| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00217/И |
| Дугаар | 203/МА2026/00006 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 203/МА2026/00006
******* аймгийн Бүсийн *******
******* *******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 313/ШШ2025/00861 дугаар шийдвэртэй,
******* аймгийн ******* ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Д.*******д холбогдох
Гэм хорын хохиролд 3,203,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Д.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 дугаар тушаал гаргаж Удирдлага мэдээллийн хангамжийн тасгийн санхүү эдийн засгийн албаны дарга А.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас халсан байна. А.******* нь тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00150 дугаар А.*******г ******* аймгийн Бүсийн *******, ******* *******ийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан бөгөөд А.*******д өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,203,010 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А.*******гийн Хаан банк дахь 5585157947 тоот дансанд шилжүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа гэж зааснаар манай ******* нь захиргааны байгууллага бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж;
Иргэний хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар хохирол учирсан захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул уг эрх, үүргээ хэрэгжүүлж байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд 2021 онд манай *******ийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэж байсан Д.*******ын шууд санаатай үйлдлээр А.*******г ажлаас буруу халсны улмаас ******* аймгийн Бүсийн *******, ******* *******өөс А.*******д өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор төлж, манай *******д 3,203,010 төгрөгийн хохирол учирсан байх тул Д.*******аас хохиролд 3,203,010 төгрөгийг гаргуулан манай *******д олгуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан бөгөөд тус байгууллагад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09 хүртэл хугацаанд БОЭТ-ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ний өдөр хүртэлх хугацаанд БОЭТ-ийн ерөнхий захирлаар түр томилогдон ажиллаж байсан.
БОЭТ-ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд Санхүү эдийн засгийн албаны дарга ажилтай А.*******г 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А.******* нь шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинг олгуулах нэхэмжлэл гаргаж, Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гаргаж 15,298,147.30 төгрөгийг БОЭТөв олгосон.
Д.******* миний бие 2023 оны 03 дугаар сарын 16-ний өдөр албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Д.******* миний бие шууд санаатай үйлдэл гаргаагүй байхад шууд санаатай үйлдэл гаргасан мэт нэхэмжлэл дунд гүтгэсэн байгааг эсэргүүцэж байна. Улмаар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын хүнд үед хүний амь насыг олноор нь үхэлд хүргэх аюулаас сэргийлж А.*******г ажлаас чөлөөлсөн билээ. А.*******гийн үйлдэл нь Иргэний хуулийн 498.2, дахь хэсэгт заасантай нийцэж, Ковид цар тахлын хууль, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комисс, Засгийн газрын шийдвэрүүд, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрүүд, Гамшгийн тухай хууль, Эмнэлгийн тусламжийн хуулиудыг баримталж ажиллах албан тоот, албан даалгавар тасралтгүй ирж түүнийг хэрэгжүүлж ажиллаж байсан.
БОЭТөвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ******* аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын шалгалтаар хохирлыг төлүүлэхээр акт, албан шаардлага гараагүй, мөн Д.******* миний гаргаж байсан тушаалуудаар нотлогдох тул ******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497, 498-д заасан үндэслэлээр хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******аас 3,203,010 төгрөг гаргуулах тухай ******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 66,198 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруу тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ, илтэд болгоомжгүй гэм буруугийн эрх зүйн шалгуурыг бодит байдлаар (албан тушаалтан бүр мэдвэл зохих наад захын процессын шаардлага биелүүлсэн эсэхээр) үнэлээгүй байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Төрийн албаны зөвлөл ба С.Д, 102/2021/03071/И, УДШ, (Иргэний хэргийн танхим), 001/ХТ2023/00157 тогтоолоор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрийг тайлбарлахдаа 14-т ...төрийн байгууллагыг удирдах, мэргэшсэн албан тушаалтан бүр мэдвэл зохих, захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн үйл явцын процессын шаардлагыг эс биелүүлсэн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзнэ. ...Гагцхүү төрийн эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой анхан шатны шинжтэй захиргааны акт гаргахын өмнө сонсгол хийх, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн байр суурийг сонсох, өөрийгөө хамгаалах, буруугүй болохоо тайлбарлах боломж олгох зэрэг процессын хэм хэмжээний хэрэглээний асуудалд илтэд хайхрамжгүй хандан хууль зөрчин захиргааны акт гаргасанд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1- д заасан "буруутай, тодруулбал Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан илтэд болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэж үзэв." гэж тайлбарлажээ. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах бодит нөхцөлүүд хэрэгт тогтоогдсон байхад шүүх тэдгээрийг гэм буруугийн шинжээр үнэлээгүй байна. Үүнд:
Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 001/ХТ2023/00157 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 498.5 дахь хэсгийн илтэд болгоомжгүй гэм бурууг зөвхөн субъектив гэм бурууг шууд нотлох баримтаар тогтоохоор хязгаарлахгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтан бүр мэдэх, сахин биелүүлэх боломжтой процессын анхан шаардлагыг (шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг нягтлах, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох, үндэслэлээ баримтаар тогтоох гэх мэт) хангалгүйгээр шийдвэр гаргасан илэрхий хайхрамжгүй хандлагаар тогтоогдож болохыг тайлбарласан.
Иймд процессын шаардлагыг хангаагүй бодит нөхцөл нь 498.5-ын хүрээнд илтэд болгоомжгүй гэм бурууг тогтоох чухал шалгуур юм. Иргэний хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд энэ нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан нь гэм бурууг үгүйсгэх (эсрэг) нотолгоог гэм хор учруулсан этгээд өөрөө гаргах логиктой. 498.5-д шууд санаатай буюу илтэд болгоомжгүй хэлбэр шаардах боловч уг хэлбэрийг тогтоохдоо албан тушаалтны хийх ёстой баримтжуулалт, хяналт шалгалт, ажилтны тайлбар авах зэрэг процессын шаардлагыг бодитоор хангаагүй объектив нөхцөл байдлыг иж бүрнээр нь үнэлэх учиртай.
Харин анхан шатны шүүх дээрх бодит зөрчлүүдийг гэм буруугийн шинжээр үнэлэхийн оронд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутайг нотлох баримт алга гэж ерөнхийлөн дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлсэн аргачлал, хууль хэрэглээний алдаа гэж үзнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгээр ажил олгогч/байгууллага нь өөрийн ажилтан, албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг арилгасны дараа, тухайн этгээд нь шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруутай бол гэм хорын хохирлыг гэм буруутай албан тушаалтнаас буцаан шаардах эрхтэй.
Энэ маргаанд урьдчилсан нөхцөлүүд дараах байдлаар хангагдаж байна:
1. 498.5-д хамрагдах этгээд (498.1, 498.2, 498.4): Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан бөгөөд захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгчээр эрх хэмжээ хэрэгжүүлж Б/287 тушаалыг гаргасан.
2. Гэм хор учирсан үйл баримт: Хариуцагчийн гаргасан Б/287 тушаалаар А.*******г ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр хууль бус гэж дүгнэгдэж байгууллагад төлбөрийн үүрэг үүсгэсэн.
3. Байгууллага гэм хорыг арилгасан.
4. Шалтгаант холбоо: Б/287 тушаалын хууль бус байдал (процесс, үндэслэл, субъектийн буруу хэрэглээ) нь шүүхийн шийдвэрээр байгууллагад мөнгөн үүрэг (олговор) үүсэх гол шалтгаан болсон.
Хэрэв Д.******* нь хууль, журамд нийцсэн процесс, нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан бол шүүхийн зардал, олговрын төлбөр үүсэх эрсдэл зайлсхийх боломжтой байсан.
5. Гэм буруу: Б/287 тушаал гаргахдаа (а) ажилтнаас тайлбар аваагүй, (б) дотоод журамд заасан нотлох баримт бүрдээгүй, (в) давтан/ноцтой суурийг тогтоох Х~ өмнөх шийтгэл, шалгалтын баримтгүй, (г) ковидын цалин буруу олгосон гэх гол үндэслэлийг акт, дүгнэлтгүйгээр хэрэглэсэн нь албан тушаалтан бүр мэдэх процессын наад захын шаардлагыг хангаагүй илэрхий хайхрамжгүй байдал бөгөөд Улсын дээд шүүхийн 001/ХТ2023/00157 шийдвэрт дурдсан тайлбартай нийцнэ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* аймгийн Бүсийн ******* ******* ******* нь Д.*******д холбогдуулан 2021 онд манай *******ийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэж байсан Д.*******ын шууд санаатай үйлдлээр А.*******г ажлаас буруу халсны улмаас ******* аймгийн Бүсийн *******, ******* *******өөс А.*******д өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор төлж 3,203,010 төгрөгийн хохирол учирсан тул хохиролд 3,203,010 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч ...******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ******* аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын шалгалтаар хохирлыг төлүүлэхээр акт, албан шаардлага гараагүй, мөн Д.******* миний гаргаж байсан тушаалуудаар нотлогдох тул ******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497, 498-д заасан үндэслэлээр хүчингүйд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Д.*******аас 3,203,010 төгрөг гаргуулах тухай ******* аймгийн Бүсийн ******* ******* *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00150 дугаартай шийдвэрээр А.*******г ******* аймгийн ******* ******* ******* *******ийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны /2021.11.09-2023.02.03/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,723,425.9 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
******* аймгийн ******* ******* ******* ******* 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/72 дугаартай тушаал гаргаж А.*******г Санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,723,425.9 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн нөхөн төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг байгууллагын ерөнхий нягтлан бодогчид даалгажээ гэж дүгнэсэн боловч тухайн шийдвэр нь хавтаст хэргийн хүрээнд авагдаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар дурдаагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагад дурдаагүй байхад дээрх шийдвэрийн талаар дүгнэлт хийсэн боловч ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 313/ШШ2025/00861 тоот шийдвэрээр хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэлд дурдаагүй баримтад дүгнэлт нийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасан шаардлагыг зөрчсөн байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм.
Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоох, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой сонгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах шаардлага үүсдэг тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. хуульчилсан ба Монгол хэлний тайлбар тольд Даруй гэдэг нь удалгүй сааталгүй, тэр дороо гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг дээрх хуулийн заалтад зааснаар шүүгч дариу шийдвэрлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны Д.*******д холбогдох 3 иргэний хэргийг нэгтгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч 7 сарын турш шийдвэрлээгүй ба 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс даргалагч шүүгч хэрэг нэгтгэх хүсэлтийг тодруулан асуусан байх боловч энэхүү хүсэлтийг хангасан эсхүл хангахаас татгалзсан, хүсэлтээсээ татгалзсан эсэх талаарх шийдвэрийг гаргаагүй орхигдуулж, улмаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэлсэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй орхиж, нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 313/ШШ2025/00861 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 66,198 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА