Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 478

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Өлзийбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Эрдэнэбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

Ялтан Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201601080200 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Бат-Эрдэнийн Өлзийбаяр, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хера” ХХК-д ковшны жолооч ажилтай байсан, ам бүл 1, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а гудамжны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УД89071530/,   

          Б.Өлзийбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а-43 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “аавыгаа гадуур архи уулаа, олж ирсэн бярууг тавиад явууллаа” гэж хоорондоо маргасны улмаас болж аавыгаа ор луу түлхэж, нүүр болон цээжин тус газар гараараа олон удаа цохисны улмаас зүүн талын 6 хавирга, баруун талын 5 хавирга хугарч, цээжинд битүү гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног эмчлэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барж, хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Өлзийбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өлзийбаярыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийбаярт оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаярын 2016 оны 5 дугаар сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 352 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн эмжээртэй цагаан өнгийн нимгэн дэвсгэр 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, ногоон судалтай ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаяраас оршуулгын зардалд 2.092.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэрт олгож, …тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзийбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Өлзийбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Хууль сахиулах прокурор С.Эрдэнэбаяр нь хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж онц ноцтой хүнд хэрэгт өмгөөлөгч нэрийдлээр Мягмаржав гэж хүнтэй үгсэн тохирч уг хэрэгт миний буруутайгаас амь үрэгдсэн болгох гэж анхнаасаа айлган сүрдүүлж хэт нэг талыг баримталсан болно. Тухайн үед айл, гэр бүлд байдаг маргааны улмаас аав бид хоёр муудалцсан. Миний хувьд өөрийн төрүүлж өсгөсөн аавыгаа онц харгис, хэрцгий, санаатай аргаар амь насыг нь хөнөөх хүний бодолд үнэхээр багтахааргүй, миний суурь хүмүүжилд ч байж болмооргүй хэрэгтэн болгож яллаж байгаад гомдолтой байна.

Мөн аав бид хоёрыг муудалцаад намайг гараад явсны дараа 3 хүнтэй хамт архи уугаад гэртээ сууж байсан гэж шүүх хуралд аавын төрсөн дүү Батдэлгэр гэрчилдэг юм. Эмнэлэгт хэвтээд бие нь тэнхэрч байхад эмчилж байсан эмч нь наад хүний чинь бие 7 хоносон учир бие нь сайжирч 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр босч явж байгаад хүчтэй унасан. Тэрнээс улбаалж сэхээн амьдруулах тасагт шилжсэн гэх тус эмнэлгийн рапортад тэмдэглээстэй байдаг. Ийм нөхцөлд миний аавын үхлийн шалтгааныг зөвхөн надад хамааруулж ялладаг нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэрэг үнэн зөв шийдвэрлүүлж үйлдсэн үйлдлийг үнэн бодитоор нь шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна…” гэв. 

 

Ялтан Ц.Өлзийбаярын өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Өлзийбаяр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Прокуророос Б.Өлзийбаярыг онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг бүрэлгэсэн гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Б.Өлзийбаяр хүлээн зөвшөөрдөггүй. Өвчтөний биеийн байдлын талаар эмчлэгч эмч болон үзлэг хийсэн эмч нар тодорхойлолт хийсэн байдаг. Уг өвчний түүхээс харахад өвчтөн нь Б.Өлзийбаярын үйлдлийн улмаас хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, эдгэрэн ердийн тасагт шилжсэн. Эмчлүүлж байх явцдаа хэвтрийн дэглэм сахих ёстой байхад үүнийг зөрчиж “тамхи татна” гэж босож явж байгаад ухаан алдаж унасан. Үүнээс болж биеийн байдал нь дахин муудаж нас барсан. Энэ байдлын талаар эмчлэгч эмч хохирогчийн өвчний түүхийг хаах тэмдэглэх хэсэгт тэмдэглэсэн. Үүнийг шалгуулах шаардлагатай, юунаас болов гэдгийг тодруулах, амь насаа алдсан байдал зэрэг нь маргаантай байдаг. Хэвтэрийн дэглэм зөрчсөнөөс болж бие муудсан байдлыг шалгуулж тогтоолгох шинжээчийн дүгнэлтэд тодорхой зүйлийг тусгуулах талаарх хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, ийм ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг би зөвшөөрдөггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар эдгээр байдлуудыг тодруулах ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйлийн 162.3 дахь хэсэгт зааснаар “Шинжээч шинжилгээ хийх явцад илэрсэн хэрэгт ач холбогдол бүхий байдлын талаар асуулт тавиагүй боловч өөрөө заах үүрэгтэй” гэсэн. Шинжээч эмч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд “асуулт тавиагүй учир хариулах шаардлагагүй” гэж тайлбарласан. Ялтан Б.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх ёстой гэж үздэг” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Б.Өлзийбаяр нь биднийг гүжирдэж байна. Гомдолтой байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан, хэргийн бүрдэл хангагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Өлзийбаяр нь онц харгис хэрцгий аргаар төрсөн эцгийнхээ амийг хөнөөсөн нь хангалттай нотлогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Өлзийбаяр давж заалдах гомдолдоо “Хууль сахиулах прокурор С.Эрдэнэбаяр нь хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж онц ноцтой хүнд хэрэгт өмгөөлөгч нэрийдлээр Мягмаржав гэж хүнтэй үгсэн тохирч уг хэрэгт миний буруутайгаас амь үрэгдсэн болгох гэж анхнаасаа айлган сүрдүүлж хэт нэг талыг баримталсан болно” гэж байна. Хэрэг анх шалгагдаж эхлэхэд Мягмаржав өмгөөлөгчийг Б.Өлзийбаяртай уулзуулж, өөрөөр нь сонгуулж авсан бөгөөд Мягмаржав өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээс татгалзаагүй. Мөн “талийгаач өөртэй нь муудалцсаны дараа 3 хүнтэй архи уусан” гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ байдлыг шалгахад хохирогч нь Б.Өлзийбаяртай маргалдахаас өмнө архи уусан болох нь тогтоогдсон. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Талийгаачийг “эмнэлэгт хэвтэж байгаад дэглэм сахилгүй босож явсны улмаас унаж гэмтэл авсны улмаас нас барсан” гэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргаснаар уг асуудлыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ нь эмнэлэгт хэвтэж байгаад унасан асуудал байхгүй гэж хохирогч гэрч нар хэлдэг. Асран хамгаалж байсан гэрч Батдорж шүүх хуралдаанд хэлсэн. Талийгаач хүүдээ зодуулсны улмаас хүнд гэмтэл авч өвчин шаналалаасаа болж нас барсан нь тогтоогддог. Мөн зүйл, ангийн зөвшөөрөхгүй гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд анх Б.Өлзийбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тайлбарт онц харгис хэрцгий аргаар бусдын санаатай алах гэдгийг тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Өлзийбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а-43 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “аавыгаа гадуур архи уулаа, олж ирсэн бярууг тавиад явууллаа” гэж хоорондоо маргасны улмаас болж аавыгаа ор руу түлхэж, нүүр болон цээжин тус газар гараараа олон удаа цохисны улмаас зүүн талын 6-н хавирга, баруун талын 5-н хавирга хугарч, цээжинд битүү гэмтэл авсны улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 7 хоног эмчлэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барж, хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэрийн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр намайг Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а-43 тоот хашаанд байх гэртээ байж байхад хойд талын хашаанд байдаг Гэрэлтуяа орж ирээд “танай ах Бат-Эрдэнэ чинь гэртээ зодуулсан байдалтай аймаар болсон хэвтэж байна” гэж хэлсэн. Тэр даруйдаа миний бие Гэрэлтуяа эгчийн хамтаар Бат-Эрдэнэ ахын гэрт яваад орсон чинь миний ах гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан бөгөөд нүүр ам нь хавдсан цус нөжиндөө холилдсон хүн танихын аргагүй болсон байдалтай байсан. Мөн гэрийнх нь зүүн талын орны урд талын хулдаасан шалан дээгүүр, зуухны хойд талд буюу гэрийн баруун орны урд талын шалан дээгүүр тус тус цус болсон байдалтай байсан. Тэгээд би ахаасаа “юу болсон бэ, яасан юм бэ” гэж асуусан чинь “намайг Өлзийбаяр зодсон” гэж хэлсэн. “Тэгэхээр нь таныг унтаж байхад чинь зодож байгаа юм уу, юунаас болсон бэ” гэхэд “үгүй бид хоёр өчигдөр орой ярьж сууж байхад тэр намайг зодсон, Өлзийбаяр намайг бяруу алга болгосон эсхүл зараад архи уучихлаа, авч ирсэн бяруу тавиад явууллаа гэж занаж байгаад л намайг зодлоо доо” гэж надад ярьсан. Ингээд би тэр даруйдаа цагдаа болон эмнэлэг дуудсан. Цагдаа нар ирээд Өлзийбаярыг гэртээ байхад нь аваад явсан. Түргэн ирээд ахыг аваад явахын өмнө бүх хувцсыг нь сольж өгсөн. Бат-Эрдэнэ ах өмдөндөө шээсэн, бүх хувцаснууд нь цусаар бохирлогдсон байдалтай байсан. Ингээд ах минь гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан ...Бат-Эрдэнэ ах ууган хүү Өлзийбаярыгаа хоёр сартай байхад нь эхнэрээсээ салаад ээж нь Өлзийбаярыг ахад орхиод явсан. Ингээд манай аав, ээж хоёр Өлзийбаярыг 8 нас хүртэл нь асарсан. Тэрнээс хойш миний гар дээр өсч хүмүүжээд арван жилийн сургуулиа төгсөөд Налайх дүүргийн Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн алтны ангид орж суралцсан. Түүнээс хойш зан ааш нь эвдэрч харгис хэрцгий зантай болсон ...Аавтайгаа ойр дотно байгаагүй бөгөөд аавдаа их дээрэнгүй ханддаг байсан ...2016 оны 5 дугаар сарын 8-ны орой 23 цаг өнгөрөөгөөд ах Бат-Эрдэнэ манай гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд манайхаас хоёр ширхэг тамхи аваад “за миний хүүхдүүд сайхан амраарай, ах нь амарлаа” гээд гэрлүүгээ орсон. Түүнээс хойш ахын гэрээс болон Өлзийбаярын гэрээс гарсан ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй ...Манай гэр талийгаач ахын гэр болон Өлзийбаярын гэртэй нэг хашаанд амьдардаг бөгөөд манай гэр тэдний хоёрын гэрээс зүүн тийшээ ойролцоогоор тав орчим метрийн зайд байдаг...” /хх-42-43/,

Гэрч Ц.Гэрэлтуяагийн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өглөө 8 цагийн үед манай урд талын хашаанд амьдардаг Бат-Эрдэнэ гэх айлын үхэр манай хашааны урд талаар бэлчээрт гараад баруун зүгт явж байхаар нь Бат-Эрдэнэд танай үхрүүд баруун чигт явж байна шүү гэж хэлэхээр 08 цаг 30 минутын үед Бат-Эрдэнийн лүү орсон. Намайг ороход гэрийн зүүн талын орон дээр нэг хүн хэвтэж байхаар нь Бат-Эрдэнийг байх гээд ойртоод харсан чинь нүүр ам нь битүү хавдар болсон байсан. Тэгээд би эргээд гарах гэтэл нөгөө хүн намайг “хөөе” гэж дуудангуут нь эргээд очтол “хүү намайг ийм болгосон шүү” гэж хэлэхэд дуу хоолойгоор нь Бат-Эрдэнэ гэдгийг таньсан. Тэгээд шууд гэрээс нь гараад нэг хашаанд айл амьдардаг өөрөөр хэлбэл Бат-Эрдэнийн гэрээс зүүн урд талд Монгол гэрт амьдардаг төрсөн дүү Батдэлгэрийн гэрт орж өөрийн үзсэн харсан зүйлийн талаар хэлээд Батдэлгэрийг дагуулаад эргээд Бат-Эрдэнийн гэрт орсон. Оронгуутаа Батдэлгэр “юу болсон юм бэ, хэн ингэсэн бэ” гэж асуусан чинь Бат-Эрдэнэ “за байж бай, би эхлээд тамхи татъя” гэсэн. Тэгээд би орных нь дэргэд байсан хайрцагтай янжуур тамхинаас нэгийг асаагаад өгөхөд тэр тамхи татаж чадахгүй шалан дээр унагаасан. Тэгээд “намайг өндийлгөөдөх” гэхээр нь дүү Батдэлгэр нь цээжнээс өргөөд өндийлгөх гэхэд өндийгөөд сууж чадахгүй “болохгүй байна, болохгүй байна” гээд эргээд хэвтсэн. Тэгээд янз бүрийн зүйл хэлээгүй. Тэр даруйдаа Батдэлгэр цагдаа болон эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд Бат-Эрдэнийг аваад явсан. Миний үзсэн харсан зүйл ердөө л энэ ...Гэр лүү нь ороход гэрийн зүүн орны урд талын хулдаасан шалан дээгүүр, баруун орны урд тал буюу зуухны хойд талын хулдаасан шалан дээгүүр цус болсон байдалтай байсан. Мөн Бат-Эрдэнийн нөмөрч байсан хөнжил, өмссөн хувцаснууд нь цус болсон байсан. Өөрөөр гэрийн ерөнхий байдал эмх цэгцтэй байсан...” /хх-46/,

