Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0253

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-од холбогдох эрүүгийн 1925003690219 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт. Т.Б

 

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Яллагдагч Т.Б нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “усан оргилуур”-ын орчимд насанд хүрээгүй У.А-гийн цүнхнээс нь Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан 380 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “усан оргилуур”-ын орчимд насанд хүрээгүй Б.Э-гийн цүнхнээс нь Айфоне 6-Эс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан 325 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “Усан оргилуурын хажууд цүнхнээс утас авсан. Хохирлоо төлчихвөл яах бол гэж асуумаар байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч У.А-гийн ...“2019 оны 5 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед ангийнхаа хүүхдүүдийн хамт Хүрэнбулаг багийн дэвсгэрт байрлах усан оргилуур дээр тоглож байгаад ээж рүүгээ утсаар залгах гээд цүнхээ ухаад үзсэн чинь миний гар утас алга болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан чинь цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаа дээр ирэхэд миний гар утсыг хулгайлсан хүнийг цагдаа нар барьсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/

 

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн ...“2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Усан оргилуур дээр тоглож байтал манай ангийн охин Дашиймаа над дээр гүйж ирээд чиний цүнхийг тэр ах ухаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би цүнхрүүгээ гүйж очоод цүнхээ үзсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тэр ах дээр гүйж очоод утсаа авъя гэсэн чинь чиний утас надад байхгүй гэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаад хэлж байж гар утсаа бүрэн бүтэн нь хүлээж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

3. Гэрч С.Э-гийн ...“2019 оны 5 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед ажил дээрээ байж байтал манай хүү А нь миний гар утас руу танихгүй дугаараас залгаад ээжээ би гадаа тоглож байгаад цүнхнээсээ гар утсаа хулгайд алдлаа, тэгээд цагдаад хэлсэн чинь хулгайлсан хүнийг нь барьсан байна. Тэгээд ээжийгээ дагуулаад ир гэсэн юм гэхээр нь хүүтэйгээ уулзаад цагдаа дээр очсон юм. Цагдаа дээр очоод хүүгийнхээ гар утсыг цагдаагаас хүлээн авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

4. Яллагдагч Т.Б-дын ...“2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Усан оргилуурын орчим явж байтал хураагаад тавьсан хичээлийн цүнхнүүд байхаар нь цүнхийг нь ухаж гар утсыг нь хулгайлан аваад удаа ч үгүй баригдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4 дүгээр хуудас/

 

5. Т.Б-дыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 1-4, 29-32 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13, 38 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18-23, 42-48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Т.Б-дод холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Т.Б 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах усан оргилуурын орчимд насанд хүрээгүй хохирогч У.А-гийн цүнхнээс SAMSUNG GALAXY S6 маркийн гар утсыг, мөн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах усан оргилуурын орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн IPHONE 6S маркийн гар утсуудыг хулгайлсан авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Тухайлбал эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээч нарын дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Т.Б-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-гын гар утсыг хулгайлсан үйлдэлд нь 6 сарын хорих ял оногдуулах, Э-гийн утсыг хулгайлсан үйлдэлд нь  6 сарын хорих ялыг тус тус  оногдуулах саналыг гаргаж байна. Уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, түүний иргэний бичиг браимт ирээгүй тус тус дурдах нь зүйтэй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Гэм буруугийн асуудал дээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд маргах зүйл байхгүй. Иймд тусгайлан гаргах саналгүй. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр Т.Б нь бусдад төлөх төлбөргүй гэдгийг дурдаж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээс хохиролгүй болох нь харагдаж байгаа. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын хэрэг, шүүгдэгч нь урьд л шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх байдалд хамаарна гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч У.А, Б.Э нарын мэдүүлэг, гэрч Б.Э нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчйн мэдүүлэг зэргээр Т.Б нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “усан оргилуур”-ын орчимд насанд хүрээгүй У.А-гийн цүнхнээс нь Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан 380 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “усан оргилуур”-ын орчимд насанд хүрээгүй Б.Э-гийн цүнхнээс нь Ая фоне 6-Эс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлан 325 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б-дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-дыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлөгдсөн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-дод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС