| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 313/2025/00591/И |
| Дугаар | 203/МА2026/00007 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 203/МА2026/00007
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 313/ШШ2025/00863 дугаартай шийдвэртэй,
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Д.*******ад холбогдох
17,715,866.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХасБанк нь харилцагч *******ийн *******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1,8-д Цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн:
2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2010116615 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 3,266,666.65 төгрөг, хүүнд 1,497,848.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг нийт 4,764,514.76 төгрөгийг төлсөн.
Д.******* нь 2010116615 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 121 Зээлийн үлдэгдэл: 16,333,333.35 төгрөг Хүү: 1,360,551.45 төгрөг Нэмэгдүүлсэн хүү: 21,982.07 төгрөг төлбөрийн нийт үлдэгдэл: 17,715,866.87 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,715,866.87 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 07 дугаар сард Тантайшир" ХХК РД: 3876721-тай ААНБ-н гүйцэтгэх захирал албан тушаалд томилогдож нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2024.09.18-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагаас ААНБ-н үйл ажиллагааг зогсоосон. 2024 оны 12 сард БГД Цагдаагийн 2-р хэлтэс болон хяналтын прокуророос ААНБ болон өөрийн хамаатан, миний эзэмшлийн бүх данснуудыг царцаасан /242900102/.
2025 оны 06 дугаар сарын 17-нд 2429001021018-тай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан хязгаарлалт тогтоосон. Эдгээр үйл явдал үүссэн цаг хугацаанд зээлийн эдийн засагч 88102684 тоот утсанд мэдээлж албан тоот цахим хаягаар илгээн мэдээлсэн. 242900102 дугаартай хэрэг үүсэж шалгагдах 1 жилийн хугацаанд өөрийн амьдрал, ар гэр, санхүү, эрүүл мэнд, сэтгэл санааны хүнд байдалд байна.
Иймд 17,175,866.87 төгрөг төлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үүрэгт 17,715,866.87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,529 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 246,529 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Д.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *******ны 2010116615 дугаартай зээлийн цахим гэрээ байгуулан 19,600,000 төгрөгийг 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан.
Тухайн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан, тухайн банкны зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлээгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн байгууллагаас аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож санхүүгийн хүндрэл үүссэн, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээ 2429001021018 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцдаа өөрийн хамаарал бүхий бүхий л данснуудыг царцааж яллагдагчаар татагдсан. Хөдөлмөрийн харилцаанд орох боломжгүй болсон нь тухайн зээл төлөх нөхцөл хүндэрч зээл хийх боломжгүй болсон. Анхан шатны шүүх нь 2429001021018 дугаартай хэргээс холбогдох материал татуудах хүсэлт гаргахад хангаагүй, Тухайн зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрөөгүй байсан, миний бие нь өөрт тохиолдсон санхүүгийн хүндрэл үүссэн тохиолдол бүрээ холбогдох ажилтны албаны хаягаар мэдээлж байсан.
Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан 17,715,866.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******наас зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаандаа төлөөд, гэрээний үүргээ биелүүлээд явж байсан боловч 2024.09.18-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагаас аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосон, 2024 оны 12 сард БГД Цагдаагийн 2-р хэлтэс болон хяналтын прокуророос аж ахуйн нэгж байгууллага болон өөрийн хамаатан, миний эзэмшлийн бүх данснуудыг царцаасан, 2025 оны 06 дугаар сарын 17-нд 2429001021018-тай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан хязгаарлалт тогтоосон. Эдгээр үйл явдал үүссэн цаг хугацаанд зээлийн эдийн засагч 88102684 тоот утсанд мэдээлж албан тоот цахим хаягаар илгээн мэдээлсэн. Иймд 17,175,866.87 төгрөг төлөх боломжгүй гэх үндэслэлээр маргажээ.
Нэг талаас зээлдүүлэгч ******* ХК, нөгөө талаас зээлдэгч Д. ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр №2010116615 тоот зээлийн гэрээг цахимаар байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 19,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар олгохоор тохиролцжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлдэгч Д.*******ын дансанд 19,600,000 төгрөгийг шилжүүлж олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Зээл олгосноос хойш зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3,266,666.65, хүүнд 1,497,848.11, нийт 4,764,514.76 төгрөгийг төлсөн байна.
Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байх ба эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийг сар бүрийн 04-ний өдөр төлөх нөхцөлтэй ч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй хугацаа хэтрүүлжээ.
Эдгээр үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2-т Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг болно. Гэрээний хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь ...гэрээний хэсэгчилсэн төлбөрийг төлөх хугацаа гэж үзнэ. Заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдоно... гэжээ. Хариуцагч талаас зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 03 сарын 05-ны өдрөөс зөрчиж, зээлийн төлбөр төлөгдөөгүй, хугацаа хэтрүүлсэн 5 зөрчил гаргасан тул зээлдүүлэгч банкнаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулсан боловч зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн тооцоолол зэргээр тогтоогдож байна.
Иймд үүрэг гүйцэтгүүлэгч ******* үүрэг гүйцэтгэгч Д.*******ад үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан боловч үр дүн гараагүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх ба зээлдэгч уг үүргээ 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж зээлийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Харин хариуцагч Д.******* ...2024 оны 09 дүгээр сарын 18-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, 2024 оны 12 сард Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс болон хяналтын прокуророос аж ахуйн нэгж болон өөрийн хамаатан, миний эзэмшлийн бүх данснуудыг царцаасан, 2025 оны 06 дугаар сарын 17-нд 2429001021018 эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан хязгаарлалт тогтоосон, мөн Эрдэнэс таван толгой ХХК-тай хөдөлмөрийн харилцаанд ороод 2 сарыг дуустал зээлээ төлж байгаад хөдөлмөрийн харилцаа зогссон тул зээлээ төлж чадаагүй гэх үндэслэлээр зээл төлөх боломжгүй гэж татгалздаг. Үүргийн харилцаа ******* болон иргэн Д.******* нарын хооронд үүссэн байх тул Д.*******ын нэр дээрх аж ахуйн нэгжийн аливаа үйл ажиллагааг зогсоосон зэрэг нь энэ хэрэгт хамааралгүй, мөн түүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 17,715,866.87 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бөгөөд хариуцагч Д.******* шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул зохигчдыг эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 313/ШШ2025/00863 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,529 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР