Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00865

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ББСБ-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 48.003.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г , хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч Г.Ө , нарийн бичгийн дарга Б.Анхмаа нароролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С  ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн Д.Б нь тус ББСБ-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Их Монгол улсын гудамж, 0 байрны 0 давхрын 0 тоотод байрлах 000363716 тоот гэрчилгээ, Ү- 0000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 28,5 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт 8, 9 тоотод байрлах эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн Эрүүл энх баяс ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 000363715 тоот гэрчилгээ, Ү-0000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 34,82 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалан гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг зээлсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлт удааширч, зээлдэгч Д.Б-ээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөгдөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 39.000.000 төгрөг, зээлийн хүү 9.003.000 төгрөг, нийт 48.003.000 төгрөгийг Д.Б-ээс гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд хуралдааны шатанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:  “... Нэг талаас нэхэмжлэгч буюу С  ББСБ түүнийг төлөөлж захирал Т.С , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г , нөгөө талаас хариуцагч буюу иргэн Д  овогтой Б  нар харилцан тохиролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн сайн дурын үндсэн дээр дараах эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “С ” ББСБ-аас иргэн Д.Б-т холбогдуулан 09 тоот Зээлийн болон Барьцааны гэрээний үүрэгт 39.000.000 төгрөг, хүүнд 9.003.000 төгрөг, нийт 48.003.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

1.2.      Хариуцагч иргэн Д.Б нь 09 тоот гэрээний үүргийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд буюу сар бүр 2.665.000 төгрөг \18*2.665.000=48.003.000\-ийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрэхээр тохиролцов.

1.3.      Хариуцагч      нэхэмжлэлийн шаардлагыг 1.2-т заасан хугацаа, хуваарийг чанд баримтлан биелүүлэхтэй уялдан иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Гэрээний зүйл

2.1.      Нэхэмжлэгч   тал хариуцагчид 48.003.000 төгрөгийг 2016.10.03-наас 2018.04.03-ны өдөр буюу нэг жил зургаан сарын хугацаанд сар бүр 1.2-т заасан хуваарийн дагуу төлж барагдуулах боломжит нөхцөлийг олгосон ба хариуцагч тал нийт дүнгээрээ 48.003.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

2.2.      Гэрээний 2.1-т заасан үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлснээр төлбөр хохирлыг арилсанд тооцож, энэхүү гэрээ нь дуусгавар болох ба нэхэмжлэгч тал 09 тоот зээлийн ба барьцааны болон энэхүү гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй болно.

2.3.      Хариуцагч нь 48.003.000 төгрөгөнд ногдох Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах ба бусад хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Гурав. Бусад зүйл.

3.1.      Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

3.2.      Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, эвлэрлийг баталгаажуулах талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүрэн зөвшөөрч, ойлгосон болно.

3.3.      Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэрийг хариуцагч энэхүү гэрээний 2.1-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй буюу 2 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд албадан гүйцэтгэнэ.

3.4.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

З.б.Энэхүү гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд тус бүр хуулийн адил хүчинтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэл, эвлэрлийн гэрээ, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ нь хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 48.003.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд буюу сар бүр 2.665.000 төгрөг \17*2.665.000=45.305.000, 1*2.698.000=2.698.000 буюу нийт 48.003.000\-ийг төлөхөөр, мөн хариуцагч энэхүү гэрээний 2.1-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй буюу 2 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийнэвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөхөөр эвлэрснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С  ББСБ нь хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 48.003.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд буюу сар бүр 2.665.000 төгрөг \17*2.665.000=45.305.000, 1*2.698.000=2.698.000 буюу нийт 48.003.000\-ийг төлөхөөр, мөн хариуцагч эвлэрлийн гэрээний 2.1-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй буюу 2 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ба-ээс улсын тэмдэгтийн хураамжид 398.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С  ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