарын оролцоо маш тодорхой харагддаг. С.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо 6 минут үргэлжилсэн зодооны 3 минут өнгөрсөн байхад орж ирсэн талаараа бичсэн байна. Улмаар орж ирэхэд нь зодоон болоод дууссан, хоёр хүн унасан байсныг харчихаад А.А-ыг тодорхой шалтгааны улмаас нэг удаа цохисон. Үндсэндээ орж ирээд 1 минут л болсон. Өөрөө ч гэсэн зодоон болох нь гэж бодоод ариун цэврийн өрөөнд байж байгаад дуусахаар орж ирснээ надад хэлдэг. А.А-ыг цохисон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинж байж болох юм. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон учир аргаа барсандаа 13.000.000 төгрөгийн хохирлыг өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэв.

Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хяналтын журмаар гомдол гаргах гэсэн боловч гомдлоо өөр дээрээ удааснаас гомдол гаргах хугацаагаа өнгөрөөсөн юм билээ. Өмгөөлөгч С.Мөнхтулгатай ижил байр суурьтай учир хяналтын журмаар гаргасан гомдлыг нь дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа  “... Мөрдөн шалгах ажиллагаанаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Талийгаачийн төрсөн эх Т.Ц Завхан аймгийн *** суманд амьдардаг, малчин хүн юм. Анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд цас зудтай холбоотойгоор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Хяналтын шатны шүүх хуралдаанд хүн хүчгүй учир мөн ирж чадаагүй ба өмгөөлөгчөө оролцохыг зөвшөөрсөн юм. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хуулийн зүйл, хэсэг, оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан бодит хохирлыг баримтад үндэслэн үндэслэлтэй тооцож шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ийн хувьд том хүүгээ алдсандаа маш их гомдолтой байгаагаа дамжуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Ц нарын 9 шүүгдэгчийн гэм бурууг хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, амь хохирогчийн үхлийн шалтгаан болон учирсан гэмтлүүдийг тогтоолгосон. Дүгнэлтүүдийн эхний дүгнэлтэд амь хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл нь 1-2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, 2 дахь дүгнэлтэд 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, сүүлийн дүгнэлтэд амь хохирогчийн зүүн зулай хэсэгт цохилтын хүч үйлчилсэн, нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхойлсон гавал тархины гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн талаарх хариултыг туйлын үнэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт нь нотолгооны ач холбогдол, үнэлэгдэх түвшний хувьд бусад нотлох баримтуудаас илүү ач холбогдолтой, эргэлзээгүй байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Харин тухайн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлж, дүгнэх учиртай. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтууд, түүний дотор хэргийн байдлыг шууд харуулж буй хэрэг гарсан “И” нэртэй шөнийн цэнгээний газрын доторх хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог тогтоосон нь үндэслэл бүхий байна. Шүүгдэгч А.Ц, Т.Г нар нь бүлэглэн хүнийг санаатай алсан болон шүүгдэгч Г.Г, Э.Б, А.О, М.А нар нь бүлэглэн амь хохирогч Б.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Ц, Т.Г, Г.Г, М.А, Э.Б, А.О, Б.Г, Н.Ц, С.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар прокуророос зүйлчилсэн гэмт хэрэгт “... нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг шүүгдэгч нар урьдаас зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон. Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Д.Х-ыг зодож, хүнд гэмтээн улмаар хохирогч нас барсан нь түүнд шууд чиглэсэн үйлдэл хийж, уг үр дагаврыг зориуд бий болгосон, тэдгээрийн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал нь хохирогчийн амь нас хохироход хүргэсэн байна” гэсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, хэсэг, заалтаар давхар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө өдөр үйлдэгдсэн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг аргилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч нараас     86.100.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүгдэгч нараас хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан, шүүгдэгч А.Ц, А.О, Т.Г нараас бусад шүүгдэгчид төлбөрийг бүрэн төлсөн байдалд хуульд нийцээгүй байна. Анхан шатны шүүх гэм хорын төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулсан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч С.Б, Т.Г, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл тус бүрд зайлшгүй дүгнэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бий болгосон үйлдэл хоорондын шалтгаант холбоо, түүний хүрээг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлт хийх нь хэргийн бодит үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг дээд шатны шүүхүүдээс үнэлэх гол шалгуур болдог.

3.Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тодотгон тайлбарлах нь зүйтэй байна.

3.1.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие бусадтай бүлэглэж хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж танхайрсан үйлдэл хийгээгүй байтал ... тухайн гэмт хэрэгт амь хохирогч залуу болох Д.Х-ыг зодож цохисон, хүнд, хөнгөн гэмтэл учруулсан, танхайн шинжтэй үйлдэл хийсэн бусад шүүгдэгч нартай ижил хэмжээний ялаар шийтгэсэн. ... миний бие тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо болох хохирогч А.А-ыг 1 удаа цохисон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл эсвэл 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү”,

шүүгдэгч Н.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч миний бие Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заагдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар намайг бусадтай нийлж хүний амь насыг хохирох нөхцөл байдалд хүргэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй болох нь камерын бичлэгээр хангалттай нотлогддог. ... миний хэргийг тусгаарлан шалгаж гэм буруугийн хэлбэрт минь тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулж зүйлчлэлийг минь хөнгөрүүлж өгнө үү”,

шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... 9 шүүгдэгчийг нийтэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. ... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, Н.Ц, С.Б нар нь амь хохирогч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогддоггүй бөгөөд тухайн газарт байснаараа бусдын амь нас хохирох нөхцөлд хүргэсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. ... Б.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Н.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн ... Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь буруу байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох, дээрэлхэх, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг болно.

Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын хувийн таарамжгүй харилцаа, зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр хэргийг зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Т.Г, А.Ц, М.А, Э.Б, С.Б, Г.Г, Б.Г, А.О, Н.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирол, хор уршиг бодитойгоор учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу нэг гэмт хэрэгт ял шийтгэх үндэслэл болно.

Гэтэл шүүгдэгч нар анхнаасаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, шөнийн цэнгээний газрын зарим ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн санаа зорилго, сэдэлт бүхий идэвхтэй шинжтэй үйлдлүүдийг хийсэн буюу “И” нэртэй шөнийн цэнгээний газарт орсон цагаасаа эхлэн тэнд үйлчлүүлж байсан хүмүүстэй үл ялих зүйлээр шалтаглан муудалцаж, хэрүүл зодоон үүсгэсний улмаас хамгаалагч тэднийг хөөж гаргасан байтал гадаа үүдэнд дахин өөр хүмүүстэй хэрүүл, маргаан үүсгэн нийтээр тогтоосон хэв журмыг үл тоомсорлосон, улмаар шөнийн цэнгээний газрын гадаа байхдаа үл ялих зүйлээр шалтаглан муудалцсан А.А-ыг зодох зорилгоор хүмүүс нэмж дуудан хүч нэмэгдүүлэн есүүлээ болж буцаж орж ирээд А.А-тай хамт сууж байсан Д.Б, Д.Х нарыг бүлэглэн зодож, догшин авирлаж, зодооныг салгах гэж оролдсон шөнийн цэнгээний газрын ажилчдыг эсэргүүцэн, тухайн газарт үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Д.Х-ын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан:

Гэрч Г.Э-ын “... “И” нэртэй бааранд надаас өөр хамгаалагч байхгүй. ... 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан залуучууд бааран дотор согтчихоод хүмүүстэй маргалдаад байхаар нь би очоод тэр залуучуудыг бараанд маргаан хийхгүй шүү гэж хэлээд баарнаас гаргасан. ... 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан 4 залууг баарнаас гаргачихаад би араас нь баарны гадаа гараад иртэл бааран дотор зодуулдаг 4 залуу дээр миний баарнаас гаргадаг  9, 8, 7, 6 дугаарын зураг дээр байсан 4 залуу оччихсон маргалдаад байж байхад нь би очоод тэр хэдийг салгаад би өөрөө баарнаас гаргадаг согтуу залуучуудыг яв гээд явуулсан. Харин зодуулдаг 4 залуу баар луу буцаад орсон. Энэ үйл явдлаас  1 цаг орчмын дараа миний баарнаас гаргадаг 4 залуу дээр дахиад 3 эрэгтэй хүн нэмэгдээд нийт долуулаа болоод шууд баар луу дайрч орж ирсэн ... Зодоон хийсэн залуучуудын 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан 4 залуу анх орж ирэхдээ талбай дээр бүжиглэж байсан 2-3 залуутай маргалдсан. Зодуулсан залуучуудтай бааран дотор бол маргалдаагүй” /1 дүгээр хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

