| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0172/Э |
| Дугаар | 0190 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 0190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Г.Т
Хохирогч Л.Б
Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн 1925002410146 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт. Ч.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч Ч.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХКний 2 давхарын хурлын заалнаас “тошиба” брендийн тоос сорогч хулгайлж 425000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ “Би халамцуу байсан. Манай найз н.Энхтөр Эрдэнэт-Ус-д слесарь хийдэг. Найзтайгаа уулзах гэж явж байгаад тоос сорогч авсан. Тоос сорогч гэрт байгаа. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулна” гэв.
Хохирогч Л.Б нь “Тухайн өдөр 15 цагийн үед хурлын заалнаас тоос сорогч аваад гарч байгаа камерийн бичлэгээр харагдаж байсан. Мөрдөн байцаагчид зарж үрэгдүүлэхгүй бол манайх гомдол гаргахгүй гэж хэлж байсан. Энэ хүн Хүлэг зах дээр зарсан гэж хэлсэн байдаг. Одоо гэрт байгаа гэж хэлж байна. Ямар нэгэн байдлаар ял хүлээлгэхээс илүү манай хохирол барагдуулах юм бол ямар нэгэн гомдол саналгүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Б-гийн ...“2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын үйлчлэгч хурлын зааланд байсан тоос сорогч байхгүй болсон байна гэж хэлсэн. Камер шүүж үзэхэд 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 40 минтуын орчим гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд манай ажлын байрны 2 давхарын хурлын зааланд байсан улаан өнгийн тошиба брендийн тоос сорогчийг аваад гарч байсан. Тухайн өдөр хурлын заал түгжээгүй, онгорхой байсан. 2019 оны 01 дүгээр сард 500000 төгрөгөөр худалдан авч байсан. Хохирол барагдуулж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-7-р хуудас/ 2. “Эрдэнэт-ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 4-р хуудас/ 3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хх-ийн 12-р хуудас/ 4. “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/02-7 дугаартай ...“тошиба брендийн тоос сорогчийг 425000 төгрөгөөр үнэлэв”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-р хуудас/ 5. Яллагдагч Ч.А-гийн ... “2 давхарт гарахад хурлын заал нь онгорхой байхаар нь дотогш ортол ямар нэгэн хүн байгаагүй. Заалны буланд улаан хүрэн өнгийн тоос сорогч байхаар нь аваад буцаад гарсан. Хулгай хийж авсан тоос сорогчоо Хүлэг зах дээр очиж явуулын хүнд 10000 төгрөгөөр зарж мөнгөөрөө архи авч уусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч
Г.Түвшинбаяр дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.А нь бусдын эд хөрөнгийн нууцаар хулгайлан авч бусдад 425 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох камерийн бичлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд 425 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай. Шүүгдэгч Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сар 5 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д 425 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж олгох зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийг баримтаар хураагдсан сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах саналтай байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг тус тус гаргж байна” гэв. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б-гийн мэдүүлэг, “Эрдэнэт-ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/02-7 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.А нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ний 2 давхарын хурлын заалнаас тошиба брендийн тоос сорогч хулгайлж 425000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа бөгөөд түүний эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас “Эрдэнэт-ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд 425000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс гаргуулан тус байгууллагад олгуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-нд оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2019/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийг ял дээр нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-нд оногдуулсан 10 сар 5 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Амгаланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гаас 425 000 төгрөг гаргуулж хохирогч “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС