Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 688

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “ХХ”, “ХХХ ”, “ХХХХ ”, “Б ”, “Ү ”, “М  ” ТББ-уудын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:“...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******а, П.Цэ******н, Б.А******т, Д.Бу*****н, Н.До*****в, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ба*******л, Э.Би********н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.О*****г, гэрч А.Ба******й, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******а, П.Цэ******н, Б.А******т, Д.Бу*****н, Н.До*****в нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.12-т заасны дагуу “хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу “Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаам, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана” гэж заасны дагуу хүүхдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзаж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн ч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан Дүнжингарав хаврын бүсийн уралдааны товыг баталсан 63 дугаар тогтоолоор хүүхдийн дээд ашиг сонирхол, эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөлөхүйц, эрхийг нь зөрчиж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн шийдвэр гаргажээ.

Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенцид 1990 онд, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай (1999) 182 дугаар Конвенцид 2001 онд, Насны доод хязгаарын тухай (1973) 138 дугаар конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон ч түүгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, дээрх гэрээг мөрдөхгүй зөрчсөөр байна. Тодруулбал, ОУХБ-ын Конвенц, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооноос 182 дугаар Конвенцийн хэрэгжилтийн талаар Монголын Засгийн газарт шууд ирүүлсэн хүсэлтийн Заалт (г) (Аюултай ажил. Морь уралдаанч.)-д уралдааны морь унах нь утгаараа өөрөө аюултай буюу осолтой нөхцөлд тооцогдох ба хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд гэмтэл учруулах магадлалтай тул 18 наснаас доош насны хүүхдийг морь унахыг үргэлжлүүлэн зөвшөөрч байгаад эмзэглэн санаа зовж байгаагаа илэрхийлээд Засгийн Газраас нэн даруй арга хэмжээ авахыг хүссэн байна.

Үүний дагуу найман жилийн дараа Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тушаалаар “Насан хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ. Энэ жагсаалтын 3 дугаар зүйлийн 3.10-т хүүхэд “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хориглосон. Гэтэл Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолын дагуу “бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын шинийн 21-нд буюу 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд Хангайн бүсийн уралдааныг Өвөрхангай аймагт 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус зохион байгуулж явуулсугай” хэмээн Хөдөлмөрийн сайдын тушаалаар хориглосон жагсаалтад заасан хугацааг үл харгалзаж, хүйтний улиралд уралдуулахыг зөвшөөрсөн юм.

Үүнтэй уялдан Хүний эрхийн Үндэсний Комисс, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, олон улсын төрийн бус байгууллагаас зөвлөмж, мэдэгдэл удаа дараа гаргасан ч төрийн зүгээс ямар нэгэн хариу арга хэмжээ авалгүй сүүлийн гурван жил хаврын бүсийн уралдааныг зохион байгуулж, Хөдөлмөрийн сайдын тушаалыг хэрэгжүүлж байсан аймгийн Засаг дарга захирамжаа цуцлахад хүрсэн байна.

Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвөөс (ГССЗҮТ) гаргасан судалгаагаар сүүлийн 3 жилийн хугацаанд хурдан мориноос унаж бэртсэний улмаас 6 хүүхэд амь насаараа хохирсон гэх баримт байна. (Энэ тоо нь зөвхөн ГССЗҮТ-д бүртгэгдсэн тоо юм.) Улсын хэмжээнд 2013-2015 оны 2002 хүүхэд мориноос унаж гэмтэл авсан бөгөөд 6 хүүхэд үхсэн байна. Хаврын морин уралдаанд бэлтгэж, уяа, сунгааг өвөл хийх ба гадаа -15 хэмтэй, салхины хурд 10 км/цаг байхад агаарын хэм -21 хэмийн хүйтэнтэй тэнцэж, хөлдөлт 30 минутад үүсэх боломжтой билээ. Хүйтний улирлын байгаль цаг уурын нөлөөтэйгөөр зузаан хувцаслах, хамгаалалтын хэрэгсэл өмсөхгүй байх зэргээс шалтгаалан хүүхдийн бэртэл, гэмтлийн зэрэг хүндрэх, насанд хүрсэ хойноо дотор эрхтэн, тулгуур эрхтэн, мэдрэлийн эмгэгтэй болох эрсдэл маш өндөр байна.

Мөн улсын хэмжээнд уралдаанд оролцсон 529 хүүхдээс судалгаа авахад 52.3 хувь нь ямар нэгэн байдлаар мориноос унаж байсан, 22.6 хувь нь хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гэмтсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан гэжээ. Үүний зэрэгцээ 71.6 хувь нь бэртэл гэмтэл хамгийн их гардаг улирлаар өвөл, хаврын улирал гэж онцолсон байна.

