Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0300

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Н.М-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан Н.М-ийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Н.М-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 64 өдрийн цалинтай тэнцэх олговор 3,823,552 /гурван сая найман зуун хорин гурван мянга таван тавин хоёр/ төгрөгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Н.М-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын 7 төлөөлөгч гарын үсэг зурж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М , сумын Засаг дарга С.М нарыг огцруулахаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд асуудал оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанд хэлэлцэхээр оруулсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг 2019 оны 07 дугаар сарын 17-ны хуралдааныг хийхгүй хурал хаясан юм. Энэ хурал хаясан шалтгаан нь тус суманд 2019 оны 06 дугаар сарын 30-ний өдөр орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн сонгууль болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.С олонхийн санал авснаар сумын Сонгуулийн хороо тогтоол гарган, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн бөгөөд Н.С-ийн төлөөлөгчийн бүрэн эрхийг батлах хурал болох байсныг Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д заасан хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчин сонгууль болсноос хойш 113 хоногийн дараа 10 дугаар хуралдааныг аргагүй эрхэнд хийснээр нэр дэвшигч Н.С-ийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталсан юм.

Н.М  нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 22.1.9-ийн дэх заалтуудыг тус тус зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаа хийгээгүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 -ийн “б” дэх заалтыг үндэслэн ажлаас нь 2019 оны 11 дүгээр 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар огцруулсан юм. Хурлын дарга Н.М-ийг 10 дугаар хуралдаанаар хэлэлцэж чөлөөлсөн асуудлыг анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь дээрх 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, Хурлын дарга болон Засаг дарга нарыг огцруулах асуудлыг 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал оруулсныг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны тооллогын комиссын тогтоол, хуралдааны 09,10 дугаар тогтоолууд байсаар байтал 10,10-ын төлөөлөгчийн харьцаатай тооллогын комиссын шийдвэр гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1 дэх заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын ИТХ-ын дарга Н.М-ийг чөлөөлөх тухай” 09 дүгээр тогтоол[1]-оор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааны тооллогын комиссын 1 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М ийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай” 10 дугаар тогтоол[2]-оор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааны тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар П.Одонхүүг сонгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.М  “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 48 тоот тогтоолоор хуралдаан зарласан, хэлэлцэх асуудлын жагсаалтад уг тогтоолтой холбоотой асуудал оруулаагүй ... 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны хэлэлцэх асуудлыг батлахад уг асуудал багтаагүй ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр уг тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага  гарган маргасан байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д зааснаар Хурлын даргыг сонгох, өөрчлөх бүрэн эрхтэй хэдий ч энэхүү бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд энэ талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасны дагуу хурлын даргыг огцруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, холбогдох шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараахаар байх бөгөөд энэхүү шаардлагыг хангагдаагүй тохиолдолд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал илтгэгчдийг батлах тухай” 48 дугаар тогтоол[3]-оор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлож, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7,8,9 дүгээр хуралдаанаас гарсан санал шүүмжлэлийн талаар зохион байгуулсан ажлын мэдээлэл, Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн гүйцэтгэл,санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнг батлах тухай, Сумын 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн батлах, Сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт, эргэн төлөлт, хэрэгжилтийн явцын тухай, сумын тэргүүлэх чиглэлийг тогтоох, төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 23 дугаар тогтоол “Төв суурингийн бүсэд мал амьтан байлгахгүй байх журам”, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоол “Бэлчээр ашиглалтын хэсгийн бэлчээр ашиглах журам”-уудыг хүчингүй болгох тухай, Бусад асуудал: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн дүнгийн тухай” 6 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байх бөгөөд Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/39 дүгээр албан бичиг[4]-ээр хэлэлцэх асуудал, хуралдааны товыг төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.

Ийнхүү тус  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал илтгэгчдийг батлах тухай” 48 дугаар тогтоолд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ардчилсан намын хорооны 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “... Н.М  сумын Засаг дарга С.Мөнхтөр нарыг огцруулахаар өргөн мэдүүлэв ...” гэх агуулга бүхий албан бичигт тусгагдсан асуудал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд оруулахаар болсон “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М , Засаг дарга С.М нарыг огцруулах тухай 7 хүний гарын үсэг бүхий албан бичгийн талаар хэлэлцүүлэх”-ээр тусгаагүй байхад Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн нь хууль бус байна.

Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д зааснаар Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батлах эрхтэй байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаанд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолоор баталсан “Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэг”[5]-ийг баримтлахаар тус өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолоор баталсан “Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг”[6]-ийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргаж дууссаны дараа Хурлын дарга /хуралдаан даргалагч/ хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэж, хааж үг хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хуралдаанд хэлэлцэх асуудлын тоо, ач холбогдол, үргэлжлэх хугацаа зэрэг онцлог байдлаас хамааран энэхүү дэгийг тодотгож, тэрхүү онцлог байдлыг тусгасан дотоод журмыг баталж тухайн хуралдаанд мөрдөж болно” гэж тус тус заажээ.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд 20 төлөөлөгч ирэхээс 1 төлөөлөгч чөлөө авч, 19 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 95%-ийн ирцтэйгээр хуралдсан байх бөгөөд хуралдааны эхэнд дотоод журам, хэлэлцэх асуудал, илтгэгчдийг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч Н.М-ийг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг буюу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ардчилсан намын хорооны 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “... Н.М  сумын Засаг дарга С.М нарыг огцруулахаар өргөн мэдүүлэв ...” гэх агуулга бүхий албан бичигт тусгагдсан асуудлыг хэлэлцэх талаар ямар нэгэн санал гаргаагүй, санал нэгтэйгээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, хуралдаан цааш үргэлжилсэн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааны тэмдэглэл[7]-ээр тогтоогдож байна.

Уг хуралдааны дундуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Б.Б-аас  хэлэлцэх асуудалд “... урьд нь ... өгсөн албан бичгийн талаар хэлэлцэх саналтай байна ...” гэх саналыг нэмж гаргаснаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М , сумын Засаг дарга С.М” нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх талаар төлөөлөгчдөөс санал хураахад 10 хүний саналтайгаар хэлэлцэх асуудалд шууд оруулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлуудыг хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэсэн хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолоор баталсан “Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг”[8]-ийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу асуудлыг хэлэлцэж ... ” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаар аливаа асуудлыг хамтын зарчмаар хэлэлцэж асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх байгууллага байна. Гэтэл Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан 20 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаж, хуралдааны хэлэлцэх асуудалд шинээр нэмж оруулсан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах” асуудлыг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтад 10 төлөөлөгч дэмжсэн  байхад хэлэлцэх асуудалд шууд оруулж хэлэлцсэн нь хурлын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “... Хуралдааны дундуур гарсан саналыг олонх буюу талаас илүү нь дэмжиж, уг асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл олонхийн саналыг хүндэтгэн үзэж асуудал хэлэлцсэнийг буруутгах боломжгүй боловч маргаан бүхий ... 09 тоот тогтоолыг олонх дэмжээгүй байхад хэлэлцэж гаргасан нь үндэслэлгүй ...” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Хариуцагчаас “... Н.М  нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 22.1.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаа хийгээгүй ... ” гэж Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын ИТХ-ын дарга Н.М-ийг чөлөөлөх тухай” маргаан бүхий 09 дүгээр тогтоолын үндэслэлийг тайлбарлах боловч нэхэмжлэгч Н.М  нь хуульд заасан үүргээ хэрхэн, хэзээ зөрчсөн талаарх баримт, судалгаа, лавлагааг гаргаагүй, гарах шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгээгүй, хуралдааны үеэр шууд санал гаргаж асуудлыг хэлэлцсэн нь дээрх байдлаар хууль бус байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон гуравдагч этгээд П.О-ийн талаарх танилцуулга, мэдээлэл, холбогдох шийдвэрийн хамт хуульд заасан журмын дагуу хурлын төлөөлөгчдөд хүргүүлээгүй нөхцөл тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Н.М-ийг Хурлын даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль бус байх тул гуравдагч этгээд П.О-г шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсныг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байх тул Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын ИТХ-ын дарга Н.М-ийг чөлөөлөх тухай” 09, 10 дугаар тогтоолуудыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал илтгэгчдийг батлах тухай” 48 дугаар тогтоол[9]-оор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлосон, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг мөн шинээр баталж гаргасан, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн шийдвэр хуульд нийцэхгүй байх тул энэ үндэслэлээр хууль болон хуралдааны дэгийг зөрчиж гаргасан хариуцагчийн хууль бус шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байх тул Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал илтгэгчдийг батлах тухай” 36 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлож “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М , Засаг дарга С.М нарыг огцруулах” тухай асуудлыг ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд оруулахаар тогтсон гэсэн үндэслэлээр маргаан бүхий актуудыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн “... анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь ... 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, Хурлын дарга болон Засаг дарга нарыг огцруулах асуудлыг 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулсныг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй  ... шийдвэрийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй ... ” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                        Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хавтаст хэргийн 29 дэх тал

[2] Хавтаст хэргийн 110 дахь тал

[3] Хавтаст хэргийн 4 дэх тал

[4] Хавтаст хэргийн 76 дахь тал

[5] Хавтаст хэргийн 73-74 дэх тал

[6] Хавтаст хэргийн 73-74 дэх тал

[7] Хавтаст хэргийн 49-64 дэх тал

[8] Хавтаст хэргийн 73-74 дэх тал

[9] Хавтаст хэргийн 4 дэх тал