Гэрч С.Н-н “... И бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. 22 цагийн орчимд баарны дотор бүжгийн талбайд шар куртиктай 28-30 орчим насны, сахалтай, шардуу царайтай жинсэн өмдтэй залуу руу ширээн дээр сууж байсан 7 залуу бүгд дайраад байна гэж зөөгч охин болох З надад хэлсэн. ... Би хамгаалагч болох Л-ийн хамт тэр залуучууд руу яваад очтол хэрүүл анх өдөөд байсан бүлтгэр нүдтэй цагаан подволктой 178 орчим см өндөр туранхай залуу тухайн үл таних залуу болох шар куртиктай 28-30 орчим насны сахалтай шардуу царайтай жинсэн өмдтэй залууг дороо оруулаад хаа хамаагүй цохиж байсан. ... Бүгд л дайраад шар куртиктай 28-30 орчим насны залууг гараараа цохиж байсан. ... Тэгээд би хамгаалагч Л-ийн хамт арай гэж тэр 7 залууг баарнаас гаргах гээд явж байсан чинь түрүүлж гарсан бүлтгэр нүдтэй цагаан подволктой 178 орчим см өндөр туранхай залуу гадаа өндөр туранхай халзан залуутай зодоон хийж байсан. ... Тэгээд тэр 7 залуу гадаа байсан гурван залуучуудтай зодолдоод байхаар нь би хамгаалагч болох Лхамаатай очоод зодооныг салгаад учрыг тайлбарлаж хэлтэл цаашаа алхаад яваад өгсөн.  ... 1-2 цагийн дараа нөгөө үл таних 7 залуу буцаад ороод ирсэн, хойд ширээ рүү алхахаар нь би оруулахгүй гэж хэлсэн чинь бид хэд эвлэрсэн зодоон нүдээн хийхгүй очоод тэр хэдэн залуучуудтай уулзчихаад гарна  гэж хэлсэн. ... Тэнд байсан найз нь бүгд дайрсан. Бид хоёр болиулах гэсэн боловч хүч хүрээгүй” /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

Гэрч Я.О-ийн “... ** бааранд барменаар ажиллаж байсан. ... текний урд сууж байсан манай зөөгч залууг хар хүрэмтэй, саарал фудволктой залуу шууд ирээд боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгаад байж байхад нөгөө залуу над руу сандал авч шидсэн. ... намайг сандлаар цохидог хар хүрэмтэй залуу манай зөөгч Б-ийн найз залуу Шинээг текэн дээр боогоод бас газар унагаасан. Тэгсэн хамгаалагч салгасан. Тэгээд байж байтал бөөн зодоон болох шиг болсноо текний урдуур хар цамцтай Амараатай хамт явж байсан ахыг хар хүрэмтэй, саарал фудволктой намайг сандлаар цохидог ах чирээд ирсэн. ... Тухайн үед яг хэдүүлээ байсныг мэдэхгүй. Олуулаа л байсан. Талийгаач болон түүнтэй хамт явсан хоёрыг хойд зааланд их зодсон юм шиг байна лээ” /1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/,

Гэрч Э.У-ийн “... *** бааранд зөөгчөөр ажиллаж байсан. ... Нээгээд удаагүй байхад гаднаас 7-8 эрэгтэй орж ирээд бүжгийн талбайн хажуугийн ширээнд суусан. ... Тэгээд хамгийн анх орж ирсэн эрэгтэйчүүд 2 цаг орчим сууж байгаад бүжгийн талбайд байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь хамгаалагч, зохион байгуулагч нар очоод гаргасан. ... Анх орж ирсэн 7-8 эрэгтэй буцаж орж ирээд хойд талын ширээн дээр сууж байсан 3 эрэгтэй дээр очоод гэнэт л маргалдаж зодолдоод эхэлсэн. ... бүгд маргаан зодоонд оролцож байсан бөгөөд тэр 3 эрэгтэйг энд тэндгүй өшиглөж цохиж байсан” /1 дүгээр хавтаст хэргийн  98-100 дахь тал/,

А.А-ы гэрчээр өгсөн “... Би ууж байгаад дундуур нь тамхи татах гээд гадагшаа баарнаас гарсан ба гадаа гараад байж байхад намайг үл таних махлаг 174 см орчим өндөртэй, шар теди өмссөн 24 орчим насны эрэгтэй шууд заамдаж авахаар нь би тэр эрэгтэйг боль гээд цааш нь түлхсэн. Тэр намайг заамддаг эрэгтэй миний санаж байгаагаар гадаа зургуулаа зогсоцгоож байсан ... намайг гадаа зодолдох гээд байж байхад манай хоёр ах болох талийгаач болон Д.Б нар араас гарч ирээд намайг тэд нараас салгасан бөгөөд бид гурав эргээд бааранд орсон. ... Тэгээд бид гурав эргээд баар руу ороод үргэлжлүүлэн согтууруулах ундаа ууж байхад намайг гадаа муудалцаж зодолдсоноос хойш 1 цаг орчмын дараа нөгөө надтай гадаа зодолддог эрэгтэйчүүд бүүр олуулаа буюу арван хэдүүлээ болоод ороод ирцгээсэн. Шууд л үгийн зөрүүгүй талийгаач, Д.Б- ах болон намайг тэд нар зодоод эхэлсэн” /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

А.А-ы хохирогчоор өгсөн “... Баарны гадаа тамхи татах гээд гарсан чинь нэг танихгүй шар малгайтай цамцтай бүдүүн залуу намайг заамдаж аваад бид хоёр маргалдсан. Тухайн үед уг залуу 5-6 залуугийн хамт байсан бөгөөд хамт явсан хүмүүс нь намайг цохиж аваад байхаар нь нэг хар хувцастай залууг нэг удаа цохисон чинь араас Д.Б, Д.Х хоёр ах гарч ирээд бид нарыг салгаж нэг их зодоон болоогүй салаад баар руу орсон. Бид нар бааранд орж суугаад нэг их удаагүй 1 цаг орчим пиво уугаад сууж байсан чинь гаднаас нөгөө надтай маргалдсан шар цамцтай бүдүүн залуу орж ирж гар бариад араас нь үгийн зөрүүгүй шууд пивоны шил авч зодоод эхэлсэн. Би тэр хүмүүстэй барьцалдаж аваад байж байхад араас нь 10 орчим залуучууд орж ирээд Д.Б, Д.Х ах нарыг чирээд зодоод байсан. Уг үйл явдал маш богино хугацаанд нөгөө хүмүүс бид гурвыг зодож байгаад гараад яваад өгсөн” /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,

Гэрч Б.Ш-ийн “... А.А-ы хамт тамхи татах гэж гарсан. А.А баарнаас түрүүлж гараад араас нь би гарсан чинь А.А-ыг нэг танихгүй бүдүүн том биетэй залуу барьж аваад зодоон хийх гээд байсан. Би тэр хоёрыг салгаж хоёр тийш болгосон чинь нөгөө залуу намайг барьж аваад бид хоёр бие биеэ 1-2 удаа цохисон чинь баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгаж авсан. Тэр үед уг хүмүүстэй хамт байсан 2-3 залуу А.А-ыг зодох гээд хөөгөөд А.А зугтаж байгаад 1-2 залууг нь цохиж байгаа харагдсан. Тэр үе нээх их зодоон болоогүй нөгөө залуучууд салаад явсан. ... Би нойлд 5-8 минут орчим болоод гарч ирсэн. ... Би яасан юм бэ гэж асуусан чинь А.А нөгөө гарууд чинь орж ирээд пойлдож зодоод яваад өгсөн гэсэн.   ... Тухайн үед баарны гадна нэг их сүртэй зодоон болсон зүйл байхгүй. ... Тэр хүмүүс буцаж ирээд А.А-ыг хоёр ахын хам зодсон байх гэж бодож байна” /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Хэдийгээр шүүгдэгч Б.Г, Н.Ц, С.Б нар амь хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл хийгээгүй гэж байгаа боловч зодоонд оролцож, хохирогч нарт хүч хэрэглэж, зодооныг дэвэргэж, бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулснаараа бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн байх тул шүүгдэгч С.Б, Н.Ц, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан “... зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй байна.

3.2.Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Н.Ц нь ... хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт тогтоогоогүй бөгөөд хүний амь насыг хохироосон гэх этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрж гүйцэтгэсэн гэж үндэслэлтэй байна. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

          Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

          Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог урьдчилан хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

           Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэсэнд тооцдог билээ.

Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй учраас хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө нэр бүхий 9 шүүгдэгчийн хооронд бодит тохироо хийгдээгүй буюу хүрэх үр дүнгийн талаар урьдчилан тохиролцож, үүрэг оролцоогоо хуваарилсан байдал тогтоогдоогүй болно.

            Түүнчлэн гэмт санааг гэнэт үүссэн санаа, урьдаас төлөвлөсөн санаа гэж ангилдаг бөгөөд гэнэт үүссэн санаагаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд зөрж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч О.Санчирбалын “... хүний амь насыг хохироосон гэх этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрж гүйцэтгэсэн гэж үндэслэлтэй байна ...” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

3.3.Шүүгдэгч Т.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Үхэлд хүргэх гэмтлийг нэг хүний нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой буюу зөвхөн А.Ц бид хоёрын нэг нь дангаараа гэмтлийг үүсгэх боломжтой талаарх нөхцөл байдлыг шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. ... Эрүүгийн хуулийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох суурь зарчмыг баримтлан миний үйлдлийг эргэлзээгүй тогтоож өгнө үү” гэжээ.

Амь хохирогчийг үхэлд хүргэсэн үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 936 дугаартай эхний шинжээчийн дүгнэлтэд “... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үед үүссэн гэмтлүүд байна”, 811 дугаартай  3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “... Дээрх үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой”,   1019 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “... Дээрх гэмтэл нь зүүн зулай хэсэгт өшиглөхөд үүсэх боломжтой” гэж тус тус дүгнэсэн байна.

Шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт нэг бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... 02 цаг 06 минут 29-36 секундэд дэлгэцийн дээд талд яллагдагч Э.Б амь хохирогч Д.Х-ыг чирээд явж байх үед яллагдагч Т.Г цаад талаас ирж амь хохирогч Д.Х-ын толгой хэсэгт хөлөөрөө 5 удаа дэвсэж байгаа байдал”,

“... 02 цаг 06 минут 50-07:00 секундэд яллагдагч Т.Г амь хохирогч Д.Х-ын дээрээс 2 удаа дэвсэж байгаа байдал”,

“... 02 цаг 07 минут 10-13 секундэд яллагдагч А.Ц-ийг хохирогч А.А-тай барьцалдаж авсан ноцолдож байх үед баарны хоёр хамгаалагч ирж салгах бөгөөд гарч явахдаа шалан дээр хэвтэж байсан амь хохирогч Д.Х-ын дээрээс толгой орчим 1 удаа хөлөөрөө дэвсэж байгаа байдал”,

“... 02 цаг 10 минут 57 секундэд амь хохирогч Д.Х үүдний хэсэгт хэвтэж байхад яллагдагч Т.Г түүний дээр гишгээд гарч байх бөгөөд А.Ц хохирогчийн цээж, толгой орчим 1 удаа цохиж, 1 удаа өшиглөж байгаа байдал” гэх тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Б, А.А, гэрч Б.Ч, Ж.Б, Т.Ш, М.Б, Г.Э, С.Н, Я.О, Н.У, Б.М, Х.Б, Б.Ш, Г.Г, А.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдийг шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулан үнэлсний үндсэн дээр гэнэт үүссэн, хэд хэдэн хүн оролцсон зодооны явцад хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тодорхой хоёр этгээд учруулсан, бусад этгээдүүд зодоонд оролцсон боловч хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг учруулсан үйлдлийг хийгээгүй байх тул зөвхөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан 2 хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “хүнийг бүлэглэж алах” гэмт хэрэгт тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэжээ.

Түүнчлэн шүүгдэгч А.Ц, Т.Г нарын амь хохирогч Д.Х-ыг хөлөөрөө өшиглөж, дэвсэж байгаа объектив шинжийн үйлдлүүдээр тэдний хүн алах гэмт хэргийн субъектив шинж тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

            Иймд шүүгдэгч Т.Г-ын хяналтын шатны шүүхэд гаргасан “... Үхэлд хүргэх гэмтлийг нэг хүний нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой буюу зөвхөн А.Ц бид хоёрын нэг нь дангаараа гэмтлийг үүсгэх боломжтой талаарх нөхцөл байдлыг шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

4.Шүүгдэгч Т.Г, А.Ц нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Х-ын толгойн зүүн зулай хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Г.Г, Э.Б, А.О, М.А нар нь бүлэглэж мөн цаг хугацаанд амь хохирогч Д.Х-ыг зодож түүний биед гялтанд цус хуралт, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух зулайн хуйх, зүүн мөр, цээж баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Г, А.Ц, Г.Г, Н.Ц, Э.Б, Б.Г, А.О, С.Б, М.А нар нь бүлэглэж мөн цаг хугацаанд үл ялих зүйлээр шалтаглаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөлд байдалд хүргэж үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5.Түүнчлэн анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч А.Ц, Т.Г нар нь хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх явцдаа амь хохирогчийн биед гэмтэл учруулж байгаа үйлдэл тус бүрээр нь салгаж зүйлчлэх, мөн ял оногдуулах нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, прокуророос А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч шүүдэгч А.Ц, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэв.

6.Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

7.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан болохыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй байна. 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад хоёр шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ. 

Дээр дурдсаны дагуу 2022 оны 03 дугаар сарын 17-18-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүх тогтоов.

Харин шүүгдэгч нарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд зориулж сайн дурын үндсэн дээр өгсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

9.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 887 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч С.Б, Т.Г, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