Хурдан морь унаж уралдах шалтгаанаар хичээлээс хоцрогдсоны улмаас сурах сонирхол идэвхгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эзнийхээ морь, малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцөл бүрдэж байна. Хүүхэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж бойжихын оронд биеийн болон сэтгэлзүйн дарамтад орж, тухайн унасан морио сайн уралдуулах, эсхүл огт шагнал, урамшуулалгүй хоцрох гэсэн сонголт дунд амьдарч, ажиллаж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, сэтгэл зүйн сөрөг нөлөөтэй учир “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр”-т тооцох үндэстэй болно.

Иймээс дотоодын хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүүхдийн эрхийг зөрчихүйц нөхцөл байдал үүсгэсэн, цаашид тэдний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөтэй хаврын уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мө*********н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дор дурьдсан үндэслэлээр бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна:

Хурдан морины уралдаан зохион байгуулахад уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс 2011 оноос “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2011 заавал мөрдөх стандартыг мөрддөг ба уралдаанч хүүхдүүдэд хэвшүүлсэн байна. Уралдаан зохион байгуулагчид уг стандартын дагуу хувцас, хэрэглэлийн бүрдлийг Мэргэжлийн хяналтын байгууллага, хүүхдийн эрхийн байгууллагууд хамтран хянаж, хангаагүй тохиолдолд уралдаанд оролцуулдаггүй болно.

Түүнчлэн Засгийн газраас хурдан морины уралдааныг зохион байгуулах тов, орон нутаг, зохион байгуулалтыг мэргэжлийн холбоонд хариуцуулсанаар уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдлийг бууруулж өгсөн төдийгүй орон нутагт хараа хяналтгүйгээр хурдан морины уралдаан зохион байгуулж уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох нөхцлийг хаасан юм.

Нэхэмжлэгч тал хаврын бүсийн уралдааныг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу “хүйтний улиралд” зарласанаар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй тул Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохдоо зөвхөн хүйтний улиралд зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдийн судалгаан дээр үндэслэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч тал хаврын бүсийн уралдааны товыг хүчингүй болгуулах хүсэлтэй байжээ. Иймд, Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу хаврын бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага ач холбогдлоо алдсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заасны дагуу Засгийн зарын 2017 оны 63 дугаар тогтоол нь дээрх шинжийг агуулснаараа захиргааны хэм хэмжээ тогтоосон акт юм. Түүнчлэн уг тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр заасан. Уг тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоосон ба энэ нь үйлчлэлийн хувьд “хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх” юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг давж заалдах шатны шүүх гэж үзэж байна” гэжээ.          

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Од******гаас шүүх хуралдааны үед хийсэн тайлбартаа “... Засгийн газрын тогтоолоор хурдан морины уралдааныг зохион  байгуулах тов, орон нутаг, зохион байгуулалтыг мэргэжлийн холбоонд хариуцуулж өгснөөр хурдан морины уралдааны үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдлийг бууруулж өгсөн. Ийнхүү Засгийн газраас хаврын хурдан морины уралдааныг нэгдсэн зохион байгуулалт, мэргэжлийн удирдлага, хяналтаар хангаагүй тохиолдолд зохион байгуулалтгүй хурдан морины уралдаан олширч уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох магадлалтай” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “ХХ”, “ХХХ ”, “ХХХХ ”, “Б ”, “Ү ”, “М  ” ТББ-уудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр“   1. Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг бүхэлд нь хууль бус байсан болохыг тогтоолгох,

 2. Уг тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, 

3. Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” гэж тодруулсныг шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг бүхэлд нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай 63 дугаар тогтоолоор Хаврын төвийн бүсийн хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус зохион байгуулахыг, Зуны зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, Хойд бүсийн хурдан морины уралдааныг Сэлэнгэ аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Увс аймагт, Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2017 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж явуулах”-ыг холбогдох аймаг болон нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгажээ.

Гэвч дээрх уралдаанууд зохион байгуулагдсаны дараа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймаг, сумдад гарч, хорио цээр тогтоон, мал хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай болсныг харгалзан “Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газраас 2006 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд жил бүр тухайн жилийн хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоосоор ирсэн байна.

НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт, зөвлөмжийн I.41c дэх хэсэгт “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 16-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэрийг 18 наснаас доош хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох үйл явцын эхний алхам гэж үзэн хэрэгжилтийг нь сахиулахад хатуу анхаарах” гэсэн байна.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын Ерөнхий сайдад “....өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байх”-ыг хүсч, зөвлөмж хүргүүлсэн байх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна.” гэж заасны дагуу Хүний эрхийн үндэсний комисс болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй байна.

