| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/00886/И |
| Дугаар | 183/ШШ2016/00852 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2016/00852
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Ш.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ш.Н миний бие Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт 0 тоот хашаандаа гүний худаг гаргуулахаар 2016 оны 9 дугаар сарын 17-ны өдөр Э ХХК-тэй гэрээ байгуулсан. Э ХХК-ийн гаргасан худгаас ус гарахгүй байгаа тул удаа дараа очиж уулзсан боловч шийдэж өгөөгүй. Иймд гүний худаг ухуулахаар төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Ш.Н би худас, усны Э ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э ХХК нь миний нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, иргэний хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Э ХХК-иас ажил гйүцэтгэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Ш.Н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Э ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахыг хүүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Наранцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн 47,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, 47,475 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 47,475 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-т тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