Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 236

 

Б.Ичинноровт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Ганзориг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч С.Оюунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол,

Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар магадлалтай, 201522000394 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намжилмаагийн гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Батдоржийн Ичинноров нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ичинноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Ичинноровт оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...завшиж...” гэсний дараа “үрэгдүүлж” гэж нэмж, 6 дахь заалтыг “Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  Б.Ичинноровын өмчлөх эрхийн 000290695 гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой, 10 дугаар баг, 47 дугаар гудамжны 14 тоотод байрлах 606.5 кв.м хашааны газрыг битүүмжилсэн болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Д.Намжилаагийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ичинноровын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намжилмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ичинноровыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж түүнд ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн субъект нь итгэмжлэгдэн хариуцсан этгээд байхыг заасан. Харин итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжпэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Б.Ичинноров “Титаник” ХХК-ийн Цагаан-Уул захад байрлах бөөний төвийн худалдагчаар буюу тухайн компанийн хувьд байнгын ажлын байран дээр ажилладаг ажилтан байна. Тэгвэл байнгын ажлын байран дээр аж ахуйн нэгж, байгууллага буюу ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн харилцаа болон түүнээс үүдэх эрх үүрэгтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Нэгэнт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хуулиар шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, 24.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б.Ичинноровтой байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ нь хуурамч болох нь 2 шатны шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байдаг. Хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байхад холбогдох этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Шүүх Б.Ичинноровыг ажилд авсан тушаал байгаа тул өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн итгэмжлэгдсэн этгээд мөн гэсэн хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ хэргийн субьектив тал нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай байдаг бөгөөд гэмт этгээд нь хууль ёсны өмчлөгч бусад эзэмшигчийн эд зүйлс өмч хөрөнгөөс үнэт зүйл материаллаг ашиг олох гэсэн зорилготой байдаг. Гэтэл Б.Ичинноров байгууллагын бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж сумдад зээлээр өгч түүнээс олсон орлогыг тухай бүрт нь байгууллагад болон байгууллагын удирдлагуудад тушааж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, харин өөрийн хувийн хэрэгцээнд зарж үрэгдүүлснийг нотлох баримт байхгүй.

Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг аль ч хэлбэрээр үйлдэгдсэн бай олон янзын арга байдгийг анхаарч үйлдэл тус бүрийн нотолгоог баримтаар тогтооход онцгой анхаарах ёстой. Энэ гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд буюу өөрөөр хэлбэл хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн эсхүл өөрөө авч завшсан идэвхитэй үйлдлээр илэрнэ гэсэн ба нэгдүгээрт Б.Ичинноровтой “Титаник” ХХК нь хөдөлмөрийн хуульд заасан байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь өөрөө хууль бус тул хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд буюу итгэмжлэгдэн хариуцсан этгээд биш, хоёрдугаарт түүний үйлдэлд шунахайн сэдэлт шууд санаатай байдал огт харагдахгүй байна. 

Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол, магадлал гаргасан гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана яаж үйлдсэнийг нарийн тогтоогоогүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд Б.Ичинноров нь 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 сар хүртэлх хугацаанд онц их хэмжээний буюу 122,724,422 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэжээ. Гэтэл хохирогч Г.Лхагвасүрэн, С.Намжилмаа, гэрч Б.Баяржаргал нарын мэдүүлэг, Аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус шинжээч Д.Гэрэлчулууны гаргасан дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа зөрүүтэй, цаг хугацааг нарийн тогтоогоогүй. С.Намжилмаа нь Б.Ичинноровоос зөвхөн дансаар 17,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад дээрх хохирлоос 17,000,000 төгрөгийг хасч тооцоогүй, гэрчүүд өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байхад эдгээрийг хасч тооцолгүйгээр 122,724,422 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын хэмжээг нарийн тогтоогоогүй. Б.Ичинноров нь 122,724,422 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь ойлгомжгүй буюу чухам завшсан эсвэл үрэгдүүлсэн гэмт хэргийн алийг нь үйлдсэн нь буюу аль хэлбэрээр үйлдэгдсэн нь тодорхойгүй, шүүгдэгчийн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг огт тогтоогоогүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг огт нотлоогүй байна.

Гэрч Я.Наранцэцэг, Ж.Цогзолмаа, н.Батсүх, Р.Болормаа нар илт худал мэдүүлэг өгсөн байхад үүнийг шалгаж тогтоож хариуцлага тооцоогүй, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн ихэнх нь би дансыг санахгүй байна, өр зээлгүй гэсэн эргэлзээтэй мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй мэдүүлгүүд өгсөн байхад яллах үндэслэл болгосон. Мөн “Титаник” ХХК-ийн дансанд орсон утасны дугаартай үл мэдэгдэх орлогуудыг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй, гэрч Г.Лхагвасүрэн гэсэн дансаар мөнгө шилжүүлж байсан гэж мэдүүлсэн байхад уг дансны гүйлгээг шалгаагүй. Хэрэгт зөвхөн Б.Ичинноровын дансаар төлбөр тооцоог хийдэг хүмүүсийг гэрчээр асууж, компанийн данс руу хийдэг харилцагч нарыг гэрчээр асуугаагүй зэргээр хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, мөн хуулийн 7.2 дахь хэсэгт “Анхан шатны баримтын загвар, аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн газартай хамтран батална” гэж заасан байхад Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дугаар хамтарсан тушаалаар баталсан загвар, стандартыг мөрдөөгүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Б.Ичинноровыг ажиллах хугацаанд 2 удаа санхүүгийн программ шинэчлэгдэж байна, зарим юм устчихлаа, зарим нь харагдахгүй байна гэж нягтлан бодогч С.Намжилмаа ярьж байсныг шүүгдэгч мэдүүлдэг. Мөн энэ компанийн санхүүгийн талыг ерөнхий нягтлан бодогч С.Намжилмаа мэдэж хариуцдаг, захирлын тавих хяналт сул, нягтлан бодогчдоо хэт найдсан, итгэсэн зэрэг байдал нь н.Лхагвасүрэн захирлын хохирогчоор өгсөн анхны мэдүүлгээс харагддаг. Энэ байдал нь ч С.Намжилмаад хэрэг үйлдэхэд таатай боломжийг бүрдүүлж өгсөн байна. С.Намжилмаа анхнаасаа Б.Ичинноровыг дуудаж ганцаараа хүнгүй газар /гэрчгүй/ уулзаж бэлэн мөнгө авдаг байсан ба авсан мөнгөө тооцооноос хаагаад тооцчихно, чи миний данс руу мөнгө хийхдээ нэрээрээ биш орлого гэж хийж байгаарай гэж хэлдэг байсан. Мөн өөрийн болон нөхөр гэх хүний, оюутан хүүхдийнхээ данс руу байнга мөнгө хийлгэж хувьдаа завшиж байсан нь баримтаар нотлогдсон. Бэлнээр авсан мөнгөө өгөх болгонд хүнгүй газар ганцаараа уулзаж баримтгүй, гэрчгүй мөнгө авч байсан нь анхнаасаа санаатай гэмт хэрэг үйлдэж байсныг нь нотолж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг шүүх хуралдаанд уншиж танилцуулахдаа хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гэж танилцуулсан боловч шийтгэх тогтоолын бичгийн эхэд энэ талаар дурдаагүй байсан бөгөөд давж заалдах шатны шүүх магадлалаар дурдаж өөрчилсөн хэдий ч уг битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Ичинноровын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ичинноров нь “Хөвсгөл титаник” ХХК-ийн хүнсний бөөний төвд худалдагчаар ажиллаж байхдаа 2013 оны 4 дүгээр сарын 1-нээс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд онц их хэмжээний буюу 122,724,422 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, санхүүгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Ичинноровт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Б.Ичинноровыг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ялыг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

“Хөвсгөл титаник” ХХК болон шүүгдэгч Б.Ичинноров нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээн дээр байгаа гарын үсэг шүүгдэгчийн гарын үсэг биш болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч Б.Ичинноровыг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 48 дугаартай тушаалаар талхны үйлдвэрийн няраваар, 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 14 дүгээр тушаалаар “Цагаан-Уул” захын бөөний дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллуулахаар “Хөвсгөл титаник” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гарч байсан зэргээс үзэхэд түүнийг компанийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй.

Хэргийн зүйлчлэлийн талаар буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар аль нэг тал маргаж байсан ч хэргийн үйл баримтыг шинээр тогтоосны эцэст дээрх дүгнэлтийг хийхээр бол энэ тухай гомдлыг хяналтын шатны шүүх мөн  хянах боломжгүй юм.

Дээрх шалтгаанаар гэрч нарын мэдүүлгүүдийг шинээр үнэлэх, худал мэдүүлэг өгсөн гэрчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, заримыг илүү ач холбогдолтойд тооцох, үйл баримтыг шинээр тогтоолгох зэрэг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг харъяаллын бус гэж үзэж хянаж үзэхээс татгалзав.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намжилмаагийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ШҮҮГЧ                                             Д.ГАНЗОРИГ

                                       ШҮҮГЧ                                               Ч.ХОСБАЯР