Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1217

 

МАГАДЛАЛ

 

2016.06.24                                      дугаар 1217                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

“МТ петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03440 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрүүл хөрс” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алдангид нийт 1 889 498 502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Эрүүл хөрс” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 102/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд бид үүргээ гүйцэтгэж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд 871.560 литр шатахууныг нийлүүлсэн. “Эрүүл хөрс” ХХК нь үнийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй байсан ч нэг ч төлөлт хийгээгүй. Бид шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул 0.5 хувийн алдангийг 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцоход 590 874 102 төгрөг болж байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 106/15 тоот барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны зүйл болох Ү-2204066510, Ү-2204066487 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 105/15 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 298 624 400 төгрөг, алданги 590 874 102 төгрөг, нийт 1 889 498 502 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эрүүл хөрс” ХХК-ийн төлөөлөгч Г.Болдбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. “Эрүүл хөрс” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, туршлагагүй, анх удаа л тухайн төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авсан. Нэхэмжлэгч нь бидэнд агуулахын үлдэгдэл зуны түлшээ нийлүүлсэн байдаг. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зуны дизель түлш худалдан авах талаар огт тусгагдаагүй бөгөөд гэрээ байгуулах үед өвлийн эхэн сар гарсан байсан, түүнчлэн төлбөрийг 2 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр гэрээнд заасан байгаагаас худалдан авагч нь өвлийн дизель түлш худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн юм. Гэтэл нэхэмжлэгч өвлийн улиралд зориулалтаар нь ашиглах боломжгүй дизель түлш нийлүүлсэн. “Эрүүл хөрс" ХХК нь Улаанбаатар хотод дизель түлшийг хүлээн аваад өөрийн зардлаар тээвэрлэн Төв аймгийн Заамар, Дорнод аймагт  хүргэсэн байсан тул литр тутмыг 1 490 төгрөгөөр тооцож худалдан авсан дизель түлшийг улирлын байдлаас шалтгаалж аргагүйн эрхэнд нэг литрийг нь 1 260 төгрөгөөр худалдаж, их хэмжээний алдагдал хүлээсэн. Түүнчлэн уг дизель түлш нь 2016 оны 05 дугаар сарыг хүртэл хэрэглэгдэхгүй тул төлбөрийг тухайн хугацаанаас хойш хүлээн авах боломжтой болох нь тодорхой болсон. Ийнхүү нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч үнэн хэрэгтээ нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалж манай компани гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан юм. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги нэхэмжлэх үндэслэлгүй байх бөгөөд тус компани нь хүлээн авсан дизель түлшний үнэд дүйцүүлэн мөнгөн төлбөр төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 176 606 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 712 892 502 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243,1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дэхт хэсэгт зааснаар хариуцагч “Эрүүл хөрс” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 416 799 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож, үлдэх 472 699 281 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 605 442,52 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрүүл хөрс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 241 946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх алданги 590 874 102 төгрөгөөс 118 174 821 төгрөг гаргуулж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 102/15 тоот гэрээгээр алдангийн хэмжээг тохиролцсон байна. Гэвч шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийг багасгахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу хоног дутам 0,1 хувь болгон багасган шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг бодоогүй, нөгөөтэйгүүр хариуцагч “Эрүүл хөрс” ХХК-ийг нэхэмжлэл гаргаснаас хойш ч шүүх худалдаан болоход төлбөрөө төлөөгүй, төлөхөөр ямар нэгэн санаачлага гаргахгүй байгааг харгалзан үзэлгүй хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд алданги 472 699 281 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК нь хариуцагч “Эрүүл хөрс” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 1 298 624 400 төгрөг, алдангид 590 874 102 төгрөг нийт 1 889 498 502 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…өвлийн түлш авахаар гэрээ байгуулсан байхад зуны түлш нийлүүлсэн байсан. Зуны түлш нийлүүлсэнтэй холбоотойгоор маш их алдагдалд орсон. Нэхэмжлэгч өөрөө гэрээний үүрэг зөрчсөн тул алданги шаардах эрхгүй. Гэрээний үүргийг худалдагч зөрчсөнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан байсан” гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 105/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, барааны тоо, хэмжээ, үнийг тусгасан НӨАТ-ын баримт нь гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцжээ.

Талуудын хооронд тооцоо нийлсэн акт, НӨАТ-ын баримт, тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 1 298 624 400 төгрөгийн түлш нийлүүлсэн, литр тутам нь 1 490 төгрөгийн үнэтэй байсан, хариуцагч худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн гэрээгээр тохиролцсон өвлийн түлш биш, зуны түлш байсан өөрөөр хэлвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйлийг биш өөр зүйлийг нийлүүлсэн гэж маргасан ч энэ байдлаа нотлоогүй.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар талууд эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тохиролцсон. Тухайлвал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т худалдагч нь худалдан авагчид тухайн барааны лабораторийн шинжилгээ, үнэ, тоо, хэмжээг тусгасан баримт болон холбогдох баримт материалыг хавсаргаж хүргүүлнэ, 4.1.5-д барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө тоо, хэмжээ, чанарыг шалган баримт үйлдэн өгнө. Худалдан авагч нь гэрээний 4.2.1-д зааснаар барааг хүлээж авахдаа чанар, тоо, хэмжээг шалгаж хүлээн авна гэх зэргээр тохиролцсоноос гадна худалдан авагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч байх бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд анзын хэмжээг багасгаж тооцсоныг буруутгах боломжгүй байна. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн заалт оновчтой биш байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэснийг өөрчлөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэх хэсэгт зааснаар гэж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “232 дугаар зүйлийн 232.8…” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-ийн төлсөн 2 521 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

 

                                                                                  Ш.ОЮУНХАНД