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг соёлын уламжлалтай холбон тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь өвлийн уралдаанд хамаарахгүй болох нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс ирүүлсэн албан бичиг, “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайлан зэргээс тогтоогдож байна.

2010 оны 10 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЭСКО/-ын Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Монголын уламжлалт баяр болох Наадам” бүртгэгдсэн байх бөгөөд энэ нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Нийтээр тэмдэглэх баярын өдөр: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;” гэж заасны дагуу зуны улиралд зохион байгуулагддаг нь нийтэд илэрхий үйл баримт учраас шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалуулах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө.”, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2.а-д “Гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийг устгахад боловсролын ач холбогдлыг анхаарч, тогтоосон хугацаанд үр нөлөөтэй хэрэгжүүлэх дараахь зорилгоор арга хэмжээ авч хэрэгжүүлнэ: хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх” гэж тус тус заажээ.

Монгол Улсын цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдлын хувьд дэлхийн хамгийн хүйтэн орныг нэгд тооцогддог бөгөөд хүйтний улирлын цаг агаарын хэм болон салхины нөхцөл зэргийг авч үзэхэд хүүхдүүд өвлийн улиралд морь унан уралдах нь богино хугацаанд хөлдөх эрсдлийг болгодог болох нь “Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх” судалгааны тайлангаас харагдаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “...захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий 2017 оны 63 дугаар тогтоолыг 2017 оны 224 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч уг тогтоолын нэгдүгээр заалтаар “...Хаврын төвийн бүсийн хурдан морины Дүнжингарав уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус зохион байгуулсугай” гэсэн нь хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин маргаан бүхий тогтоолын 2, 3 дугаар заалтаар “Зуны зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, Хойд бүсийн хурдан морины уралдааныг Сэлэнгэ аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Увс аймагт, Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2017 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж явуулах”-ыг холбогдох аймаг болон нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасан нь зуны улиралд зохион байгуулагдсан уралдаан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарын болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий тогтоолын дээрх хэсэгтэй маргахгүй байаа гэдгээ шүүх хуралдааны үеэр илэрхийлсэн хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэж заасны дагуу шийдвэрлээгүй болно.

1. “Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төв аймгийн Аргалант сумын хөтөлд болсон Дүнжингарав-2017 уралдаан зохион байгуулагдах үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ний 07 цагаас 18 цаг 30 минутын хооронд 3 түргэн тусламжийн автомашин, 5 их эмч, 1 сувилагчтайгаар 4 насны морины уралдаанд унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг хариуцан ажиллажээ.

Нэхэмжлэгч талын зүгээс тус шүүхэд “...нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээс өмнө хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байгааг харгалзан дээр дурьдсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хаврын бүсийн уралдааныг товлосон тогтоол”-ын актыг хэрэгжүүлэхээс түдгэлзүүлж өгнө үү”  гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1643 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны тов”-ыг баталсан 63 дугаар тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Төв аймгийн Аргалант суманд товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 

Энэ талаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Монголын Уяачдын морин спортын холбооны А/37 дугаар албан тоотоор “...Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөсөн бүсийн хурдан морины уралдааныг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд хойшлуулах”-ыг Хөвсгөл аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст мэдэгджээ.

Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан хөтөл гэх газарт хурдан морины уралдаан зохион байгуулагдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.

Гэвч Дүнжингарав хурдан морины уралдаан нь Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан үйл ажиллагаа байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй, захиргааны акт биш байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Дүнжингарав хурдан морины уралдаан нь захиргааны актын үндсэн шинж болох захирамжилсан шинж өөртөө агуулаагүй байна. Засгийн газрын зүгээс Дүнжингарав уралдааныг заавал биелэгдэх шинж чанартай, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэхээр зохицуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин нэхэмжлэгч нарын зүгээс болон Дүнжингарав хурдан морины уралдаан зохион байгуулагдсаны улмаас хохирол учирсан гэж үзвэл энэ асуудлаар шүүхэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т “...тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” бол шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж заажээ.

Нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан “захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх хэсэгт заасан “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-д хамаарах тул маргааныг тусгай журмаар буюу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр байх тул дээрх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд уг хэргийн шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулсан бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2.а, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг тус тус баримтлан “ХХ”, “ХХХ ”, “ХХХХ ”, “Б ”, “Ү ”, “М  ” ТББ-уудаас, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болох”-ыг тогтоож, үлдэх хэсэг болох “Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 2, 3 дугаар заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОДМАА