| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0167/Э |
| Дугаар | 0170 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 0170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч С.Нямдаваа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 1925001220193 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
С.Н
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт Н.А-гийн гээгдүүлсэн Huawei Y-6 /Хуавей Вай-6 / загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 612 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Н-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.А нь “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.А ...“2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн 3 давхраас өөрийнхөө гар утсыг алдсан. Миний охин 2 настай, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Би эмнэлгийн нойлын өрөө рүү ороод ус авчихаад эргээд гараад ирэхэд охин Хулан маань платны өрөөний гадаа зогсож байсан. Би охиноосоо гар утса яасан бэ гэж асуухад байхгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
2. “Банк Хас” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/э-0031 дугаартай дүгнэлт. / хх-н 27-28-р хуудас/ болон “Далайван Аудит” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/02-58 дугаартай дүгнэлт. / хх-н 34-39-р хуудас /
3. “Мобиком” ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18/799 дугаартай албан бичигт 866697044520092 кодтой утсанд ашиглаж байгаа 99 дугаарын эзэмшигчийн мэдээлэл дурьдагдсан лавлагаа. /хх-н 10-11-р хуудас/
4. Насанд хүрээгүй гэрч З.Б ...“2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр санагдаж байна. Би яг өдрөө сайн санахгүй байна. Манай ээж С.Н эмнэлэг дээрээс олсон гэж утас авч ирж өгсөн. Шаргал өнгийн урд талын дэлгэц нь цагаан нүүр хэсэг нь хагархай дэлгэц таг хоёр нийлдэг хэсгээрээ зай гарсан камерны хажуу талын гэрэл хэсгээр жижиг хагарсан байдалтай утас байсан. Асаагаад үзэхэд асахгүй байхаар нь цэнэглээд үзэхэд цэнэглэгдэж байсан. Тэгээд би асаагаад өөрийн 99 дугаараа хийсэн юм. Худалдаж авсан зүйл байхгүй.”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт Н.А-гийн гээгдүүлсэн гар утсыг гээгдэл эд зүйлийг гээгдүүлсэн гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн. Мэдүүлэгтээ гар утсыг олж аваад хүүхэддээ өгсөн. Хүүхэд нь 99 дугаараар ашиглаж байсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэгт бүртгэлтийг сэргээсэн. Мобикомын салбараас лавлагаа гарсан. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн орлого болгох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч хохирол төлбөр дээр маргах зүйлгүй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.А-гийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй гэрч З.Б-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Н нь 2018. оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт Н.А-гийн гээгдүүлсэн Huawei Y-6 /Хуавей Вай-6 / загварын гар утсыг авч 612000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний
бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС