Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 215/МА2026/00003

 


 


С.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 305/ШШ2025/00765 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын ******* баг, ********* гудамж, ******** хороолол *** - *** тоотод оршин суух М овгийн С.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, “*****************” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие С.Г нь 19** онд, ********** сум, ******* тосгонд төрсөн. “************” УЦС ХХК-ийн Захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнаар анх 2011 онд ажилд орж байсан. Түүнээс хойш тасралтгүй 13 жил тогтвор суурьшилттай ажиллаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 18-нд ар гэрийн асуудал байсан тул /хувийн шалтгаанаар/ 6 сарын цалингүй чөлөөг авсан. 12 дугаар сарын 18-ны өдөр тус чөлөөний хугацаа дуусч, хугацаа дуусахаас өмнө чөлөөг сунгуулах хүсэлтийг өгч 03 дугаар сарын 18-ныг хүртэл сунгуулсан. Манай том охин жирэмсний хурц хордлоготой, олон хавсарсан өвчтэй, биеийн байдал хүнд асаргаатай, өөрөө /эмэгтэйчүүдийн асуудлаар/ хагалгаанд орох ёстой байсан боловч хүүхдээ асарч байсан учраас хагалгаандаа орж амжаагүй. Тухайн үед охин маань эмнэлэгт хэвтээд гарсан, гэртээ эмийн эмчилгээтэй байсан. 2025 оны 05 дугаар сарын 01-нд ажилдаа орох, чөлөөг сунгаж өгөх хүсэлтийг ажил олгогчид 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Гэтэл ажил олгогчоос 03 дугаар сарын 21-нд чөлөөний хугацааг сунгах боломжгүй гэх хариуг өгсөн. Тухайн үед жирэмсэн охиноо наашаа авчирч чадахгүй хол замд дутуу төрөх эрсдэл ихтэй, эмнэлэгт эмчилгээ хийгээд биеийн байдал сайжрахгүй байсан. Ирэх боломжтой байсан бол ирээд ажилдаа хугацаандаа орох байсан. Тухайн ажлын байранд 13 жил ажиллаж архивын тэргүүлэх зэрэг хүртэл суралцаж, ажилдаа сайн ажиллаж байсан. Хотоос ирээд 2025 оны 04 дүгээр сарын 14-нд ажилдаа орохоор хүсэлт өгсөн боловч чөлөөний хугацаа 03 дугаар сарын 18-нд дууссан тул ажилд авах боломжгүй гэж хариу өгсөн. Миний бие нь ********** ХХК-ийн гүйцэтгэх захирал болон ********** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нарт удаа дараа өөрийн эрхэлж байсан ажилдаа орох талаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажилдаа томилогдсонгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай тушаал шийдвэр гаргасангүй. 2 сар гаруй хугацаанд хүлээж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-т зааснаар хувийн чөлөөтэй байх хугацаанд ажилтны ажлын байрыг ажил олгогч хэвээр хадгалахаар заасан бөгөөд өнөөдрийг хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй байгаа нь Тайшир-Гуулин УЦС ХХК-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа. Хөдөлмөрийн хуульд зааснаар хадгалагдаж байсан ажлын байранд минь намайг авахгүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохгүй үргэлжлүүлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр байхгүй, ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлд 2025 оны 04 дүгээр сарын 14-нд ажилд орох хүсэлт өгснөөс хойш ажилдаа орж чадаагүй тул шүүхэд хандсан. Гэвч шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцах явцад ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Тайшир-Гуулин УЦС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил бичиг хэрэг архивчийн орон тоонд эгүүлэн томилж, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал, тайлбар: С.Г нь 2011 оноос хойш манай компанид бичиг хэргийн архивын ажилтнаар ажилласан. Ажилласан хугацаандаа бичиг хэрэг, архивын шаардлагыг бүрэн хангаж компаниас тодорхой хугацаанд дэмжиж байсан. Аймгийн хэмжээнд архив, бичиг хэргийн ахлах ажилтнаар сайн ажиллаж байсан. 6 сард ээлжийн амралт дуусаад орох байсан, орох боломжгүй гэдгээ хэлээд өөр ажилд орохоор болсон асуудал хэлсэн. Тэгээд тухайн үед бол уулзаагүй. Ажил хийх шаардлагатай сургуульд ажиллах гэж байгаа гэсэн. Бид нар олон жил хамт ажилласны хувьд өөрт нь хэлсэн. Ажлаасаа чөлөө авсан нь дээр шууд ажлаа хаяж болохгүй. Тэгээд бид нар өөрт нь хэлсний дагуу өргөдлөө ирүүлсэн. Өргөдөл дээрээ 6 сарын хугацаатай чөлөө авмаар байна, хувийн шалтгаанаар яаралтай шийдэж өгнө үү гэсэн. Манай компанийн дотоод журмын дагуу бол захирлын зөвлөл хуралдах ёстой байдаг. Захирлын зөвлөл дээр хэлсэн. Олон жил хамтарч ажилласан амьдрал нь хэцүү олон хүүхэдтэй, амьдралаа өөрөө аваад явж байгаа. Ийм учраас хамт олны хувьд бол харж үзэх ёстой. Тэгээд өөр ажилд орохоор болсон ч асуудлаа шийдсэнийхээ дараа ажлаас нь чөлөөлье дараагийн ажил амьдрал нь цэгцэртэл 6 сарын чөлөө өгье гэдэг зүйлийг захирлын зөвлөлийн гишүүдэд танилцуулаад хүсэлтийнхээ дагуу 6 сарын чөлөө өгсөн. 6 сарын чөлөө өгсөн, ээлжийн амралтаараа амарчихаад дараа нь хагас жилийн ажил, тайлан бичиг хэргийн ажил их байсан учраас оронд нь түр ажилтан авсан. 7 сард эргээд ажилдаа оръё гэх үед нь 6 сарын гэрээ байгуулаад оронд чинь хүн орсон. Чөлөөнийхөө хугацааг дуусга гэдэг хариу өгсөн. Чөлөөний хугацаагаа дуусгаад дахиад хүсэлт өгсөн. Өөр ажил хийж байгаа юм гээд дахиад л чөлөөг 3 сараар сунгасан. Манай эрчим хүчний системийн дотоод журамд бол 3 тохиолдолд урт хугацааны чөлөө олгох, сунгах журам байдаг. Компанийн захиргааны сургалтад сурах, хүнд өвчтэй эрүүл мэндийн шалтгаанаар хэвтрийн өвчтөн асарч байгаа гэсэн 3 тохиолдол байдаг. Хэдийгээр тэгсэн ч би хүний нөөцөөр сурч байна гэсэн хүсэлт нягтлан бодогчид өгсөн учраас чөлөөг нь 03 сарын 17 хүртэл сунгасан. Сунгах үедээ дахиж чөлөөг чинь сунгахгүй шүү гэсэн мэдэгдлийг албан ёсоор албан бичгээр өгсөн байгаа. 03 сарын 18-нд бол ажилдаа орох ёстой байсан. Урд өдөр нь дахиад чөлөө авч сунгах хүсэлт ирсэн. 2 сарын өмнө нэг сард мэдэгдсэн учраас чөлөөг дахиж сунгах боломж байхгүй. Яагаад вэ энийг та захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээч гэсэн. Захирлын зөвлөлийн хувьд гишүүдэд журмаас давсан, хуулиас давсан ийм зүйлийг тулгах дахиад боломж байхгүй, чөлөөг сунгаагүй, тэгээд ирсэн хугацаа 3 сар, 4 сар, 4 сарын 9, 10-ны өдөр байсан санагдаж байна. Тэр хүртэлх хугацаанд цагийн баланс дээр ажил тасалсан гэсэн байдлаар бүртгэж явсан. Уулзах үедээ бол хүүхэд нь төрөх дөхчихсөн хэцүү ирсэн, өөрт нь танилцуулсан, журмаа мэдэж байгаа учраас 3-аас дээш хоногоор хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлах заалттай. Чи бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан энэ журмаа өөрөө зөрчлөө. Би чамайг одоо шууд ажилд авах боломжгүй байна гэж хэлээд уулзсан. Энэ хүний хувийн амьдрал нэлээн хүнд, ажилгүй, дээр нь хүүхдийнх нь биеийн байдал хүнд байсан учраас нэг их санаа зоволгүй хүүхдээ хараад амаржуулаад эмнэлгээр сайн яв. Анх ажлаас чөлөөлүүлсэнийг хамт олондоо танилцуулъя. Хэдийгээр дүрэм зөрчөөд ноцтой зөрчил гаргасан ч гэсэн амьдралын байдал, аргагүй байдлыг чинь би танилцуулъя. Гэхдээ яг үнэнээр нь манай хамт олон бүгдийн мэдэж байсан. 6 сар чөлөө авахдаа бол амьдралаа сайжруулах гэж байна. Цалингаа ахиулах ажилд орох хүсэлттэй байгаа учраас явлаа гэж хэлж байсан. Тэр үед Ардын дуу бүжгийн чуулгын дарга О над руу утсаар ярьсан. Ингээд танайд ажиллаж байсан хүн манайд хүсэлт өгсөн юм. Би ажилд авах гэж байгаа юм. Ийм ажил байна гэсэн маркетингийн менежер гэдэг ажил байгаа. Манай ажилтны хувьд бол хийчих байх. Урлаг соёлын хувьд бол нэлээн авьяастай, бичиг хэрэг архивын талдаа ер нь аймагтаа гайгүй чадвартай хүн гэж хэлсэн. Өөр ажилд орсон гэж бодсон. Тэр үед нь О дарга эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт зүрхний шигдээс болоод Улаанбаатар луу хагалгаанд орохоор явчихсан. Тэгээд би нэг бие нь гайгүй болсны дараа дахиад утсаар асуусан. Бие чинь гайгүй юу хэзээ ирэх гэж байна, манай нөгөө хүнийг авах хэвээрээ юу гэсэн чинь дахин дахин яагаад асуугаад байдаг юм бэ, буцааж авах гээд байгаа юм уу гэсэн. Би гол нь ажилгүй бол, эмэгтэй хүний хувьд бол хүнд байдалд орох юм. Тийм учраас тушаал шийдвэрийг гаргахгүй хүлээж байсан. 6 сард энэ ажилд авсан юм байна лээ. Алтай Улиастай эрчим хүчний системийн маргаан таслах зөвлөл дээр асуудлаа ярьсан. Маргаан таслах зөвлөлд хурлаар орох үед ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаагүй байсан. Одоо хүртэл энэ хүнд нээлттэй байгаа. Одоо энэ хүн бол дуу бүжгийн Алтай чуулгад ажилд орсон. Нэгэнт энэ ажилдаа ороод өөр ажилтай болсон учраас ажлаас чөлөөлөх юм байна. Түүнээс өнөөдрийг хүртэл хүлээсэн ганцхан шалтгаан бол Г гэдэг хүнийг цаашид яг хийж байсан ажил дээр нь биш юм аа гэхэд зүгээр хувь хүнийг нь бодоод тодорхой хэмжээнд, тухайн үед манай компанид ажлын боломж гарч бүтцийн өөрчлөлт яригдаж байсан үе. За ингэж хүлээж байгаад маргаан таслах зөвлөлийн хурлын дараа Г бид 2 уулзсан байдаг. Энэ чуулгадаа орчихсон бол энэ ажлаа хийгээд явах юм уу гэсэн чинь энэ ажлаа хийгээд явна. Тэгээд ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргасан. Үүргийнхээ дагуу компанийн дүрэм журам дээр хэдий байгаа ч гэсэн олон жил компанид ажилласан ажилтны хувьд ар гэр, амьдрал ахуйг нь харах үүднээс л ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаралгүй удаасан байгаа. Тэгээд нэгэнт ажилтай, боломжтой болсон учраас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан М овгийн С.Г-ийг *********** ********* ХХК-ийн бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар М овгийн С.Г-ийн ажилгүй байсан 6 сар 16 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 15,239,968 төгрөгийг ********** ********* ХХК-иас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч С.Г-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар С.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг *********** ********** ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 15,239,968 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 234,150 төгрөг, нийт 304,350 төгрөгийг хариуцагч ******** ********* ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулж, ..... шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 305/ШШ2025/00765 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэжээ.
Ажил олгогч “*****************” ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалд Бичиг хэрэг архивч С.Г нь урт хугацааны чөлөө дуусч, чөлөөг сунгах боломжгүйг албан ёсоор мэдэгдсэнийг үл харгалзан хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг 19 хоногоор хэтрүүлэн ажлын байрыг орхиж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Ажил олгогч нь С.Г-ийн гаргасан ажил тасалсан талаарх зөрчлийг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт “Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол гэж зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх нь С.Г-ийн ажил тасалсан болох сахилгын ноцтой зөрчил гаргасан үйлдлийг дүгнэхдээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл чөлөө олгосон бөгөөд дахин чөлөө олгохгүй энэ хугацаанд ажилдаа орох талаар түүнд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 тушаалаар мэдэгдсэн байсан. С.Г-ийг 2025 оны 03 дугаар сарын 14-нд дахин чөлөө сунгах талаар хүсэлт ирүүлсэн байна. Дээрх албан бичгийг хүлээн авсаны дараа 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орох хүсэлтийг биечлэн өгсөн болох нь түүний хүсэлтээр тогтоогдож байна. Тодруулбал: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч С.Г нь чөлөөний хугацаа дууссан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 19 хоног ажилдаа ирээгүй байна гэж үйл баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Дээрх ирээгүй 19 хоногт С.Г нь хүндэтгэн үзэх шалтгаантай ажилдаа ирээгүй, өвчтэй хүүхдээ харж байсан гэж хийсвэр байдлаар нотлох баримт дээр тулгуурлахгүй шийдвэр дүгнэлтийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. С.Г нь удаа дараа урт хугацааны чөлөө авахдаа 2025 оны 03 дугаар сарын 14-нд ажилдаа орох байснаа тодорхой мэдэж байсан бөгөөд, ажилдаа ирэхгүй дур мэдэн элдэв шалтаг тоочиж, ямар шалтгаантайгаа ажил олгогчид мэдэгдэхгүйгээр ажлын байрандаа ирэхгүй ажил тасалсан байхад хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэсэн. Мөн ажилтны хувьд урт хугацааны чөлөө авсан хугацаанд өөр өөр байгууллагад ажил хөдөлмөр эрхлээд явж байсан болох нотлох баримтууд хэрэгт авагддаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шийдвэр дүгнэлт гаргах ёстой. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.Г нь ажил тасалсан 19 хоногт хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн талаар ажил олгогчид мэдэгдсэн, мөн хэрэгт нотолсон баримт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, мөн 116.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэснийг тус тус зөрчсөн байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 305/ШШ2025/00765 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч ********* ******* ХХК-д холбогдуулан “********* ***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил бичиг хэрэг архивчийн орон тоонд эгүүлэн томилж, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
8. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.А нь “...Чөлөөний хугацааг хэтрүүлэн ажил тасалсан тул...” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ. 
9. Нэхэмжлэгч С.Г нь *********** ******** ХХК-д  2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр захирлын туслах, бичиг хэрэг архивын ажилтнаар анх томилогдож, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6 сарын чөлөө авах хүртэл тус компанид бичиг хэрэг архивчаар ажиллаж байсан болох нь ********** ********** ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
10. ********* ************ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар албан бичгүүдээр С.Г-ийн чөлөөний хугацааг дахин сунгах боломжгүй болохыг мэдэгдэж, мөн компанийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар С.Г-ийг ажлаас нь чөлөөлжээ. 
11. Нэхэмжлэгч С.Г нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй боловч ажиллуулахгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүйтэй холбоотой гомдлоо “**********” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-т гаргасныг тус комисс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дараагийн шатны байгууллагаар шийдүүлэх эрхтэй байна гэх хариуг өгчээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Г нь “**********” ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдааны шийдвэрийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
12. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.13.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн С.Г-ийг ажлаас нь чөлөөлжээ. 
********** *********** ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалд “…Бичиг хэрэг, архивч С.Г-ийн урт хугацааны чөлөө дуусч, чөлөөг сунгах боломжгүйг албан ёсоор мэдэгдсэнийг үл харгалзан хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг 19 хоногоор хэтрүүлэн ажлын байрыг орхиж хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, өөр ажилд орсон тул 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй…” гэжээ.
13. С.Г нь чөлөөний хугацаа дууссан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс ажлын 19 хоног хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан гэх боловч хэрэгт байгаа эмчилгээний баримтуудаар нэхэмжлэгч С.Г нь өвчтэй охиноо асрах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй байсан нь тогтоогдож байна. 

14. Давж заалдах гомдлын үндэслэлийн талаар:

14.1. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д “...анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 305/ШШ2025/00765 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 
15. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. 

17. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 305/ШШ2025/00765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                 ШҮҮГЧИД                            Б.НАМХАЙДОРЖ

                                                          Ш.БАТТОГТОХ