Гэрч М.Батдоржийн “...Зургийг нь авхуулаад шууд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явсан. Явахдаа би хамт явсан юм. Хамт явж байхад надад юм яриагүй унтсаар байгаад таарсан. Анх эмнэлэг дээр очиход утсыг нь Өлзийбаяр эвдчихсэн гэж ярьж байсан. Сүүлийн өдрүүдэд намайг /Бат-Эрдэнийн/ сахиур хийж байхад бас юм яриагүй ...Тэр талаар надад хэлсэн. “Би хүүдээ зодуулж, хүүдээ гай болох нь дээ” гээд байсан. Мөн үхэр малнаас болж зодуулсан гэсэн юм яриад байсан. Үгээ их бага багаар зөөж ярьж байсан ...Ер нь /Өлзийбаяр/ аавтайгаа их дээрэнгүй, тушаангүй, зандарч харьцдаг байсан. Урьд өмнө нь муудаж маргалдаж байсныг мэдэхгүй байна. Аавтайгаа их л захирангуй харьцдаг юм...” /хх-53-54/,

Гэрч М.Батсайханы “...Ер нь бол Бат-Эрдэнэ, Өлзийбаяр хоёр байнга л муудаж маргалдаж байдаг. Гэхдээ би ихэвчлэн гэртээ байдаггүй юм. Өлзийбаяр надтай бас байнга муудаж маргалдаж байдаг юм. Намайг нэг удаа согтуу байхад зодсон байсан ...Нэг бяруунаас болж маргасан гэж байсан. Өлзийбаяр хүний бяруу авч ирээд уячихсан байхаар нь талийгаач хүний бяруу авчирсан байна гээд байхад нь бярууг нь өгөөд явуулсан байсан. Тэрийг нь Өлзийбаяр мэдчихээд “чамайг очиж байгаад ална аа” гээд аавтайгаа утсаар яриад байсныг Батдэлгэр сонссон байсан...” /хх-55-57/,

Гэрч Б.Алтантуулын “..Миний бие нь 2007 онд Б.Өлзийбаяр гэх залуутай танилцсан. Тэгээд дөрвөн жил гаран үерхэж байгаад 2011 онд гэр бүл болж хурим найр хийж байсан. Гэхдээ бид хоёр гэр бүлээ батлуулаагүй ба 2012 онд хүүгээ төрсний дараа салсан...” /хх-58/,

Шинжээч эмч Т.Амартүвшингийн “...Талийгаач М.Бат-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ...Эмчилгээ хийгдсэн боловч амь насыг нь аврах боломжгүй байна. Хохирогч хүнд гэмтлийн хүндрэлээр 7 хоног эмчилгээ хийгдэж байгаад нас барсан ...Талийгаачийн биед урьд нь үүссэн гэх хуучин гэмтэл тогтоогдоогүй...” /хх-142/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн Шинжээчийн 251 тоот дүгнэлтэд “…Г.Бат-Эрдэнийн биед зүүн 2, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талд 2, 4, 5, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, баруун, зүүн цээжний хөндий хий, цус хуралт, хоншоор ясны баруун гайморовын хөндийн урд, ард хана, баруун хацрын нум, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, цээжний урд болон баруун хэсгийн хажуу хэсгийн цус хуралт, нүдний алимны цус харвалт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…” /хх-64-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 946 тоот шинжээчийн дүгнэлтэд “…Талийгаач нь цээжний битүү гэмтэл олон хавирганы хугарал, 2 уушигны няцралын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь өвчний түүхэнд дурдсанаар 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 цаг 30 минутанд нас баржээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цус АВО системээр А 2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлэгдсэн тул спиртийн зүйл тогтоогдохгүй…” /хх-68-70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 266 тоот дүгнэлтэд “…Б.Өлзийбаярын биед баруун гарын 2 дугаар хуруунд зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” /хх-74/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 747 тоот шинжээчийн дүгнэлтэд “…Б.Өлзийбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Б.Өлзийбаяр нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй байна. Б.Өлзийбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.Өлзийбаярт албадан эмчилгээ шаардлагагүй байна…” /хх-82-83/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн талийгаач Г.Бат-Эрдэнийн өвчний түүхийн хуулбар /хх-143-160/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Өлзийбаярт түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Өлзийбаяр “…Талийгаач эцэг Г.Бат-Эрдэнэ нь эмнэлэгт хэвтээд бие нь тэнхэрч байхад эмчилж байсан эмчийн зөвшөөрлөөр босч явж байгаад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүчтэй унаж, улмаар нас барсан болох нь эмнэлгийн рапортад тэмдэглэсэн байдаг. Иймд аавын минь үхлийн шалтгааныг зөвхөн надад хамааруулж яллаж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна…” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Г.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Өлзийбаяр нараас өөр хүн гэрт байгаагүй ба хохирогчийн биед “зүүн 2, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талд 2, 4, 5, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, баруун, зүүн цээжний хөндий хий, цус хуралт, хоншоор ясны баруун гайморовын хөндийн урд, ард хана, баруун хацрын нум, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, цээжний урд болон баруун хэсгийн хажуу хэсгийн цус хуралт, нүдний алимны цус харвалт, хамрын нурууны зулгаралт” буюу олон тооны шарх, гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэр, гэрч Ц.Гэрэлтуяа, М.Батдорж нарын мэдүүлгүүдээр тэд хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай байсан, Б.Өлзийбаяр эцэг Г.Бат-Эрдэнэтэй “бяруу тавьж явууллаа” гэснээс болж маргалдаж, улмаар Г.Бат-Эрдэнийг зодож дээрх олон тооны шарх гэмтлийг үүсгэсэн ба амь хохирогч нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгүүлсэн боловч нас барсан, хэдийгээр эмчилгээ хийгдсэн ч амь насыг аврах боломжгүй талаар шинжээч эмч мэдүүлсэн зэргээс түүний гэмт үйлдлийн улмаас Г.Бат-Эрдэнэ нас барсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ялтан Б.Өлзийбаярын давж заалдах гомдолд дурдагдсан амь хохирогч Г.Бат-Эрдэнэ нь эмчилгээний явцад эмчийн зөвлөсний дагуу босч явж байгаад газарт хүчтэй унаснаас амь нас нь хохирсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

               ШҮҮГЧИД                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